Дэлхий дээр оршин тогтнож буй монгол үндэстэн угсаатны цөм нь өнөөгийн Монгол Улсад бий. Хүн ам, газар нутгийн хэмжээгээ харсан ч, түүх соёл, өв уламжлалаа бодсон ч Монгол Улс яалт ч үгүй монгол үндэстний гал голомт юм.
Үүнийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган монгол үндэстэн угсаатан хүлээн зөвшөөрч, эцэг дээдсийнхээ нутаг, эх түүх рүүгээ цайны дээжээ өргөн сүслэн залбирдаг. Энэ талаас нь аваад үзэхээр Монголын үндэсний телевиз бол монгол үндэстний хамгийн том телевиз байх учиртай. Үндэстнээ нэгтгэсэн нэвтрүүлгүүд цацаж, тэднийхээ оюун санааны эцэг байх ёстой. Бүхэл бүтэн улс үндэстний оюун санааны эцэг байна гэдэг үнэндээ том л доо. Тэрхүү хэмжүүрт маш нарийн төлөвлөгөөтэй байж, алсыг харсан бодлого, холч ухаан зарж байж хүрэх билээ. Гэтэл өнөөдөр Монголын үндэсний телевиз юун монгол үндэстэн угсаатны телевиз байх, юун оюун санааны эцэг байх манатай. Өнгөцхөн харсан хэнд ч мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүд нь гологдож, тэгээд ч зогсохгүй улс төрийн аль нэг хүчин рүү, бүр тодруулж хэлбэл, өнөөдөртөө төрийн эрхийг барьж буй Монгол ардын нам руу гуйвж байгаа нь илт анзаарагдах юм. Үндэсний телевизийг асаангуут л эрх баригч намын гишүүд малийтал гарч, өөрсдийгөө сурталчилж, Ардын намын Засгийн газрын тэргүүн болоод бусад гишүүд нь зогсоо зайгүй үзэгдэнэ. Хийсэн бүтээснээ тэргүүнд тавин магтаж, тэдний ажлыг хэн нэгэн нь арай ч дэндмээр үнэлж мандуулж байх юм. Ингэж үндэсний телевиз маань эрх баригч намын дуу хоолой болж байгаа нь үнэндээ жижигдэж харагдах боллоо. Улаан цагаан ингээд хэлчихээр “Бид мэлээллийн тэнцвэрт байдлыг хадгалж байна. Олон нийтийн гэх үүр-гээ сайн биелүүлж байгаа” гэх зэргээр хариулт өгөх байх л даа. Гэвч үнэн байдал дээрээ ямар байгааг энгийн иргэн ч хэлнэ шүү дээ. Хэнд үйлчилж, ямар улс төрийн хүчин рүү хазайгаад буйг бүгд л мэдэж байгаа. Үнэндээ Ардын нам бол монгол төрийн толгой нам биш. Монгол үндэстний нам бүр ч биш. Монгол дахь олон намын л нэгэн.
