Ашигт малтмалын газраас “Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн билээ. Мөн хэд хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын долоон ажилтан тус компанид шалгалт хийж, байрыг нь битүүмжилсэн бөгөөд тайлан баланс, цахим шууданд нь шалгалт хийж эхэлсэн байна. “Саусгоби сэндс”-ээс гадна Д.Батхуягийн хууль бусаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон 40 орчим компанийг шалгаж байна. Эхний ээлжинд Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Авлигатай тэмцэх газрынхны анхаарлыг татаж байгаа гэнэ. Иргэдийн болон Ашигт малтмалын газрын зарим албан тушаалтнуудын мэдүүлэг, мэдээллээс үүдэн Д.Батхуягийн хууль бусаар олгосон, сэргээсэн тусгай зөвшөөрөлтэй компаниудыг ийн шалгаж эхэлжээ. Нэг үгээр хэлэхэд Д.Батхуягийн лицензийн наймаатай холбогдуулан шалгаж байгаа аж. Д.Батхуягийн лиценз хууль бусаар олгосон энэ хэрэгт Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Баяр нар холбогдож магадгүй болоод байгаа тухай албаны эх сурвалж мэдээлсэн юм. “Саусгоби сэндс” компанитай С.Баяр холбоотой байж болох баримт хууль хяналтынханд олдсон гэнэ. Гэхдээ одоогоор хэргийг дөнгөж мөрдөж, шалгаж эхэлж байгаа болохоор хэрхэх нь тодорхойгүй, сэжиг таамаг төдий байгаа аж. Юутай ч Авлигатай тэмцэх газрын шалгах жагсаалтад 40 гаруй компанийн нэр бий гэнэ.
Ашигт малтмалын газрын дарга байхдаа Д.Батхуяг нэлээд олон компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээжээ. Тухайлбал, “Коммод” ХХК-ийн 7583Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны тавдугаар сарын 25-нд, “Хэрээжи” ХХК-ийн 134641Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 6-ны өдөр, “Азаргын гол чонот” ХХК-ийн 13926Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 11-ний өдөр, “Алтан тахь” ХХК-ийн 10153Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-ний өдөр, “Афро азиа минералз” ХХК-ийн 13844Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-нд тус тус сэргээсэн байна.
Энэ нь бүгд түүний албан тушаал, эрх мэдлээ ашиглан Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Д.Батхуягийг энэ долоо хоногийн эхээр цагдан хорих төвд саатуулсан билээ. Түүнд 2011 оны хоёрдугаар сарын 17-нд прокурорын байгууллага анх эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харьяаллын дагуу энэ хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Авлигатай тэмцэх газар хүлээн авч шалгаж эхэлсэн байдаг. Тэрбээр Ашигт малтмалын газрын даргын албан тушаалд очсон даруйдаа их хэмжээний тусгай зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгож, сэргээсэн нь тогтоогджээ. Даргаар ажилласан эхний долоон сарын хугацаандаа л гэхэд 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон байна. Иймд Д.Батхуягт Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэн хэрэг үүсгээд байгаа юм. Мөн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан үед эрх мэдлээ ашиглан, 192 зөвшөөрөл олгосон хэмээн анх буруутгагдаж байсан.
Энэ 192 зөвшөөрөл дотор Зоост-Уул, Баян нуур, Алтан од, Гурван тэс, Шаажгайн гол, Хонгор толгой, Баян ноён зэрэг нутгийн ардуудын сүслэн залбирдаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрууд олон бий. Түүний хууль зөрчсөн энэ үйлдэл зөвхөн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” зөрчөөд зогсохгүй тусгай зөвшөөрлийн эрхийг нь цуцалсан хэд хэдэн компанийн эрхийг сэргээсэн дээрх явдал юм. Ингэхдээ их хэмжээний авлига бусдаар зуучлуулан авдаг байсан байж болох сэжүүр гарчээ. Д.Батхуягт холбогдох энэ хэрэгт хууль бусаар олгосон лиценз нь ямар учиртай болохыг нягтлуулахаар шинжээчийн баг томилж байсан байна. Шинжээчийн багийн тодорхойлсноор тэрбээр Засгийн газрын нэр бүхий гишүүний дэмжлэгтэйгээр бусдаас их хэмжээний авлига аван тусгай зөвшөөрлийг олгож, сэргээж байсан бололтой. Д.Батхуягийг өнгөрсөн оны хоёрдугаар сард хуулийнхан саатуулах гэж байсан аж. Үүнийг мэдсэн Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг Ерөнхий сайд С.Батболдтой уулзан “Наадам өнгөртөл энэ асуудлыг намжааж өгөөч. Үүний дараа өөрөө албан тушаалаа өгье” хэмээн гуйж явсан тухай нэгэн эх сурвалж ярьж байсан юм.
