antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2017 2 comments

Өмнөд Суданд очвол нэгийг бодож, хоёрыг тунгаана

нийтлэсэн Admin

Идэх хоол, өмсөх хувцсаа бусдаар бэлдүүлээд санаа зовох зүйлгүй амьдрах нь хэдий амар мэт боловч ямар их уршигтай болохыг суданы иргэдээс харж болно. Ийм загвараар амьдрахад хүн байтугай улс үндэстэн мөхөж болдгийг тэд бидэнд харуулах мэт.

БНӨСУ-д жил гаруй хугацаанд энхийг сахиулахдаа үндэсний гэхээр үйлдвэртэй огтхон ч таарч байсангүй. Мэдээж, аар саархан бараа, бүтээгдэхүүн зарж, лангуу түрээслэн гар урлал, элдэв сувинер хийж, гадныханд зардаг улсыг тооцохгүйгээр шүү дээ. Тиймээс хаана л бол хаана дэмий сэлгүүцэж алхсан, модны сүүдэрт сууж элдвийг ярьсан ажилгүй залуустай таарна. Тус улсад одоогийн байдлаар 500 гаруй олон улсын болоод бусад улсын тусламжийн төрөл бүрийн байгууллага ажиллаж байна. Тэд тус улсын иргэдийг хооллож, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, өмсөх хувцсаар хангана. Харин суданчууд өөрсдөө юу ч хийхгүй. Хүмүүнлэгийн байгууллагын гарыг хараад надад өгөх ёстой гэсэн сэтгэлээр хандаж, өдөр хоногийг аргацаана. Cуданы хөрсөнд цэрээ хаях төдийд л цэцэг ургахаар тийм л үржил шимтэй. Хийе, бүтээе гээд ядаж л алгын чинээ газартаа ногоо тарьчихвал нэг буутай нөхөр нь ирээд гэр бүлээр нь хядаад, урцыг нь шатаагаад ногоог нь дээрэмдээд аваад явчихна. Ингэлээ гээд тэр алуурчинд хэн ч, ямар ч хариуцлага тооцохгүй. Иймд хүмүүс тусламжийн байгууллагынхны гарыг харж, НҮБ-ын цэргээр хамгаалуулж амьдрахаас өөр яахав.

Гэхдээ судан залууст ажлыг нь олоод өгвөл сайн хийдэг гэдгийг анзаарсан. Биднийг үүрэг гүйцэтгэж байхад Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага (World Food Programme)-аас ачааны онгоцноос шуудай шуудайгаар нь тусламжийн будааг хаядаг байлаа. Манай цэргийн баг төв баазаасаа холгүйхэн уг ажиллагааны хамгаалалтыг зохион байгуулдаг байсан. Харин онгоцноос газарт унасан шуудайтай будааг ачааны машин руу зөөх ажлыг суданы залуус хөлсөөр хийнэ. Тэд +50 хэмийн халуунд хэлэн дээрээ юу ч тавилгүй өдөржин энэ ажлыг хийснийхээ төлөө өдрийн хоёр долларын цалин авна. Энэ бол тийм ч амар биш, гэхдээ тэд энэ ажлаа сайн хийдэг. Мутвах гэх залуу надад “Та ажил гарвал заавал хэлээрэй, би сайн ажиллах болно” гэж таарах бүртээ хэлдэг байлаа. Амьдралаа өөрчлөе, мөнгөтэй болъё гэсэн бодол хэн хүнд байдаг, бүр Африк тивийн алс бөглүүд энэ газарт амьдрах тэр залууд ч байдаг юм байна гэдгийг би тэр үед илүүтэй мэдэрч билээ.

Аливаа улсыг хөгжилд хөтлөдөг гол түлхүүр бол үндэсний үйлдвэрлэл гэдгийг бид хэн хүнгүй мэднэ. Судан улсын газрынх нь хэвлий доор хэдэн сая тонн баррель газрын тос цооногоо хүлээгээд урсаж байдаг, тэд баян улс. Тэгвэл яагаад энэ улс хөгжихгүй, иргэний дайнаасаа гарч чадахгүй, иргэд нь баяжиж чадахгүй байна аа. Бараг хүрзээрээ газар зооход газрын тос нь ундарч гарахаар ийм баян оронд хөгжихгүй байгаа нэг л шалтгаан бий, тэд залхуу, тэд мэдээлэлгүй, тэд боловсролгүй байна. Тэднийг мэдээлэлгүй, боловсролгүй, бэлэнчилэх сэтгэлгээтэй байлгаж, иргэний дайнд нь зэвсгээ зарах сонирхолтой улс их гүрнүүдээс эхлээд хөрш улсуудад нь хүртэл байдаг гэдэг нь тодорхой.

