Хамгийн сүүлийн олимпийн аварга ирж байгаа наадмыг өнжинө гэдэг дэлхийн хэмжээний онцлох мэдээ л дээ. Тэр тусмаа цэл залуухан, ид эрч хүчтэй үедээ яваа Э.Бадар-Ууган аваргын хувьд 2012 оны олимпод оролцохгүй байх шийдвэр гаргана гэдэг маш хэцүү байсан тухай тэр өөрөө ярилаа. Түүний гаргасан амжилт, байгуулсан гавьяа, Э.Бадар-Ууган гэж хэн болох тухай олон зүйл бичих шаардлагагүй байх аа гэж бодож байна. Хоёр хоногийн өмнө МҮОХ-нд олимпийн эрх авах тэмцээнд, цаашлаад олимпийн наадамд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Ардын эрх” сонин, NEWS.mn сайтын энэхүү ярилцлагаар дамжуулан ард түмэнд албан ёсны үгээ хүргэхийг хүссэн юм. Та бүхэнд олимпийн аваргын чин сэтгэлийн яриаг хүргэж байна.
-Өнөөдөр /03.21/ та МҮОХ-нд Астанад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ, ер нь бол олимпод оролцохгүй болсноо албан ёсоор уламжилсан юм байна. Энэ мэдээлэл маш хүнд туслаа, олон хүнд...
-/Асуултад шууд хариулсангүй. Ямар нэгэн зүйл бодов/.
-Магадгүй нэг бодлын ингээд шийдчихсэн нь сэтгэл санааны хувьд танд амар байсан болов уу. Бэртэл гэмтлийнхээ тухай илэн далангүй ярина байх аа гэж бодож байна?
-Сэтгэл санааны хувьд гэвэл нэг л тийм хоосон мэдрэмж төрөх үе байлаа. Цээжнээс ямар нэгэн зүйл татаад гаргачихсан юм шиг. Ийм шийдвэр гаргахад надад маш хүнд байсан. Би олон талаас нь бодож, биеийн байдлаа тодорхой хугацаанд харзнаж, эмчийн зөвлөгөө зааврыг хүлээж байж 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцох боломжгүй юм байна гэдэг сонголт хийхэд хүрлээ. Ерөнхийдөө арав гаруй хоногийн өмнө ийм шийдвэр гаргасан. Германд байхдаа.
-Гэхдээ явахаасаа өмнө бол “Ирээд олимпийн эрхийн тэмцээнд явна” гэж ярьж байсан. Германд байхад бэртэл сэдэрсэн зүйл байна уу?
-Сая манай боксынхон Германд 21 хоногийн бэлтгэл хийсэн. Үргэлжлүүлээд “Химийн цом”-д оролцох ёстой байсан юм. Тэнд бэртэл сэдэрсэн. Түүнээс гадна Германд байхдаа спортын том диспансерт үзүүлж, яг одоо миний биеийн байдал, бэртэл гэмтэл ямар байгааг хянууллаа. Эмнэлгийн зүгээс хатуу үг хэлсэн. “Хэрэв та энэ байдлаараа гам барихгүй, бэлтгэлээ үргэлжлүүлээд явбал нуруу чинь тун удахгүй хөдлөх боломжгүй болно. Тиймээс энэ удаагийн олимпийн наадамд зориулж байгаа эрчимтэй бэлтгэлээ орхиж, 1-2 жилийн хугацаанд бэртлээ төгс эмчилж байж эргээд тогло” гэдгийг эмч нар миний эрүүл мэндийн байдлыг тодорхойлохдоо зөвлөсөн. Гам барихгүйгээр, ингээд эмчилгээ хийлгээд арай гайгүй болуутаа л эргэж бэлтгэл хийгээд яваад байж болохгүй гэсэн л дээ. Ер нь бол цаашид бокс тоглоё л гэж бодож байвал ирэх олимпийг өнжиж, гам сайн барь гэдгийг хатуу анхааруулсан. Тэгээд би багш нартайгаа ярьж, зөвлөөд “Химийн цом”-д ч оролгүй багийнхнаасаа түрүүлээд хүрээд ирсэн. Ирснээсээ хойш гэрээсээ ч гарахаас халгаад. Хүмүүстэй, тэр байтугай найз нөхөдтэйгөө ч уулзах хэцүү байсан. Харин хэд хоногийн өмнө эхнэр маань амаржиж, хүүтэй болоод… /Хоолой нь зангирав/. Хүү маань төрж сэтгэл санаа арай гайгүй болж, тайвшраад байна. Тэгээд өнөөдрөөс зориг гарган, өөрийн энэ байр сууриа спортын удирдлагууддаа хэлж байгаа юм.
