Сүхбаатар дүүргийн Шүүхийн гадна цагдаагийн бие бүрэлдэхүүн тэр чигээрээ шахам цугласан байлаа
-ХУРАНДАА НАРЫГ ШҮҮХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД-
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын газрын дарга асан хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр 9.30 цагт хэлэлцэхээр хоёр дахиа тов гаргасан байлаа. Тэднийг “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс дөрвөн хүн галт суманд өртөж амиа алдсан, цөөнгүй иргэн шархадсан хэрэгт буруутгаж ялласан билээ.
Улсын яллагч цагдаагийн хурандаа нарт Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 2, 294 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал эхлэхээс өмнө цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн шүүхийн өмнө ирцгээсэн байв. Дүрэмт хувцастай хэдэн зуун цагдаа шүүхийн өмнө цугласан нь иргэдэд айдас төрүүлэхүйц харагдаж байсан юм. Ойролцоох замын нэгдүгээр эгнээнд цагдаагийн машинууд эгнэн зогсчээ. Мөн “Цагдаа ба ар гэрийнхэн” төрийн бус байгууллагын гишүүд, тэтгэвэртээ гарсан цагдаа нар өмнөх шигээ “Цагдаа улс төрийн золиос биш”, “Хуулийг завхруулж болохгүй”, “Цагдааг хэлмэгдүүлэхээ зогсоо”, “Төр, төрөөрөө тоглож байна”, “Ард иргэдийнхээ төлөө ажилласан цагдааг буруутгаж болохгүй” гэх мэт лоозон барин байраа эзэлцгээжээ.
Шүүх хурлын товлосон цаг болж, хурандаа нар танхимд ороход хохирогчид “Алуурчид” гэж орилцгоож байсан юм. Хаалттай үргэлжлэх шүүх хуралд үймээний үеэр буудуулсан иргэдийн ар гэрийнхнийг оруулахгүй байснаас маргаан дэгдэв. Хохирогчид буудуулах үеэрээ насанд хүрээгүй байсан учраас ар гэрийнхэн нь хамт орох ёстой гэсэн шаардлагыг тавьцгааж байсан юм. Ийн танхимын гадна маргаан дэгдэж байтал шүүгчид ирснээр сэтгүүлчид, шүүгдэгчдийн ар гэрийнхэн танхимд шахдалцан орцгоолоо. Шүүх хурлыг Ч.Хосбаяр шүүгч даргалж, шүүгч М.Алдар, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн юм. Улсын яллагч С.Хишигжаргал, шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Алтангэрэл, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүү, үймээний үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийн төлөөлөл, шархадсан хоёр залуу шүүх бүрэлдэхүүнд багтсан юм. Өмгөөлөгч Д.Оросоо албан ажлаар БНСУ-д явж байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч Г.Ганбаатар шүүх бүрэлдэхүүнд тавьсан юм. Мөн хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүү хавтаст хэрэг дэх нууцын зэрэглэлд хамаарах материалтай танилцах, гэрчийн мэдүүлэг өгсөн Жамъянтөгс, Болормаа нарыг хуралд оролцуулах зэрэг хүсэлт тавьсан юм. Шүүгчид хүсэлтийг хэлэлцсэний дараа Д.Оросоо өмгөөлөгчийг хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хурал тасалсан учраас торгуулийн арга хэмжээ авах, шүүгдэгч Г.Ганбаатарын хэргийг тусгаарлан шүүх шийдвэр гаргалаа. Харин О.Баасанхүү өмгөөлөгчийн бүх хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн юм. Ингээд шүүх хурал хаалттай үргэлжлэхээр болж бүрэлдэхүүнээс бусад нь танхимыг орхилоо. Шүүх хурал эхэлснээс хойш төд удалгүй шүүгч, хохирогчид танхимыг орхиж, цагдаагийн хурандаа нар болон өмгөөлөгчид үлдлээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид Г.Ганбаатарт холбогдох хэргийг тусгаарлах нь хуульд нийцэхгүй гэж үзсэн учраас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан гэнэ. Харин шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийг 72 цаг цагдан хорих шийдвэр гаргасан аж. Үүнээс үүдэж ойлгомжгүй байдал үүссэн юм.
