Хариуцах толгой байсаар атал ял хүлээх хэрэг байна уу
Хэвлэлийнхэний урьдчилан бичээд байсан нь үнэн болохыг уржигдрын шүүх хурал нотлов. “Долоон сарын нэгэн”-ний хэргийг хэлж байна. Хурал хойшилсон шалтгаан нь мөн л урьд урьдын тогтсон жишгээр болж, өмгөөлөгчид нь нэг шалтгаан гарсан гэнэ. Өөрийнхөө үйлчлүүлэгчийг өмгөөлөх үүрэг хүлээн шан хөлсөө авчихсан болохоор боломжтой бүх аргаар л өмгөөлдөг байлгүй, тэд. Хүндэтгэх шалтгаанаар хуралд ирэхгүй байх нь тэдгээр аргуудынх нь хамгийн өргөн хэрэглэдэг нь байх шүү. Гадаадын зарим кинон дээр хурал болохын өмнөхөн өмгөөлөгчийг нь хороож буй тухай гардаг юм билээ. Манайд болохоор ямар нэгэн хүндэтгэх шалтгаан олж шүүх хурлыг саатуулдаг бололтой юм. Мэдээж ганц нэг ч гэсэн тохиолдолд өмгөөлөгч нь үнэхээр өвддөг ч юм уу, гачигдал зовлон тохиож л таарна. Гэхдээ бүтэн дөрвөн жил яригдаж, яригдаж арай гэж хурал товлогдсон өдөр нь очиж, очиж нөгөөх хүндэтгэх шалтгаан давхацдаг нь сонин байгаа биз. За, энэ ч яахав. Угаасаа иймэрхүү шалтгаанаар хурал хойшлох нь аль хэдийнээ тодорхой байсан асуудал.
Харин шүүгдэгч офицеруудыг дараагийн хурал хүртэл хорих тухай шийдвэр гармагц бүгдийнх нь даралт ихсэн, цусан дахь сахар нь нэмэгдсэн нь хачирхалтай ч юм шиг. Энэ зэргийн зүйлийг даваад гарчих тэнхээгүй л дарга нар байж. Бүтэн дөрвөн жил хэн нэгний өмнөөс асуугдан, байцаагдаж яваа болохоор сэтгэл санааны таагүй нөлөөлөл их байсны илрэл болов уу. Уг нь ингэж өөрийгөө ч, гэр бүлийнхнээ ч зовоож байхаар хэн тушаал өгснийг хэлчихээд л хоёр яс салмаар юм. Тэр тусмаа “цагдаа буудсан нь тогтоогдвол” хариуцахаа хэлсэн толгой бэлэн байхад шүү. Эсвэл тэр “толгой” бууд гэж хэлээгүй. Ямар ч аргаар хамаагүй жагсаал, үймээнийг зогсоо гээд тушаасныг нь “буудсан ч болох юм байна “ гээд ташаа ойлгочихсон юм болов уу. Тэгээд л эхлээд Батсүх хурандаа нэг хүүхдийн хэвлий рүү буудаж сүрийг үзүүлсний дээр бусад жирийн цагдаа нарын цөсийг хөөргөсөн байж таарлаа. Цөс хөөргөнө гэснээс саявтархан Хатанбаатар Магсаржавын тухай нэгэн түүхчийн ярилцлага сонинд гарсан байна лээ. Тэнд дурдсанаар бол Хатанбаатар баригдсан дайсныхаа гэдсийг хүүлэн, цээжийг ярж, зүрхийг нь сугалаад жанжин тугаа мялаасны дараа цуснаас нь өөрөө ууж, цэргүүддээ долоолгодог байсан тухай маршал Х.Чойбалсангийн дурсамж номонд бий. Баатрын энэ үйлдэл номхон хүлцэнгүй цэрэг эрсээ зоригжуулсан, цөсийг нь хөөргөсөн арга байсан гэж онцолж. “Жаа ламын толгой” гэж нэг ном саяхан дахин хэвлэгдсэн. Ломакина гэж Монголч эрдэмтний тэр номонд ч Хатанбаатар цагааны цэргийн нэг удирдагч Вандановын зүрхээр туг тахисан тухай уг үйл явдлын дэргэд байсан эрдэмтэн Бурдуковын дурсамжинд тулгуурлан бичсэн байдаг. Ингээд бодохоор Батсүх хурандаагийн тэр буудалт Хатанбаатарынхтай адилхан “цөс хөөргөлт” гэж ойлгож болохоор юм. Гэрчийн мэдүүлгээр тодорхой болчихсон тухай хэвлэлээр