“Оюу толгой” ХХК Монгол улсын Засгийн газарт мэдэгдэлгүйгээр, мөн санхүүгийн тайландаа тусгалгүйгээр үлэмж хэмжээний мөнгө гаргаж байжээ. Үүнийг өнөөдрийг хүртэл мэдэж байсан хүмүүс ил тод болгоогүй байгаа. Улаанбаатар аудит корпораци болон Харт Нойрс мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллагатай хамтран Монголын уул уурхайн салбар буюу уул уурхайн олборлолт хийж буй 150 компанид аудитын шалгалт хийжээ.
Энэхүү шалгалтаар Хөшөөтийн ордод олборлолт хийж буй “Мон-Энко” ХХК, “Үүрт гоулд” ХХК, “Монгол газар” ХХК гээд хэдэн арван компаниуд муу үнэлгээ авсан байна. Аудитын шалгалтын материалд компаниудын орхигдсон орлого болон өөр бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй задалсан бөгөөд энэ материалыг компани тус бүрээр та бүхэнд манай сайт цувралаар нийтлэн хүргэхээр болж байна.
“Оюу толгой” ХХК 2009 онд 50 сая ам.доллар, 2010 онд 100 сая ам. долларыг тайландаа тусгаагүй зарлага байдлаар гаргажээ. Энэ нь монгол мөнгөөр авч үзвэл 2009 онд 68,4 тэрбум төгрөг, 2010 онд 137 тэрбум төгрөг юм. Уг мөнгө нь тус компанийн санхүүгийн анхны тайланд тусгагдах ёстой байсан бөгөөд “Засгийн газрын орлого, эсвэл бусад орлого” гэж тусгах учиртай байжээ. Тус компанид аудитын шалгалт орж байхад энэ мөнгөө тайландаа тусгаагүй хир нь 2010 оны 4 сарын 7-нд Сангийн яаманд шилжүүлсэн төлбөр хэмээн тайлбар хийжээ. Харин аудитын шалгалт хийх явцад энэ талаар тодруулахад Сангийн сайд энэ мөнгийг 333-2416 тоот долларын харилцах дансанд хүлээн авсан нь үнэн тухай мэдээлэл ирүүлсэн байна. Энэхүү материалыг 2011 оны 11 сарын 16-нд ирүүлж санхүүгийн тайланд нь нэмэлтээр тусгажээ.
Аудитын шалгалт ороогүй байсан бол энэ мөнгийг хэрхэн хаашаа, хэнд, хэзээ шилжүүлсэн нь ийнхүү мэдэгдэхгүй өнгөрөх байж. Сая саяар тоологдох ам.долларыг санхүүгийн тайланд тусгахгүйгээр зүгээр нэг мартаж болохгүй байлтай. Энэ бол энгийн нягтлангийн хамгийн түрүүнд хийх ёстой ажил байтал тайлангаас орхигдуулж 2 жилийн дараа аудитын шалгалтаар нэмэлтээр тусгана гэдэг нь байж боломгүй алдаа юм. Ер нь дээрх аудитын шалгалтын материалыг харж байхад уул уурхайн компаниуд улсад төлдөг татвараасаа зайлсхийх, их хэмжээний зөрүү гаргах тохиолдол нийтлэг гарчээ. Дараагийн удаа энэ талаар дэлгэрэнгүй хүргэх болно.
Г.Тэгшжаргал /Энэ материалыг www.wikimon.mn сайтаас хуулбарлаж тавьсан тохиолдолд сайтын нэрийг зайлшгүй дурдана уу/
Холбоотой мэдээ
Comments are closed.