Үндэсний телевизийн нэвтрүүлгүүд, мэдээ мэдээлэл нь үнэхээр чамлалтай санагдах юм. Гялтайх ганц ч нэвтрүүлэг алга шүү. “Тусгай салаа” кино унтаж байсан төв телевизийн эфирийг нэгэнтээ сэрээж, урам нь мөхсөн олны сэтгэлийг бага ч болов хөдөлгөсөн байх. Харин манай үндэсний телевизийн хажууд Өвөр Монголын “Одон” телевиз Монгол үндэстний телевиз шиг харагдах юм гэвэл хэтрүүлэг болохгүй. Эфирийн соёл, өнгө зүс, нэвтрүүлгийн даац, газар дээрээс хийсэн сурвалжлагууд нь яах аргагүй ялгарах юм. Уран бүтээлчдийнх нь аялга ч харчин байснаа болиод халх болсон шүү. Тэдний ярьж хэлэх нь монгол үндэстэнд маш тодорхой ойлгогдохоор болсон. Наад захын жишээ татахуйд, “Одон” телевиз цаг агаарын мэдээгээ танилцуулахдаа Хархорин, Элстэй, Хөдөө арал, Байгал нуур, Хөвсгөл нуур гээд монгол үндэстнийхээ бүхий л сайхан газруудыг зурагтай хөрөгтэй нь гаргаж “маргааш төдөн хэм халуун хүйтэн, цастай бороотой байна” гэдгийг нь үзүүлчихэж байгаа юм. Зөвхөн эндээс харахад цаг агаарын мэдээллээ дан ганц өвөр монголчуудад бус дэлхийн өнцөг булан бүрт байгаа үндэстэн угсаатнууддаа үзүүлж байна. Ийм л сэтгэлгээгээр тэд хандаж байна. Энэ бүгдээс анзаарахуйд, Өвөр Монголын “Одон” монгол үндэстний телевиз гэж өөрийн эрхгүй бодогдохоор. Бодогдох юу байхав, тэгж харагдаж байгаа хэрэг. Гэтэл манай үндэсний телевиз цаг агаарын мэдээллээрээ хэдэн аймаг, жалга довныхоо байр байдлыг л үзүүлдэг шүү дээ. Яагаад Хөх нуурт төдөн хэмийн халуунтай, Жирмийн хошуунд төдөн хэмийн хүйтэнтэй, бүр цаашлаад Халимаг, Буриадад цаг агаар тийм байна гээд хэлчихэж болдоггүй юм бэ. Зүй нь монгол үндэсний том амбийц, сэтгэлгээ дутаад байна.
Оройн 23 цаг болов уу, үгүй юу эфирээ хааж байдаг. Их удлаа л гэхэд шөнийн 00 цаг хүргэдэг биз дээ. Ийм үндэсний телевизтэй улс орон дэлхийд байдаг юм уу. Бүтэн хорин дөрвөн цаг эфир нь нээлттэй байж хувь хүнийг омогшуулсан, монгол үндэстнээрээ бахархсан, эцэг дээдэс өв уламжлал, түүх соёлоо бахадсан тийм л нэвтрүүлгүүд цацаж баймаар санагдах юм. Дээрээс нь манай үндэсний телевиз чинь улсын төсвөес татаас авдаг томоохон хөрөнгөтэй байгууллага хэрнээ олон нийтийг хамарсан, дуулиан шуугиан тарьсан үйл явдын мөрөөр газар дээрээс нь нэг ч сурвалжлага хүргэдэггүй. Эфир анх нээгдсэнээсээ хойш газар дээрээс нь томоохон сурвалжлагууд хүргэж байсныг санахгүй юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харин инженер техникийн баг явуулж, өөрсдийн уран бүтээлчдийн дуу хоолойгоороо хүргэсэн байдаг. Мэдээж орос ах нарын нөлөөгөөр тэр. Тэрхүү үйл явдлыг эс тооцвол үндэсний телевиз байгуулагдсан цагаасаа хойш халуун цэгээс нь сурвалжилсан уран бүтээлчдийн хэллэгээр хиншүү хярвас ханхалсан сурвалжлага ховор байх шүү.
Өнөөдөр “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр нь хөдөө орон нутгийн сурвалжлага гардаг. Гэтэл инээдтэй нь Их хурлын гишүүдийн унаа тэрэг, мөнгө төгрөгөөр явж сурвалжлага бэлтгэдэг гэж байгаа. Тэгээд жижигхээн мэдээ дундаа өнөө гишүүдээ сүрхий магтаж байгаа харагддаг. Өөрсдөө хөрөнгө мөнгө, унаа тэрэг гаргаад хүч хөдөлмөр зарцуулаад сурвалжлага бэлтгэчих тийм сэтгэл Монголын үндэсний телевизийнхэнд дутаад байдаг. Хэдэн сэтгүүлчдээ ээлж ээлжээр нь гишүүдийн машинд чихэж хөдөө явуулчихаад, тэдгээр гишүүдийн тойргоос ганц нэг мэдээлэл бэлтгүүлчихээд ажлаа сайн яваад байна гэж бодоод байдаг юм болов уу.
