antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2017 10 comments

АЙРАГНЫ АЯГАНД ШАВХРУУ ҮЛДЭЭХ ЁСТОЙ ГЭСЭН БАЛРЫН ЗАНШИЛ В, С ВИРУС ХАЛДВАРЛАХ ГҮҮР БОЛЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Монголчуудын найр наадмын цаг шувтарч байх шиг байна. Өнгөрөгч хагас сайн өдөр “асуудаггүй арван долоон” буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиосон. Хуримын ордонд 70 шахам хос гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраасан дуулдана. Жил жилийн эл өдөр эх орны өнцөг булан бүрт хичнээн зуун хос хуримаа хийж, мөн хичнээн зуун айл өрх үр хүүхдийнхээ сэвлэгийг үргээж, шинэ байр сууцны найр хийж буйг тааварлахын аргагүй. Энд тэндгүй л найр наадам, айраг цагаа, архи дарс, бэлэг сэлт хөглөрнө.

Найрлаж наадаж буй хүмүүсийг, шинээр хуримлаж буй хосуудыг муу муухайгаар хэлэх гэсэнгүй. Харин найр хуримтай холбогдуулаад хэлэхэд нэг аягаар айраг, архиа дамжуулж уудаг монголчуудын энэ ёс орчин цагт хамгийн бүдүүлэг, гол нь эрүүл мэндэд нь хамгийн аюултай зүйл болсон. Айраг уугаад аяганыхаа ёроолд заавал ч үгүй шавхруу үлдээх учиртай. Ёроолыг нь гартал уух нь монгол ёсонд нийцэхгүй гэж үздэг. Энэ нь “Чи аяганыхаа ёроолд шүлсээ заавал үлдээх ёстой. Тэгээд дараагийн хүн чиний шүлснээс халдварт өвчин аваг” гэж хэлж буйтай агаар нэг сонсогддог.

Энэхүү ориг монгол ёсыг нь мэдэхгүй хот газрын залуу айлд ороод айраг өгөхөөр нь “бүгдийг нь уух ёстой юм байх” хэмээн санаад шавхруу үлдээлгүй уугаад өгвөл юу болдог гэж санана. Нударга савчуулж, айраг архины өмхий үнэр ханхлуулсан нэг атаман “Монгол ёсоо мэддэггүй яадаг дурак бэ. Айлыг нь басаад байна уу, чиний гэдсийг цатгах айраг ч бий л дээ, муу гуйлгачин минь” гэж агсамнаад, олны өмнө айлган сүрдүүлж, хэл амаар доромжилно. Тэгээд зогсохгүй, ээлж дараалан айргаар шахаж, хамар амаар нь садартал бөөлжүүлж байж санаа нь амарна. Үнэндээ монголчууд аяганыхаа шавхрууг асгахаа муу ёр гэж үзээд дараагийн хүндээ өгөхдөө арчиж цэвэрлэнэ гэдгийг огтоос мэддэггүй хүмүүс.

Зарим нэг заваан, хээ шаагүй, хэнэггүй айлынхан айрагныхаа аягыг хэд хоногоор ч угаахаа мартах нь энүүхэнд. Тэрхүү аяганд уруул амаа хүргэх нь бүү хэл, гар хуруугаа хүргэхээс сэжиг хүрмээр. “Тэдний айраг ч цөөхөн гүүнийх болоод тэр үү, мөн ч сайхан шүү. За харин завааныг нь хэлээд юүхэв. Хөгшин нь хир даг болсон дээлийнхээ хормойгоор аягаа арчсан болоод айраг хийгээд өгнө. Сэжиг хүрээд ууж чадсангүй” гэх яриа хөдөө гадаад дуулдаж л байдаг. Мөн архийг бид ялгаагүй нэг хундагаар тойруулна. Огт уудаггүй хүнийг “Заавал ч үгүй амсах ёстой юм аа” гээд уруулд нь хүргэж амсуулж байж сална. Ажил төрөлтэй, унаа тэрэг барьж байгаа, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар ч юм уу ямар нэгэн байдлаар архи уухгүй хэмээн учирлах нэгийгээ “Монголын ёс гурав байдаг хойно, гурван хундага тогтооноо хө” гэж шахаж шаардана. Шилтэй архи дуусах үед шавхрууг нь стаканд хийгээд жороолно хэмээх тэнэглэл манайхны дунд бичигдээгүй хууль шиг мөрдөгддөг. “Жороо шүү” гээд шууд амнаас ам дамжуулна. Зарим нь архиндаа хахаж цацаад, нус цэрээ хийх нь холгүй дараагийн нөхөртөө дамжуулж байгаа харагддаг. Өмнөөс нь бөөлжис цутгамаар. Ингэж тэнэг монголчууд жигтэйхэн сүрхий “ёс заншил” бий болгоод өөрсдийгөө эрүүл мэнд, амь насаар нь хорлодог. Учир нь жороолох нэрээр нэг амнаас нөгөө рүү шүлсээр дамжин вирусын халдвар шууд тархаж байна.

Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери шүлсээр дамжин бусдад очдог. Ялангуяа бага балчир үрсэд шууд нөлөөлдөг болохыг эрүүл мэндийн шинжлэх ухаан нотолж буй юм. Тиймээс сүүлийн үед манай эмч нар үр хүүхэддээ хоол ундыг нь зажилж өгөх, халуун хоолыг нь хөргөх нэрээр халбагатай нь амандаа байлгах зэргийг огт болохгүй хэмээн сэрэмжлүүлэх болсон. “Та хүүхдэдээ үнэхээр хайргүй юм байна. Хоол өгөх нэрээр өөрт байгаа бүх өвчнөө балчир үрдээ халдааж байгаагаа мэдэж байна уу. Амандаа зажилж, бүлээтгэж өгсөн хоолоор дамжаад хүүхдээс чинь вирусын гаралтай өвчин салахгүй байна” хэмээн уурлаж, учирлаж хэлдэг. Элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери, ХДХВ-гийн өвчин шүлсээр дамжиж бусдад халдах аюултайг дэлхий нийтээр зогсоо зайгүй, сэрэмжлүүлж байгаа. Манай орны хувьд А, В, С, дельта гэсэн дөрвөн төрлийн вирусээр элгийг цочмог гэмтээдэг шар өвчин бохир хүнс, уух шингэн зүйл, бохир гараар дамжин халдварладаг. Элэгний В вирусын халдвар нь уг вирусээр халдварлагдсан хүний цус, цусан бүтээгдэхүүнийг хүний биед хийхэд мөн биеэс ялгардаг шингэнүүд болох үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. “Архин далайд живж буй монгол. Монгол үндэстнийг архи сөнөөлөө” гэх мэдээллүүд шуугидаг. Тэгвэл архи дагасан “ёс заншил” гээч эрт балрын зүйл нь монголчуудыг “элгээр нь хэвтүүлэх” буюу В, С вирус халдварлах гүүр нь болж байна

Гэтэл монголчууд бид “цагаан идээгээр халдвар дамждаггүй. Идээний дээж архи янз бүрийн нян бактерийг устгах шидтэй” хэмээн мунхагласаар байх уу. Шинжлэх ухаан нотолж үзүүлсээр байхад алийн болгон “хүй нэгдэл”-ийн үеэрээ тэнэг бүдүүлэг, хоцрогдож гүйцсэн, арчаагүй амьдрах юм бэ. Саяхан манай сонин эмнэлгийн багажаар вирусын халдвар тархаж буйг сурвалжилсан. Ялангуяа мэс ажилбар хийх, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, гоо сайхны мэс залгах хийлгэх, шивээс хийлгэх, ходоод дурандуулах гээд энэ бүхний цаана элэгний вирусын халдвар авах магадлал өндөр байгааг эмч нар хэлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх хавдар судлалын сангаас гаргасан судалгаагаар Монгол Улс 100 мянган хүнд ногдох элэгний хорт хавдраар өвчлөгчдийнхөө тоогоор дэлхийн хоёр зуун орныг тэргүүлж буй мэдээлэл биднийг цочроодог. Энэ бүхний үндэс суурь ерөөсөө л айраг, архийг нэг аягаар тойруулж, жигтэйхэн ёстой төртэй ууж наргиж ирсний гор юм. Насанд хүрсэн хүний аманд 700 төрлийн нян бактери агуулагддаг гээд бодохоор юу болох билээ.

Монголын хөдөөг нүдээр үзсэн гадны жуулчдын ихэнх таагүй сэтгэгдэл нэг аягаар тойруулж айраг, архиа уудаг тухай хөвөрдөг юм билээ. Тэд монголчуудыг бараг л нэг аягаар дамжуулж хоол идэцгээдэг бүдүүлэг нөхөд гэж ойлгоно. Америкийн индианчууд гэдэг шиг монголчууд гадныханд зэрлэг омгийнхон шиг тэгж л харагдана. Соёл хүн төрөлхтний амьдралын дэг журам, аливаад хандах хандлага гэдэг маш өөр ойлголт болсон. Өөрийнхөө уусан аяганд угааж цэвэрлэлгүйгээр ирсэн зочиндоо цай, кофе хийж өгвөл түүн шиг том доромжлол байхгүй. Гадныхан амнаасаа ам дамжуулан идэж уух нь байтугай богино банзалтайгаа танихгүй хүний сандал дээр ямар ч өвчтэй юм билээ гээд сэжиглээд суудаггүй.