Шүүх танхимыг хурандаа нар, тэдний ар гэрийнхэн эзэгнэж, гадна нь цагдаагийнхан бие бүрэлдэхүүнээрээ сүрийг үзүүлэн, дэмжигчид нь цагаан хоолойгоор шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж байлаа. Харин шүүгчид захирамжаа уншиж өгөхөөс ч айсан бололтой өрөөндөө бүгж эхэлсэн юм. Хурандаа нарыг гурав хоног хорих шийдвэрээ бичгээр өмгөөлөгчид нь дамжуулсан болоод нуугдацгаалаа. Улмаар өчигдөр 15.00 цаг хүртэл шүүгчид өрөөндөө бүгж, жагсагчид цагаан хоолойгоор орилж, ар гэрийнхэн нь шүүх улстөржсөнийг дүгнэсэн үйл явдал өрнөж байв. Тэр зуурт шүүгдэгчдийн бие муудаж, түргэн тусламж дуудлаа. Түргэн тусламжийн эмч тэдний даралт ихэссэн, биен дэх сахарын хэмжээ хэвийнхээсээ 4-5 дахин өссөн учраас эмнэлэгт хэвтүүлж эмчлэхээс аргагүйг учирлаж байв. Гэвч ар гэрийнхэн нь шүүгч захирамжаа өөрчлөхгүй л бол хурандаа нарыг эмнэлэг рүү ч, гэр рүү нь ч явуулахгүй гэсээр байв. Эцэст нь Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ өмгөөлөгчидтэй нь уулзаж, хурандаа нарыг эмнэлэгт хүргэсний дараа шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж, хорих шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтийг хэлэлцэхээ амласнаар шүүгдэгчдийг авч явлаа. Хурандаа нарыг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн юм. Ар гэрийнхэн нь тэдэнд хоол цай, хатуу ундаа зөөж байгаа ч сураг дуулсан. Ер нь шүүхийн гадна байсан цагдаагийн дарга нарыг архи үнэртүүлсэн байсан гэдгийг тэнд байсан иргэд ярьж байсан билээ.
Хурандаа нар эмнэлэгт, эрчимт эмчилгээ хийлгэж байхад дэмжигчид нь Төрийн ордны хоёр хаалган дээр жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд шүүх улстөржсөн шийдвэр гаргасан гэж үзэж ийнхүү жагсаж байгаа гэнэ. Ийн хурандаа нарыг шүүх хурал цагдаагийн бие бүрэлдэхүүний сүрийн дор, шүүхийн шийдвэртэйгээр хойшилсноор төгслөө.
Монголд хамгийн том засаглал шүүх гэдэг. Гэтэл юун хамгийн том засаглал-шүүх гэдэг тунхаглал, юун шүүгчийн халдашгүй байдал. Шүүх танхимыг цагдаа нар бүрэн эзэлж, гадна нь цагдаагийн алба хаагчид даргынхаа тушаалаар яахад ч бэлэн хөлхөлдөнө. Хурандаа нарыг нь хорихоор ачих бол машин гаргаж өгөхгүй л гэнэ. Ажил хаяна, тэр цагт Монголын төр яахыг харна аа гэж басамжилна. Утсаар хоорондоо мэдээ солилцож, байдал эргэвэл ингэнэ, тэгнэ гэж сэм шивнэлдэнэ. Бас болоогүй жагсагчдыг тэрүүхэндээ турхирч шүүх улстөржсөн, болохоо больсон гэх мэтээр орилуулж байгаа бололтой. Шүүх танхимын үүдэн дэх ширээ сандлыг эвдэх бол энүүхэнд байлаа. Ингэж бүлэгжсэн, мафийн шинжтэй цагдаа нараас айсан шүүгчид бүтэн зургаан цаг өрөөндөө бүгж байв. Ч.