Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хурандаа Д.Зоригт, Хэв журмын газрын дарга асан хурандаа О.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр хэлэлцэх байлаа. Тэднийг “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс дөрвөн хүн галт суманд өртөж амиа алдсан, цөөнгүй иргэн шархадсан хэрэгт буруутгаж ялласан билээ. Улсын яллагч цагдаагийн хурандаа нарт Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2, 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчид дээрх хуулийн зүйлчлэлээр яллах нь хууль бус гэж үзэж буй.
ШҮҮХИЙН ГАДНАХ ЖАГСААЛ
Шүүх хурал эхлэхээс өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн хашаанд “Цагдаа ба ар гэрийнхэн” төрийн бус байгууллагынхан “Цагдаа улс төрийн золиос биш”, “Хуулийг завхруулж болохгүй”, “Цагдааг хэлмэгдүүлэхээ зогсоо”, “Төр, төрөөрөө тоглож байна”, “Ард иргэдийнхээ төлөө ажилласан цагдааг буруутгаж болохгүй” гэх мэт лоозон барин зогсоцгоожээ. Тэнд тайван жагсаал зохион байгуулсан иргэдийн олонхи нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан аж. Мөн шүүгдэгчдийн эхнэр, ээж, хүүхдүүд, хамаатнууд нь ч ирсэн байлаа. Ш.Батсүх хурандаагийн ээж 80 гаруй настай эмээ “Хүүгээ төрийн төлөө зүтгэхдээ ял сонсоно гэж төсөөлж байсангүй. Миний хүүг улс төрийн золиос болгож байна” гэж мэгшин уйлна. Ч.Амарболд генерал, Ш.Батсүх хурандаа нарын эхнэрүүд ч төрд гомдож байгаагаа илэрхийлцгээж байсан юм. О.Зоригт хурандаагийн эхнэр тулгар биетэй учир ирээгүй гэнэ. Харин ангийнхан нь цуглажээ. Тэд ангийнх нь андыг хууль бусаар ялтан болгох гэж буйг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэхээр хөдөөнөөс ирснээ ч ярьж байлаа. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн сэтгүүлчдээр дамжуулан төрд гомдож байгаагаа илэрхийлэн, насаараа цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хурандаа нарыг хэлмэгдүүлж байна гэцгээж байсан юм. Ш.Батсүх хурандаагийн охин л гэхэд “Ер нь үймээн болоогүй байсан бол бид ингээд зогсч байхгүй байсан” гэсэн юм. “Цагдаа ба ар гэрийнхэн” ТББ-ынхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарт хүргүүлсэн албан бичгийн хувийг тарааж байсан юм. Албан бичигт “Онц байдал тогтоосон Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдсан тухайн үеийн цагдаагийн зарим удирдлагын үйлдэл эс үйлдэхүйг цэргийн гэмт хэрэгт тооцон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж байгаа нь одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд нийцэхгүй байна. Хүчингүй болсон хуулийн заалтаар хүнийг эрүүгийн хариуцлагад татах, шүүн шийтгэх эрх хэнд ч байхгүй” гэжээ. Хүчингүй болсон хуулийн заалт гэдэгт Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйл дэх цагдаагийн албан тушаалтныг хамруулсан хэсгийг хүчингүй болгосныг хэлж буй юм. Ц.Нямдорж сайд улмаар хуулийг завхруулалгүйгээр, хүнийг хэлмэгдүүлэлгүй үнэн бодитоор шалган шийдвэрлэхийг хүссэнээ илэрхийлжээ. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн цөөнгүй албан тушаалтанд хүсэлт хүргүүлснээс Ц.Нямдорж сайдаас хариу ирүүлсэн нь энэ гэнэ.
