antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 Comments are off

Тэргэл сартайд Туул голыг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй байлаа

нийтлэсэн Admin

Намрын дунд сарын шинийн 15-ны тэргэл сар голын усан дээр тусах үед голд орсон хүн ариусдаг гэнэ. Ингэж сонсоод Туул гол дээр усанд орно гэсэн хэсэг хүмүүсийг дагаж гол руу явав. Үдшийн 21 цагийн орчимд Баянзүрхийн товчооны гүүрэн дээр очиход голын захаар хүн, машин битүү байв. Яг л зуны бүгчим халуунд голын эрэг бараадан суухаар хүмүүс очдог шиг байлаа. Уг нь хамт явж байсан хүмүүс маань энгийн өдрүүдэд гүүрний доохно усанд ороод сурсан гэнэ. Гэвч тэнд орчихъё гэхээр дүүрэн хүнтэй байв. Машин тавих зайтай байсан ч ус руу нүцгэн ордог учраас хавь ойрд байгаа хүмүүсээс ичдэг бололтой. Ингээд хүн багатай газар хайж голыг өгсөж, уруудан жаал явав. Гэвч тийм сэлүүхэн газар олдсонгүй. Тэгээд ч харанхуй шөнө өмнө нь орж үзээгүй газар руугаа орвол хөл алдах эрсдэл байгаа гэж үзсэн учраас орж сурсан гэх газартаа буцаад ирлээ. Машинаас буух үед нэлээд хэдэн хүмүүс гол руу орсон байв. Залуучууд голдуу тэдгээр хүмүүс усаар байлдаж байна уу гэлтэй бие бие рүүгээ ус цацаад, инээлдэж байв. Харин би дулаан хувцастай хэрнээ даараад байдаг. Гадаа бараг 0 градус. Усан дотор байгаа хүмүүсийг харахаас улам даарч байв.

Ингээд хамт явж байсан хүмүүс маань усанд орохоосоо өмнө гал тахихаар болов. Бөө юм уу лам хүн тахих юм байх даа гэж бодтол тэгсэнгүй. Машинаасаа шуудайтай мод гаргаж ирэн овоолж асаагаад л тахичихдаг юм байна. Гал тахиж байна гэж нэрлээд байгаагаас биш гал баярлуулж байгаа юм байна даа гэж бодож зогсов. Хүмүүс ч гэр гэрээсээ авчирсан шар тос, өвчүү зэргээ улалзаж байгаа галд өргөөд “Ас, ас алаг ямааны өөх өгье. Улалз, улалз улаан ямааны өөх өгье” гээд л байх юм. Голын усанд орохынхоо өмнө ингэж гал баярлуулж байгаа нь бас их учиртай ажээ. Учир нь хүний гэрлэн бүрхүүл буюу аураг цэвэрлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл нь гал гэнэ. Тиймээс хүмүүс усанд орохоосоо урьтаад галаар бие болоод сэтгэл санаагаа ариусгаж байгаа нь энэ ажээ.

Энэ үеэр Монголын Дияан бясалгалын холбооны багш н.Энхтуяагаас тодруулга авлаа.

-Намрын дунд сарын шинийн 15-нд ингэж голын усанд орж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Байгалийн ус гэдэг, тэр дундаа өнөөдрийн голын ус дээд зэрэгтээ тултал энергижсэн байдаг. Ялангуяа аравдугаар сард усны чанар буугаад голын уе рашаан болсон байдаг юм. Зуны цагт голд орохоор арьс цайраад, хагардаг шүү дээ. Харин өдийд орох юм бол арьс нялхраад, зөөлөрч өгдөг. Рашаан болсон ийм үед нь тэргэл сартай шөнө усанд орох юм бол хэдэн үедээ хийсэн нүгэл арилдаг учиртай юм билээ.

-Саранд бас их учир байна уу?

-Тэргэл сартай шөнө энергийн хуулиараа сарны энерги маш их идэвхждэг. Харин ус гэдэг зүйл бол энергийг өөртөө хамгийн их шингээдэг. Тиймээс энэ өдөр ус сарны энергийг хамгийн их татдаг байна. Усанд орсноор хүн газрын татах хүчнээс өөрийгөө чөлөөлж байдаг. Ингэснээр хүний эд, эс тэр таталтын хүчнээс чөлөөлөгдөж, сэргэдэг байна. Мөн залуу, эрүүл байх нууцыг ихэнх эрдэмтэд устай холбож тайлбарласан байдаг юм билээ.

