Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга сүүлийн үед Монголын хамгийн шударга хүнээр тодроод байгаа. Өөрөө хуйвалдаанаас ангид байж хувьсгалч хөдөлмөрийн үр шимээр өсч өндийсөн хэмээн нотлохыг оролдох түүний энэ жүжиг хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан намынх нь дарга Н.Алтанхуяг “УИХ-ын 2012 оны сонгууль хүртэлх зургаан сарын хугацаанд сөрөг хүчин байж жүжиглэхийг л хүссэн юм” гэх маягаар хамтарсан Засгийн газраас гарах шалтгаанаа тайлбарласан. Тэгвэл Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягаасаа хоёр дахин их хүчийг хуримтлуулахын тулд үлдсэн богинохон хугацаанд намынхаа нөхдийг ч, Ардын намынхныг ч эсэргүүцсэн шиг эсэргүүцэхээр шийдсэн бололтой. Энэ төлөвлөгөө нь зарим нэгэнд нь таалагдаж байхад чамгүй хэсэг нь цаана нь орших үнэнийг хайж буй нь гарцаагүй. Тэр үнэн Яармагийн дэнжид босох шинэ хорооллыг бараг л луйврын золиос болгон хувиргахыг завдсан Х.Баттулгын тухай өгүүлэх дараах баримтаар нотлогдох ажээ. Тэрбээр ардчилсан хувьсгалын эхний он жилүүд хийгээд “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьсан 1996-2000 оны хооронд Монголын хамаг л үнэ цэнэтэй бүхнийг өөрийн болгож авч чадсан шигээ энэ удаад Яармагийн дэнжид босох ёстой “Шинэ яармаг” хорооллын хувь заяаг ч тэр өөрийн өмч хэмээн итгэсэн байх юм.
“Шинэ яармаг” хороолол нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд Засгийн газрын төлөвлөгөө ёсоор бол 6500 айлын орон сууц байх ёстой. Харин үүнийг нь Х.Баттулга салбар хариуцсан сайд байхдаа 3995 болгож хассан. Дараа нь дахин сайн дураараа хасалт хийж 300 орон сууцыг нь дахиад л алга болгочихсон. Арай л “Баянгол” зочид буудлынхаа баруун суганд наачихаагүй байх. Хэрэв өөрийнхөө нь хувийн компанийн хөрөнгөөр уг хорооллыг барьж байгуулах байсан бол 6500 айлын орон сууцыг 650 болгон цөөлсөн ч хамаа алга. Гэтэл “Шинэ яармаг” хороолол тийм биш. Монгол Улсын урд удаан хугацааны хөгжлийг санхүүгийн дэмжлэгээр тэтгэх үүрэгтэй Хөгжлийн банкны баталгаагаар барих ёстой хороолол. Тодруулбал, уг хорооллын санхүүжилт болох 300 тэрбум төгрөгийг Хятадын Экспорт, импорт банкнаас зээлэх бөгөөд түүнд нь манай Хөгжлийн банк баталгаа гаргах учиртай. Иймд уг хорооллыг барих барилгын компанийг албан ёсоор тендер зарлаж сонгон шалгаруулах ёстой. Гэтэл анхнаасаа бүх зүйл нь зөвхөн Х.Баттулга гэдэг хувь хүний эрх ашгаар хөтлөгдөх болсон.
Учир нь “Шинэ яармаг” орон сууцны хорооллын Монголын талын оролцогч болох “UB” гэх компанийн эзэн Ууганбаяр гэгч нь Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Х.Баттулга зөвлөхийнхөө компанид бүхэл бүтэн 300 тэрбум төгрөгийн захиран зарцуулах эрхийг тендергүйгээр олгосон даруйдаа дээр дурдсанчлан барих орон сууцныхаа тоог хасч эхэлсэн байдаг. Их удалгүй “UB” компани нь “Нью Яармаг хаусинг прожект” болон хувирсан. Ингэж нэг компанийг нөгөөгөөр нь сольсон даруйд зээлдэгчийн хөрөнгө шуудхан л 25 дахин багасчихсан байдаг. Нэг ёсны “UB” компанийн өөрийн хөрөнгө нь 300 тэрбум төгрөгийн зээлд Хөгжлийн банкаар баталгаа гаргуулахаар хөөцөлдөж байхад 4,5 тэрбум төгрөг байсан. Гэтэл “Нью Яармаг хаусинг прожект” болж өөрчлөгдөнгүүт үндсэн хөрөнгө нь 25 дахин бага буюу ердөө 200 сая төгрөг болж хувирчээ. Энэ нь Хөгжлийн банкны баталгаа гаргах 300 тэрбум төгрөгийн зээлээс бүхэл бүтэн 1500 дахин бага гээд бодоод үзээрэй. Салбар хариуцсан сайдын зөвлөхийн компани гэж л ийм давуу эрх эдэлдэггүй юм бол ямар ч боломжгүй гэсэн үг. Харин Х.Баттулга араас нь түлхэх, урдаас нь татах маягаар Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар хүчийг үзүүлэх болсон. Түүний хамтарсан Засгийн газрыг шүүмжилж, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа гэгч эмэгтэйг зөрүүд, муйхраар нь дуудаад байсны шалтгаан ердөө л энэ. Хэрэв уншигч та санаж байгаа бол сүүлийн хугацаанд хэвлэлээр удаа дараа “Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа гэж нэг муйхар, гөжүүд, зөрүүд хүүхэн. Ажил хийлгэхгүй байна” хэмээн шүүмжлээд байсан даа. Гэтэл түүний хурдлуулах гээд байсан ажил нь дээрх луйврын ажиллагаа байж. Ингээд бодохоор Л.Болормаа гэгч нь харин ямар азаар Х.Баттулгын өөдөөс гөжүүдэлж, зөрүүдлэх хүчтэй нэгэн байсан юм бэ дээ гэж баярламаар.
