“Хөвсгөл- Нэг үе” клубын гүйцэтгэх захирал Г.Чингүнжавтай ярилцлаа.
– “Хөвсгөл Нэг-Үе” клубийн 10 жилийн ой энэ жил болж байгаа юм байна. Анхны шаваа тавьж, нэрээ өгч, нэгдэж байсан үе хамгийн тод дурсамжуудын нэгд яалтгүй ч орж таарна. Ямар бодол өвөрлөж, зорилго тээж ийм клуб байгуулж байв аа?
-Бид чинь анхнаасаа учиргүй төлөвлөөд л, хэтийг хараад л, том зорилго тодорхойлоод нэгдчихээгүй юм аа. 2007 оны хавар Улаанбаатар хотод Хөвсгөлчүүдийн дунд болсон нэгэн тэмцээн дээр уулзалдсан үеийн хэдэн залуус хүүхэд бага насаа дурсан, төрсөн нутгийнхаа тухай ярилцан, хааяа уулзан өөрсдийн дуртай сагсан бөмбөгөө тоглож байх талаараа ярилцан суусан нь клуб байгуулагдах эхний алхам болжээ. Залуус ойр ойрхон уулзацгаана. Гэхдээ уушийн газар шар айраг шимж буу халцгаах гэж биш, зааланд сагс тоглохоор цугларна. Уулзах уулзалт нь ойр ойрхон болсоор, нөхөрлөлийн холбоо зузаарч, бие биендээ итгэх итгэл нэмэгдсээр л байлаа. Сүүлдээ ч бидний эгнээ өргөжиж, сагсан бөмбөгд хорхойсох нутгийн залуус олширсоор, олон болох тусам сонирхол, хоббиноосоо хальж, нутгаа хөгжүүлэх чиглэлээр ажиллах “галыг” өрдсөн гэх юм уу даа. Тэгээд ч спортооос гадна өөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай болохоор хүссэн хүсээгүй төрийн бус байгуулага байгуулах хэмжээнд очсон юм.
Хөвсгөл аймаг маань сагсан бөмбөгийн спортын түүхэн уламжлалтай. Бид ч анхны зохион байгуулалттай арга хэмжээгээ клубын гишүүн, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Ж.Майбаярт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхлүүлж байлаа. Тус арга хэмжээг 2008 оны 5-р сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгуулж, нийтдээ 100 -аад тамирчид оролцож байлаа. Ингээд эргээд харахад биднийг яах аргагүй бага наснаасаа дурлаж, тоглож өссөн сагсан бөмбөг нэгтгэж дээ. Ийм болохоор ч бид 2009 оны намраас хойш тасралтгүй найман жил зааланд тоглож байна. Зун л сар гаруй завсарладаг. Бусад үед тогтмол. 7 хоног болгон 2-3 цаг тоглоно. Сонирхуулхад энэ хугацаанд тоглосон цагаа тооцоод үзэхээр 1,5 сар тасралтгүй зааланд хамтдаа тоглосон байхаар тооцоо гарч байсан шүү. Зааланд үе үеийн сагсчид цуглана. Лигийн тамирчид ч ирнэ. Залуу, дунд, ахмад үеийнхэн, бүсгүйчүүд маань ч ирнэ. Биднийг нэгтгэсэн гол зангилаа нь спорт болоод ч тэрүү цаг зуурын бэрхшээл, үл ойлголцол, саад тотгорт бүдчээгүй 10 хаврыг үдэж, энэ жил 10 жилийн ой тохиож байна.
–Нэг үе клуб гэхээр залуу үеийн төлөөлөл л багтдаг юм уу. Үүсгэн байгуулагч нар нь он цагийн аясаар нас нэмж, ахмадуудын эгнээнд орох нь мэдээж. Тэр үед энэ клубээрээ овоглосоор байх уу?