-Намрын сэрүүхэн орой голын усанд орно гэхээр нэг л даарах юм шиг санагдаад байх юм. Дараа нь хоолой өвдөж, ханиад хүрэхгүй юу?

-Хүний амьдрал усан дотроос эхэлдэг. Хүн болсоны дараа ч гэсэн биеийн дийлэнх нь уснаас бүтдэг. Тиймээс хүн өөрийнхөө төрсөн орчиндоо л очиж байна гэсэн үг. Ингэж усанд орсноор эрүүлжиж, залуужина уу л гэхээс өвчин тусахгүй гэв.

Гал тахиж дууссаны дараа усанд орохоор болов. Хүмүүсч баярлалдаад л байх юм. Голын эрэг дээр бүх хувцсаа тайлаад нэг, нэг улавч юмуу зузаан оймс өмсөөд л гол руу орцгоох аж. Усны түвшин тийм ч гүн биш байв. Наад захаараа хөлийн шилбэ хавьцаа, цааш ахивал өвдөг нэлээд давах хэмжээтэй аж. Эмэгтэйчүүд эхэлж ороод толгойгоо нэг сайн норгож аваад хэвтээд, хэвтээд өгөв. Харин эрчүүд нь хэд том алхаад тэр чигээрээ сэлчихэв. Ингэж орохдоо эрчүүд нь дотуур богино өмдтэй, эмэгтэйчүүд нь чармай нүцгэн л гүйлдээд байлаа. Тэд голд ороод даарах нь бүү хэл баярлалдаад л “Ус ёстой сайхан байнаа” гээд хэвтээд байв. Гэхдээ усан дотор тийм ч уддаггүй юм билээ. Олон удаа орж байгаа хүмүүс нь таван минут болоод л гарч ирж байв. Харин анх удаа орж байгаа хүмүүс нэг сайн булхаж аваад гарч ирж байна лээ. Сурчихсан зарим нь завилж суугаад залбирч байгаа харагдсан. Ингэж усанд орох үед нэг ширхэг үсээ ч хуурай байлгаж болдоггүй гэж байлаа. Дутуу орох, усанд хөлөө дүрээд буцах зэрэг нь энерги авах биш харин ч эсрэгээрээ өвчин болно шүү гэж анхааруулж байсан юм. Сурвалжлагаар явж байгаа би тэднийг хараад голын эрэг дээр даараад, бүр чичрээд зогсоод байдаг. Ингээд зогсож байтал дияан бясалгалын багш гэж өөрийгөө танилцуулсан хүн дэргэд ирээд “Ийм өдөр их ховор тохиодог юм аа. Бие, сэтгэл чинь ариусана” гээд намайг гол руу хамт орохыг ятгав. Ингээд ус руу орохоор боллоо. Хамаг хувцсаа тайлаад толгойгоо норгоод шууд яваад орчихов. Өвдгөөр татсан устай хэсэгт нь очоод шуудхан л хэвтчихлээ. Тэгээд босоод ирсэн чинь хүмүүс “Одоо дээшээ хараад хэвт. Бүх биеэ норгох хэрэгтэй шүү” гэж байна. Ингээд дээшээ харж хэвтчихээд гараад ирлээ, Даарсангүй. Усны халуун, бүлээнийг ч мэдэрсэнгүй. Ямарч л байсан гарч ирээд биеэ арчиж байхдаа огтхон ч даарахгүй байлаа. Харин ч нэлээд сэргэг болж байх шиг мэдрэмж төрж байв. Ингэж усанд орох нь захын мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг гэнэ.

Голын усанд орж дууссан хүмүүс гарч ирээд галаа тойроод сарны бясалгал хийдэг юм байна. Бүгд алгаа дэлгэн сар руу хараад нэгэн тарни уншаад зогсчихов. 12 минутын турш ингэж бясалгал үйлдэн зогсох нь мөн л маш их энергийг өөртөө шингээж байгаа хэрэг ажээ. Ингээд галаа тахиад, усандаа ороод, сарны бясалгалаа хийсэн хүмүүс бие, сэтгэл хөнгөрөөд сайхан боллоо гэлцэн машин, машиндаа суугаад хөдөлцгөөв. Тэдний зарим нь энэ маягаар цагаан сар хүртэл туулай, тахиа өдөр гол дээр ирж усанд ордог гэнэ. Биднийг голын эргээс хөдөлж байх үед машин, машинаар ирж байгаа хүмүүсийн цуваа тасрахгүй байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car