antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2012 Comments are off

Х.Тэмүүжин: МАН-ынхны наймаа хэтэрч байна

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Долдугаар сарын 1-тэй холбоотойгоор төр иргэдээсээ уучлалт гуйх тухай буюу Хүний эрхийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй. Харин та дахин өргөн барьсан гэл үү?

-Долдугаар сарын 1-тэй холбоотойгоор уучлалт гуйх тухай асуудал бол дээрх тогтоолын төслийг зөвхөн нэг заалт нь. Энэ заалтыг зөвхөн Х.Тэмүүжин биш Хуульзүйн байнгын хорооноос гаргасан. Үүнийг угаас Хүний эрхийн үндэсний комиссоос 2009 онд гаргасан “Монгол дахь хүний эрхийн байдал”-ын илтгэлд дурдсан байдаг юм. Ингэхдээ долдугаар сарын 1-тэй холбоотой үймээн гарсны дараахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг онцолж авч үзсэн. Тухайлбал, тухайн үед эрх нь зөрчигдсөн, улмаар ойр дотнын хүн нь амь насаа алдсан хүмүүсээс төр уучлалт гуйх ёстой гэсэн дүгнэлт гарсан байсан юм.

Энэ дүгнэлттэй холбоотойгоор Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулж, хүний эрхийн зөрчилтэй холбоотой хэргийг шалгах үйл ажиллагаа явуулсны дүнд эрүүдэн шүүсэн, хоморголсон, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн зэрэг асар олон зөрчлийг илрүүлсэн. Тиймээс Хүний эрхийн үндэсний комиссын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой юм байна, түүгээр ч зогсохгүй нэмэлт тодотгол хийх ёстой юм байна гэж тус байнгын хороо үзсэн.

Долдугаар сарын 1-ний үймээнээр дөрвөн хүн буудуулж нас барсан, долоон хүн галт зэвсэгт шархадсан, нэг хүн угааргаж нас барсан. Үүнээс үүдэн нийгэм асар их айдаст автсан, иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан.

Нөгөө талаас сонгуулийн үеэр булхай гарч, сонгуулиа төр нь өөрөө зохион байгуулж чадаагүй гэдэг шүүмжлэл гарч байгаа. Ийм үед төр нь иргэдээ тухайн нөхцөл байдлын үед аюулгүйгээр авч гарч чадаагүй. Тиймээс дахин ийм асуудал гаргахгүй хэмээн амлалт өгч байгаагийн хувьд төр нь иргэдээсээ уучлалт гуйх ёстой л гэж үзсэн.

-Дахин өргөн барьсан төсөлд өөрчлөлт орсон уу?

-Харамсалтай нь хэлэлцүүлгийн үеэр МАН-ынхны дийлэнх гишүүд эсрэг кнол дарснаар санал унасан. Үүнийг Хууль зүйн байнгын хороо дахин хэлэлцсэн. Энэ хооронд Ерөнхийлөгчийн зүгээс тэртэй тэргүй уучлалт гуйчихсан учир тэр хэсгийг нь хасаад тогтоолын төслөө дахин оруулъя гэж шийдвэрлэсэн. Учир нь уг тогтоолын төсөл нь долдугаар сарын 1-ний үйл явдлаас сургамж авч төр, Засгийн газар юу хийх ёстой вэ гэдэг чиглэл байгаа юм. Тухайлбал, цагдаагийн байгууллагын зэвсэг хэрэглэх дүрэм журмыг илүү нарийвчлах, бүр цаашид галт зэвсэг хэрэглэх асуудлыг журамлах, нөгөө талаас цагдаа хуулийн байгууллагын шинэчлэлийг эрчимжүүлэх, эрхзүйн системийн хувьд дахин тодорхой алхам хийх зэрэгт тодорхой чиглэл өгч байгаа юм. Түүнчлэн цагдаагийн боловсон хүчний сэтгэлзүйн болон техник технологийг сайжруулахад ч анхаарах шаардлагатай гэж үзсэн.

-Ер нь энэ төслийг анх хэзээ өргөн барьсан юм бэ?

-Хоёр жилийн өмнө өргөн барьсан. Гэтэл сая намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хойшлуулчихлаа. Одоо хаврын чуулган эхлэнгүүт тогтоолын төслөө дахин өргөн барина даа.

-Долдугаар сарын 1-ний үймээнд оролцож байсан цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл бүхий хар дэвтрийн талаар та баримт дэлгэж байсан. Гэтэл тэр дэвтрийн эзэнд элдэв янзын дарамт ирж байгаа гэсэн. Та энэ талаар сонссон уу?

-Долдугаар сарын 1-тэй холбоотой, тэр тусмаа галт зэвсэг хэрэглэсэн асуудал хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаад явж байна. Энэ процесс нь хуулийнхаа хүрээнд л явагдана. Үүнд нь УИХ тэр бүр ороод байж чадахгүй, тийм эрх ч байхгүй. Тийм болохоор уг асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Хар дэвтэр биш л дээ. Уг нь өдрийн тэмдэглэл байгаа юм. Зарим нэг хүмүүс хар дэвтэр гэхээр буруу ойлголт төрнө гээд мушгиж байгаа байх л даа. Хэн нэг нь өш хонзон авах гээд гүтгэлгийн зүйл бичихийг хар дэвтэр гэдэг. Харин болсон үйл явдлаа тэмдэглэж байгаа зүйлийг өдрийн тэмдэглэл гэдэг. Цагдаа бол тухайн өдрүүдэд болсон үйл явдлыг л тэмдэглэл болгон хөтөлсөн.

