antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2017 2 comments

Ардын хувьсгалтай нас чацуу, улсын тэргүүний анхны эмэгтэй анчин Н.Намжилмаа

нийтлэсэн Admin
Анхны гэсэн цөөнгүй тодотголтой азай бууралтай ярилцаж, сонин хэвлэлдээ нийтлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг фейсбүүкийн харилцагчаасаа авдаг юм байна. Түүний хийсэн товчхон танилцуулгаас үзвэл олон арваныг үдсэн жирийн нэгэн биш бололтой. Бүр ч сонирхолтой санагдаж, ажлын өдрөөр X хорооллыг зорилоо. “Golden Park” хотхонд Батлан хамгаалах яамнаас өгсөн нэг өрөө байрандаа ач охиныхоо хамт аж төрөн сууж буй настан хөл хөөрцөг болсоор биднийг угтсан юм. Ингээд өдгөө 100 насны сүүдэр рүү хэвийж яваа ч мэлмий хурц, сонор уужим,ухаан саруул Н.Намжилмаа гуайтай хөөрөлдсөнөө уншигч авхай тантай хуваалцаж байгаадаа баяртай байна.
-Та сайхан намаржиж байна уу. Бие лагшин тунгалаг уу?
-Төрийн буян, түмний дэмээр мэнд сайн, сайхан ч намар болж байна.
-Намжилмаа гуай, унасан газар угаасан ус, нутаг нугынхаа тухай эхлээд танилцуулна уу?
-Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Баянгол гэдэг газар төрсөн. Айлын таван хүүхдийн хамгийн бага нь байлаа. Одоо ч ганцаараа л үлдэх шив дээ.
-Сайхан насалж байна аа, та. Бага насаа аав ээжтэйгээ л өнгөрөөв үү. Тухайн үед ч сургууль ном ховор байсан биз дээ? 
-Манай тэнд 20 дугаар морьт хороо гэж байлаа. Ээж минь бие муутай хүн байсан болохоор аавтайгаа тэр цэргийн ангийн малыг маллаж, хоолтой ундтай л өсч бойжсон. Сургууль номын хувьд маруухан. Гэхдээ хожим нь бичиг үсгийн дугуйланд суралцаж, ямартай ч шинэ үсэгг тайлагдаж байлаа. Намайг аавтайгаа мал хариулдаг байхад хязгаарын цэргийг чинь “хилийн цагдаа” гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Дараа нь бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж, хилийн суман застав болж өргөжсөн хэрэг.
-Та амьдралынхаа цөөнгүй жил, идэр залуу насаа хил хязгаарт өнгөрөөсөн гэсэн. Хань тань цэргийн хүн байсан юмаа даа?
-Тийм. Миний нөхөр тусгай ангийн төлөөлөгч, цэргийн хүн байсан юм. Тангараг өргөсөн цэргийн улс чинь тушаал аваад л явна. 1940-өөд оны эхээр Ховдын хязгаар нутаг Туулайтын заставт томилогдож очсон. Би ч яахав дээ, цагаан зээр эм хүн хоёр нутаггүй гэдэг шиг нөхрөө дагаад л хязгаарын заставт сууж, тогооч, нярав гээд оногдсон ажлыг л хийж явлаа. Тэр үед хил хязгаар түгшүүртэй, байсхийгээд л Османы дээрэмчид хил зөрчиж, айлын адуу мал хулгайлж туугаад явчихна. Ер нь хэцүү цаг үе байсан.
-Та тэр дээрэмчидтэй тулгарч байв уу?
-Би ямар юмаа тулах вэ. Наана застав дээр л байж байна. Түгшүүр зарлаад нөхөр маань цэрэг, дарга нартайгаа буу шийдмээ аваад л явчихна. Үгүй тэгээд, тулаад ирвэл амиа хамгаалахын тулд буу барих л байсан байх даа. /инээв/
Такси баазын удирдлага, жолооч нарын хамт.Зүүн гараас дөрөв дэхь нь Н.Намжилмаа, тав дахь нь түүний найз Ира
-Хотод хэдийд орж ирэв. Та Монголын бараг анхны эмэгтэй жолооч гэсэн байх аа? 
