Монголын рок попт түүн шиг билэг танхай авьяастай, түүн шиг ааш араншинтай хүн байхгүй. Нэрт алиалагч Хатанбаатар гуайн хүү тэрээр бага насаа ээж, дүү нарынхаа “эцэг” нь болж өнгөрүүлсэн. Аавыгаа Хамбаа хэмээн дууддаг дуучин маань бага насанд нь ээжээс нь салсан аавтайгаа армид хамт бүрээ тоглож, ах дүү, найз нөхөд шиг явсан бөгөөд эцэг хүү гэдгээ хожмоо мэдсэн гэдэг.
Энэ эрхэм үнэхээр төрмөл авьяастай. Тиймдээ ч эгэл боргил амьдрал дундаас сугаран гарч өнөөгийн “хаант улс”-аа өөрийн гараар барьж босгосон юм. 90-ээд онд түүн шиг царайлаг, түүн шиг хүчтэй хоолойтой эрэгтэй дуучин байсангүй. Тиймдээ ч Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлж, хайрлуулж явсанаас албан ёсоор нэг гэрт орж, хувь заяа холбосон нь Сугармаа, Маралаа нар.
Анхны гэргий бүжигчин Сугармаа хэмээх авьяаслаг, сайхан бүсгүй өдгөө Монголын томчуудын тухлах болсон The Bull рестораны ерөнхий менежерээр ажиллаж буй. Ар Монголын алдарт дуучинд голомт залгах ганц хүү төрүүлж өгсөн энэ бүсгүйг манайхан 90-ээд оны үед “Тата тунга” нэвтрүүлэгт орж, шилдэг ялагчаар тодорч байснаар нь сайн танина. Тэдний хайрын үр болсон Мандах өнгөрсөн онд “Universe Best Songs-2010” фестивальд оролцож олонд танигдсан. Ааваасаа сонсгол сайтай юм хэмээх үнэлгээг авсан Л.Мандах Плехановын нэрэмжит лицей дүүргэж, МУИС-ийн гадаад хэл соёлын сургуульд сурч байгаад өдгөө ОХУ руу дуулаачийн мэргэжлээр сурахаар одсон байна.
Х.Лхагвасүрэнгийн дараагийн гэргий бол дээдсийн хүрээнд “ногоон” Маралаа хэмээн алдаршсан манай нэрт зураач Л.Намхайцэрэнгийн хүү зураач Н.Санчирын том охин. Царай зүс, бие хаагаараа залуусын зүрхэнд шар ус хуруулж, нэгэн үе хөнгөмсөг явдлаараа зард гарч байсан түүнийг Монголын үе дамжсан зураач сэхээтнүүдийн үр удам атлаа бүжиг мүжиг, үсчин, гоо сайханч хэмээх шалдир булдир зүйлээр оролдож удмын нэр сүрээ хойш нь чангаасан хэмээн өөлөх хүмүүс ч цөөнгүй байлаа. Гэвч хэн хүнд байдаг залуу насны араншин, ааг омгоор тэгж явсанаас үнэндээ С.Маралыг унаган орос “школ“-той, өндөр боловсролтой бүсгүй гэдэг. Тэрээр нэрт дуучинтай 2 жил хамтдаа амьдарч, хөөрхөн охин төрүүлж өгсөн нь одоо ээжийнхээ дэргэд хүмүүжиж байгаа.
Харин яг өнөөдөр билэг танхай дуучны галыг манаж, цайг чанаж, өмөг түшиг болж байгаа бүсгүй бол эгэл жирийн багш. Манай “юбкатай цагдаа” хэмээн цаашлуулдаг тэрээр манай нэгэн дунд сургуулийн англи хэлний багшаар ажилладаг Ганаа хэмээх залуухан аятайхан бүсгүй байдаг аж. Дуучныг “их айл”-д байхад байнга эргэж тойрч, халамж хайраар ивээж байсан энэ бүсгүйг тэрээр сүүлчийнхээ жинхэнэ хайртай учирсан, түүнийг хайж хайж олсон хэмээдэг. “Түүндээ аймаар дурлаагүй ч гэсэн намайг хайрласаных нь төлөө хайрлаж, намайг шоронд 2 жил эргэсэнийх нь төлөө баярлуулж, жаргаах ёстой” хэмээн Х.Лхагвасүрэн ярьж байв.
Ийнхүү 45 хүрч буй Монголын ард түмний хайртай дуучин, агуу их авьяасын эзэн насныхаа ганц хайртай учирч гэр бүлийн аз жаргал амталж явааг дуулгахад таатай байна. И.Нямгаваа найруулагчийн гэргий нар шиг Лхагвасүрэнгийн 3 гэргий ч гэсэн дотно найзууд төдийгүй дуучны хэлсэнээр бол хааяа уулзалдаж түүнийг шүүмжилсэн шигээ дарсны ширээний ард суудаг гэх. Би олон гүүтэй азарга шиг амьдарч болохгүй юу, тэднийг би одоо ч хайрладаг, 30 жилийн ойгоор тэд бүгдээрээ над дээр цэцэг барьж ирнэ хэмээн омог бардам хэлсэн дуучиндаа урт насалж ард түмнээ давтагдашгүй хоолойгоороо баярлуулж яваарай хэмээн уншигчдынхаа өмнөөс ерөөе.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 09, 2012 9:05:02 pm )
az jargaltai amidraarai
1 Comment