2008 оны долоодугаар сарын 01-ний үйл явдлын буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр энэ сарын 14-нд хийхээр хойшлуулсан билээ. Харин энэ өдөр шүүх хурлыг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх цагдаагийн дөрвөн дарга нараас гадна тухайн үеийн ҮАБЗ-ийн дарга Н.Энхбаяр, гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нарыг оролцуулах хүсэлт гаргасан юм. Бодвол дээрх эрхмүүдэд эл хэргийн хамаг учиг хадгалагдаж байгаа гэж шүүгдэгчдийн өмгөөлөгчид үзсэн ч байх болох. Эс бөгөөс шүүгдэгчид тэднийг шүүх хуралд оролцуулж буруутныг тодруулъя гэж өмгөөлөгчиддөө хэлсэн байхыг ч таахын эцэсгүй. Ямартай ч одоогийн байдлаар Н.Энхбаяр “Шүүхээс албан ёсоор бичиг ирвэл би оролцоход бэлэн. Тэгээд ч шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй, нуух хаах зүйлгүй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд ч шүүх хуралд очиж өмнө өгч байсан мэдүүлгээ давтан ярихад татгалзах зүйлгүйгээ мэдэгдлээ.
Магадгүй цагдаагийн дөрвөн даргын өөдөөс тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг харуулж суулгаад шүүвэл арай өөр байж мэдэх. Хэргийн сэжүүр ч тайлагдахыг үгүйсгэхгүй. Нүд нүдээ харсан ярианд худлын зай багтдаггүй гэдэг дээ. Энэ шүүх хурлаас цагдаагийн дөрвөн даргыг буруутай эсэхийг бус тухайн үеийн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод гал нээх тушаалыг хэн өгөв гэдгийг л олох нь чухал.
Гэхдээ энэ хэргийн сэжүүрийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн жил цухалзуулаад өнгөрснийг санаж байгаа байх. Түүний хэлсэн болгон нь тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр руу чиглэсэн байдаг. Н.Энхбаярын хэлж байсан үгийг эргэн сөхвөл “Намайг ЦЕГ-ын удирдлагатай онц байдал тогтоох талаар санал солилцож байтал миний хажууд байсан С.Баяр “Цагдаагийн байгууллага миний мэдэлд байдаг юм. Би Ерөнхий сайдын хувьд энэ асуудлыг мэдчихье” гээд ЦЕГ-ын удирдлагатай ярьж эхэлсэн” хэмээсэн байдаг. Энэ яриа С.Баярыг эзгүйд буюу УИХ-ын чуулганы завсарлагаанаар АНУ-д биеэ эмчлүүлж байх үеэр гарсан юм. Нэг ёсондоо таван хүн буудах тушаалыг С.Баяр өгсөн гэх утгатай үгийг унагааж экс Ерөнхийлөгч тухайн үед бөөн сенсаац дэгдээсэн.
Эзгүй хойгуур өөрийг нь муулсан тул С.Баяр Монголд ирэнгүүтээ л Н.Энхбаярын үгэнд хариу болгож хатуухан бөгөөд ёжтойхон үг чулуудсаныг бид мэднэ. Тэрбээр 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагадаа “Онц байдал тогтоох хэрэг гарч байх шиг байна шүү, Ерөнхийлөгч өө. Мод, чулуу болоод явчихлаа. Ганц намын байр биш, цаашаа тэлэх аюултай болж байна. Гэхдээ би намын байранд байгаа хүн үйл явдлыг бодитойгоор үнэлж чадаж байна уу, үгүй юү. Та гадна байгаа хүн сайн хараарай” гэж хэлсэн тухай Ерөнхий сайд асан С.Баяр ярьж байв. Өөрөөр хэлбэл, онц байдал тогтоох үед би Н.Энхбаяртай хамт байгаагүй. Утсаар л ярьсан. Онц байдлыг Н.Энхбаяр тогтоож, үүрэг өгсөн гэж хэлсэнтэй дүйхүйц өнгө аяс гаргасан хэрэг л дээ.
Энэ бүхнээс үүдэж Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас долоодугаар сарын 01-ний хэрэгтэй холбоотой байж болох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авсан гэдэг. Нийслэлийн орлогч прокурор Ё.Сагсай ч энэ тухай хэлэхдээ “Шаардлагатай хүмүүсээс тайлбар авсан. Гэхдээ дэлгэрэнгүй ярих боломжгүй” гэж нууцалж буй. Энэ мэтээр шуугиан тариад буй хэргийн зангилаа хэдхэн хоногийн дараа тайлагдаж мэдэх. Гэхдээ энэ бүхэн хошууч генерал Ч.Амарболдоос шалтгаална гэдгийг амтай болгон ярьж байна. Учир нь, Ч. Амарболд генерал хамтдаа шүүгдэж буй цагдаагийн дарга нарын хамт тухай үеийн ҮАБЗ-ийн гишүүдийн нүд рүү харж байгаад “Таван хүнийг буудах тушаалыг тэр өгсөн” гээд хэлчихвэл ёстой л тэнгэр ниргэх шиг юм болж магадгүй.
Н.Энхбаярын хувьд эл шүүх хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тухайн үед жагсаал цуглааныг зохион байгуулсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг ч дуудаж оролцуулахыг хүссэн. Мөн “Таван хүнийг ийм хонгиотой сумаар буудсан. Надад баталгаа нь байгаа” гэж ярих УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг хүртэл шүүх хуралд оролцуулах хэрэгтэй гэж үзээд буй. Тэгэхээр таван хүний амийг таслах тушаал өгсөн хүний нэр тодорвол дээрх эрхмүүд ямар нэгэн байдлаар холбоотой байж мэдэх. Хэрэг илэрвэл мэдээж төр барьж байгаа хоёр нам, дээрээс нь МАХН гээд бүгд хазайж, ёстой л улс төрийн жанхуу шиг тоглоом өрнөх биз.
Д.Гал (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 03, 2012 7:43:17 am )
General mini unenee xelchix yamar neg yxexees xoyor uxex bish.Amia bodnoo xee.Ter 2 nam yamar xamaa baina.Xoishdiin ur xuuxeded chini xeregtei.Tertei tergyi tanii karier engersen shuu dee.Ted nariig xoorond ni bailduulaad uuliin deerees xarj suuliin 2 jil zovson cetgeliin tamaasaa salax xeregtei Naiz mini ee.
1 Comment