Түүнчлэн 2003 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад ОХУ-д төлөх их өрийг тэглэхийн тулд Оюу толгойн ордод хөрөнгө оруулах гэрээ хэлцэл хийж эхлээд байсан “Айвенхоу Майнз” компаниас 50 сая ам.долларыг Засгийн газрын нэр дээр зээлсэн байдаг аж. Засгийн газар энэ өрийг “Айвенхоу Майнз”-д эргүүлэн төлсөн хэдий ч энэ зээлийн уршиг одоо хүртэл үргэлжилж байгаа гэх яриа ч байгаа юм. Нэг үгээр хэлбэл их өрийг тэглэхийн өмнөхөн буюу 2003 оны арванхоёрдугаар сарын 16-нд Ашигт малтмалын газрын уул уурхайн 40 гаруй лиценз нэг өдрийн дотор “Айвенхоу Майнз”-д шилжсэн байдаг гэнэ. Гэхдээ дээрх лицензүүдийг 50 сая ам.доллараар авсан байдаг аж. Энэ 40 гаруй лицензийн зөвхөн нэгийг нь “Саусгоби сэндс”-т 900 сая ам.доллараар үнэлж зарсан. УИХ-ын гишүүн С.Баяр энэ хэрэгт зуучилсан гэх хардлага бий аж. Мөн УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийхгүй өвчтэй гэсэн шалтгаанаар АНУ, Канадад урт хугацааны аялал хийгээд үе үе Монголд ирдэг болсон нь түүнийг Р.Фрийдландтай дотно холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн ч ярьдаг болжээ. Нөгөө талаар Д.Батхуяг С.Баярын хүн бөгөөд Ашигт малтмалын газрын даргын суудлыг С.Баярын тусламжтайгаар хүртсэн гэнэ. Энэ хэрэгт мөн Н.Энхбаярыг ч холбож буй мэдээлэл бий. Д.Батхуяг анх С.Баярын тусламжтайгаар АМГ-ын суудалд хүрч чадсан бол тэнд очсон цагаасаа албан тушаалдаа үлдэхийн тулд Ерөнхий сайд С.Батболдыг багагүй тойглосон гэдэг. Энэ ч утгаараа АМГ-ын даргын албан тушаалыг өгснийхөө дараа Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэсэн сэтэр зүүж дөнгөсөн. Харамсалтай нь Ерөнхий сайдын зөвлөх болоод л баривчлагдчихсан нь тоогүй. Д.Батхуягийн Ашигт малтмалын газрын дарга болоод л бараг хууль бус лиценз олгогч гэж хэвлэлээр цоллуулж ирсэн нэгэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг байгалийн баялгийн нөөцөөрөө улсдаа толгой цохидог. Тус суманд алт, зэс, нүүрс зэрэг ашигт малтмал элбэг. Гэтэл Оюу толгойг тойрсон баялагтай газруудад ашигт малтмалын 41 тусгай зөвшөөрөл олгосон байна. Тэдгээр тусгай зөвшөөрлийн ихэнхийг нь 2008-2009 онд олгожээ. Нэг үгээр хэлбэл Д.Батхуягийн үед энэ зөвшөөрлүүд олгогдсон гэсэн үг юм. Энэ зөвшөөрлийг хэн хэн гэдэг хүнд өгснийг доорхи хүснэгтээс харж болох юм.
Г.ЯЛГУУН
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 11, 2012 2:03:59 pm )
bayr ,bat huyg ,bat bold nariig dawhwar shalgah hergtei ed nar bol niilej ih vum tsohison nuhudvvd jenhene mapi nar bga vum
-
Anonymous (May 11, 2012 2:07:49 pm )
ted nar awilga heli hahuuliin munguurei songuuliin shouga hiij adr tvmend hudal amlaj ywa hvmvvs ene zuwhun barigdsan ni barigdaagvi uchuun hulgai bga tiimees bvgediig ni ulaa sn shalgah hergtei
-
Anonymous (May 11, 2012 5:26:04 pm )
bayr,bat bold ,bathuyg ed nar bol mungnii tuluu ulsa hudaldahad belen nuhudvvd shvvdee ed bol luuwarchid gartsaagvi mun er ni ardiin nam songuuliin zardalaa awilgiin munguur bosgoj bga ni vnen shvvde ene bol zuwhun zah ni
-
Anonymous (May 11, 2012 5:38:06 pm )
bat bold songuulid ner dewshiheer huwsgulid vu yrij ywlaa namiinhaa neriig muutaglaadaa ee onig,onig
-
Anonymous (May 11, 2012 5:39:04 pm )
bat huyg onig ,onig
-
Anonymous (May 11, 2012 5:40:22 pm )
bat huyg huwsguliin ard tvmeniig saihan huurj baijee iimel nudvvdee
-
Anonymous (May 12, 2012 8:36:30 pm )
боловсрол мэдлэг маруухан ,хөнгөн нимгэн хүнийг ашиглаж байгаад С.Баяр өөрийнхөө оронд хаячихаад явчихсан бишүү.энэ нь том хүний хүн гэж хөөрч сагсуурч хууль бус юм хийж байж дээ
7 Comments