Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн албадан баривчилж, Төв аймаг дахь
цагдан хорих төвд хорьсноос хойш тав хоног өнгөрлөө. Түүний өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцсанаа хүргэе.
-Та Н.Энхбаяр даргатай хамгийн сүүлд хэзээ уулзав. Бие нь ямар байна вэ?
-Өнөөдөр /өчигдөр/ уулзлаа. Ханиалгаж байна лээ. Түүнийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчөөд баривчилсан шүү дээ. Тэндхийн прокурор утсаар үүрэг өгөөд хамгаалалт, хоол унд авахыг нь болиулжээ. Дэглэм нь жаахан хүндэрсэн байна гэж ойлгож байна. Харин цагдан хорихын хянагч нар нь хүнлэг байдлаар Энхбаяр даргатай харилцаж байгаа гэсэн.
-Хорих ангийн хоолыг идэж байгаа гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав.
-Эхнэр нь “Манай хүний амь насанд нь халдахгүй гэх баталгаа байхгүй. Амьд эргэж ирэх, үгүйг нь мэдэхгүй байна” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Үнэхээр тэнд амь насанд нь халдах аюул байгаа юу?
-Төр аюул байгаа гэж үзээд л хамгаалалт тавьж байгаа шүү дээ. Аюулгүй гэж үзвэл төр хамгаалах шаардлагагүй.
-Ар гэрийнхэн нь эргэлтээр очиж уулзсан уу?
-Эргэлтээр яах гэж очих ёстой юм бэ. Сэжигтэн, яллагдагчийг л эргэдэг шүү дээ.
-Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарлана гэсэн мэдээлэл байна. Энэ тухайд…?
-Энхбаяр дарга шүүхэд итгэдэг. Ардчилсан улс оронд бол шүүх хамгийн шударга байх ёстой. Наана нь хэнийг ч сэрдэж, сэжиглэж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх л гаргана. Шүүхэд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байх үүднээс яаран өлсгөлөн зарлах алхам хийхгүй байя гэсэн.
-Хоригдсоноос хойш байцаалт өгсөн үү?
-АТГ-ынхан Энхбаяр даргыг сэжигтнээр татахгүйгээр баривчилсан. Тус газрын Тамир гэдэг хүн тэр өдөр “Наад хүнээ цагдаагийн хүчээр хэлтэс дээр авчир” гэсэн тогтоол гаргасан байгаа юм. Гэтэл цагдаа нар нь хэлтэс дээр биш хорих руу аваад явчихсан. Нэг ёсондоо хаягаа андуурсан юм билээ. Дараа нь шүүгч нь 2007 онд хэрэгсэхгүй болгосон хуулийн заалтыг ашиглаад баривчлах захирамж гаргасан. Энэ нь сэрдэгдэж байгаа хүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58-д заасан үндэслэлээр баривчилна гэсэн заалт байгаа юм. Гэтэл энэ заалтыг 2007 оны наймдугаар сард хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр сэрдэгдэж байгаа хүнийг баривчлахгүй зөвхөн сэжигтэн, яллагдагчаар тогтоосон хүнийг баривчилдаг. Тэгэхээр энэ хуулийг зөрчсөн. АТГ-ынхан сэжигтнээр таталгүй Энхбаяр даргыг баривчилсандаа бантаад ням гаригт ажлын бус өдрөөр сэжигтнээр татсан тогтоол танилцуулахаар очсон. Тэд даргыг хорихын камерт байхад нь дуудсан байна. Гэтэл дарга би өмгөөлөгч ирээгүй тохиолдолд ямар ч мэдүүлэг, байцаалт өгөхгүй гэсэн. Гэтэл видео бичлэг хийжээ. Ингэхдээ Энхбаяр даргатай дээрэнгүй хандаж, шоолж харилцсан байна.
-Яагаад. Ямар шалтгаанаар тэр вэ?