Үндэсний үйлдвэрлэл байхгүй судан мэтийн улсад ямар хатуу хувь тавилан ирдгийг би нүдээрээ харсан. Тэр бүхнийг хараад явж байхдаа төр засгийн өндөр албан тушаал хашдаг дарга нарыг энэ улсад ирж, энэ бүхнийг нүдээрээ ганц өдөр ч болов хараасай гэх бодол төрдөг байлаа. Толгой нь цээжнээсээ том болчихсон хүүхэд эхийнхээ хальс шиг болчихсон мөөмнөөс дусал ч болтугай сүү амсах гэж үмхлэн сорж байгааг, талхаа өг гэхэд нь үгүй гээд зугтаасныхаа төлөө цээжиндээ буудуулчихаад цус алдаад хэвтэж байгаа залууг, лаг шавар мэт хирэндээ өтгөрсөн шалбааганд эх нь хүүхэдтэйгээ усанд орж байгааг, өнөөдөр танилцсан найз нь маргааш буудуулчихсан байхыг харсан хүн эх орноо илүүтэй хайрлах, хөгжүүлэх бодол эрхгүй төрөх байх гэж бодогдож байсныг нуух юун.

Баялгийн хараал гэгч нь ямар аймшигтай болохыг тэнд алхам тутамдаа харж болно. Харин манай улсад бүх боломж байна. Үндэсний үйлдвэрлэгч “Говь”, “АПУ”, “Гоёо”, “Талх Чихэр”, “Өгөөж”, “Мах Импекс” гээд олон компани баялаг бүтээж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Араас минь хэн буудчих бол гэсэн айдасгүй тусгаар тогтносон бүрэн эрхт улсад бид хүссэнээ хийж байна шүү дээ.

Байгалийн баялаг гэхээр юмгүй Япон, Солонгос, Тайван, Сингапур орны хувьд үйлдвэрлэлийн түүхий эдээ импортоор авдаг атлаа аж үйлдвэрийн жишиг улс болон хөгжсөн нь улс төрийн хэтийн бодлого, өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэн, ядуу амьдралаас гарахыг үнэн сэтгэлээсээ хүсч байсан ард түмний гайхамшигтай хүч гэхээс биш бурхан тэнгэрээс буян заяаг нь бусдаас илүү тэгшилж өгснийх биш болов уу. Манай орон газар нутаг, хүн ам түүхэн хөгжлийн давуу талгүй юм гэж үү. Японд байхгүй байгалийн баялаг, Америкт байхгүй омог бардам түүх, өвөг дээдэс, хөгшин Европт байхгүй уудам цэлгэр тал нутаг, хөх тэнгэр, нүүдлийн соёл, байгаль эх дэлхийгээ аргадаж ирсэн ардын ёс заншил гээд баяжиж, хөгжиж болох онцлог давуу тал даанч олон. Манай ардын нэгэн зүйр үг байдаг. “Уух аргаа олохгүй бол усны захад хатаж үхнэ, Түүх аргаа олохгүй бол түүдгийн дэргэд осгож үхнэ” гэж. Манайд хөгжлийн асар их нөөц байна. Энгийнээр сэтгэхэд газар доорх байгалийн баялаг. Түүнийг ашиглаад амьдрахад хэрэг болох мэдлэг боловсролын суурь болсон потенциал өндөртэй оюун ухааныг ч бурхан биднээс харамласангүй. Манай монголчуудын оюун ухаан дэлхийд хаана ч гологдохгүй. Бид өнөөдөр оюуны спортоороо дэлхийн улсуудыг манлайлж байна шүү дээ.

Өмнөд Суданд хэд хэдэн гадны хөрөнгө оруулалттай газрын тосны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Мэдээж тэнд ажиллаж байгаа бүх дарга, инженерүүд нь тухайн улсын мэргэжилтэн байна. Харин суданчууд цэвэрлэгч, хамгаалагч зэрэгхэн ажлыг л хийнэ. Тиймээс тэд хэзээ ч газрын тосыг хэрхэн гарган авч, шатахуун болгодог аргыг мэдэхгүй гэсэн үг.

Ер нь Азийн “Бар” болж чадсан улсуудыг хараад байхад Америк, Европ зэрэг өндөр хөгжилтэй оронд залуу боловсон хүчнээ ихээр сурган бэлтгэж, сурган дадлагажуулж чадсанд байдаг.

