Рок попын ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш уран бүтээл, хувийн амьдралынхаа элдэв асуудлаар олны анхаарлыг татаж эхэлсэн хүн бол дуучин Нара. Эротик загварын хувцсаар гоёх дуртай түүний илэн далангүй зан, эрхэмсэг байдал нь зарим нэгний дургүйцлийг төрүүлдэг ч, таалагдах хүн ч цөөнгүй.Харин уран бүтээлийн нэрээ Нара болгож өөрчилсөн М.Нарантуяа алдар нэр, амжилт бүхнээ ээжтэйгээ холбож үздэг юм билээ. Тиймээс энэ удаа түүнтэй ээжийнх нь тухай яриа өрнүүлсэн юм.
-Дуучин бүсгүйн уран бүтээл, хувийн амьдралыг сонирхдог хүн олон. Харин амжилт, алдар нэрийн эхлэл болж, арын албыг тань залгуулж явдаг ээжийнхээ тухай тэр бүр дэлгээд байдаггүй юм билээ, та?
-Ээжийн тухай бодол минь их нандин. Хүн бүр өөрсдийн гэсэн бурхантай байдаг шиг, ээж минь наддаа амьд бурхан. Зорьсон зүйлдээ тодорхой хэмжээний амжилт гаргаж, авьяас чадвараа хөгжүүлэн өдий зэрэгтэй явж байгаа минь ээжийн ач. Дэргэдээ ийм сайхан бурхантай учраас л би зөв гишгэж, зөв бодож, зөв амьдарч, амжилтанд хүрч чадсан гэж боддог. Ээж минь үгүй бол аливаа зүйлд буруу сонголт хийж, алдаж эндэх байсан ч байж магадгүй. “Төрөх үедээ л ээжийгээ улам ихээр хайрласан” гэж хэлэх хүмүүс бий. Харин би огт өөр бодолтой.Хэзээ ээж болохоо ч мэдэхгүй шүү дээ, би. Магадгүй гурав юм уу таван жилийн дараа үрийн зулай үнэрлэх байх. Гэтэл миний төлөө зориулсан эхийнхээ сэтгэлийг хайхрахгүй, өөрөө үртэй болсон хойноо бүгдийг ухаарна гэдэг дэндүү хайран. Ээжийнхээ тухай ярихаар би заримдаа уйлчих шахдаг юм (хоолой нь зангирав). “Хэрвээ энэ хорвоод ээж минь байхгүй болчихвол яана” гэж бодохоор л хамаг амьдрал орвонгоороо эргэх шиг аймаар санагдана. Би ямар ч үед өөрийнхөөрөө байх дуртай. Санаж бодсоноо илэн далангүй уудална. Зарим үед “Ээж аавын минь найзууд хараад юу гэж бодох бол” гэж санаа зовдог л юм. Гэвч ээж аав хоёр тиймэрхүү зүйлд ач холбогдол өгдөггүй. Тэгээд ч миний ярьж, хийж буй зүйлд минь тэнэглэл байдаггүй. Үр хүүхэд нь биеэ даасан зөв амьдралтай явах нь тэдний маань хүсэл мөрөөдөл.
-Ээжийнхээ ачийг хариулахсан гэж хүн бүр л боддог. Гэхдээ чухам хэрхэн, яаж хариулахаа мэддэггүй юм шиг ээ?
-Эхийн ачийг хариулж дийлэхгүй, энэ тэр гэж ярих нь бий. “Тэртээ тэргүй ачийг нь хариулж дийлэхгүй юм чинь” гээд улам тэнэглэж болохгүй шүү дээ. Баярлуулна гээд учиргүй том бэлэг авч өгөх юм биш. “Тансаг ордонд амьдруулж, шүүдрийн дуслаар цай чанаж өгнө” гэсэн фантастик юм яриад яах вэ. Хамгийн гол нь, би зөв амьдрах ёстой. Зорьсондоо хүрч, зөв явбал ээж минь баярлана. Энэ бүхэн ачийг нь хариулснаас ялгаагүй.
