Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат өнгөрсөн намар Солонгост явж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай зодолдсон гэх дуулиан дэгдэж байлаа. Дараа нь түүнийг цэнгэлдэх хүрээлэн барих хөрөнгөөс хувьдаа завшсан, хөшөө бүтээх нэрийдлээр мөнгө шамшигдуулсан гэх мэт үндэслэлээр АТГ-т шалгаж байлаа. Харин өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс ял оноосон юм. Д.Оюунбатын дүү Д.Баяраатай ярилцлаа.
-Ахын тань бие ямархуу байна вэ. Шүүхээс ямар үндэслэлээр ял сонссон юм бол?
-Шоронд байгаа хүн яаж сайн байх билээ. Албан тушаалыг нь хуйвалдаж авчихаад, эрх чөлөөг нь хасчихсан байгаа шүү дээ. Ахыг минь хувьдаа байртай, мөнгө төгрөг завшсан гэж АТГ-т шалгуулаад бүгд хэрэгсэхгүй болсон. Угаасаа шалгаад юм гарахгүй юм чинь юу ч гараагүй. Эцэст нь албан тушаалдаа хайнга хандсан байж болзошгүй гэх үндэслэлээр шүүж 3.6 жил хорих ял оноочихлоо. Ах маань улс төрийн золиос болж, ялтан болчихоод байгаад манай гэр бүлийнхэн хэлэх ярих ухаанаа олохгүй явна. Ах минь Эрдэнэтийн хөгжлийн төлөө, эрдэнэтийнхний төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. Хийж бүтээснийг нь ч нутгийнхан үнэлдэг, дэмждэг байсан. Монголд байхгүй цэнгэлдэх хүрээлэнг байгуулсан. Гэтэл тэрүүгээр нь шалтаглаж шалгасаар байгаад албан тушаалдаа хайнга хандсан гэж буруутгаж байгаа юм байх. Гэхдээ Дээд шүүх хэргийг хянаагүй байгаа учраас дүгнэлт хийж яримааргүй байна. Дараа дараагийн шатны шүүх дээр шалгаад ирэхээр үнэн мөн нь олдох байх гэж найдаж байна. Би чухам юу болоод байгаа нарийн ширийнийг мэдэхгүй. Гэхдээ миний ахыг хэлмэгдүүлж байна гэдэгт итгэлтэй байгаа.
-Ямар үндэслэлээр та ингэж хардаж байна вэ?
-Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал өөрийн үйлдсэн хэргээ нууж, хаацайлахын тулд ахыг маань албан тушаалгүй болгож, хэрэгтэн болгохын тулд нарийн зохион байгуулалттайгаар ажилласан юм билээ.
-Б.Мөнхжаргал танай ахыг зодсон талаар мэдээлэл гарч байсан. Тэр тухай ярьж байна уу?
-Өнгөрсөн оны есдүгээр сард тэд БНСУ руу албан томилолтоор явсан. Чежү арал дээр байх үед буюу 2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр ах маань зочид буудлынхаа өмнө зургаа татуулаад зогсч байсан юм билээ. Гэтэл Б.Мөнхжаргал согтуугаар танхайрч ар дагз руу нь цохиж. Тэгэхэд нь ахыг эргээд харахад нь нэмээд хамар руу нь хүчтэй дэлссэн байгаа юм.
-Хоорондоо маргалдсан юмуу?
-Тухайн үед маргалдаагүй байсан гэсэн. Янз бүрийн асуудал байсан эсэхийг мэдэхгүй юм. Тэглээ гээд өс хонзон санахаар асуудал өрнөөгүй байх гэж бодож байна. Мэдээж ажил хийж байгаа хүмүүст санал зөрөх, маргалдах зүйл гаралгүй яах вэ. Ах ажлаа хийхгүй, цалгардуулаад байсан хүмүүст арга хэмжээ авсан гэсэн. Арга хэмжээ авахуулсан хүмүүс нь Архангай аймгийнх байсан. Б.Мөнхжаргал ч Архангайнх. Гэхдээ удирдах, удирдуулах ёс гэж бий. Ах минь орон нутагт төр төлөөлж байсан хүн. Эрдэнэтэд Архангайнхан нөлөөллөө тогтоосон байлаа, байлаа гэхэд тийм шалтгаанаар аав шигээ настай, тохьтой томоотой хүнийг зодох нь утгагүй байх. Ахын маань хамрын ясыг хугалж, хүнд гэмтээснээс бүтэн мэдээ алдуулагчтай мэс засалд гурван цаг гаруй орсон. Ах маань эрүүл, мэнд гоо сайхнаараа маш их хохирсон.
-Тэгээд хуулийн байгууллагад хандсан уу?
-Ямар ч шалтгаангүйгээр танхайрсан этгээдэд зодуулсан юм чинь хуулийн байгууллагад хандалгүй яах вэ. Б.Мөнхжаргал олон нийтийн газарт танхайрч, хүний биед хүнд гэмтэл учруулсан. Гэтэл Орхон аймгийн орлогч прокурор Э.Улаанаа “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар Б.Мөнхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай бичгийг өнгөрсөн сарын 28-нд бидэнд өглөө. Ийм тогтоол аваад ээж болон ах дүү нар нь маш их цочирдсон.
-Шүүх эмнэлэг ахын тань гэмтлийг хүнд гэж тогтоосон юм уу?
