Орон нутаг дахь 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нь сонгогддоггүй томилогддог албан тушаал. Хэдийбээр орон нутгийн хурал нэр дэвшүүлдэг ч дээд шатны байгууллага давуу эрх эдэлдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас очиж буй жонон юм. Жононгууд голдуу тэр нутгийнх байдаг жишиг тогтжээ. Одооны “Засаг”-ууд цөм нийслэлд гэр орон байр савтай, эндээ авгай хүүхэд нь ажил төрөл сургуультай юм билээ.
Тэгсэн атлаа өвөөгийнхөө нутагт очсон дарга хархүү “Манай аймаг, манай …чууд” хэмээн элгэмсцгээдэг. Дашрамд дурдахад Монгол оронд зөвхөн Монголыг л монголчууд гэх ёстой. Манайх ямар нэгэн Холбооны Бүгд Найрамдах улс биш тул энэ оронд амьдарч байгаа монголоор ярьдаг орос, хятад, казах, буриад, дөрвөд хэн ч байлаа …чууд гэгдтэлээ холдсон харийн хүмүүс байх ёсгүй. Эсвэл зориуд салан тусгаарлах санаархал цаана нь явдаг биш бол.
Аймгийн Засаг ноён нь тухайн орон нутгийг улс орны нийтлэг бодлого зорилготой тохируулж уяж өгөх үүрэг хүлээж томилогдонгуутаа ихэнх нь санаа буруулдаг. Тэд нутаг усаңдаа хайртайдаа биш хөдөө очиж тэндээс “диптаат” болох гэсэн санааг нь дээр дооргүй эрх биш гадарладаг л даа.
“Диптаат” болтлоо хөдөө бүгж засаг төрөөс зад урваж жалга довны хайр энхрийллийг баахан хүртэж, ёстой нэг дураараа дургидаг бололтой юм билээ. Тэдний аймагт очоод хийдэг ажил нь гэвэл суврага босгох, “дал наян жилийн ой” тэмдэглэх, их л сайндаа “жижиг дунд үйлдвэр”, гэгч хүүхдүүд айл гэр болж тоглохоос онцын ялгаагүй нэг тийм дампуу ажиллагаагаа бөөн сүр болгож ярьцгаадаг. Социализм байгуулаад унав уу гэж андуурмаар баяр ёслол болгоноор дээл малгай өмсч зурагтаар мэндчилгээ дэвшүүлж, өндөр бүтээл өрнүүлж байгаагаа илтгэцгээнэ. Малаа таван төрөл дээрээ өсгөлөө ч гэх шиг. Бодит байдал дээр бол Өмнөговиос бусад аймгуудад амьдрал утгагүй болж иргэд нь хот руу зугтацгааж байгаа ш дээ.
Аймгийн Засаг дарга муу ажиллаж байгаа хэл ам урьд урьдынхаас гойд их боллоо. Сонгууль дөхсөн улс төржилт юм болов уу гэж анх эргэлзэж байсан бол үгүй аж. Эрх баригч Ардын намынхан сүүлдээ арга тасарч томилсон Засаг ноёдоо захирч дийлэхээ болилоо. Задарсан Засаг дарга нар сонгуулийн эгзэгтэй энэ үеэр намынхаа нэр нүүрийг орон нутагт баллаж өгч байна аа. Говьсүмбэрийн Засаг дарга “ачигдлаа”. Эрдэнэт дэх аймгийн удирдлагыг гарман дээр сольсон нь ямар нэг итгэл алдарсных л байж таарна. Одоо араас нь арав гаран аймаг дүүргийн удирдлага асуудалтай яваа нь үнэхээр анхаарал татаж байна.
Бүр Монгол төрдөө байг гэхэд томилсон намдаа нэг сэтгэлээр явж чадахаа больтлоо амбийц хөөцгөөдөг гэж байна. Орон нутагт нь нэр дэвшихээр төвөес царай алдаад очих болохоор Ерөнхий сайд байсан ч айхгүй зоригтой болчихсон. Улс орны ажил төрөл гэж байдаг бол аль хэдийнэ унаж дампуурлаа. Дарга нараас шалтгаалж мал төллөдөг, тариалан эхэлдэг бол баллах нь ээ. Азаар бүх хөрөнгө хувьд шилжсэн, хувийнхан ямар ч даргын оролцоогүй өөрсдийн ажлаа хийчих юм даа.
Угаасаа хийе гэсэн ч эрх мэдэлгүй хурган дарга нарын “хөнгөлүүлэх” гээд байгаа гол дутагдал бол хөрөнгө мөнгө идсэн асуудал юм. Жил болгон төсөвт аймагтай нь дүйцүүлэх юм бол өчүүхэн хэдэн төгрөгийн төсөв орж ирдэг. За тэрэн дээр нь нүд нь “шарик” болоод зүтгэчихдэг бололтой. Яасан ч ЯДУУ царай алдсан гуйлгачингууд яаж яваад дарга болчихдог юм. Нэг хөшөө барина гээд төсөв батлуулаад талыг нь цохьчихно. Тэрнийг нь аймгийн төвийн захын тэнэг хараад арай ч дээ, даанч дээ гээд шогшроод байхад тоох ч үгүй. Одоо тэр нэг усан оргилуур, хашааны хайс гээд бүр аймаг болгон андахгүй мөнгө хусдаг тээндэр бий.
Монголд долларын тэрбумтангууд хэд хэд төрлөө. Бэлэн тэрбум төгрөг машиныхаа ард хийчихсэй пацаан хаа сайгүй тааралдаж байна. Уул уурхайн буян ч байх, монголчууд нэг үеэ бодвол баян нь тасраад явчихаж. Тэдний дунд сайн нь ч луйварчин нь ч яваа. Нэг бизнесмэн ярьж байсан. Манай аймгийн жилийн төсөв миний компанийн зардлын арван хувьтай л тэнцэж байна гэж. “Нарантуул”-ын байдаг л наймаачин сумандаа очоод зөндөө юм хандивладаг. Тэгэхэд сумын Засаг дарга орон нутаг дахь дуслын чинээ төсвийг гударч амьдардаг гуриа байх жишээтэй.
Орон нутгийн хөгжил, удирдлагын талаар УИХ-д суудалтай намууд, болон Засгийн газар ярьж байгаад үндэсний хөрөнгөтнүүддээ уриалга гаргамаар байна. Та бүхэн үндсэн ажлынхаа хажуугаар орон нутагтаа очиж тодорхой хугацаанд ажиллаж өгөөч ээ. Зохих хэмжээний эрх мэдэл өгье, дараа эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр бүтээн байгуулалт хийж, эх орон болон нутаг усандаа ашиг харалгүйгээр, мэдээж алданги үүрэхгүйгээр нэг сайхан өөд татаад өгөөч гэж уриалмаар байна. Том бизнесмэнүүд арай ч энэ аймгийн шалдан дарга нар шиг өлөнтөхгүй байлгүй. Хамаа алга томоохон уурхайг нь авбал авна л биз. “Нинжа” нарт, харийнханд талхлуулснаас хавьгүй дээр.
Тэгэхгүй бол энэ Засаг дарга нар чинь шоронд яваад дуусах нь байна шүү.
Ж.ГАНГАА
Холбоотой мэдээ
Comments are closed.