-Шалтгаан нь “Та нар яагаад дээд даргаасаа үүрэг аваад хууль зөрчөөд байгаа юм бэ. Та нарын энэ хууль зөрчсөн асуудлыг хэнд хандах ёстой юм, юу гэж бодож байна вэ” гэхэд “Тэр дээд даргад хандахгүй юу” гэсэн байна. “Тэд хууль зөрчөөд байна шүү дээ” гэхээр “Тэгвэл ямар ч аргагүй” гээд инээлдсэн байна. Нэг ёсондоо ингэж элэглэж, тохуурхаж видео бичлэг хийгээд явсан гэж өнөөдөр /өчигдөр/ уулзахад надад хэллээ. Би үүнийг сонсоод маш их эмзэглэж хүлээж авлаа.
-Өмгөөлөгчийг нь байлцуулж Н.Энхбаяраас мэдүүлэг авах гэтэл өмгөөлөгч нь ирээгүй гэдэг нь ийм учиртай байжээ.
-Хуулиа мөрдөх хэрэгтэй. Хойшлуулшгүй л биш бол шөнийн цагаар, ажлын бус өдөр өмгөөлөгчийг дууддаггүй байхгүй юу. Тэгээд ч Энхбаяр дарга ЭБШ ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахгүй гэж хэлсэн. Өмгөөлөгчийг зөвхөн мөрдөн байцаагчийг ирэхэд байлцуулах хүсэлтэй л байгаа гэж надад хэлсэн. Өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг байлцуулах хоёр хуулиар бол өөр ойлголт. Сэжигтэн яллагдагч бол өмгөөлөгч авна. Иргэн хүн бол өмгөөлөгчийн туслалцаа авч өмгөөлөгчийг аливаа эрх зүйн асуудалд байлцуулж болдог. Тийм учраас хойшид би энд өмгөөлөгчийнх нь хувьд байлцах асуудал яригдахаас биш өмгөөлөгчөөр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцохгүй гэсэн үг. Учир нь, сэжигтэн яллагдагчаар татаагүй.
-Үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байна уу?
-Сэжигтэн, яллагдагчийг л батлан даалтад гаргадаг. Сэжигтэн яллагдагч биш хүнийг батлан даалтад гаргах тухай биш суллах ёстой гэсэн асуудлыг ярина. Бид өнөөдөр энэ хүнийг суллах ёстой гэсэн өнцгөөр ярих болохоос батлан даана гэж ярихгүй. Бидний хувьд сэжигтэн яллагдагч болоогүй хүнийг яагаад шүүх гээд байгааг ойлгохгүй байна. Яагаад энэ хүнийг заавал ингэж гэмт хэрэгтэн гэж зөвшөөрөөд батлан даах гээд байгаа нь ойлгомжгүй байна.
-Тэгвэл суллуулах ямар боломж байна вэ?
-Хуулийн талаас бол бүх боломж байна. Сэжигтэн яллагдагчаар татаагүй гэдгийг дахин хэлье. Одоо татсан гэж хэлээд ч утгагүй. 48 цагийн дотор тогтоолоо танилцуулаагүй бол хүчингүй гэж үздэг.
-АТГ-ынхан Н.Энхбаяраас мэдүүлэг авахаар 10 удаа дуудсан боловч ирээгүй. Тиймээс албадан баривчлахад хүрсэн гэж тайлбарлаж байгаа. Өмгөөлөгчөөр нь хүртэл дамжуулж дуудуулсан гэсэн шүү дээ?