ШҮҮХ ТАНХИМД
Шүүх хурлын товлосон цаг болоход Сүхбаатар дүүргийн шүүх танхимд сэтгүүлчид, шүүгдэгчдийн ар гэрийнхэн багтахгүй шахам байлаа. Ар гэрийнхний зарим нь цөөн сэтгүүлч оруулах нь зөв гэж байсан бол зарим нь “Нээлттэй хийх учиртай шүүх хурлыг хаалттай болгох гэж байгаа нь хууль бус” гэцгээнэ. Ш.Батсүх хурандаагийн ээж шүүх танхимд ч енгэнэтэл уйлсаар байв. Харин хошууч генерал, хурандаа нар шүүгдэгчийн ширээнд тайван сууж харагдлаа. Хохирогчдыг төлөөлж Ц.Энхбаяр хохирогчдын ширээнд суужээ. Харин эхнэр нь шүүх танхимын гадна үлдсэн юм. Шүүх хурлын товыг хохирогчдод мэдэгдээгүй учраас сургаар ирээд байгаа нь тэр гэнэ. Шүүх хурлыг Ч.Хосбаяр шүүгч даргалж, шүүгч М.Алдар, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн юм. Улсын яллагч С.Хишигжаргал, шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Алтангэрэл, Д.Оросоо, Д.Энхтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүү нар шүүх бүрэлдэхүүнд багтсан байв. Даргалагч шүүгч хурлыг хаалттай үргэлжлүүлэхээ мэдэгдсэнээр шүүх бүрэлдэхүүнээс бусад нь танхимыг орхилоо.
Д.ҮРЖИН: ДӨРВӨН ЖИЛ УЙЛЖ БАЙХАД ЭД НАР ХААНА ЯВСАН ЮМ БЭ
Шүүхийн шийдвэрийг хүлээж зогссон хохирогч, шүүгдэгчийн ар гэрийнхэн дунд маргаан дэгдэх шахав. Үймээний үеэр амиа алдсан Э.Доржсүрэнгийн ээж Д.Үржин “Төрийн цагдаа хүн буудсан хэргийг дөрвөн жилийн дараа шүүх гэж байхад хохирогчдод мэдэгдэхгүй байгааг гайхаж байна” гэж ярьсныг сонссон шүүгдэгчийн эхнэр “Цагдаа хүн буудсаныг юугаар нотлох юм. Ингэж ярьж байж өөрөө хэрэгт унав” гэж дайрлаа. Хариуд нь хохирогч “Бид өнгөрсөн дөрвөн жилийн турш уйлж байна. Тэгж байхад эд нар хаана явсан юм бэ. Ганц удаа уучлал гуйчихаагүй биз дээ. Одоо энд ирж уйлаад байгаа нь утгагүй юм биш үү” гэв. Үнэндээ үймээний үеэр амиа алдсан залуугийн ээж гэдгийг хурандаагийн эхнэр мэдээгүйгээс дээрх маргаан дэгдсэн хэрэг. Хохирогч гэдгийг мэдсэн даруйдаа хурандаагийн эхнэр холдож одсон юм. Шүүх хурал эхэлснээсээ хойш 20 орчим минутын дараа тарлаа. Шүүгдэгч О.Зоригтын өмгөөлөгч Ц.Итгэл өвчтэй байгаа, Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл гурван хүсэлт гаргасан, хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүү хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх зэрэг үндэслэлээр шүүх хурлыг ирэх сарын 14-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Энэ мэдээг сонссон жагсагчид тарж одсон юм. Шүүгдэгчид ч шүүх танхимын арын хаалгаар сэмээрхэн гарч, машинд сууцгаан явлаа.
Ч.Амарболдын эхнэр Ш.НАРАНГЭРЭЛ: МИНИЙ НӨХРИЙГ ШҮҮХ ХАРЖ ҮЗЭХ БАЙХ
Хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ч.Амарболд генерал өнгөрсөн хугацаанд ажилгүй байв уу?
-Дөрвөн жил гэртээ ажилгүй хэвтлээ. Бие нь ч их өвддөг болсон. Эмч нь урагшаа явж эмчилгээ хийлгэ гэсэн. Тэгээд прокуророос гадаадад явж эмчилгээ хийлгэх зөвшөөрөл хүссэн ч явуулаагүй. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Нөхрийг маань ингээд байхад би яаж ажиллах юм бэ.
-Үймээний үеэр та гэртээ байсан уу. Тухайн үед нөхөртэйгээ утсаар ярьж байв уу?