Манай улс ч гадаадын өндөр хөгжилтэй орнуудад оюутан залуусаа сургаагүй биш сургаж байгаа. Гол нь тэнд сурчихаад эргэж ирэх бодолтой нь тун цөөхөн. Энэ нь ч тэдний буруу биш. Хилийн чанадад амжилттай суралцаад дипломоо өвөртлөөд ирэхэд нь тэдэнд ажлын байр олдохгүй. Олдсон ч цалин бага байдаг нь залуусыг ийм алхам хийхэд нөлөөлдөг. Монголын ард түмнийг хамгийн богино хугацаанд өндөр орлоготой болгож болох салбар бол уул уурхай. Тэгвэл энэ салбараа төр нь дэмжиж, хэтийн төлөвлөгөөгөөр залуусаа уул уурхайн инженер мэргэжлээр олноор нь сургаж, төгсөөд ирэхэд нь төрийн өмчит уул уурхайн компаниуд байгуулчихаад ажиллуулж, баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлож яагаад болохгүй гэж.

Хөгжил буурай, ядуу дорой улсыг гадныхан хэрхэн овжноор ашиглаж, түүх, ёс заншил, шашин шүтлэг, үнэт зүйлсээс нь аажим аажмаар салгаж болдгийг мөн л Өмнөд Судан харуулах мэт. Одоо тус улсын хүн амын 96 хувь нь христын шашинтай болсон. Үндэстнийг нь бүрдүүлэгч гол Нуэр, Динка, Шилүк зэрэг омгийн уламжлалт бөө мөргөлийн шашин нь бараг устаж үгүй болсон гэж хэлэхэд болно. Дунд сургууль байх боловч тэнд хичээлийг зөвхөн англи хэлээр явуулж байгаа учир үндэснийх нь хэл, соёл устах замдаа хэдийнэ орсон. Тиймээс бидэнд ч гэсэн даяаршилагдаж буй энэ цагт дангааршиж чадах дархлаагүй бол уусан алга болох аюул тун ойрхон байна.

Өмнөд Суданд гар урлалын бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг. Мэдээж манай улсын уран дархчууд, сийлбэрчдийн хажууд бол анхлан суралцагчийн хэмжээнд л бүтээлээ урлана. Гэхдээ алс холын Африк тивийн модоор урласан гэж бодохоор хэн хүнд худалдан авах сэдэл төрнө. Манай цэргүүд ээлж солилцохоор Жуба хотноо (Өмнөд Суданы нийслэл хот) очихдоо тэдгээр гар урлалын бүтээгдэхүүнээс олноор авна. Бүр тэндэхийн худалдагчид нь мэддэг болчихсон. Монголын цэргийн багийн ээлж солигдох үеэр барааныхаа үнийг 1-1,5 дахин нэмнэ. Судан улсын засгийн газраас ч гэсэн гар урчуудаа ихээхэн дэмждэг нь анзаарагдсан. Яг л манайд хэн хүнгүй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж ам уралдан ярьцгаадаг шиг. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нь сайн хэдий ч улсын хэмжээнд хөгжлийг түлхэгч хүчин зүйл болж чаддаггүйг бас л судан улс харуулна. Хэдэн мянган ажлын байртай, хэдэн тэрбум доллараар хэмжигдэх өртөгтэй том, том үйлдвэрүүд байгуулж чадахгүй л бол хичнээн модон сийлбэр зараад хөгжихгүй гэдэг нь суданы жишээнээс харагддаг. Тиймээс бид ч мөн хөгжлийн гарцаа зөв тодорхойлж, энэ тал руу эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсох цаг нь нэгэнт болжээ.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын тухайд эргэн санахад ийм байна. Мэдээж 2012 онд байгуулагдсан хэдхэн жилийн түүхтэй, буурай орныг өөрийнхөө улстай жишихийн ч аргагүй. Гэхдээ тэр улсын алдаа, хөгжлийн буруу бодлогоос бид их зүйлийг сурч, мэдэх хэрэгтэй юм гэдгийг энд тэмдэглэхийг зорилоо. Өмнөд Суданд очсон монгол цэрэг бүр ийм бодол өвөртөлж, нэгийг бодож, хоёрыг тунгаадаг гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Соёмбо” сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • дэмжигч (October 22, 2017 12:49:05 pm )

    баярлалаа яг үнэн шүү. чухал зүйлийг мэдээлсэн байна. нэгийг бодож 2-г тунгаах цаг болсон шүү төрийн удирдлагууд аа!!!

  • бб (October 23, 2017 10:09:23 am )

    маш зөв, эх орон ч үзэл гэдэг өчүүхэн бага зүйл дээр ч харагддаг юм шүү. энэ сэтгүүлч залуу тун гярхай нарийн ажиглаж, зөв зүйтэй дүгнэлт хийжээ. даанч энэ бүхнийг уншаад өөрийгөө нээх залуус цөөн байхдаа

antalya rent a car