-Бэртлийн талаар илүү тодорхой ярьж болох уу. Яг одоогийн энэ бэртлийн уг шалтгаан нь бүр Бээжингийн олимпийн өмнө илэрсэн шиг санагдаж байна?
-Бүр 2006 оны бэртэл ужгирсан гэсэн үг л дээ. Тэр жил би Германы “Химийн цом” болон Чех, Туркийн цом, Европын цуврал тэмцээнд оролцож байхдаа чихэндээ хүчтэй цохиулснаас болоод хэнгэрэг хагарсан юм. Тэгсэн энэ гэмтэл аажим аажмаар мэдрэлд буюу тэнцвэрийн эрхтэнд, цаашлаад бүр нугасанд нөлөөлж, нурууны мэдрэлийн судсууд ч дарагдахад хүрсэн юм байна. Үүнийг нь мэдэлгүй, онош буруу тогтоосноор үндсэндээ жил гаруй хугацаанд ясны бэртэл гэдэг байдлаар эмчилгээ хийж байсан. Мэдрэлийн гаралтай өвчлөл байна гэдгийг хэдхэн сарын өмнө мэдсэндээ харамсдаг. Сууж байгаад гэнэт босоход толгой эргэдэг дээ. Яг тэрэн шиг зүгээр явж байхад өөрийн мэдэлгүй найгаад байдаг болсон. Хэд хэдэн удаа. Бүр машин бариад явж байхдаа орон зайн мэдрэмжгүй болчихож байгаа юм шиг машинтайгаа дайвалзах тохиолдол нэг удаа гарсан. Тэгэхээр нь гадагшаа явж нарийн шинжилгээ өгсөн чинь мэдрэлийн судас, нугас, тэнцвэрийн аппарат гээд маш нарийн бэртлүүд гарч ирсэн. Ямар ч байсан оношоо зөв тогтоолгож, гол эмчилгээгээ эхлүүлчихээд л байж байна даа.
-Эмч нар хэдий хугацаанд эмчлэх боломжтой гэж хэлж байгаа вэ?
-Ер нь бол би өөрөө маш сайн гам барих ёстой. Огцом хөдөлгөөн хийж болохгүй, ядарч болохгүй. Өндөр ачаалал авч болохгүй гэсэн. Мэдрэлтэй холбоотой нарийн асуудал учраас удаан хугацаа шаардлагатай. Дунджаар хоёр жил орчим л болох байх гэж бодож байна. Дахиад хоёр жил… Би үндсэндээ өнгөрсөн хоёр жил бэртэлтэй, эмчилгээтэй, боксоо тоглож чадахгүй байсан шүү дээ. Хоёр жил өвдсөн. Гайгүй болоод ирэхээр нь шигшээ багтаа очиж, бэлтгэлээ хийнэ. Нуруу татаад, хөдөлж ч чадахаа болиод гэртээ ирэх үе олон байсан. Ямар сайндаа л хотоос хол гарсан цугларалтаас тулгар биетэй эхнэр маань хүртэл очиж авч байх вэ дээ. Найзууд маань ч гэсэн татсан нуруутай, хөдөлж чадахгүй намайг нааш, цаашаа олон зөөсөн. Уг нь би энэ бэртлийг давж гараад олимпод орно л гэж хичээж байсан. Сүүлд, оны өмнө болсон Казахстаны олон улсын тэмцээнд дээд жиндээ тоглоод түрүүлэхдээ бүр ч их итгэлтэй болж ирсэн. Тэгтэл тэр тэмцээний дараа эргээд бэртэл нөлөөлж, “Ер нь л би энэ удаа чадахгүй юм биш үү” гэдэг бодол төрөх болсон. Тэгээд л эцсийн дүндээ ийм шийдвэр гаргалаа. Амжилт гаргахын тулд би эхлээд эрүүл болох ёстой юм байна гэдгийг яс, махандаа тултал ойлгож авлаа гэх үү дээ. Надад эрүүл мэндээс бусад бүх зүйл байна. Тийм болохоор бэртлээ төгс эмчлээд эргээд рингэндээ гарах нь хамгийн чухал. Өөртөө ирж байгаа энэ бэрхшээлийг даван туулаад, бэртлээ сайхан эмчилнэ ээ.