-Гомдоох үе бишгүй л байдаг байх. Тэр болгонд хэрхэн ойлголцдог юм бол оо?
-Би хамгийн сүүлд хайр дурлалын асуудлаас болж ээжийгээ зовоосон. Надаас болж бараг нэг жил зовсон байх. “Яана аа, хайртай охин минь ийм хүнтэй суучихвал хүсэл мөрөөдөл нь алга болж, амьдрал нь сүйрэх вий дээ” гэж битүүхэндээ шаналсаар байгаад бүр өвдчихсөн. Гэтэл би тэрийг нь ойлгохгүй, зөвхөн өөрийгөө бодоод л. “Та ер ойлгохгүй юм аа. Энэ чинь таны үе биш. Одоо цагт бүх зүйл өөр. Намайг тийм хүнтэй суулгахыг хүсч байна уу. Үгүй ээ, би ийм бодолтой, өөрийнхөө зүрх сэтгэлийг дагана” гэж уурлана. Гэвч харалган дурлалдаа сөхөрч унаад босч ирэхдээ л ээжийнхээ сэтгэлийг ойлгосон. Ямар тэнэг зүйл хийснээ бодож ичсэн, бас ээждээ маш их баярласан. Тэгж их зовж шаналан байж надад ойлгуулахыг хичээгээгүй бол өнөөдрийн энэ амьдралаа төсөөлөхөд ч бэрх. Би танигдахын аргагүй өөрчлөгдсөн байх биз. Тиймээс ээжийнхээ захиж хэлснийг сайтар сонсох ёстой. Эх хүн үр хүүхэддээ хэзээ ч худлаа хэлэхгүй гэдгийг ухаарсан. Үүнээс хойш би бүтэлгүй дурлал, ямар нэгэн тэнэг залуу гэх мэт шал дэмий зүйлээс бол ээжийгээ зовоохыг хүсэхгүй байна. Нэг эрийг олон эрээр юм уу олон эрийг ганцхан чухал эрээр сольж болно.Гэвч бурхан шиг сайхан залуу буугаад ирсэн ч би ээжээрээ солихгүй. Энэ алдаанаас би нэг л зүйлийг ойлгосон. Ямар ч үед ээжийгээ сайхан байлгах хэрэгтэй.
-Өвдөж зовохын алинд ч эхийн хайр энэрэл үгүйлэгддэг шүү дээ. Энэ бүхэнд тэр л орон зай, халуун сэтгэлийг яахан мартах билээ?
-Тийм ээ, үнэн. Уржнан жил би нэлээд өвдсөн. Эгээтэй л үхэх шахлаа. Тэр үед зөвхөн ээж минь л бодогдож байлаа. Ээж аав маань японд олон сар амьдарч, ажил төрлөө хөөцөлдөж байх хойгуур нь би биеэ зөв авч явахыг хичээсэн. Амьдралд өчнөөн асуудал тулгардаг шүү дээ. Өвчин зовлон хүнд хэлж ирэх биш. Тиймээс өвдөж зовох үедээ ээжийгээ л харуулдаж, ирэхээс нь өмнө үхэж болохгүй шүү гэж өөртөө анхааруулж хэвтсэн. Таргалах турах гэх мэт аар саархан асуудалд минь ч санаа тавьж явдаг ээжийнхээ ачлалыг яахин мартах вэ. Надад анхаарал халамж тавьдаг олон найз байдаг ч ээжийг минь гүйцэхгүй. Ийм их ачлалыг нь би заавал алдаж онож байж ухаарах албагүй шүү дээ. Тэртээ тэргүй, би нэг алдаанаас л бүхнийг ойлгосон. Алдаа гэдэг цагийн уртад ойлгох зүйл биш. Аль болох богино хугацаанд алдаанаасаа суралцаж, дахиж алдахгүй байх ёстой. “Ээжтэй хүн үхдэггүй” гэж ярьдаг юм билээ. Их үнэн үг шүү. Өвчтэй биед минь ээжийн гар хүрэхээр аяндаа л зүгээр болсон мэт сайхан санагддаг. Үнэнийг хэлэхэд, зарим үед үхээд өгмөөр санагдах нь бий. Зовж шаналсандаа биш шүү.Тодорхой агшинд хэн нэгэнд гомдсон юм уу уур бухимдалтай байх үед л тийм бодол төрдөг. Гэвч ээж аав минь ямар байдалд орохыг бодохоор үнэхээр тэнэг санагдана. Тиймээс аль болох дээшээ тэмүүлж, өөдөө өгсч явахыг хичээдэг болсон. Ээж аав минь байгаа цагт бид буруу алхам хийх эрхгүй.
