Монголд цөмийн хаягдал булшлах хэлэлцээр хийсэн гэх мэдээллийг үндэслэн Цөмийн энергийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Манлайжаваас зарим асуултад хариулт авлаа.
-Японы Майничи Шинбүний сонины сэтгүүлч Монголд цөмийн хог хаягдал хаях хэлэлцээрийн талаар дахин нийтлэл бичсэн байна. Та тэр нийтлэлд дурдсан зүйлийг юу гэж бодож байна. Үнэхээр атомын цахилгаан станцаа тэр нийтлэлд дурдсанчлан ямар ч усан хангамжгүй газар барихаар төлөвлөж байсан юм уу?
-Би тэр нийтлэлийг уншиж амжаагүй байна. Яг юун тухай бичсэнийг сайн мэдэхгүй байна. Атомын цахилгаан станц барих судалгаа өнгөрсөн оны сүүлээр дууссан. Энэ судалгааг Засгийн газарт хараахан танилцуулж амжаагүй л явна.
-Атомын цахилгаан станцыг хаана барихаар төлөвлөж байгаа юм бэ?
-Ямар ч байсан нэгдүгээр хувилбар нь Хэрлэн голын хавьцаа барихаар төлөвлөж байгаа. Атомын цахилгаан станцыг хаана барих вэ гэдгийг судалгааны багийнхнаас асуусан нь дээр.
-Америк, Японы цөмийн хог хаягдлыг Монголд булшлах гэж манайхан яриа хэлэлцээр байгуулж байсныг Японы сэтгүүлч нэртэй, устай нь дэлгэчихлээ шүү дээ. Гэтэл манайхан аман бусаар ийм яриа гарсан байж магадгүй гэдгээс өөрийг хэлэхгүй байна. Та ч гэсэн энэ талаар мэдэхгүй юу?
-Цөмийн хаягдлын талаар Америк, Япон, Монголын хооронд гурвалсан гэрээ байгуулах гэж байна гэх мэдээллийн талаар бидэнд одоогоор мэдэх зүйл алга байна. Цөмийн хаягдалтай холбоотой асуудал яригдах гэж байгаа бол тусгай ажлын хэсэг хэлэлцэж, яамдаас санал авч Засгийн газраар оруулсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, дараа нь УИХ-аар шийдэх учиртай. Цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг хуулиар хориглосон байгаа. Дээр хэлсэн үйл ажиллагаа явагдаагүй болохоор бидний зүгээс мэдэх зүйл алга. Янз бүрийн түвшний хүмүүс албан бусаар ярилцсан байхыг үгүйсгэхгүй.Цөмийн энергийн талаар баримтлаг хуультай бодлоготой орон болохоор хуулийнхаа дагуу үйлажиллагаа явуулна. Хууль бус үйл ажиллагааг манай байгууллага дэмжихгүй гэсэн юм. Харин уг нийтлэлд нэр дурдагдсан Монголын Гадаад харилцааны яамны Цөмийн асуудал хариуцсан тусгай үүрэг хүлээгч, Элчин сайд А.Ундраатай холбогдохыг оролдсон боловч тэрбээр гадаадад ажлаар яваа гэнэ. Түүний хувьд энэхүү албан тушаалаасаа аль хэдийн огцорчихоод байгаа. Тэрбээр өнөөдөр МАН-ны гишүүн болсон. Тэгвэл тухайн үед Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан С.Энхбат ч ийм яриаг улс төрчид болон сайдын сэнтийтэй олон хүний зүгээс гаргаж байсныг үгүйсгэдэггүй. Тэрбээр Засгийн газрын шийдвэрийн дагуу ажлаасаа халагдах үеэр Монголд цөмийн шаар булшлах талаар хэн хэн ийм яриа хэлэлцээр хийж байсныг баримт нотолгоотойнь цаг нь болохоор дэлгэхээ хэвлэлд мэдэгдээд авсан бөгөөд түүний ярьснаар бол Цөмийн энергийн газар цөмийн хог хаягдал булшлах асуудалтай ямар ч хамааралгүй гэдгээ илэрхийлсэн. С.Энхбат дарга цөмийн хог шаар булшлахтай холбоотой асуудлаар Цөмийн энергийн газар ямар ч холбоогүй гэдгээ өмнө нь ч өнөөдөр ч албан ёсоор мэдэгдсээр байгаа.
Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах талаар ярьсан хүмүүс бол олон байгаа. Харин тэдгээрийн нэрийг цаг нь ирэхээр зарлана. Япон, Америкийн цөмийн шаарыг Монголдбулшлах гэсэн яриаг монголчууд анх гадны хэвлэлээс л мэдсэн шүү дээ. Цөмийн асуудал эрхэлсэн гадны байгууллагаас танай нэг хүн ийм асуудлаар яриа хэлэлцээр хийж байгаа. Ингэх боломж бий юу гэж тухайн үед манай байгууллагаас лавласан. Бид ийм боломжгүй гэдэг тайлбар өгсөн байгаа.
-Яг хэн гэж?
-Нэрийг нь хэлэхэд хэзээ ч оройтохгүй. Янз бүрийн хүмүүс байгаа. Хувь хүн ч, байна, пүүс компанийнх, бүр дарга сайдын сэнтийтэй хүмүүс ч байна. Ер нь улс төр, бизнесийн бүлэглэл ийм яриа хэлэлцээр гаргасан. Гэхдээ гэрээнд хэн ч гарын үсэг зурсан байлаа гээд Цөмийн энергийн газар л оролцоогүй бол тэр нь хүчин төгөлдөр бус. Олон улсын дүрэм, журам, стандарт гэж нэг юм байна даа. Түүнд цөмийн асуудлын талаар тухайн салбар эрхэлсэн газартай нь гэрээ, хэлэцээр хийх ёстой. Эс тэгвээс тухайн гэрээ нь хүчин төгөлдөр болж чадахгүй” хэмээн тайлбар өгсөн. Ийнхүү Монгол цөмийн хаягдал булшлах тухай нууц яриа хэлэлцээрийн талаар бичсэн япон сэтгүүлчийн нийтлэл Монголд дахиад л дуулиан дэгдээгээд байна. Японы сэтгүүлч ёстой л загатнасан газрыг маажав гээч л болоод байна.
Ж.Эрхэс
Холбоотой мэдээ
Comments are closed.