Хосбаяр шүүгч машиндаа суухыг завдах төдийд л жагсагчид тал талаас нь бүчиж, бараг хувцас хунарыг нь урсангүй буцаагаад шүүхийн байр руу нь чирээд оруулчихав. Шүүхийн байрыг нь эзэгнэж, шүүгчийн биед халдаж байгааг сонсоод Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэн иржээ. Гэхдээ тэрбээр “Шүүгдэгчдийнхээ биеийн байдлыг бодоод эмнэлэгт хэвтүүлчихээч дээ. Дараа нь Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч хэрхэх шийдвэрээ гаргах байх” гэж гуйхаас хэтэрсэнгүй. Хурандаа нарын ар гэрийнхэн түүнээс “Хорих шийдвэрийг одоохон өөрчлүүлж өг” гэж шаардахаас үгийг нь сонсохгүй байлаа. Арга ядсан Б.Батцэрэн шүүгч “Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэтэй уулзаад ирье” гэж гуйх шахам шүүх танхимаас гарсан юм. Ингэж шүүгчид хурандаа нарын ар гэрийнхэн, цагдаа нараас айсандаа төрийн нэрийн өмнөөс гаргасан тогтоолоо ч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хөөрхийлөлтэй харагдав. Шүүх, прокурорын байгууллага мафижсан цагдаагийн хажууд үнэндээ юу ч биш, инээдэм юм. Монгол Улсад цагдааг дийлэх юу ч байдаггүйг энэ үйл явдал тод харууллаа. Монголд төр засаг гэдэг үнэндээ алга юм байна. Харин дарга нараа өмөөрсөн, яахаас ч буцахаа байсан цагдаагийн байгууллага л Монголыг мэддэг юм байна гэхээр харагдана. Хууль сахиулах үүрэгтэй цагдаа нар нь ингэж хууль цаазтай төрийг уландаа гишгэхээр энэ төр засаг байхгүй болж байгаатай адил. Монголд ердөө л цагдаагийн вант улс тогтнож байна гэдгийг баталж өглөө. Үүний илрэл эртнээс л харагдаж байсан даа. Наадам бүрт цагдаагийн дарга нар тусдаа машин хөлөглөж, тусгай хамгаалалтын дор цэнгэдэг. Цагдаагийн дарга нар шиг эрх мэдэлтэй, дураараа хүмүүс байхгүй аж. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй цагдаа ажил хаяна гэхэд дийлэх эрх мэдэлтэн алга. Цагдаа яагаад ийм мафижсан, вант улсын шинжтэй байна вэ. Тэдний цаана далд эзэн байгаа учраас тэр. Тэр далд эзэн нь МАН. Цагдаа нар МАН гэдэг эзнийхээ байрыг хамгаалж, эсэргүүцэл үзүүлсэн иргэдээс хариугаа авч галт зэвсэг ашигласан гэж ярьдаг. Тэгсэн атлаа одоо “Цагдаа ажил хаячихвал энэ улс яахыг харж байя” гэж тавлаж байна, цагдаагийн дарга нар. Цагдаажсан улсаас ангижрахын тулд далд эзнийг нь Монголын төрөөс холдуулъя. Ядаж цагдааг удирддаг МАН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг суудлаас нь буулгая. Ц.Нямдорж сайд цагдаагаа “Ажлаа хий, улстөржиж болохгүй” гэхийн оронд далдаас удирдаж байна гэх яриаг юу гэх вэ.
Шүүх хурлыг тойрсон үйл явдлаас харахад цагдаагийн хурандаа нарыг “Долдугаар сарын 1”-ний үйл явдалтай холбогдуулж шүүх нь бага хэрэг юм байна. Харин цагдаагийн бие бүрэлдэхүүнийг ийм мафижсан байгууллага болгосных нь төлөө шүүх цаг болжээ.
Ц.ӨРНӨХ Ц.УЯНГА Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Шүүгдэгчдийг эмнэлэг рүү авч явлаа. 15.37 цаг
Жагсагчид шүүгчийг барьцаалах шахав. 14.56 цаг
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 15, 2012 5:20:39 pm )
ха ха ха хохоа батболд төр барьж чадахгүй хүрэлсүх байсан бол шанаа өгөөд л нам
1 Comment