-Хүүхдүүд маань гадаадад, би гэртээ ганцаараа байлаа. Сэтгэл санаа хэцүү, аймшигтай л байсан. Утсаар ерөөсөө холбогдоогүй. Шөнийн 01.00 цагт санаа зовоод нөхрийнхөө утас руу залгахад жолооч нь аваад “Дарга Төрийн ордонд ямар ч завгүй байна” гэж байсан. Болж байгаа үйл явдлыг зурагтаар л харж байлаа. Цагдаа нар зодуулаад, сүлбүүлээд байгааг хараад айж чичрээд хэцүү л байсан. Ер нь тийм сэтгэлийн зовлонтой, аймаар юмыг урьд нь үзээгүй. Утсаар ч холбогдож чадахгүй, яана даа л гэж бодож байсан. Нөхөр маань 2008 оны долдугаар сарын 1-ний өглөө гэрээсээ гараад л маргааш өглөө нь ирсэн. Тэгэхдээ “Яанаа Нараа, хүн буудуулчихсан гэж байна” гэсээр орж ирсэн. “Долдугаар сарын 1”-ний үйл явдлыг ард түмэнд дахин харуулах юмсан гэж боддог. Гэтэл дээрээс нам дараад байна шүү дээ.
-Дээрээс дараад байна гэдгээ тайлбарлаач?
-Тэр үеийн үйл явдлыг телевизээр харуулаад хэн нь буруутай, хэнийх нь зөв гэдгийг харуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэгэхгүй байна.
-Ч.Амарболд генерал хавтаст хэрэгтэй танилцаад юу ярьж байна вэ. Цагдаа нарыг галт зэвсэг хэрэглэснийг тогтоосон гэж байгаа?
-Тогтоогдсон зүйл байхгүй. Манай хүн хавтаст хэрэгтэй танилцаад “Ямар сонин юм бэ. Би Монголын төрд өдий болтол муу, сайн янз бүрийн л юманд явж байсан. Ийм хачин, худлаа гүжирдэж, намайг яллах гэж байгаад Монголын төрд харамсч байна, Нараа” гэж байсан. Нөхөр маань 1978 онд цагдаагийн дунд сургууль төгсөөд л Хэнтийд хэсгийн төлөөлөгчөөс ажлаа эхэлснээс хойш л цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан. Намын дээд, улс төрийн академийг хүртэл төгссөн. Гэр орондоо ирэлгүй хэд хоногоор явж ажилладаг байлаа. Ингэж шударга ажилласныхаа төлөө одоо гүтгүүлээд байж байна. Ханийг минь өнгөрсөн дөрвөн жилд сэтгэл санаагаар нь бүрэн алж байна шүү дээ. Гэр бүлийг нь ч ялгаагүй. Би Монголын төрд үнэхээр гомдож байна. Бид хоёр ярьдаг юм. “Хичнээн хүнийг ингэж гүтгэдэг бол. Лав л намайг ингэчихлээ, Нараа. Би хийсэн хэрэггүй шүү дээ. Би юу гэж тушаал өгөх вэ” гэдэг. Би нөхөртөө итгэж байна. Миний нөхрийг Монголын шүүх харж үзэх байх. Бурхан гэж байдаг бол дээд тэнгэрээс харж байгаа байх.
-Тэгвэл үймээний үеэр дөрвөн хүнийг хэн буудаж хөнөөсөн байж таарах вэ. Нөхөр тань энэ талаар юу ярьж байна вэ?
-Нөхөр маань “Хаагуур юу орчихов оо. Цагдааг далимдуулаад хаагуур, хэн орчихов оо. Үүнийг прокурор сайн шалгах байсан юм даа” гэдэг. Ер нь прокурор цагдаа шиг явж шалгадаггүй юм байна лээ.
-Таныхаар дөрвөн хүн амиа алдсанд яг хэн буруутай вэ?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа буудаагүй, миний нөхөр тушаал өгөөгүй.
-Үймээний үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж байв уу?