Цаашлаад “Шинэ Яармаг” хотхныг тойрсон будилаан дуусахгүй. “Нью Яармаг хаусинг прожект” нь Хөгжлийн банкаар бүхэл бүтэн 300 тэрбум төгрөгийн зээлэнд баталгаа гаргуулах гэж байгаа хэрнээ санхүүгийн сүүлийн нэг жилийн тайлан ч гаргаж өгч чадаагүй. Бүхэл бүтэн 300 тэрбум төгрөгийг зээлэх гэж байж шүү дээ. Гэтэл өнөөдөр залуус “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахын тулд банканд сүүлийн нэг жил, зургаан сарынхаа санхүүгийн тайланг гаргаж өгөх ёстой гэж байгаа. Үсрээд л 50 сая төгрөг зээлэхэд банк ийм баталгаа шаардаж байхад 300 тэрбум төгрөгийн зээл авахын тулд 200 сая төгрөгийн хөрөнгийн бүртгэл үзүүлчихээд сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан гаргаж өгч чадахгүй байна гэдэг арай л дэндсэн хэрэг. Үүнийг л даварсан гэхгүй бол өөр даварсан шуналыг олж хэлэхэд ч бэртхтэй санагдана.
Тэгвэл тэрбээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа “Хөгжлийн банкны болзлыг арилжааны банкны адилхан байна гээд байх юм. Тэр үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Яах гэж энэ Хөгжлийн банк байгуулж байгаа юм бэ. Арилжааны банкууд тийм том хэмжээний хэлцлүүд хийж чадахгүй учраас л. Бусад хөгжсөн улс орны жишгийг дагуулаад Хөгжлийн банк гэж байгуулаад дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлээд явья гэж шийдсэн. Гэтэл одоо Хөгжлийн банк нь огт өөр юм яриад, арилжааны банкных шиг нөхцөл шаардаад, тэр нь хаа байна, энэ нь хаа байна гээд. Гэтэл өнөөдөр ийм том төслүүдэд хаанаасаа ямар барьцаа өгөх ч юм. Барьцаа нь Засгийн газар, тэрний татвараас олох ирээдүйн орлогууд биш үү” гэж хариулсан байдаг. Үүгээрээ тэрбээр Хөгжлийн банкийг шүүмжилсэн ч өөрөө юуны учир Хөгжлийн банкинд бухимдаад байгаагаа тайлбарлаагүй юм. Нэг ёсны өөрийнх нь эрх ашигт хөтлөгдсөн үнэнийг дэлгэгдэхээс эмээхдээ хоосон шүүмж өрнүүлсэн гэсэн үг. Харин Хөгжлийн банкны тухайд арилжааны банкнаас хөнгөн болзол тавих ёстой ч арай ч бас 200 сая төгрөгийн хөрөнгөтэй компанид 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргаад байж болохгүй байх.
Тэгээд ч 200 сая төгрөг гэдэг баян айлын эрх бандийн унадаг машины үнээс гэхэд 3-4 дахин бага мөнгө болчихоод удаж байна. Зарим нэгнийх нь хувьд бол бараг л дөрвөн дугуйны үнэ ч байж мэднэ. Хэрэв орон сууц гэж яривал бүр ч хавирахгүй юм болно. Бүр тодорхой яривалХ.Баттулгын машины гараашинд үзмэр маягаар тоосонд дарагдаж хэвтдэг машины цуглуулгын үнэнд ч дүйцэж очихгүй. Ердөө нэгийнх нь үнэ байж чадвал их юм. Ийм байхад эрх мэдлээ урвуулан ашиглаж, 200 сая төгрөгөөр 300 тэрбумыг олох гэсэн түүний эл хүслийг боож хаасан Хөгжлийн банкныханд талархал илэрхийлье. Түүнчлэн энэ баримтыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батжаргал Сангийн сайд асан Ц.Баярцогтод хүргүүлсэн байдаг бөгөөд зээлийн баталгаагаа цуцалсан аж. Энэ бол Х.Баттулгын эх оронч, шударга нэгэн болж хувирсны цаад үнэн. Мэдээж 200 саяар 300 тэрбумыг олж, цаашлаад орон сууцны хороолол босгосон даруйдаа түүнийгээ өсгөсөн шиг өсгөх гэсэн бизнесийн алсын хараа нь түүнийг ийн зүгээр унтуулж чадахаа байсан байх. Азаар энэхүү баталгааг 2012 оны нэгдүгээр сард цуцалсан гэж тооцохоор Х.Баттулгын “Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах ёстой” хэмээн хэвлэлээр огцом мэдэгдэл хийж эхэлсэнтэй нь цаг хугацааны хувьд давхцах аж. Өмнөх оных нь дөрөвдүгээр сард “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарч болохгүй. Ажилласан шиг ажиллах боломж байна” гэсэн ярилцлага өгч байснаас нь үүдээд бодсон ч тэр асуудлын зангилаа нь дээрх баримтад оршиж буй нь гарцаагүй үнэн бололтой. Гэхдээ түүний талаарх балагтай баримт үүгээр дуусахгүй.
Г.Чандмань
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2012 10:57:17 pm )
Баттулга торолхийн луйварчин сэтгэлгээтэй хун Ваавар энэ 2 худлаа эх оронч сэтгэлггтэй яахаас ч буцахгуй шуналтнууд
1 Comment