-Би баривчлах үеэс нь эхлээд өмгөөлөгчөөр ажилласан. Уг нь АТГ-ын хүмүүс хавтаст хэргийн доторх асуудлыг бус баривчилсан процессын зөв, бурууг ярих ёстой. Гэтэл нөхдүүд өөрсдийнхөө сэдсэн зохиолоос уншлаа шүү дээ. Ард түмэн энэ хүнийг яагаад баривчилсан юм бол, баривчилсан үндэслэл нь юу вэ гэж харах ёстой болохоос ийм аргаар тогтоогдсон гэж хавтаст хэргийг задлах ёсгүй байсан. Хүн хэдэн ч өмгөөлөгч авч болно. Дарга одоо ч хэд хэдэн өмгөөлөгчтэй байгаа. Ямар ч байсан манай өмгөөлөгч нарт алинд ч 10 удаа дуудсан зүйл өгөөгүй. Зарлан дуудах хуудас өгдөг. Үүний доор нь гарын үсэг зурдаг. Гарын үсэг зурсан хүн би энэ хүнийг авчирна гэж хариуцлага үүрч байгаа. Тиймээс тэгж гарын үсэг зурсан хүмүүсийн нэрийг зарла гэсэн шаардлага тавьсан. Тэр нэр 10 байвал би хүлээн зөвшөөрнө гэдгээ ч хэлсэн. Би тэр хүмүүстэй хариуцлага ярья. Та нар яагаад хүргэж өгөөгүй юм бэ гэж. Хорооны даргаар дамжуулсан бол хорооны даргад нь хэлье. Төрийн ажлыг утасны араас, найз нөхдөөр дамжуулж шийддэггүй юм. Төрийн ажил, тэр тусмаа эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг зөвхөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэх ёстой. Тийм учраас мөрдөн байцаагч энэ хуулийг чанд сахина гэж заасан байгаа. Үүнийг сахихгүй байгаа учраас хууль зөрчиж байна.
-Экс Ерөнхийлөгчийг гуравдугаар зэрэглэлийн хамгаалалтад байгаа учир халдашгүй эрх ярихгүй гэж АТГ-ынхан тайлбарласан. Үүнд ямар хариу өгөх вэ?
-Хамгаалалт, халдашгүй байдал гэдэг нь хоёр өөр ойлголт. Хамгаалалт гэдэг нь аливаа халдлагаас хамгаална. Хамгаалалтынх нь хангамжийн хэлбэрт зэрэглэл заасан. Нэгдүгээр зэрэглэл гэвэл таван машин, гуравдугаар зэрэглэл нь нэг машин гэдэг ч юм уу. Хамгаалалт гэдэг бол халдлагаас хамгаалах УИХ-ын тогтоол. Энэ тогтоолыг хэрэгсэхгүй болгоогүй байж, халдлага хийж байгаа нь буруу л гэж ярьж байгаа.
-Н.Энхбаяр даргыг буруутгаж байгаа үндэслэлүүдийн хувьд ямар тайлбар өгөх вэ. “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонинг үнэгүйдүүлж завшсан гэж байгаа?
-ТВ9-ийн тухай асуудал нь аль 2000 оных. 2000 оны аливаа асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Яагаад үүнийг сөхөөд байгааг ойлгохгүй байна. “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын асуудлыг сонин хэвлэлээр улиг болтол нь ярьж бичсэн. Жишээ нь, “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудал хууль бус гэж гурван шатны шүүхээр яваад хууль бус биш гээд тогтоосон. Улсын дээд шүүхийн шийдвэр хүртэл гарсан. Гэтэл шүүхийг шүүгээд явж байгаа хүмүүс шүү дээ. Үнэгүйдүүлж завшсан гээд байх юм. Энэ хүн үнийн комиссын дарга эсвэл Засаг даргын алба хашиж байгаагүй хүн.
Хамгийн гол нь сэжигтнээр татаагүй нь чухал.
-Н.Энхбаяр дарга баривчлагдахынхаа өмнө захиалгаар энэ баривчилгааг хийх гэж байна гэж хэд хэдэн хүний нэрийг дурдсан. Таны хувьд юу гэж үзэж байна вэ?
-Захиалгын тухайд мэдэхгүй. Миний хувьд үйлчлүүлэгч надад тэгж хэлсэн болохоор би үйлчлүүлэгчдээ л итгэнэ. Өөр хэнд итгэх юм бэ.
-Экс Ерөнхийлөгчийн эрхийг нь зөрчөөд хорчихлоо. Цаашид яах вэ?
