-Хоёулаа яриагаа улс төрийн өнөөгийн нөхцөл байдлаас эхлэх үү? Таны анх улс төрд орж байсан үеийг одоогийнхтой харьцуулбал?
-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг 1998 оныхтой харьцуулбал олон зүйл хэлж болно л доо. Тэр үед парламтентад МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл парламентад 50 суудалтай олонхи байж, Засгийн газрын эрх мэдлийг хэрэгжүүлж байсан. Одоогийн МАН 25 суудалтай хүчтэй сөрөг хүчин байсан. Тэр үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар Ардчилсан холбоо эвсэл 51 суудал авч асуудлыг дангаар шийдвэрлээд явах нөхцөл бүрдээгүй байсан учраас хүчтэй цөөнхийн шахалт дор аливаа улс төрийн шийдвэр, бодлого маш их улс төржилт дор гардаг байжээ. Ардчилсан хүчинд итгэл найдвараа өгсөн жирийн сонгогч иргэд энэ байдлыг сайн мэдэрдэггүй байсан учраас “Итгэл өгөөд байхад урагштай ажилласангүй” гэсэн шүүмжлэлийг нийгэмд өрнүүлж, хүчтэй цөөнхи ч тэр байдлыг өлгөн авч улстөржиж байсан. Засгийн газрууд ээлж дараалан огцорч улс төрийн байдал үнэхээр тогтворгүй байв. Гэтэл өнөөдөр буюу 2008 оны сонгуулийн дүнд парламентад олон суудал авсан АН, МАН хоёр хамтарсан Засгийн газар байгуулан, олонхи нь засгаа бүрдүүлж, цөөнхи нь хяналтаа тавьж ажилладаг дэг ёсыг гажуудуулан ажиллалаа. Хүмүүсийн хэлдгээр МАНАН нэртэй парламент, Засгийн газарт хийсэн ажил бий ч хийж чадаагүй ажил түүнээс их байна. Эдийн засгийн өндөр өсөлт бий болж буй энэ он жилүүдэд ядуурлыг бууруулах чиглэлээр бодитой, хэрэгжихүйц санаачилга гаргаж, үр дүнтэй ажиллаж чадсангүй. Аливаа засгийн газарт дүн тавих хамгийн чухал үзүүлэлт бол ажилгүйдэл буурч, тэр хэмжээгээр ядуурал багассан байх. Тэгвэл өнөөдөр ядуурал буурсангүй,иргэдийн амьдрал олигтой сайжирсангүй.
– Тухайн үеийн МАН-ын дарга асан С.Баяр, АН-ын саналыг хуваах гэж ИЗН-ыг байгуулсан гэдэг яриа байдаг юм билээ. Энэ талаар тодруулаач?
-Өнөөдрийн өнцгөөс харахад энэ яриа улам бүр утга чанараа гээж, бодит амьдралаас тасарч байна. Өөрөөр хэлбэл, С.Баяр ИЗН-ыг байгуулсан гэдэг яриа улс төрийн хов жив, хардлага сэрдлэг , эсвэл хэн нэгний зохиол байжээ гэдэг нь манай намын үйл ажиллагаагаар батлагдаж байна. ИЗН бол АН-аас ч тасарч гараагүй, харин зарим нэг санаачлагч хүмүүс нь тухайн үеийн МҮАН-ын гишүүн байсан, ихэнхи буюу энэ намын гишүүдийн 90 гаруй хувь нь нам бус хүмүүс байсан гэдгийг тухайн үеийн намыг санаачлагчид болон Их хурлын төлөөлөгчдийн бүртгэл тодорхой харуулдаг. Би ч МҮАН-ын гишүүн байгаагүй, тухайн үед тэр намын нэр дээр УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын нам бус гишүүн байлаа. Энэ талаар хангалттай их ярьсан даа.
– ИЗН-ыг Ногоон намтай нэгтгэсэн нь зөв зүйл болсон гэдэгт итгэлтэй байна уу?
-Итгэл гэдэг нэгдлийн дараа бус өмнө нь төрдөг. Манай намын гишүүд итгэсэн учраас Ногоон Намыг өөртөө нэгтгэсэн. Бид зорилго нэгтэй учраас хүчээ зузаатгасан. Улс төрийн нам, тэр дундаа парламентын нам хүчирхэгжинэ гэдэг төр хүчирхэгжихийн төлөөхи үйлдэл.
– Гурван даргын хувьд ямар ямар эрх үүрэгтэй байх вэ?