зөндөө л бичигдсэн болохоор энэ хурандааг жишээ болгож авлаа л даа. Бусад нь хэрхэн “цөс хөөргөсөн” болохыг мэдэхгүй юм. Хэрэгт татагдаад байгааг бодвол ямар нэг үндэслэл байгаа л биз. Цагдаагийн дөрвөн дарга төдийгүй нийт цагдаа нарын нэр хүндийг хөндөж, бараг иргэдийнхээ эсрэг хөдөлгөхөд хүргэсэн хэрэг мандаад байхад нөгөө хариуцлагыг хүлээх “толгой” яагаад таг дуугүй байгаа нь хачирхалтай. Уг нь дөрвөн офицерийн хэн нэг нь тушаал буулгасан “толгой”-г нэрлэчихвэл бүх ээдрээ тайлагдаж, цагдаа нарч ажлаа хэвийн үргэлжлүүлж, иргэд ч “миний цагдаа намайг хамгаална” гэж итгэхсэн. Ингэж хэллээ гээд жудаггүй эр гэж хэн ч хэлэхгүй л байх шүү. Харин ч хууль бус үйлдлийн эсрэг зоригтой дуугарсан хүн хэмээн тэмдэглэн үлдэж, үр хүүхэд, ахан дүүсийнх нь толгой тэнэгэр явах юм даа.
“Би юу хийчих вэ …”
Түүхийг гуйвуулсан ч гэлээ, ардын хувьгалын тухай нэгэн кинонд Богд хаан Хатанбаатар Магсаржавын барьсан Орос улсад илгээх бичгэн дээр тамга дарсныхаа дараа хэлдэг үг нь “Би…би …юу…юу хийчих вэ”. Дөрвөн жилийн өмнө манай Ерөнхийлөгч нэг тиймэрхүү мунгинуу нөхөр байсан болж таарлаа. Ерөнхий сайдын удаа дараагийн шахалтаар онц байдал зарлачихсан хойноо л “би юу хийчих вэ” гэсэн бололтой юм билээ, одоо яриад байгаагаас нь үзвэл шүү дээ. Мань хүн өөрөө ямар ч буруугүй. Баяр л дахин дахин шахаад байсан… Мөнх-Оргил л онц байдлыг удирдсан, Амарболд л бид хүчрэхээ болилоо гэсэн… Бас тэр онц байдлын хууль нь хариугүй муу хууль байна лээ. Энэ хэргийг ард түмний өмнө ил тод хэлэлцэх ёстой. Бусад нөхөд очвол би гэрчээр дуудагдахад бэлэн байна… Даанч надад зарлан дуудах нь ирээгүй ч гэх шиг ээрч муураад л. Нэг л уймраа хөгшин. Бид чинь дөрөвхөн жилийн өмнө ийм хүнээр төрөө тэргүүлүүлж байсан билүү гэж халаглахаар. УИХ ч гэсэн дээ. Үнэхээр тийм муу хууль юм бол даруйхан засч, залруулмаар л юм. Долоон сарын нэгэн хаяанд ирлээ шүү дээ. “Долоон сарын нэгэн”-ний талаар хамгийн их ярьж байгаа хүн бол Н.Энхбаяр. Бүр шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс гадна талаас нь гэвэл болно нөлөөлөх оролдлого хийж, МАХН-ын гишүүдээ цуглуулан Сүхбаатар дүүргийн гадна жагсаал зохион байгуулаад авлаа. Шүүх ямар шийдвэр гаргах, шүүгдэгчид юу гэж нэмж мэдүүлэх зэргийг огт мэдээгүй мөртлөө цагдаа нар нь хүртэл тэнд жагссан нь анхаарал татна. Бодвол, удахгүй өөрчлөгдөхөөр дуулдаад байгаа цагдаагийн дарга сэмхэн үүрэг өгсөн ч юм билүү. Шүүхийн гадаа жагсагчдын барьсан лоозон, хэлж буй үг, шаардлагаас нь ухвал “цагдаа иргэдээ буудаж алсан нь зөв” гээд ч байгаа юм шиг. Шүүх Монголын бүх цагдааг хоморголон шийтгэх гээд байгаа юм болов уу ч гэж бодохоор. Цагдаа нараа ахалж ирсэн бололтой, нэг офицер хэлж байна аа. Бид цаашид ажил хийхэд хүнд боллоо. Даалгавар биелүүлэхээр нь барьж шийтгээд байвал яах юм бэ ч гэх шиг. Хэн хэнд тушаал өгснийг мань дарга мэдэж байгаа бололтой юм.