-Э.Бадар-Ууганыг дэмждэг, таны дараагийн амжилтыг хүлээж байгаа олон хүн байгаа. Би ч гэсэн тэдний нэг. Таныг сая ярьж байхдаа нулимсаа нууж байхыг, хоолой нь чичрээд байгаа ч түүнийгээ мэдэгдмээргүй байгааг чинь харах хэцүү л байна. Ийм зүйл болсон нь үнэхээр харамсалтай байна.
-/Чимээгүй болов/… Уг нь би энэ олимпод том зорилго тавьсан байсан. Лондонгийн олимпийн алтан медалийг эх орондоо авчирна л гэж боддог байсан. Монгол хүн яагаад олимпийн хошой аварга болж болохгүй гэж… Гэхдээ бүх зүйл дуусчихаагүй байгаа шүү дээ. Нас залуу байна. Энэ олимпод оролцох боломжгүй болсноороо намайг дэмжиж, надаас амжилт хүлээж байгаа ард түмнийхээ итгэлийг алдаж байгаа ч дараа дараагийн амжилтаараа түүнийгээ цайруулна даа л гэж бодож байна. Мөн энэ ярилцлагаараа дамжуулаад Монголынхоо ард түмнээс би уучлал гуйж, Лондонгийн олимпийн наадамд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдэж байгаа юм.
-МҮОХ-ны удирдлагуудтай өөрөө очиж уулзсан уу?
-Тэгсэн. Очиж уулзсан. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ.
-Одоо таны жинд Д.Отгондалай эрхийн тэмцээнд явах уу?
-Тэгнэ.
-Д.Отгондалайд нэг талаар маш том боломж, нөгөө талаар нилээд хүнд хариуцлага ирж байна. Тэр таны бодлоор хэр сайн тоглох бол?
-Оки миний алтан партнёр шүү дээ. Тэгэхээр надаас дутахгүй л тоглох байх гэж бодож байна. Одоо Азийн аваргаас олимпийн эрхээ авна гэдэгт нь дүүдээ итгэж байна. “Ахынх нь бие болохгүй байна” гэж Д.Отгондалайд хэдэн сарын өмнөөс хэлж байсан. Бэлтгэлээ сайн хийгээд биеэ бэлдэж байгаарай гэдгийг ер нь бол ойлгуулж л байсан. Тэгээд яг шийдвэр гаргахдаа “Миний оронд ирж байгаа юм чинь гадныхан чамайг олимпийн аваргаас дутахгүй л боксчин гэж хүлээж авна. Ахын дүү зоригтой, өөртөө итгэлтэй байгаарай” гэдгийг хэлээд, дүүдээ урам өгсөн дөө.
-Одоо болох Азиас аваргаас 56 кг-д олимпийн хэдэн эрх өгөх вэ?
-Казахстанд болох Азийн аваргаас гурван эрх өгнө. Алт, мөнгө авсан хоёр тамирчинд. Дээр нь нэмээд хүрэл авсан тамирчинд эрх олгоно. Ингэхдээ түрүүлсэн тамирчинд ялагдаад хүрэл медаль хүртсэн тамирчин эрхээ авах юм.
-Боксын шигшээ багийн Ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Д.Ганзориг багш таны анхны багш. Д.Ганзориг багшдаа хэзээ хэлсэн бэ?
