Цагаан сар өнгөрөөд цаагуур чинь дүүрэн өртэй хүмүүс. Уг нь ч монголчууд цагаан сараа өртэй угтахыг цээрлэдэг ард түмэн л дээ. Гэхдээ цаг үеийн ороо бусгаа байдлаас шалтгаалаад цагаан сарыг өртэй угтах нь энгийн үзэгдэл болоод байна. Улстөрчдийн амлалтыг барьцаалаад идээ шүүсээ бэлтгэсэн ахмадуудаас эхлээд өрөө даруулахыг хүсэгчид бишгүй л байгаа шүү дээ. Тиймээс цагаан сарын дараах өр дарна гэдэг улирлын шинж чанартай бизнесийг цэцэглүүлэхэд алдах зүйлгүй. Чамлахааргүй ашиг олох магадлал өндөртэй юм билээ. Зээлийн хүүгээ арилжааны банкуудаас арай доогуур тогтоогоод улстөрчдийн амлалтыг нь барьцаалж хөгшчүүдийн өрийг дарах нь хожим хожоотой наймаа болж хувирж ч юуны магад. Юмыг яаж мэдэх вэ тэдний авах ёстой “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг өөрийн болгочих ч юм билүү.
Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу бидний хэлж заншсанаар Мартын 8, Цэргийн баяр болох гэж байна. Тэгэхээр зөвхөн хөгшчүүдийн өрийг дарна гэж туйлшралгүй бүх хүнд зээл олгож ашиг олох боломж харагдаж байгаа биз. Гэхдээ барьцаанд нь улстөрчдийн амлалтыг л авах ёстой шүү. Бэлнээр ч өгнө үү, хувьцаагаар ч олгоно уу, хамаагүй амлалтын өрийн бичиг гаргасан ч яадаг юм. Сүүлд энэ амлалт нь “чулуу” болж хувирч мэдэх юм. Мөнгөгүй монголчууд мөнгөнийхөө амлалтыг барьцаанд тавьж баяр тэмдэглэхгүй гээд хаачих юм бэ.
Тэгэхээр ийм сайхан боломж олгож байгаа улстөрчдөдөө баярлахаас өөр яах юм. Өмнө нь барьцаанд тавьчих юм олдохгүй зарим баярыг тарчигхан угтдаг байсан монголчууд улстөрчдийнхөө буянаар баяруудыг өртэй ч гэсэн элбэг хангалуун угтдаг боллоо. Ер нь шинэ оноо элбэг хангалуун л угтаж байвал өртэй ч байсан ямар хамаа байна. Одоо чинь цаг үе өөрчлөгдөөд хамгийн баян хүн хамгийн их өртэй байж, түүгээрээ гайхуулах болсон. Тэгэхээр энэ бизнес яг цагаа олж байна гэсэн үг. Ямартай ч “Цагаан сарын дараах өр дарна. Мартын 8, Цэргийн баяраар хэрэглэх мөнгө зээлдүүлнэ” гэсэн зарлал гаргасан байхад энэ сардаа таны утас байнга хангинах нь дамжиггүй. Эрэлт нийлүүлэлтийн хуульд захирагдаж л таарна.

Холбоотой мэдээ
Comments are closed.