Тэмдэглэл хөтөлсөн цагдаа болон түүний ар гэрийнхэнд дарамт шахалт үзүүлсэн, утсаар сүрдүүлсэн, тохиръё хэмээн хэлсэн зэрэг нь хэзээ, хэдэн цаг, хэний утаснаас гээд нэг бүрчлэн баримтаар нотлогдсон тул прокурор шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Энэ нь өөрөө шүн таслах ажиллагаанд саад болсон гэх тусдаа гэмт хэрэг байдаг.

-Хаврын чуулган хуралдах хугацаа тун хомс байгаа. Тэгэхээр энэ хугацаанд дээрх тогтоолын төслийг хэлэлцэж амжих болов уу?

-Яаж ийгээд амжуулахыг хүсч байна. Энэ төсөл маань тогтоол болж гарахгүй байгаа болохоор төр засаг маань долдугаар сарын 1-ээс сургамж авахгүй байна. Дахин ийм асуудал үүсвэл яах вэ, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх юм. Ер нь цаашид олон түмний итгэл алдарчихсан байгаа ийм үед хууль, шүүхийн байгууллага юу хийх юм зэрэг асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой.

Үүнээс тойрч зугтаагаад байгаа хүмүүс байна. Хууль, шүүхийн байгууллагыг шинэчилнэ гэхээр л өөрийнх нь хувийн асуудал ч шйдэгдчих гээд байгаа юм шиг адгаж, уурлаж, босч ирдэг хүмүүс байгаа учраас асуудал ийм удаан явж байна. Ямар нэгэн байдлаар шийдүүлнэ гэсэн л зорилготой байна.

-Өнгөрөгч арванхоёрдугаар сард тогтоолын төслийг хэлэлцэх үед гишүүд нэлээд маргасан. Энэ үеэр та МАН-ыг алуурчин нам гэж хэлсэн хэмээн тус намын жирийн гишүүн гомдол ирүүлсэн байна лээ. Та тэр гомдлын бичигтэй танилцсан уу?

-Тийм гэсэн. Өргөдлийг нь биечилж хараагүй байна. Дам л сонссон. Хамгийн гол нь төр нь ард иргэдээсээ уучлалт гуйя гэсэн. Гэтэл МАН өөрсдөө уучлалт гуйх гэж байгаа юм шиг уурлаж, бухимдсан. Яг үнэндээ тэднийг уучлалт гуй гэж хэн ч хэлээгүй. Харин ард түмний эв нэгдлийн илэрхийллийн хувьд төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч уучлалт гуйх нь зөв юм байна гэж ярьсан. Гэтэл МАН-ынхан эсэргүүцэхээр нь “Та нар ард түмнээсээ уучлалт гуйх эр зориг байхгүй байж өөрсдийгөө ардын гэж нэрлэх хэрэггүй. Алуурчны нам гэж нэрлэ” л гэж хэлсэн. Энэ үгэнд гомдсон МАН-ын нэг гишүүн УИХ-д хандсан байна лээ.

Яг үнэндээ тэр гишүүн яагаад, юунд гомдсоныг нь би ойлгохгүй байна. Гутаасан гэж үзсэн юм уу, доромжилсон гэж үзсэн юм уу. Гутаасан гэдэг бол худал мэдээлэл цацсан гэж ойлгоно. Доромжилсон гэвэл тодорхой нэг шинжийг нь муу болгож ярьсан зүйлийг хэлдэг.

Тэгэхээр хэрэв доромжилсон гэж ойлгож байгаа бол тийм шинж буюу алуурчин шинж МАН-д байгаа гэсэн үг. Энэ үндэслэлийг нь гүйцэд сайн сонсоогүй учир би twitter дээрээ “Байгууллагын нууц задалсан гэж гомдоогүй байгаасай” гэж бичсэн. Их нууж байсан зүйлийг нь хэлчихсэн юм биш биз дээ.

-Өргөдөлд таныг МАН-ынхнаас уучлалт гуйх ёстой гэсэн байсан?

-Хүн алчихаад, алах хэмжээний алдаа гаргачихсан хүмүүс уучлалт гуйгаагүй байхад би зүгээр нэг зарчим ярьсныхаа төлөө уучлалт гуйна гэж байхгүй.

-Хоёр намын гишүүдээс өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслүүдэд талууд тохирч чадалгүй байсаар намрын чуулганаа хаачихлаа. Одоо тэгвэл ээлжит бус чуулганаараа баталж чадах болов уу?

-Орон нутгийн сонгуулийн хууль нь угаас хоёр сонгуулийг хамт явуулна гэсэн хуультай. Энэ хуулиараа явбал асуудал байхгүй л дээ.