-Ц.Энхбаяр нэг удаа “Үнэндээ цагдаа буудсаныг мэдэхгүй. Хараагүй байж цагдаа руу яах гэж дайраад байгаа юм бэ. Цаад эзнийг нь олооч” гэж ярилцлага өгсөн байсан. Бид ч, тэд ч учраа олохгүй явна. Бид өнгөрсөн хугацаанд ингэж шүүгдэнэ чинээ бодоогүй явсан. Нэгэнт өршөөгдсөн нөхрийн маань хэргийг сэргээж байгаа бол үймээн зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг ч сэргээх ёстой. Яагаад заавал цагдаад хэргийг нялаад байгааг ойлгохгүй байна. Цэвэр улс төрийн шоу.
-Цагдаагийн ерөнхий газраас танай гэр бүлд хэр тусалж, дэмжиж байна вэ?
-Цагдаагийн дарга нар өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Харин нам, засаг нь нөхрийг маань үнэхээр хаясан шүү дээ. Юу болж байна, яаж байна гэж аль нь ч асуугаагүй (уйлав). Шүүхийн өмнө ингээд зогсч байгааг нь харахад өрөвдөөд байх юм. Амьдрал ахуй, үр хүүхдээ хаяад л Монголын төрд зүтгэсэн шүү дээ. Яасан гэж ял авах юм бэ. Энэ дээд дарга нарт үнэхээр гомдож байна.
-Дээд дарга гэж хэнийг хэлээд байна вэ?
-Тухайн үеийнх ч, одоо эрх барьж байгаа хүмүүсийг ч хэлж байна. Ажил төрөл ч үгүй, прокурорын хаалга татаад дөрвөн жил л явлаа шүү дээ. Тэглээ гээд нөхөр маань гуньж байгаагүй. “Зүгээр ээ, Нараа. Үнэн юм үнэнээрээ л шийднэ. Би төрд үнэнч, шударгаар ажиллаж байсан” л гэж ярьдаг байсан. Үнэхээр өрөвдмөөр юм.
-Тэгж зовж байхаар тушаал өгсөн хүнээ хэлчихэж болоогүй юм уу?
-Галт зэвсэг хэрэглээгүй юм чинь юугаа хэлэх юм бэ. Миний нөхөр шударга, үнэнийг үнэнээр нь л хэлдэг. Нөхөр маань улс төрийн шуурганд л орчихлоо доо.
-Өнгөрсөн хугацаанд Ч.Амарболд генерал ч, та нар ч үзэл бодлоо илэрхийлээгүй. Яагаад өнөөг хүртэл чимээгүй байсан юм бэ?
-Үнэнээр нь шийднэ гэж найдаж байсан гэв.
Ш.Батсүхийн эхнэр М.АЛТАНЦЭЦЭГ: ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ БОЛ НӨХӨР МААНЬ ЯЛЛУУЛАХГҮЙ
Хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг “Монголд хууль үйлчилдэг бол нөхрийг маань яллахгүй байх. Миний нөхөр хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад маш олон гавьяа байгуулсан. Үймээний үеэр ч ажлаа хийж явсан. Тийм байхад яагаад буруутгаж байгаа юм бэ. Үймээн болоогүй бол миний гэр бүл аз жаргалтай байх байсан. Би Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн байгууллага зэрэг олон байгууллагад хандсан. Нөхөр маань 30 гаруй хавтаст хэргийн 10 хүрэхгүйтэй нь танилцсан” гэв.
О.АЛТАНГЭРЭЛ: ШҮҮХ ХУРАЛД Н.ЭНХБАЯР, С.БАЯР НАР ОРОЛЦОНО
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Н.Мөнх-Оргил, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлтийг Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авчээ. Тиймээс дараагийн хуралд Онц байдлын үеэр ажилласан штабынхан шүүх хуралд оролцох аж. О.Алтангэрэл “Тэр хүмүүс шүүхийн өмнө юу ярихыг хармаар байна. Мөн шүүх хурлыг нээлттэй хийлгэх хүсэлт гаргасан. Нэгэнт өршөөсөн хэргийг дахин сэргээж байсан түүх байхгүй. Хууль зүйн талаас энэ бол боломжгүй зүйл. Шүүх үүнийг ялгах байх” гэсэн юм.
Ц.ӨРНӨХ
ӨДРИЙН СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 29, 2012 4:52:06 am )
ariachdee ed nariig ingej zovooh hereg bna uu Tur alban haagchaa hamgaalj chadahgui bol bid turiin ajil hiih hereg bna yy
1 Comment