-Ээж тань жүжигчин хүн. Гэвч мэргэжлээрээ ажиллахаа больсондоо одоо харамсдаг болов уу?
-Ээж минь залуудаа авьяаслаг, сайхан хүүхэн байсан. Хэрэв мэргэжлээрээ үргэлжлүүлж ажилласан бол өнөөдөр гавьяатын зэрэгтэй мундаг жүжигчин байх байсан. Хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан найз нөхөд нь ээжийн авьяас чадварыг их үнэлдэг юм билээ. Миний ээж таван хүүхэд төрүүлж өсгөн, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө хүсэл мөрөөдлөө орхисон. Сонгосон мэргэжлээрээ ажиллан амжилтанд хүрэх сайхан шүү дээ. Сайн хань, сайхан үр хүүхэдтэй болчихоод аз жаргалтай амьдралыг цогцлоох нь бас л нэгэн гайхамшиг. Ээж минь хааяа дотроо “Мэргэжлээрээ ажилласан бол ямар гоё вэ” гэж боддог ч байж мэднэ. Гэхдээ хэзээ ч “Би та нарыг төрүүлж өсгөх гэж хүсэл мөрөөдлөө хаясан” гээд харамсч байгаагүй. Тиймээс би ээжийнхээ хүслийг биелүүлж, урлагийн ертөнцөд хийж амжаагүй бүхнийг нь гүйцээнэ гэж боддог. Өнгөрсөн хугацаанд нэг их гавьтай зүйл хийгээгүй ч гэлээ, ээж минь надаар цаг үргэлж бахархдаг юм. Цаашид үүнээс илүү их зүйл хийж баярлуулна аа. Надад хэн нэгэнд бус, өөртөө өгсөн амлалт бий.
-Урлагийн ертөнцөд хөл тавихад тань ээжийн нөлөө их байсан болов уу?