Оны өмнө баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэлээд дэвшил гарсан. Мөнгө тараадаг, амладаг байдлыг хязгаарласан, хүлээлгэх хариуцлага нь тодорхой болсон. Нөгөө талаас тооллого автоматжиж хувь хүний оролцоо багассан учир булхай, луйвар гэдэг зүйлийг хязгаарласан. Иргэний бүртгэлийг баталгаажуулаад ирэхээр бүртгэлтэй холбоотойгоор санал луйварддаг байсан зүйл багасна гэх мэт ололттой зүйл байгаа юм. Энэ ололтуудыг Орон нутгийн сонгуульд оруулъя гэхээр МАН-ынхан “Үгүй ээ. Үүнийг чинь ийм юмаар барьцаалж байна” гээд байна. Тэдний наймаа хэтэрч байна. Тэд ямар зах дээр наймаа хийж байгаа биш. Үнэхээр улс оронд хэрэгтэй гэсэн ололтуудыг хийгээд явъя гэхэд зөрүүдлээд, “тэгвэл өмнөх парламентын үед шийдчихсэн байсан хоёр сонгуулийг хамт явуулъя гэснээ больё” гэж наймаа хийдэг арчаагүй арга хэрэглээд байгаа юм.

-МАН-ынхныг харж байхад Шүүхийн тухай багц хуулийг баталж өгвөл Төсвийн тухай хуулийг баталж өг хэмээн барьцаалснаар намрын чуулган өндөрлөсөн шүү дээ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай, Шүүгчийн эрх-зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх болохоор л завсарлага аваад барьцаалчихдаг. Ингэж өөрсдийнхөө хүссэн зүйл рүү явахын тулд юу ч хамаагүй барьцаалж байдаг. Тэр барьцаалж байгаа зүйлд нь улс орон дампуурч байна уу гэдэг нь огт хамаагүй гэдэг ийм араншингаа татах хэрэгтэй. Энэ арчаагүй, атгаг зүйлээс чинь болоод улс орон маань хөгжиж чадахгүй байна. Сая чуулган хаахаас өмнө Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцээд баталчих бүрэн боломж байсан шүү дээ.

-Цагаан сарын өмнө Ерөнхийлөгч хүчний байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ үүнд нэлээд дургүйцэж байгаагаа илэрхийлж байсан?

-Ээлжит бус чуулганаар баталчих байлгүй дээ. Хэрэв батлахгүй бол эд ямар нүүрээрээ сонгуульд орох юм. Нийгэм шударга ёсыг хүсээд, хууль шүүхийн байгууллагыг шинэчлээд өгөөч гэж ард түмэн ардчилсан Ерөнхийлөгчийг сонгосон. Тэгэхээр нийгмийн хүлээлт, шаардлага энэ байж. Энэ шаардлага, хүлээлтийн эсрэг байгаа хүмүүс сонгуулиар юугаа ярьж очих юм. Тэд сонгогчдын өмнө очоод нөгөө сайхан жүжгээ тоглоод л шударга ёс ярих байх л даа. Гэхдээ бодит байдлыг сонгогчид хэлнэ шүү дээ.

Ерөнхийлөгч бол шууд хэлсэн байна лээ. Энэ хуулиудыг батлахгүй бол сонгож болохгүй гэсэн хүмүүсийн нэр дор оруулж зарлана гэж. Ер нь бол ийм арчаагүй нөхдийг бол зарлах л хэрэгтэй л дээ.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх өөр нэг асуудал бол төсвийн тодотголын асуудал байгаа…

-Энэ талаар оны өмнө ярьж болох байсан. Тухайн үед тэдэн сарын төднөөс цалин нэмье гэж тохирч Төсвийн тухай хуулиа баталсан. Мөн үүнээс хойш бэлэн мөнгө өгөх асуудал байхгүй гээд Сонгуулийн тухай хуулиа ч гаргасан. Гэтэл он гарангуут гэнэт ухаан орсон мэт цалингаа хугацаанаас нь өмнө нэмнэ гээд ороод ирлээ. Үүнийгээ зөвтгөхийн тулд Алтан сарнайгаараа шагнасан хүнээрээ жагсаал цуглаан хийлгээд л. МАН-ынхны хувьд бол иргэний хөдөлгөөн, МҮЭ гэдэг бол зүгээр нэг тоглоом нь болж хувирчээ. Тэд бол мөнгөө аваад чарлаж байдаг цагаан хоолой нь л юм байна. Ийм увайгүй байдал нь газар аваад ирэхээр асуудал үүсээд байгаа юм. Уг нь бол сонгууль болтол дөрвөн сарын хугацаанд ард түмэнд ийм мөнгө өгнө гэж буруу хүлээлт үүсгэж, 2008 оныхоо алдааг давтахгүй байх нь чухал. Энэ алдаанаас болж долдугаар сарын 1 гэх мэт нийгмийн олон бухимдал гарсан. Гэтэл нэг явсан замаараа дахиад явах гээд байгаа юм шиг ааш араншин гаргаад байгаа нь таатай санагдахгүй байна.

Т.ГЭРЭЛМАА


ӨДРИЙН СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car