Жолооч, зорчигчдын эрх ашгийг уландаа гишгэсэн “МИН ТРАНС” компанийн удирдлагуудад хариуцлага тооц!
Хуулийн хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байвал хариуцлага тооцдог байх нь зүй ёсны асуудал. Тиймээс ч хариуцлагагүй үйлдэл гаргасан байгууллага хийгээд иргэдэд хуульд нийцсэн арга хэмжээ авах нь төрийн байгууллагын үүрэг юм. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан ажиллаж байсан “МИН ТРАНС” компани нь гэрээ болон Авто тээврийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн учраас, төрийн байгууллагын зүгээс гэрээг цуцалжээ. Гэтэл тус компанийн зүгээс өөрсдийнхөө эрх ашгийг зөрчлөө хэмээн чарлаж байгаа юм. Тээврийн салбарт хариуцлагыг чанд мөрдөхгүй бол ард нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул тулгарч байдаг.
Тиймээс ч хариуцлага бас дахин хариуцлагыг энэ салбарынхан хамгийн түрүүнд анхаарах ёстой юм. Гэтэл зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул, эрсдэл дагуулж болзошгүй үйлдлүүдийг удаа дараа гаргасан “МИН ТРАНС” компанийнхан өөрсдийгөө өмөөрөн ярьцгааж, төрийн байгууллагын шийдвэрийг үл хэрэгсэж буй нь харамсалтай.
Хэрэвзээ “МИН ТРАНС” компанийн жолооч нар хурд хэтрүүлэх, зорчигчдыг билет бичүүлэхгүй хууль бусаар тээвэрлэх, хүмүүсийн ачааг хольж солих, зориулалтын бус газарт ачаа ачих, цаг хугацаандаа гаралгүй чирэгдэл учруулах, зорчигч тээвэрлэх явцдаа эвдрэл гэмтэл их гаргах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж иргэдийг хохироогоогүй байсан бол төрийн байгууллага тэдэнтэй хариуцлага нэхэж, гэрээг цуцлахгүй байсан шүү дээ.
Авто тээврийн үндэсний төвтэй гэрээтэй ажилладаг аж ахуйн нэгжүүдээс хамгийн олон зөрчил гаргасан компани бол “МИН ТРАНС” компани юм. Тус компанийн удирдлагууд харилцааны соёлгүй, жолооч нараасаа маш их татвар авдаг, техникийн бүрэн бүтэн байдалд нь огт хяналт тавьдаггүй юм билээ. Тиймээс ч жолооч нар нь татварын дарамтаасаа болж хулгайгаар хүн тээвэрлэдэг нь тодорхой болсон зүйл. Тэгэхээр тээврийн компаниа удирдаж чадахгүй, жолооч, ажилчиддаа дарамт үзүүлж, улмаар иргэдийг хохироосон үйлдлийг тус компаниас удаа дараа гаргаж өдийг хүрчээ.
Тэгчихээд бас болоогүй хэдэн жолооч нартаа заавар зөвлөгөө өгөн төрийн байгууллагын шийдвэрийн эсрэг жагсаал хийлгээд амжсан. Жолооч нарын ард тэдний амьдрал байгаа гэж тэд хэлнэ лээ. Мэдээж тэрийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ нийтийн тээврийн салбарын үйлчилгээ мянга мянган хүний эрдэнэт амь настай холбоотой. Тиймээс ч Авто тээврийн үндэсний төв гэж төрийн байгууллага нэг компанийн эрх ашгаас иргэд зорчигчдын эрх ашгийг дээр тавьж үзэх нь зүй ёсны асуудал юм аа. Элдэв янзаар улстөржүүлэлгүйгээр иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах ёстой салбар бол тээврийн салбар шүү дээ.
Авто тээврийн үндэсний төв нь “МИН ТРАНС” компанитай байгуулсан гэрээг чухам яагаад цуцлах болсон үндэслэлээ тодорхой илэрхийлсэн байна лээ. Харин “МИН ТРАНС” компанийн удирдлагууд бол өөрсдөдөө хир халдаахгүй байгаа юм. Уг нь эхлээд гэрээ болон хуулийн дагуу найдвартай үйлчилгээг иргэдэд үзүүлчихсэн бол өдийд “МИН ТРАНС” –ынхан ийм зүйл ярихгүй байх байлаа. Ерөөс тус компанийн удирдлагууд эхлээд хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ ухамсарласан байх ёстой байв.
Тэгэхээр ийм нэг хариуцлагагүй байгууллага тээврийн салбарт олон жил зоргоороо аашилж, даварч өдийг хүрчээ. Авто тээврийн үндэсний төв гэж байгууллага өөрийн эрх үүргийн хүрээнд тус байгууллагад хариуцлага тооцон, гэрээ цуцалсан биш буруутан болж чичлүүлж байгаа аж. Гэсэн ч даварсан “МИН ТРАНС” компанитай хариуцлага тооцож чадсан нь сайн хэрэг юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 16, 2017 8:51:09 pm )
Zail
1 Comment