Үндэсний телевиз маань хуучин цагт “Орбит”-ын завсраар зургаан цаг мэдээллээ цацдаг байсан бол өнөө цагт арилжааны хэдэн телевиз болоод “Одон” телевизийн завсраар арваад цагийн мэдээлэл цацдаг болж дээ. Ингэж үндэсний телевиз маань доош орох гэж. Ингэхэд манай нөхөд үндэсний гэсэн, олон нийтийн гэсэн статусаа нэг л сайн ойлгохгүй байна даа. Улс төр биш иргэний мэдээлэл үргэлж гарч байх учиртай шүү дээ. Улс төрөөс өөр мэдээлэл гэхээр их сайндаа хэдэн хүн цуглуулчихаад уур уурхай болон хувьдаа хөрөнгөжсөн хүмүүсийг элдвээр зүхээд сууж байх юм. Редакцийн уулзалт нэрээр шүү дээ. Ингэж Монголын үндэсний телевиз нэг улсын өөртөө засах орны телевизээс дор сэтгэж, дор ажиллаж байгаад өмнөөс нь ичих юм. Үндэстний том амбийцтай байж сурвал яасан юм бол. Үзэгч олон ард түмэндээ үндэстний сэтгэхүй суулгаж өгөөч. Ядахдаа өч төчнөөн тооны эх оронч сэтэлгээ ханхалсан, үзэгч түмнийхээ оюун санааг нь нэвт өөрчилсөн, үндэстнийхээ бахархлыг харуулсан реклам шторк бэлдэж түүнийгээ цацаж байвал хүүхэд залуучуудад хэрэгтэй. Эфирийн соёл, сахилга бат гэх зэрэг нь жирийн арилжааны телевизүүдээс ялгарах юм алга.
За тэгээд хамгийн гол нь мэдээллийнхээ чанар чансааг өөрчилмөөр байна. Монголчууд бид тухайн өдөр монгол үндэстэнд юу болж байгааг ухаандаа, Элстэйд юу болж байгааг, Хөх нуурын монголчууд хэрхэн аж төрж буйг үндэсний телевизээсээ мэддэг баймаар. Дэлхийн өнцөг булан бүрт байх монгол үндэстэнд юу болж байгааг монголчууддаа цаг минут бүрт мэдээлж байх нь Монголын үндэсний телевизийн үүрэг бус уу.
Тэгтэл үндэсний телевиз маань дүлий хүн шиг таг дуугүй. Улс төрийн мэдээлэл нялайтал цацаад, цацах мөрөөрөө цацахгүй аль нэг нам руу хазайгаад мөн ч өрөвдмөөр харагдах юм. Үндэсний телевизийн уран бүтээлч нөхөд минь үндэстнийхээ хэмжээнд сэтгэж, бүргэд юм бол жаахан дээгүүр нисч алсыг хараач. Үндэсний телевизээ харж дургүй хүрээд байж байтал “Одон” телевиз баяр баясгалан төрүүлэх юм. Харагдах үзэгдэх өнгөнөөсөө л монгол үндэстний телевиз гэж мэдрэгдэхээр юм. Жинхэнэдээ “Одон” чинь нэгэн том гүрний хараанд байдаг жижиг телевиз шүү дээ.
Н.ГАНТУЛГА
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 8:14:47 am )
Yag l unen heljdee.Undesnii televiz gechiheed shineer baiguulsan jijighen TV-tei yalgarah ymgui l ba da..ichij uhmeer.hichneen huntei yamar tom TV bilee 24 tsagiin nevtruuleg ch hiij chadahgui archaagui
-
золоо (January 23, 2017 4:39:20 pm )
өв соёл сайн нэвтрүүлэг хийдэгш дээ Би лав үзэх дуртай. Еолк гуай ясны сэтгүүлч хүн Талархаж байна. Сүүлийн үед монгол туургатны хэмжээнд нэвтрүүлгийн бодлогоо явуулж байгаа нь сайшаалтай. Бид Чингэсийн монгол гэж цээжээ дэлдэх боловч үнэндээ өв соёлоо алдаад дуусч байгаа ард түмэн шүү дээ Үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Бусад ард түмнээс суралцах хэрэгтэй Ичих хэрэггүй ээ. Та нар минь олон сайхан нэвтрүүлэг хийж ард түмнээ мартсанаа санаж сэхээрэхэд туслаарай
2 Comments