antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2012 4 comments

Баривчилгаа хийгээд эрх баригчдын айдас

нийтлэсэн Admin

“Авлигын загалмайлсан эцэг” асанг АТГ-аас баривчлаад дөрөв хонож байна. Баривчилгаа тойрсон дуулиан олон нийтийн анхаарлаас түр ч атугай холдож, хуулийн байгууллагууд ажлаа үргэлжлүүлж эхэллээ. Харин түүний хамтрагчдаас зарим нэг нь Н.Энхбаярыг батлан даалтад авах, тэгж чадахгүй бол эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулах тухай ярьж байна. Тэр ч байтугай УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд одоогийн намаа орхиж, уугуул /МАХН/ намаа сэргээн байгуулах тухай ярьж эхэллээ. Нэгэн үе улс төрийн тогоонд хамт чанагдаж, “тэнэг цэцэн хэрэг үйлдэн тэрэгний дугуй шиг ижилдэж” явсан нэг үеийн, намын нөхдийн хувьд экс даргаа “хазайсан цагт нь түшихээр” сэтгэл шулуудсан байхыг үгүйсгэх аргагүй. Харин хууль эрх зүйн талаасаа бол энэ нь огт өөр зүйл л дээ. Түүний буруутай, үгүйг УИХ-ын гишүүд, улс төрийн намын хамгаалалтаар бус, шүүхийн процессоор л шалгаж болно.

Монголын улс төрийн амьдралыг нэгэнтээ доргиосон Н.Энхбаярын баривчилгаанаас болж парламентад суудалгүй улс төрийн жижг намууд л бужигнаж, элдэв мэдэгдлүүд хийж байгаа. Харин УИХ дахь хоёр том намын хувьд уг баривчилгааны талаар сайн муу үг унагасангүй. Ялангуяа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх бүлгийнхээ хурал дээр “Хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, улс төрийн ямар нэг акци хийхгүй” гэдгээ мэдэгдсэн нь намынх нь зарим гишүүнийг бухимдахад хүргэж, нам дотроо тусдаа бүлэг байгуулахаа мэдэгдсэн билээ.

Н.Энхбаярыг баривчилгааг эсэргүүцэж буй улс төрийн жижиг намуудын хувьд яах вэ, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тэдний тулж түшиж, тугаа хийж явсан хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, нөхөн сонгуульд нэр дэвшиж чадалгүй үлдсэнийхээ дараа намаа хоёр хуваан байж улс төрийн шинэ орон зайд гарч ирсэн түүнийг ирэх сонгууль хүртэл ашиглана гэж бодож байсны хувьд энэ баривчилгааг эсэргүүцэхээс өөр аргагүй. Гэхдээ олонхи нь Н.Энхбаярыг эрх барьж байх үед доктор Б.Ганбатын нэрээр хаяглагдаж олон нийтэд хүрсэн “Аалзны тор” цуврал нийтлэлийн гол баатрууд гэдгийг ч бас саначихад илүүдэхгүй. Харин Ардын нам, Ардчилсан нам хоёрын нүдэн балай чихэн дүлий суугаа нь “Энэ хэний шидсэн чулуу вэ, эзэн захиалагч нь хэн байв” гэж анаж байсан хүмүүсийг жаахан гонсойлгов бололтой.

Ерөнхийдөө энэ үйл явц цаашдаа хоёр өөр шугамаар өрнөх нь тодорхой боллоо. Эхнийх нь Н.Энхбаярын хэрэг дээр хуулийн байгууллагынхны хийх мөрдлөг, хоёр дахь нь тэрхүү процессийг дагуулан улс төрийн намуудаас хийх улс төрийн акциуд. Гэхдээ мэдээж эхнийх нь үйл явц хоёр дахиа хөтөлж таарна. МАН-ынхны хувьд “Хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцож, улс төрийн дүгнэлт хийхгүй” гэснийг нэгдүгээрт шууд утгаар нь ойлгож болно. Харин цаад утгаараа бол эрх баригч намын дотоодод өрнөж буй далд айдсыг ил гаргаж байна. Учир нь одоо эрх барьж буй энэ намын гол төлөөлөгчид болох Сү.Батболд, У.Хүрэлсүх, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд гээд Н.Энхбаярын үед энэ намын хаалга үүдийг татаж, хашаа хороонд нь орж ирсэн нөхдүүд одоо голын нөгөө талд гараад зогсчихсон Н.Энхбаяртайгаа эрх мэдэл булаалдаж яваа. 1997 онд Н.Багабандийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа МАХН-ын даргаар сонгогдсон Н.Энхбаяр УИХ-д цөөнх болж, эрх мэдлээ алдаад байсан намаа өөд татахын тулд хуультай, хуульгүй олон зүйлийг хийсэн. Түүний нэг хөл хуулийн гадна, нөгөө хөл нь хуулийн дотор олон жил явсныг одоо ч гэсэн хүмүүс мартаагүй. Тэдгээрийн нэг нь МАХН-ын дэргэдэх МАСЗХ-г байгуулж, намынхаа залуу халааг бэлтгэж эхэлсэн явдал. МАСЗХ-ээр дамжиж энэ намын боловсон хүчин болон бэлтгэгдсэн олон хүн өнгөрсөн хугацаанд шоронд орох нь орж, шороон дор хэвтэх нь хэвтсэн ч үлдсэн хэд нь өнөөдөр Монголын төрийн толгойд эзэн сууж байна. Төрийн өмч идсэн, тендер зувчуулсан, банк дампууруулсан, бие биенийхээ амийг хөнөөсөн гээд болохгүй бүтэхгүй, муу муухай бүхэн МАСЗХ-ноос гарч байсныг уншигчид санаж буй биз. Харин одоо нэрээ сольж, зүсээ буруулсан НАМЗХ Н.Энхбаярын үед 300 саяар үнэлэгдэж байсан дэд сайдын суудлыг тэрбум төгрөгт хүргээд байгаа билээ.