-Германд байхдаа багш бид хоёр ярилцсан. Миний ямар байгааг сайн мэдэж байгаа болохоор багш маань ч тэгээд сүүлдээ “Биеэ бод. Ер нь бэлтгэл хийхээ болиод эмчилгээгээ тууштай хий. Чамд олимпиос илүү эрүүл мэнд чинь чухал” гэдэг болсон л доо. Ер нь нэлээн дээрээс л тэгж хэлэхэд нь би “Зүгээр ээ” л гээд яваад байсан юм. Тэгж явсаар байгаад улам хүндрүүлчих шиг боллоо.
-Хүмүүсийн зарим нь “Олимпод оролцохгүй” гэдгийг зодог тайллаа гэж байгаа мэтээр хүлээж авах шиг санагдсан. Олимпийн дараа яах бол. Аварга цаашид ер нь тоглох болов уу гэсэн хүлээлт байна?
-Тоглолгүй яахав. Би зодог тайлаагүй шүү дээ. Хоёр жилийн дараа дэлхийн аваргад оролцоно. Дараа дараагийн олон тэмцээн байна. 2016 оны олимп байна. Арван зургаан онд би хэдэн настай байх нь уу. Бодъё… 31 юм байна. Манай У.Мөнх-Эрдэнэ гэхэд л одоо 31-тэйдээ Лондонгийн олимпод үзэх гэж байна шүү дээ. Тэгэхээр эрүүл саруул л байвал боломж бол олон байгаа.
-Найзуудынхаа заримд нь олимпод явахгүй гэдгээ хэлж амжаагүй бололтой. Б.Наранбаатар гавьяат лав мэдээгүй байна лээ.
-Ерөнхийдөө гадарлаж байсан. Намбаа маань бас л олимпийн эрхийн төлөө зүтгэж байгаа, яг одоогийн байдлаар сэтгэл санааны хувьд хүнд л нөхцөл байдалд байгаа хүн шүү дээ. Чөлөөтийнхөнд одоо эрх олгох гурван тэмцээн байгаа юм билээ. Тэр гурвын хамгийн сүүлийнхэд нь Намбаа явах байх. Нэг нь ингэж зүтгээд, тэнд хөлсөө дуслуулж байхад би бэртэл гэмтэл гээд сэтгэл санааг нь үймүүлээд яахав гэж бодоод хамаагүй юм ярьж чадахгүй л байна.
-Гэр бүлийнхэн нь таны шийдвэрийг яаж хүлээж авсан. Аав, ээж нь юу гэв?
-Ээж бол анхнаасаа л “Одоо биеэ л бод” гэдэг байсан. Манай ээжийн нуруу үе үе өвддөг юм. Тийм болохоороо ч тэрүү миний нуруу өвдлөө гэхээр их айна. “Ээждээ эрүүл саруул л харагдаж үзээрэй, өөрийгөө одоо зовоохоо болихгүй юм уу” гэнэ. Би заримдаа өвдлөө энэ тэр гэж хэлэхгүй, нуух үе гарна л даа. Тэгэхгүй бол санаа нь зовоод, сэтгэлээр уначихна. Манай ээж чинь тэмцээн ч үзэж чаддаггүй хүн шүү дээ /инээв/. Айгаад байдаг гэсэн. Эхнэрийн маань тухайд “Эрүүл мэндээ бод” гэж хэлэх нь мэдээж л дээ. Миний ямар байдалтай байгааг дэргэдээс харж байгаа хүн болохоор санаа нь үргэлж зовж явдаг. Сая сүүлд “Та гурвын гурван хүүхдийн аав боллоо шүү. Өөрийгөө жаахан хайрлаарай” гэж хэлсэн /инээв/. Үнэн л дээ. Ингэж явж байгаад гэнэт нэг өдөр нуруу татаад, хөдөлж чадахгүй хүн болчихвол яах билээ гэж бодоод үнэхээр айсан шүү.
-Хүүдээ нэр өгч амжсан уу.
-Амжаагүй л байна. Эхнэрээ амаржихад нь дэргэд нь байсан.
-Хэнтэй адилхан байна?