-Мэдээж, маш их байсан. Жаахан байхдаа ээжийгээ дагаж Хүүхэд залуучуудын театрт их очдог байлаа. Хүүхэд насны минь мартагдахааргүй дурсамжийн нэг бол жүжигчдийн зураг. Театрын үүдээр дөнгөж ороход л “Жүжигчин Навааны Эрдэнчимэг” гэсэн бичигтэй ээжийн минь өөдөөс зураг угтдаг. Тэр олон зургаас хамгийн гоё нь миний ээжийнх гээч. Жүжигчдийн өрөөнд ороход толины өмнө тухалсан хөөрхөн эгч нар будаж шунхдаад л үнэхээр сонирхолтой. Би бүр амаа ангайгаад хараад зогсчихно. Өнөөдөр би өөрийгөө тодорхой хэмжээгээр монголын сайхан хүүхнүүдийн нэг болсон гэж боддог. Ийм байдлаар биеэ авах явах хүсэл мөрөөдлийг ээж минь надад өгсөн. Дунд сургуульд байхдаа нэг удаа Драмын театрт очиж кино пробонд орж үзлээ. Алдартай жүжигчдээс эмээсээр ортол тэнд байсан бүх хүн “Энэ чинь манай Эрагийн охин шүү дээ” гэж ярихыг нь сонсоод их баярласан. Зүгээр л нэг кинонд тоглох хүсэлтэй балчир охины хувьд, ээжийг минь хүн болгон таньдаг нь үнэхээр бахархалтай санагдсан хэрэг. Ээж минь одоо 50 хүрэх гэж байгаа хэрнээ биеэ үнэхээр гоё авч явдаг. Бас үйлэнд их уран шүү. Хамаг гоёлыг минь өөрөө оёж өгнө. Би багадаа өмсөх зүүхээр хэнээс ч дутахааргүй, дэгжин охин байлаа. Ээж минь Өмнөговиор овоглодог, аав Өвөрхангайнх боловч хоёулаа хотод төрсөн юм билээ. Айлын ганц охин болохоор ч тэр үү, ээж маань их эрх байж. Багаасаа л жүжигчин болно гэж хүсч тэмүүлсээр байгаад урлагийн замд орсон гэдэг. Харин аавтай минь хэрхэн танилцсан түүхийг сайн яриулж байгаагүй юм байна. Хоорондоо ярилцаж байхыг нь сонсохоор их л гоё дурлалын түүх өрнөсөн юм шиг ээ. Тухайн үед ээж маань олны харцыг булаасан сайхан хүүхэн, сайн жүжигчин. Аав том алаг нүдтэй, үргэлж хамт байхыг хүсмээр хөгжилтэй залуу байсан гэсэн. Хэн нь эхэлж дурлалын “дайралт” хийснийг нь мэдэхгүй ээ. Гэхдээ л социализмын хүнд хэцүү үед хэдэн хүүхдээ өсгөж, хүний дайтай амьдрахын тулд өнөөг хүртэл хамтдаа зүтгэж ирсэн тэднээрээ их бахархдаг шүү.
-Ээжийгээ хэр олон удаа баярлуулж байсан бэ. Хамгийн мартагдахааргүй мөч нь хэдийд тохиосон бол?
-Олон удаа баярлуулсан ч хамгийн гоё мөч нь хэдийд тохиосныг ээж өөрөө л хэлэх байх.Төрсөн өдөр нь арванхоёрдугаар сарын 28-нд болдог учраас бид онцгой арга хэмжээ зохиодог юм. Бараг манай гэр бүлийн уламжлалт баяр гэж болно. Би ээждээ өдөр бүр хайртай гэж хэлэх дуртай. Бусад хүн ээжийгээ зүгээр л “Ээж ээ” гэж дууддаг бол, би “Миний хайртай ээж” гэж хэлдэг шүү. Ээж минь намайг ажилдаа гарах үед цонхны цаанаас үргэлж гараараа даллаж үднэ. Тиймээс өглөө бүр цонх руугаа харсаар байгаад дасчихсан байна шүү. Ээжийг эзгүйд ямар уйтгартай гээч. Хол байвал “Хурдан ирээч ээ” гээд л утасдана. Ажил төрөл минь бүтэл муутай байсан ч цонхны цаана үдсэн ээжийгээ бодохоор сэтгэл цэлмээд явчихдаг юм. Хүмүүс намайг айлын ганц хүүхэд байх гэж андуурдаг.Найзууд маань хүртэл “Чи ийм том болчихоод ямар эрх юм бэ” гэж шоолохоор нь “Би ээждээ жаахан охин нь хэвээрээ л байгаа” гэж үг сөрнө өө. Үнэндээ ээж намайг хошуугаа цорвойлгож ирээд л эрхлүүлдэг байхгүй юу. Тэгэхээр ээжийгээ байгаа дээр нь ханатлаа эрхэлж авах хэрэгтэй (инээв).
Р.МӨНГӨН

Холбоотой мэдээ
Comments are closed.