-Нөхрийг минь хот руу татаж,би Цэргийн ансамбльд оёдолчноор ажилд орсон юм.Тэнд ажиллаж байтал миний найз Ира гэж орос, монгол цустай эмэпгэй “хоёулаа жолоочийн курст явах уу” гэж байна. Намайг Сүхбаатарт байхад хилийн цэргийн 17 дугаар отрядад Гэндэн гэж дарга байлаа. “М-1” гэдэг жижиг тэрэг унадаг. Түүнийх нь жолоог мушгиж саваагүйтэж явсан болохоор сонирхол төрж байна аа. Нөгөө найзтайгаа очиж шалгуулаад зургаан сар ажлынхаа хажуугаар суралцаж явсаар төгсчихдөг юм. Ингэж л жолооч болсон доо.
-Тухайн үед машин тэрэг ховор байсан байх. Тэгээд эмэгтэй хүнд ажил олдох уу?
-Жолоочийн үнэмлэхээ авчихаад тэр цагтаа ганц л байсан нэгдүгээр баазад очлоо. “Москвич-101” гэж тухайн үедээ ховор тэрэгний нэгийг өгч, хот дотор таксинд явдаг байлаа. Нэг өдөр баазын дарга дуудаж байна л гэнэ. Яваад орсон чинь “Засгийн газрын баазаас машин аваад Завхан яв” гэж байна. Хот дотор холхисоор байгаад уйдчихсан амьтан чинь бөөн баяр болж, Засгийн бааз дээр очлоо. Надад “Газ-67” гаргаж өгч, Завхан аймгийг хариуцсан мал тооллогын комиссын даргатай хамт явуулдаг юм байна. Тэнд сар гаруй ажиллаад ирсэн чинь Нэгдүгээр баазаас такси, автобус дагнасан нэг хэсэг нь “өрх тусгаарлаж” таарлаа. Бодвол, одоогийн нийтийн тээврийн үндэс суурь тавигдаж байсан бололтой юм. Нөгөө унаж байсан “Москвич-101”-тэйгээ Ира найзтайгаа цуг тэнд очиж, холдоо Налайх, Төв аймаг тэгээд л хот дотор такси хийж байлаа. Дараа нь Такси бааз гэж тусдаа байгуулж одоогийн Энхтайваны гүүрэн дор байрласан юм. “Волга-21” машин шинээр орж ирээд “Варшав”, “Победа” маркийн Оросын машинаар л хүн зөөдөг байлаа. Шинэ машин нь гадуураа модон хайрцагтай, Оросоос оруулж ирээд Толгойтын бараа бааз дээр задалдаг. Бааздаа унаж авчруут бөөрөн дээр нь дөрвөлжин эрээн тэмдэг цохиж өгдөг байсан юм. Тэгээд “Таксин цоохор машин” нэртэй болсон хэрэг. /инээв/ Энэ үед нөхөр маань хойно /ЗХУ-д/ хөдөө аж ахуйн механикаар суралцаж төгсөөд Архангайн Их тамир суманд томилогддог юм. Би ч мөн тэнд очиж МААМС /Мал аж ахуйн машинт станц/-ын даргын жолоочоор ажиллаж, “Газ-67”-той болсон. Хоёр жил гаруй Архангайд ажиллаж байгаад хотод ирмэгц Гадаадын иргэдэд үйлчлэх товчоонд, дараа нь Хөдөө аж ахуйн яамны сайд Соль гэж эмэгтэй даргын жолоочоор нэг хэсэг явлаа.
-Та ер нь жолоочоор тасралтгүй ажилласан хүн юмаа даа. Таны үед эмэгтэй жолооч хэр олон байв?
-Одоотой харьцуулахад ёстой л өдрийн од шиг ховорхон байсан. Гэхдээ мэр сэр байсаан байсан. Харин хөдөө бол ховор байлаа. Намайг Төв аймгийн МААМС-д томилогдож, дараа нь шуудангийн машин барьж хөдөө гадаа явахад хүмүүс хардаг л байж. Шууданд Газ-51″, ‘‘аавын цээж” л явдаг байлаа шүү дээ.
-Тээврийн тэрэг барьж байв уу, та?
-Яг ачаа бараа тээгээд явж байсангүй. Гэхдээ “3ил-130”-аар ус зөөж байсан. Гүний худгаас таван тонн ус хийлгэж аваад гэр хорооллын айлуудад гудамжаар нь тараадаг байлаа. Иймэрхүү байдлаар насаараа л машин унаж, жолоо мушгилаа даа, хүү минь /Бидний яриа хэсэг завсарлаж, хананд өлгөсөн хөгшний хантааз дээрх одон медаль, тэмдгийг сонирхож байтал “Улсын тэргүүний анчин” гэсэн бичээс бүхий тэмдэг анхаарал татлаа. Сур/