-Аавтайгаа. Манай шинэ хүнийг бага охин маань л жаахан гайхаж хүлээж авч байх шиг байна. Дүүтэй болсноо ойлгохгүй л байгаа бололтой. Энэ хүүгийн зураг /Утаснаасаа зураг үзүүлэв/. Манай хүү унтахдаа хүртэл “Монгол ёсолгоо” хийнэ шүү дээ. Хоёр гар үргэлж дээшээ /инээв/.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган. Тэр аварга шүү дээ. Олимпийн аварга. Монгол Улсын анхны ОЛИМПИЙН АВАРГА. Бээжингийн олимпийн дараа түүний ур чадварыг дэлхийн хэвлэлүүд гайхан биширч байлаа. Ид үедээ ийм байдлаар бэртэж гэмтэнэ гэдэг тамирчин хүнд ирэх хамгийн хүнд цохилт. Хамгийн харамсмаар үйл явдал мөн нь мөн. Гэхдээ түүнийг даван туулах сэтгэлийн хат, биеийн тэнхээ АВАРГА-д бүрнээ бий гэдэгт итгэж байна. Өөрийнх нь хэлснээр “Нас залуу байна аа”.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 23, 2012 10:58:06 am )
хийдэгээ хийцэн л хүн шүү дээ одоо бие ээ бодсон дээрээ
-
Anonymous (March 23, 2012 11:11:25 am )
mongol emch nar iim l bga shuu dee, alivaa yumand nuhatstai handdaggui hunii eruul mendeer togloson bn hurdan idgeerei
-
Anonymous (March 23, 2012 11:15:07 am )
хийдэгээ хийчихсэн хүн. Одоо эрүүл мэндээ бодоод элэг бүтэн сайхан амьдрахгүй юу даа.
-
Anonymous (March 23, 2012 11:31:16 am )
Tiimee delhiin devjee ollimpiin devjeenii hun dee chi.eruul yavj l bj ter devjeendee hurdan ochno shuu.sain emchluuleerei
2016 onii olimp oir bna da oir bna.eruul enh l yavaarai. -
Anonymous (March 23, 2012 1:52:53 pm )
eruul mend erhem chuhal,ji bol olimpiin abarga ,bitgii gutraarai,tanai ger buld az jatgal husie,sain emchluuleed,hurdan edgeerei jamd mongolchuud bid hairtai shuu,
-
Anonymous (March 23, 2012 2:38:28 pm )
Насаа Хамгийн гол нь эрүүл мэнд эрүүл байвал л болоо шүү дээ. Чи бол сайн тамирчин гам сайн бариад 2 жил сайхан эмчлүүлээд дараагийн олимподоо амжилт гаргаарай. Чамайг эрүүл саруул болж дараагийн олимпод оролцохыг ерөөе. Бяцхан хан хүү болон гүнж нарт чинь эрүүл энхийг хүсье.Чи бэрхшээлийг даван туулж чаднаа.
-
Anonymous (March 23, 2012 2:41:49 pm )
saihan niitlel bn…biee bodson n deer tgd ch ym negeer duusah bish
-
Anonymous (March 23, 2012 3:51:21 pm )
minii duu biee bod eheleed daraa ni bidniihee etgeliig bod need uvchin chin hor nuluu ehtei um bne shuu dee 3 huuhdiin erh ashig ger buliin az jargal shuu hurdan edgeerei
-
Anonymous (March 24, 2012 4:42:42 pm )
za da bertel ch bish bhaa neleen targalsan bna chadahgui bolhooroo l hudlaa ovchin yrij baihgui yu da bandaital targalchihsan bna sh de oiriin heden sar beltgel hiigeegui bna ahij toglohgui bur ter chigeeree alga bolmoor um naadah chin odoo ahij toglohgui ee udahgui bi uls tord orloo geed guij baih vii de ta buhen harj l bgaarai baingiin beltgeltei bsan hun ingej targalahgui l bsan da za tegeed hen medlee 2016 oniig l huleej harj bna helsen amandaa hureh bolov uu da hoorhii doo.
9 Comments