Тэгэхээр бид энэ бүх ойлголт, амьдралын горим, найр наадмын дэг журам, ёс заншлаасаа одоо салах хэрэгтэй болжээ. Бохир аяга, шүлсээр халдварт өвчний вирус хэрхэн тархдаг тухай сэрэмжлүүлгийг эмч нар ард иргэдэд зааж өгмөөр байна. Түүнийг нь гэр орондоо, өдөр тутмынхаа амьдралд, найр наадмын цагт ягштал баримталж хэвшихгүй бол монголчуудын элэгний вирусын халдвараар өвчлөгчдийн тоо улам л гаарна. Өөрөө өөрсдийгөө хорлож, эрүүл мэнд, амь насандаа эрсдэл учруулж байна гэдгээ бид ухамсарлахгүй байна. Уулын мухарт ганцаараа байгаа юм шиг соёлгүй, ёс зүй, зарчимгүй, зэрлэг бүдүүлгийн жишээ архи уух дээр хүртэл ил мэдрэгдэх юм. Боржигон найрын дэг журам гэж хуучны хүмүүс ярьцгаадаг. Тэр нь ямар зүйл байсныг бид мэдэх биш. Харин айраг, архийг нэг аягаар дамжуулан уухыг хориглосон монгол найрын журамтай болж, монголчуудыгаа В, С вирусын халдвараас аврах цаг нь иржээ.

Б.БАТБОЛД

Эх сурвалж: Өдрийн сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • иргэн (October 16, 2017 2:56:46 pm )

    Ene balar ertenii zvilees saltsagaaya.airag zarj baigaa xvmvvs baluar aygand zarax ym.manaixan yyxiig n yana.zabaan ym.eniig bolux xeretei.dendvv zambaraa alga.zabaandaa dassan gexvv.bolumoor bn.yadaj ervvl amdaraach.

  • иргэн (October 16, 2017 4:39:58 pm )

    яг үнэн, энэ их заваан шүү, үүнийг болимоор юм

  • зочин (October 16, 2017 9:22:49 pm )

    Энэ лам нар гэж нэг лалар юмнууд давсан бөхчүүдийг бүгдийг нь нэг аяганаас айраг амсуулаад л. Сэжиг хүрээд харахад ч хэцүү

  • зочин (October 16, 2017 9:24:46 pm )

    Нэг аяганаас айраг уудаг тэнэг зангаа орхих хэрэгтэй. Магадгүй энэ нь манайд элэгний өвчний таралтын суурь нь байх.
    Ер нь аяганы асуудлаа шийдэж чадахгүй бол айраг тавиад яах юм

  • зочин (October 16, 2017 9:30:00 pm )

    Давсан бөхчүүдэд нэг аяганаас айраг уулгадагыг энэ Үндэсний бөхийн холбоо гэсэн хөгийн төрийн бус байгууллагын үйлдлийг зогсоож чадвал энэ л тэдний хийсэн хамгийн том ажил, хувьсгал байх болно доо

  • зочин (October 16, 2017 9:31:58 pm )

    Нэг хүн нэг аяга гэсэн соёлын довтолгоог Эрүүл мэндийн яам, Ерөнхийлөгчөөс санаачилж тавих цаг аль хэдийнээ болсон биш үү.

  • Anonymous (October 17, 2017 1:34:01 pm )

    Цайны газрын аяга халбага сэрээгээр хеликобактери их тарж байгаа нь үнэн шүү.

  • Зочин (October 17, 2017 6:23:40 pm )

    Санаж явахад илүүдэхгүй зөв сэдвийг хөндсөнд баярлалаа. Бас нэг заваан юм байнаа. Бөх, морины хөлсийг бие биенээсээ өрсөж амсаад л дух нүүрэндээ түрхээд л заваарч өгөх юмаа. Хөлс баас шээсний нэг адил ялгадас ш дээ хүмүүсээ. Өмнөөс нь огиудас хүрэх юмаа

  • зочин (October 17, 2017 7:55:57 pm )

    монголчуудын энэ хавтгайрсан найр хурим хэрээс хэтэрч байна. Болоогүй айрагнд шимийн архи,цагаан архи, арай л пиво хийхийн наагуур л болж байх жишээний хүний ходоод чинь тодорхой хэмжээний багцаатай байдаг ямар араатны ходоод биш дээ Ерөөсөөл найрыг нэг хүнд 100 грамм шимийн архи 20 грамм цагаан архи айраг 200 грамм байхаар тооцох хэрэгтэй

  • зочин (October 17, 2017 8:00:38 pm )

    арай соёлтой оронд бол хундагийг дүүрэгдэггүй шүү дээ бараг л Хундагны ёроолоос арай лээгүүр эмэгтэйчүүд нь дарс вино бас л хундагны ёроолоос арай дээгүүр байх жишээний багцаагаар 10-20 грамм байх манайд бол өөрөөр хундагийг сагаж асгатал нь дүүргэх мэт

antalya rent a car