Н.Энхбаяр бол төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж намаа санхүүжүүлэх, худалдаж авсан албан тушаалаараа дамжуулан мөнгө хийж, ашиг олох хоёрыг жинхэнэ утгаар нь бий болгож, энэ намыг хэдэн үеэр нь тэжээсэн хүн. Хожмоо Н.Энхбаярын бий болгосон авлигын сүлжээ, аалзны торонд орооцолгүй улс төр, бизнесийн сонирхол ч гэж үлдээгүй бөгөөд хөл гар, хөдлөх гишгэх болгон нь Н.Энхбаяраас хамааралтай болсон тэр үеэс л “Н.Энхбаяраас ямар ч үнээр хамаагүй салахсан” гэх эрмэлзэл Монголын нийгэмд бий болсон юм. Түүний нэг илрэл нь 2008 оны дараа Монголын улс төрд бий болсон өөрчлөлт. Н.Энхбаярыг “хаан ширээ”-нээсээ унасны дараа улс төрийн хоёр нам хоёулаа түүнийг улс төрд ганцаардуулан орхисон нь ийм учиртай.

Харамсалтай нь өнөөдөр Монголын төрд бий болоод байсан Н.Энхбаярын хаанчлалыг МАН доторх өөр нэг бүлгийн хаанчлал залгамжлаад явж байгаа. Н.Энхбаярын бий болгосон авлигын сүлжээ Н.Энхбаяргүйгээр цаашаа үргэлжилж байна. Тиймээс тэр авлигын сүлжээг нураах ёстой хүн, аалзны торыг хөвж чадах утасных нь үзүүр Н.Энхбаяр өөрөө болж байгаа юм. Түүнийг тавьж болохгүй үндэслэл, шалгах ёстой шалтгаан нь ердөө л энэ. Энэ утасны үзүүр явсаар одоо эрх барьж байгаа МАН-ын толгой хэсэгт очиж байж тайлагдах учиртай. Яагаад гэвэл Н.Энхбаяр хэрвээ “Авлигын загалмайлсан эцэг” юм бол түүгээр загалмайлуулсан хүүхдүүд нь одоогийн МАН-ын удирдлагууд. Түүний дэмжлэгээр хөлжиж, тавьсан гишгүүрээр нь албан тушаалд очсон, улс төрийг бизнес, баяжих хэрэгслээ болгосон нөхдүүд.

Хаа очиж Ардчилсан намынхнаас Н.Энхбаярын бий болгосон “Аалзны тор”-онд орооцолдсон нь үгүй. Цаг хугацаа, хувь заяаны эрхээр тийм тохиол бүрдээгүй ч байж болно. Гэхдээ баримт бол баримт. Ерөнхийлөгчийн баривчилгаа, түүнд тулгаж буй хэргүүд дөрвөн жил шахам хамтарч явсан хоёр намыг яалт ч үгүй голын хоёр эрэг дээр гаргачихлаа. Тиймээс Н.Энхбаярын бий болгосон дуулианаас хамгийн их айх ёстой хүмүүс нь экс МАХН буюу одоогийн МАН-ын удирдлагууд болж байна. Хууль хяналтынхнаас хүлээх зүйл бол ганц Н.Энхбаяраар зогсохгүй, өнгөрсөн 20 жилд Монголын улс төрд бий болсон авлига, хээл хахуулын сүлжээг атгасан утасныхаа үзүүрийг тавилгүйгээр хөвөх явдал билээ. Харин Н.Энхбаярын хувьд өмнө нь олон удаа сонин хэвлэлээр хэлж байсан үг, улс төрийн “шантааж” болгон ашиглаж байсан мэдэгдлүүдээ одоо хуулийн өмнө хэлж, хэн хэний ”бөгс долоогч” байсан, хэнээс хэдийг авч, хэнд өгсөн бэ гэдгээ үнэн зөвөөр мэдүүлэх явдал. Энэ л Монголын төрийг цэвэршүүлэх, Монголын ард түмэнд туслахын тулд түүний хийж чадах цорын ганц зүйл нь.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (April 17, 2012 2:59:08 pm )

    Бүх сайтууд Энхбаярын тухай маш олон зүйлийг бичиж байгаа нь энэ хүн үнэхээр гэм буруутай нь харагдаж байна.

  • Anonymous (April 18, 2012 1:52:52 am )

    Бүх сайтууд Энхбаярын тухай маш олон зүйлийг бичиж байгааг ойлгохгүй байна.Бид ухаалаг хандацгаая

  • Anonymous (April 18, 2012 1:56:14 am )

    Хараагүй байж худал бичээд яах юм бэ, Амьддаа л хүний гар болохгүй шүү ??

  • Anonymous (April 18, 2012 8:19:52 am )

    Монголд цэвэр тунгалаг засаглал тогтох цаг айсуй

antalya rent a car