-Та минь бас анчин хүн юмаа. Яаж яваад анчин болчихов?
-Би ер нь багаасаа юм юм сонирхсон саваагүй ч гэмээр зантай хүн байж. Аавтайгаа цэргийн мал хариулдаг байхдаа л хээрийн буудлагад явах гэж шалдаг байсан ч зөвшөөрдөггүй байлаа. Хожим нь нөхрийнхөө “ТТ” буугаар буудаж сурсан, /Ярианыхаа дундуур “Та эмэгтэй хүн байж буу, машин сонирхдог нь сонин юм. Манайхан хүйс нь солигдчихсон гэж ярьдаг даа” хэмээн шоолонгуй хэлбэл хөгшинд тааламжтай байгаа бололтой муухан мушийснаа “магадгүй ээ” л гэж байна. Сур/ Хөдөө гадаа явахдаа кабиндаа калибртай л байна шүү дээ. Хааяа ганц нэг тарвага зурамхан буудчихна. Чоно ч намнаж л явлаа. Төв аймгийн Сэргэлэн сум нэгдлийн дарга Түдэв гуайн жолооч байх үед би нэг ээлжийн амралтаа аваад 100 тарваганы гэрээ хийдэг юмаа. Тэгсэн дарга “Би чамд сарын чөлөө өгье. Чи овоохон гэрээ хийгээд хэсэг явж байгаад ир” гэлээ. Тэгээд л сумын агенттай 500 тарваганы гэрээ хийж, хоёр сарын дотор төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн юмдаг.
-Морь мал унаад тарвага зурам эргүүлэх нь эмэгтэй хүнд ахадсан ажил биш үү. Сонирхол нь дийлсэн хэрэг байх л даа, тийм үү?
-Мориор яваагүй л дээ. Миний нөхөр гарын ур, мэргэжил чадвартай хүн байсан юм. Тэр маань машины хугарсан рам дээр энд тэндхийн юм цуглуулж байгаад “Газ-67” машин босгосон. Түүнийг нь унаад өөрөө засвар үйлчилгээг нь хийж анчилсан хэрэг. Хувийн машинтай, баян болсон гэж хэл аманд орж л явлаа / инээв/ Дараа нь Монголын анчдын нийгэмлэгийн анхдугаар хуралд уригдаж оролцоод “Улсын тэргүүний анчин” цол тэмдэг, ангийн буу, дурангаар шагнуулсан юм. 1960-аад оны төгсгөл юм байх.Сайхан ч цаг байж дээ Бидний яриа ингэсгээд өндөрлөлөө. Амьдралын их нугачаанд ажлын хүнд бэрхийг туулахдаа үрчийж мойнийсон гарынхаа хуруугаар эрхи эргүүлж биш алгандаа алтан нуухтай хаш цагаан хөөрөг эргэлдүүлэн надтай тамхилж суугаа энэ азай буурлаар бахархахгүй байхын арга алга. “Намжилмаа гуай, таны зургийг нэг аваадхая” гэж хэлмэгц ач охиноо яаруулж, гоёлын дээл хантаазаа өмсч, бас ор түшүүлж тавьсан таягаа ч аль эрт мартаж орхижээ. Шүтээн болсон нам, төрийн удирдагчдын зураг бүхий жаазныхаа өмнө зогсоод ажил, амьдралын ачааг давж гараад аль эрт бөгтийж хоцорсон нуруу цээжээ тэнийлгэх нь энхрийлэн хайрламаар.Түүний энгэрт Цэргийн гавьяаны болон Улаан тугийн одон, бусад одон медаль чихцэлдэн байлаа. Урт насалж, удаан жаргаарай. Зууг давж, зургаадай таяг тулаарай, эмээ минь
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • иргэн (November 03, 2017 10:16:25 am )

    мундаг. эрүүл энхийг хүсье. бахархахгүй байхын аргагүй эмээ байна.

  • Suhbaatar (November 05, 2017 1:56:43 pm )

    Manai huuchchuul saihan setgeltei saihan humuus shuu huduu gadaa yvj uvgudiin ugiig sonsoh uneheer saihan shuu buynt buurluud mini buynaa edelj az jargaltai setgel amar saihan amidrah boltugai

antalya rent a car