-Бид парламентын намын хувьд байгуулагдсан цагаасаа монголын улстөрийн амьдралд шинэ, зөв стандартыг тогтоохын төлөө ажиллаж ирсэн. Олон ч зүйл хийсэн байна. ИЗН-ыг авилга, шударга бус үйлдлийн эсрэг дуугарахад хэн ч “боль доо” гэж хэлж чадахгүй. Гурван даргатай байна гэдэг бол Монголын улс төрийн намын түүхэнд анх удаа гарч байгаа үзэгдэл. Бид хамтын шийдвэр, хамтын хариуцлага, багийн удирдлагыг хэрэгжүүлнэ. Тус тусдаа хүлээсэн үүрэг, хариуцлагатай. Энхбат дарга намын дотоод ажил, анхан шатны байгууллагын бэхжилт, Дэмбэрэл дарга мөрийн хөтөлбөр, эдийн засгийн бодлого, би бүх шатны сонгуулийн үйл ажиллагаа, мөн гадаад харилцааг хариуцдаг. Бид аливаа улс төрийн шийдвэр дээр санал нэгдэхгүй бол асуудлыг УТЗ-д оруулж шийдвэрлүүлнэ. Нэг хүнийхээс гурван хүний санаа бодол яаж ч байсан хүчтэй биз дээ.
– Нэг нам гурван даргатай байвал хариуцлагын асуудал эзэнгүйдэхгүй юү?
-Нэг ч бай гурав ч бай хариуцлага алдвал түүнийг сонгосон Их хурал нь хариуцлагаа хүлээлгэнэ. Гурван дарга шийдвэр алдаатай байвал хэн нэгнээс бурууг хайх бус асуудлын хаана нь алдаа гарав гэдгийг л олохын төлөө ажиллана гэдэг зарчмаа тохирсон. Өөрөөр хэлбэл буруутныг хайх бус хаана, юун дээр алдав гэдгээ ярилцаж, алдаагаа засч явах нь чухал гэдэг нь бидний зарчим.
– Эмэгтэйчүүдийн квотын талаар таны бодол?
-Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө тэмцэл бол хүн төрөлхтөний 100 гаруй жилийн түүхтэй холбоотой. Манай улсын хувьд сүүлийн 10 жил орчимд л иргэний нийгмийн байгууллага, намын гишүүн, улс төрч эмэгтэйчүүд нэлээд нэгдмэл зорилготойгоор дуугарч байна. Үр дүн нь намынхаа дүрмэнд болон УИХ-ын сонгуулийн тухай хуулинд тодорхой квотыг оруулж чадлаа. Мөн нийгмийн сэтгэл зүй, хандлагад ч өөрчлөлт гарч байна. Уг нь парламентын 76 суудлын 30 ч юмуу тодорхой хувийг нь эмэгтэй гишүүн эзэлж байхаар суудал хадгалах квот оруулж өгсөн бол илүү бодитой болох байсан. Учир нь эдийн засгийн тэгш бус гараан дээрээс эмэгтэйчүүд, эрчүүдтэй өрсөлдөж байна. Мөнгөөр санал худалдаж авдаг сонгуулийн хууль бус үйлдлийг эрчүүд л хийдэг. Боловсролтой, ёс зүйтэй, улс орноо, монгол хүнээ гэсэн сэтгэлтэй олон эмэгтэй УИХ-д нэр дэвшин өрсөлддөг ч сонгогддог тоо нь улам буурч байна.
– Сонгуулийн хуулийн талаарх таны бодол ямар байна вэ, ирэх сонгууль шударга явж чадах болов уу?
-Пропорциональ элемент оруулсан холимог тогтолцоог бий болголоо. Дан мажоритор тогтолцоог бодвол дэвшил гарсан. Хариуцлагын механизмыг сайжруулах чиглэлээр заалтууд орсон. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг хүлээсэн байгууллагууд нь дор бүрнээ шуурхай, шударга ажиллахгүй бол нилээд төвөгтэй байдал үүснэ. Учир нь цаг хугацааны хувьд маш их шахуу гарсан. Манай олон нийт, сонгогчид өөрийнхөө сонголтын төлөө маш их сонор сэрэмжтэй, хариуцлагатай хандах учиртай. Та тухайн үед саналаа мөнгөөр худалдсан байж болно, гэтэл таны амьдрал дээшлэв үү? Та мөнгөний том том амлалтад итгэсэн байж болно. Гэтэл тэд итгэлийг тань даав уу? гэх мэт олон асуултыг өөртөө тавьж, саналаа хариуцлагатай өгөх нь сонгогчийн амьдралынхаа төлөө хийх зөв алхам болно. Иргэн таны ажил амьдрал сайжраагүй бол эрх баригчдад сонгуулиар муу дүн тавих хэрэгтэй шүү дээ.
– Өнгөрсөн сард болсон парламентад суудалтай намуудын эмэгтэйчүүдийн чуулганаар хүүхдийн асуудлыг илүү анхаарахаар болсон. Улстөрд эмэгтэйчүүд олноор орж ирсэнээр УИХ болон улс орны байдал хэрхэн өөрчлөгдөх бол?