“Хулгайчийг бариарай …”
Уг нь бусдын амь насыг онц хэрцгийгээр, санаатайгаар хөнөөсөн этгээдэд л шүүхийн шийдвэрээр цаазын ял оноодог. Тэр шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган баталгаажуулсны дараа л гүйцэтгэдэг. Харин тэр гүйцэтгэгч нь тусгай даалгавар авсан цагдаагийн ажилтан байж магадгүй л юм. Өөрөөр хэлбэл хүн буудан хөнөөх даалгавар өгөх эрхтэй ганц хүн нь Ерөнхийлөгч. Хуулийн ийм тодорхой заалтыг цагдаагийн дөврөн дарга мэдэхгүй байх учиргүй. Ерөнхий сайд өгсөн гэж бодоход биелүүлэхгүй байх бүрэн эрхтэйгээ хэнээр ч хэлүүлэлтгүй л хуульчид байлтай. Явж, явж цагдаа нар сургуулийн сумаар тэнгэр өөд буудсан байтал тэр таван азгүй нөхөд өөрсдөө үсэрч очоод оногдож үхсэн болж байна аа даа, янз нь. Дөрөв нь юм байна. Тав дахь нь С.Баяр гишүүний хэлснээр бол “МАХН-ын байранд хадгалагдаж байсан сейфтэй мөнгийг ухах гэж яваад угаартсан” гэх маягийн зүйл телевизээр ярьж байсан шиг билээ, тэр үед. Ер нь шүүх хурлаа төв талбайд нээлттэй хийгээд нэр бүхий дарга нарыг хооронд нь мэтгэлцүүлэх нь зөв юм биш үү. Хэн хэнээ хэрхэн илчлэхийг нь харья л даа. Байдлыг ажваас манай цагдаагийн байгууллага болохоо байх нь байж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрөөс төрсөн тэрбумтнууд цагдааг удирдаж байна. Тэднээс салах цаг болсон гээд байсан нь үнэн бололтой. Энэ үг бол жирийн цагдаа, бага дунд тушаалын офицеруудад огт хамаагүй үг гэдгийг дурдах нь илүүц биз. Хулгайч л хулгайчийг бариарай гэж чанга хашгирдаг гэдэг биз дээ.
Олхонууд ШААБАР

Холбоотой мэдээ
-
Anonymous (March 16, 2012 8:16:17 pm )
MYY SHAABAR SHAAJEE,4 HUNIIG TSAGDA BYYDAAD 5 DHI YGAARTAD 2 TASGADAG TEGED TSAGDA NAR OROO ORSDIIGOO BYYDCHIHSAN YUMUU.HA HA HA .MAGSARJAB TYG ATHIDAG BAISAN CH GEH SHIG HANAHIIN AYMR TUHEND TEGED BICHIHSEN HEN NOTOLSIIN?EEGII HYYLI BIELUULDEG EN TER GEED BSAN HYYLIIN ZOBSHOOROLGUI JAGSAAL NERTEI TYRHIRAAN ,ALATSAAN ZOHION BAIGYYLSAN AODOO HYYKI MYYLI YARAID
-
Anonymous (March 16, 2012 8:19:03 pm )
yamr ch undeslelegui um bichjee,itgehiin arga alga.5 hun ch mongoliin irged 2 tsagdaa ch mongoliin irged.ta l harin hyjaa shaabar
-
Anonymous (March 16, 2012 8:20:09 pm )
odoo yu geed chabgants tsarailad chaabkadad bn
-
Anonymous (March 16, 2012 9:59:13 pm )
YUM UNSHAAD OILGODGGUI DUURZEN TOLGOI TTOI GARUUDAA ENE SETGEGDEL BUCHSEN 3 GAR , IIM OLGOMJTOI YUMUUG OILGOHGUI, UNDESLELGUI GEJ HELEHII GBODOHOD YU CH UNSHDAGGUI HAR UHAANAARAA YAVDAG HUMUU SYUMUU HAASHAA YUM, TA NAR UURSDUU DARAA NI HOHIROGCHID BNO DOO ODOO L BARIIN ZULZAGIIG BAGA DEER NI GEDEG SHIG EN HUULI BUS ARCHAAGUI ZUILIIG DARJ AVAH HEREGTEI, HARIUZLAGAA HULEEH CHADVAR BOL GAICHAMSHIG SHUU DEE
4 Comments