-Яс нь хугарсан, хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг дүгнэлт гаргасан. Гэтэл прокурор хөнгөн гэмтэл учруулсан, танхайраагүй гэж зүйлчлэлийг өөрчилж шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгочихож байгаа юм. Б.Мөнхжаргал орон нутагт төр төлөөлж байгаа Засаг дарга, нэг намын нөхөр, аав шигээ хүнийг зодчихоод хүний урамд уучлал ч гуйгаагүй. Бид хуулийн байгууллага үнэн зөвийг тогтоох байх гэж хүлээцтэй хандаж байсан. Гэм буруутай этгээдэд зохих ял онооно гэж найдаж байсан. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ эргэсэнд гомдож байна.
-Та нар Б.Мөнхжаргалыг прокурорт нөлөөлсөн гэж хардаад байна уу?
-Бид хардах эрхтэй. Б.Мөнхжаргал хуульч хүн. Мөн орлогч прокурор Э.Улаанаатай нэг нутгийнх. Тиймээс өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд ямар ч арга хэрэглэсэн юм билээ. Тэр байтугай Б.Мөнхжаргал Солонгосоос Бээжингээр дайрч ирээд байхдаа “Намайг унагаавал хамт унана шүү” гэж заналхийлж, дарамталсан байдаг. Эрдэнэтийн иргэд ч энэ хэргийг яаж шийдэх талаар анхааралтай ажиглаж байсан. Тухайн үед Солонгос руу 28 хүн явсан. Тэд ч гэрчийн мэдүүлэг өгөхдөө Б.Мөнхжаргалын нөлөөгөөр үнэнийг яриагүй. Аймгийн иргэдийг төлөөлж байгаа ИТХ-ын төлөөлөгчид ингэж хүний нөлөөнд орсон нь харамсалтай л байна.
-Хоорондоо яриад ойлголцож болдоггүй байсан юм уу?
-Ах маань энэ хэргийг хуулийн байгууллагаар шийдүүлэх бодолтой байгаагаа л хэлж байсан гэсэн.
-Прокурорын шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан уу?
-Миний ах орь ганцаараа хүн биш. Долоон дүү, нэг эгчтэй. Ээж нь амьд сэрүүн. Аав маань төрийн мөрдөс зүүсэн хурандаа хүн байсан. Бид төрөө хүндэлсэн, үнэнч шударга хүн болж хүмүүжсэн. Хамгийн гол нь ах дүү нар нь гомдолтой байгаа. Ах маань аймгийн цолтой бөх хүн. Өнөөг хүртэл ямар нэг гэмтэл аваагүй. Тэр хэргийг сэргээж шалгаад, үнэн мөнийг нь шийдээсэй гэж холбогдох байгууллагаас хүсч байна. Бид өс санасандаа ингээгүй. Хууль гэж байдаг бол тэр хүн зохих ялаа үүрэх ёстой. Энэ л бидэнд хангалттай.
-Б.Мөнхжаргал одоо ажлаа хийж байгаа юу?
-Юу ч болоогүй мэт ажлаа хийгээд явж байгаа. Намын залуу боловсон хүчин байж ийм авиртай, ёс суртахуунгүй байгаад харамсч байна.
-Та албан тушаалыг нь хуйвалдаж авсан гэж ярьсан. Ахыг тань ажлаа хийж байхад намынх нь зүгээс ч юм уу бусад хүмүүсийн дарамт, шахалт байсан юм болов уу?
-Тэрийг мэдэхгүй. Ямар ч л байсан миний ах хор найруулж албан тушаалд очоогүй. Албан тушаалаа ашиглаж бохир мөнгө олж, түүгээрээ улс төр хийгээгүй хүн. Төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж байхад нь албан тушаалыг нь хуйвалдаж авахад ямар сайн байх билээ. Эрдэнэтэд өчнөөн бүтээн байгуулалт хийсэн хүн.
-Гэхдээ ахыг тань ажилдаа хайнга хандсан хэргээр буруутгаж, яллаад байгаа шүү дээ?
-Ажил хийж байгаа хүн алдаж, онож явдаг гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ манай ах энэ албыг хашиж байхдаа төрийн мөнгө хувьдаа завшаагүй гэдэг нь бүх шатны шалгалтаар гарсан. Угаасаа бидэнд тийм хүмүүжил ч байхгүй. Тэгээд эцэст нь ажилдаа хайнга хандсан гэдгээр 3.6 жилийн хорих ял сонсчихоод байж байна. Ер нь ажилдаа хайнга хандсан гэдэг хэрэгт хэчнээн олон дарга ял шийтгүүлж байсан бол. Албан тушаалдаа хайнга хандсан хэрэгт буруутгагдах өчнөөн олон тохиолдлыг үг дуугүй л өнгөрөөж байсан шүү дээ. Үнэхээр ажилдаа хайнга хандсанаар улс орныг ноцтой хохируулж, олон хүний амь нас үрэгдсэн бол надад хэлэх үг алга. Хамгийн гол нь миний ахыг зориуд ингэж хэлмэгдүүлж байгаад бид маш их гомдолтой байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 07, 2012 6:25:14 pm )
za shal hudlaa…heden terbumaar ni huvaaj idcheed yu gd hudlaa hutsaad bnaa
1 Comment