-Эрс өөрчлөгдөнө. Хөгжил өнөөдөр тэгш байдал, тэгш оролцоонд тулгуурлаж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцдог нийгэмд өнөөдөр хүмүүс сайхан амьдарч байна. Тийм орны хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байна. Тийм оронд хүүхдүүд ямарваа нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр сурч байна. Эмнэлгийн үйлчилгээ авч байна. Инээд хөөр, аз жаргалтай байна. Ээж хүн хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьж олон зүйлийг хийж чаддагтай адил парламентад эмэгтэйчүүд олон болбол, эх нялхасын эрүүл мэнд, төрөх эмнэлэг, ясли цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, үйлчилгээний чанар гээд хүүхдүүдийн төлөө их зүйлийг төрийн бодлогын хэмжээнд хийж чадна. Гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн төлөө гутлынхаа улыг элэгдтэл явж чадна. Өнөөгийн улс төрд эх хүний сэтгэл үнэхээр дутагдаж байна.
– ИЗ-НН УИХ-д олонхи болж эрх баригч нам болсон тохиолдолд хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэж, юу хийх вэ?
– Ажлын байр олноор бий болгох бодлого ажлуудыг нэгдүгээрт тавина. Шударга сайн засаглалыг гол зарчмаа болгоно.
– Та нэгэн ярилцлагадаа “Би ахынхаа хэргийн талаар ард түмний мэдэж байгаатай л адил мэдээлэлтэй байдаг” хэмээсэн байсан. Гэхдээ хэрэг мөрдөлтийн талаар та асууж судалдаг уу?
– Асуудаг. Ерөнхий хариултууд авдаг. Харин үе үеийн Ерөнхий сайд нарт ханддаг, энэ хэргийн талаар анхаараач гэж. ИЗ-НН ч гэсэн Ерөнхийлөгч, Засгийн газарт хандаж мэдэгдэл гаргаж, олон түмний шаардлагыг хүргүүлж байсан. Энэ хэргийг илрүүлэх улстөрийн хүсэл зориг эрх баригчдад алга байна гэж би боддог.
– Улс төрч эмэгтэй бусад эмэгтэйчүүдээс юугаараа ялгардаг вэ?
-Уг нь бол адилхан л эмэгтэй хүн шүү дээ. Улс төрийн тавцан дахь тэгш бус гараанаас барианд орохын төлөө уралдаж байгааг нь харвал улс төрч эмэгтэйчүүд маш их зоримог, бас ухаалаг, нэг ёсондоо зорилгоо ухамсарласан хүмүүс. Улс төрч эмэгтэйчүүд бол өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, нийгмээ өөрчлөхийн төлөө зорилго тээж яваа хүмүүс.
– Эмэгтэй хүн урт үстэй, богино ухаантай гэдэг үгтэй санал нийлдэг үү?
-Ийм үг байдаг ч энэ нь Монгол ардын дундаас гарсан үг биш байх. Ээжийгээ богино ухаантай гэж хэн ч зүрхэлж хэлэхгүй биз дээ.
– Таны хамгийн дуртай гоёл?
Хүүхдүүдээрээ гоёх дуртай.
– Эцэст нь залуустаа хандаад уриалга гаргаач ээ гэвэл?
-Өөрийнхөө хүсэл, зорилгын төлөөх замдаа бусдын буруу жим рүү бүү хальтирч ороорой гэж хэлье. Залуус сүүлийн үед “Надад боломж л олгочих. Бусдыг нь би хийе” гэсэн хандлагатай болж байна. Улстөрчид, шийдвэр гаргачид тэдэнд боломж олгох бүхий л шийдлийг хайх ёстой.
Э.Саран
UNEN.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 26, 2012 8:52:18 am )
óëñ òºðèèí ÿíõàí àðä÷èëñàí íàì ìîàõ ûí ìÿíãà ìÿíãàí íàìûí ãèø¿¿ä äýìæèã÷èäèèí íýðýýð ãàð÷èõààä îäîî þó ÿðèàä áàèãàà þì ýöýãèèãýý àëæ õààí øèðýýíä ñóóìàí øàíüþ øèã àõûãàà àëñàí þì áèø áèç
-
Anonymous (March 26, 2012 4:14:00 pm )
za medehgui uchnuun jil turd bailaa yag hisen sanaachilsan zuil bagatai hundee. ahiinhaa nerer l yabah yumdaa
-
Anonymous (March 29, 2012 3:07:10 pm )
uuree ch ilchluulj ilruulehiig tegtlee khusdeg ym bolov uu songuuliinh ni ganz show uchraas
3 Comments