-Үнэн гэдэг бол цаг хугацаагаар хэмжигдэнэ. Цаг хугацаа аяндаа л үнэнийг шүүнэ. Шударга ёс гэдэг үнэнтэй нийцсэн байх ёстой. Шударга ёс тогтоно гэдэгт би итгэдэг. Хуультай нийцсэн хэмжүүрийг зөрчсөн учраас би шударга бус гэж байгаа юм. Хуультай нийцэх ёстой байжээ гэдгийг нэг өдөр хүмүүс шүүгээд хэлээд өгнө. Тэр үед хуулийг санаатай зөрчсөн, хүнээр доог тохуу хийж инээлдэж байсан хүмүүс хөөрхийлөлтэй байдалд орох байх.
-Н.Энхбаяр дарга баривчлагдахынхаа өмнөх өдөр “Долдугаар сарын 1”-ний хэрэгтэй холбоотой мэдээлэл олонд түгээсэн. Үүнтэй холбоотойгоор баривчлав уу гэсэн хардлага ч байна?
-Би холбоотой, холбоогүй гэж хэлж чадахгүй. Үүнд Лүндээжанцан, Баяр, Мөнх-Оргил, Энхбаяр гэсэн дөрвөн гэрч байгаа. Тэднээс хэн нь их зүйл ярих гээд байсан бэ. Одоо хэн нь ярих боломжгүй болов. Үүнийг л ойлгох хэрэгтэй.
-Хоригдсон ч гэсэн экс Ерөнхийлөгчийг шүүх хуралд оролцуулж болох юм биш үү?
-Тийм ойлголт байхгүй. Яагаад гэвэл гэрчийг албадан авчрах боломжгүй.
-АТГ-ынхныг хууль зөрчиж ажиллалаа. Н.Энхбаяр даргыг гүтгэж, доромжиллоо гэж хариуцлага тооцуулах уу?
-Мэдээж, прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өгнө. Надад хуулийн байгууллагынхан битгий уурлаасай. Тэдний эсрэг юу ч яриагүй. Тэдний хийсэн хууль бус үйлдэл, алдааных нь тухай ярьж байна. Тэд л хууль мэддэг юм биш ээ. Би ч мэднэ. Үйлчлүүлэгчээ өмөөрч, хуулийг гуйвуулсан зүйл байвал та нар нотол. Би үйлчлүүлэгчээ өмөөрч, хуулийг гуйвуулсан нэг ч өгүүлбэр хэлээгүй. Би өмгөөллийн ажлаа хийж байна.
zuunii medee
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 18, 2012 10:07:23 am )
Amarbat gedeg huuli meddeggui ym uu haasnaa ym bolimoor ym huulin zaalt huulia meddeggui hunii helsen bicnseng tseejleed ajlaa hiideg iimerhuu ymnuud huulicnin ner hund unagaa bolimoor ymbilgatai temtseh gazar huuli meddeg hun bna uu
zugeer hunii daalgabar guitsetgedeg ym uu
estoi huulin kurss togsson ym uu Olzii biluu tamgin gazrin darga gewsen bas neg holduu ym -
Anonymous (April 18, 2012 11:02:50 am )
Баасанхүү сайн өмгөөлөгч шүү
-
Anonymous (April 18, 2012 11:06:53 am )
ene yostoi sain umguulugch bna lee shdee, iim zaluuchuudiig turd bailgamaar yum. marbat, unurbayar gesen durakuud hazgai heltei huuliinhaa ner tomyoog ch helj chaddaggui baasnuud hahahaha
-
Anonymous (April 18, 2012 11:37:05 am )
чи багадна аа гай минь
-
Anonymous (April 18, 2012 11:42:06 am )
uneheer myndag umguulugch yumaa. mgl-d iim medlegtei heden saihan zalyychyyd bgaad deerees heden medlegtei uvugchuul ni dytyy dyndiig ni heleed ugvul ni mgl oron bas hyyli zuin tal deeree devshilttei l bh yum bna daa tiim uu humuusee
-
Anonymous (April 18, 2012 11:48:18 am )
omgologchoor ni duuduulah huuli zvin zohitsuulalt bna u
6 Comments