-Нэрний талаар буруу, зөрүү ойлголт гараад байдаг юм. Боломж олдсон дээр сайн тайлбарлахыг хичээе. Нэг үе гэхээр зөвхөн залуу хүмүүсийг хэлдэггүй биз дээ. Энэ цаг үед амьдарч байгаа хамгийн өндөр настай азай буурлаас эхлээд дөнгөж төрж байгаа нярай хүүхэд ч нэг үеийнхэн шүү дээ.Би өнөөдөр хөгжмөөр илэрхийлэхийн гайхамшгийг үзүүлж байгаа Н. Н.Жанцанноров, үгээр урлахын тансагийг харуулж яваа Б.Лхагвасүрэн, гүн сэтгэлгээ, уран бүтээл дэх ёс суртахууны үзлийг номлож байгаа Д.Урианхай найрагчтай нэг үед амьдарч байгаагаараа бахархдаг. Манай клубд нас, зүс, шашин шүтлэгийн ямарч ялгаварлал байдаггүй. Тэр ч байтугай хатуу гишүүнчлэл ч үгүй. Хүссэн хүн бүрт хаалга маань нээлттэй. Үйл ажиллагаанд оролцохгүй ч гэлээ сэтгэлээрээ дэмжиж байгаа хэн нэгэн ч манай клубын л гишүүн. Заавал тамгатай бичиг, хавтасласан үнэмлэх, оноож бүртгэсэн бүртгэлээр хүмүүсийг хайрцаглахыг хүсдэггүй. Нутгаа гэх сэтгэл өвөрлөсөн, бусдын тусламж хайсан үед алгаа дэлгэх бодолтой, өөрийгөө л болгоё гэсэн аминчхэн үзэлдээ автаагүй хүмүүс бидэнтэй нэгдсээр л, бидний хүрээ өргөжсөөр л байна. Зөвхөн нийслэл, Хөвсгөл аймаг гэлтгүй Дархан, Эрдэнэтэд ч манай клубын салбарууд бий.
Хүмүүс хүчээр биш сэтгэлээрээ нэгдэхээрээ олон ч зүйлийг хийж, бүтээж чаддагийг энэ арван жилийн хугацаанд “Хөвсгөл-Нэг үе клуб” харуулсан гэж ам бардам хэлнэ ээ.
– Энэ хугацаанд клубын хийсэн, бүтээсэн ажил үйлс амар, хялбар бүтээгүй л байх. Үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл тохиолдож байв?
-10 жил гэдэг тийм ч богино хугацаа биш. Хүн дээр авч үзвэл төрөөд, хөл, хэлд ороод, цэцэрлэгээр дамжаад дунд сургуульд сурч байх үе шүү дээ. Хүний амьдралд тохиолдож байдаг баяр, жаргал, зовлон гуниг бүх л зүйл ялгаа байхгүй манай хамт олонд тохиолдож л байлаа.. Энэ хугацаанд олон л асуудал тохиолдсон ч бид хамтдаа л…Одоо хүртэл бие биенийгээ гэсэн сэтгэл нь хэвээрээ. Нэг өдөр ам зөрөх, муудалцах үе байх ч маргааш бие биенийгээ гэцгээдэг юм. Зарим нь таяг тултлаа, хорвоогоос буцталаа хамтдаа зүтгэнэ ээ гээд инээлдэцгээдэг юм. Бусдын сайн сайхны төлөө хамтарч ажиллахаар, тодорхой арга хэмжээг нийлж зохион байгуулахаар, улам бие биеэ мэдэрч ойлгон нэг гэр бүлийн хүмүүс болсон мэт санагддаг.Тэр хэрээрээ бие биенээ үгүйлж, хэсэг хугацаанд л завсарлахаар хэзээ уулзах уу, цаашид хэрхэх үү гээд үнэхээр өөриймсөг ханддаг. Сайн үйлс дандаа сайныг дагуулдаг гэдэг дээ. Тийм болохоор л олон хүний сэтгэлийг хурааж, бүтээх, дэмжих, туслах үйлст хүмүүс татагддаг болов уу.
-Мастер лиг, Спрайт лиг гээд улсын чанартай тэмцээнүүдэд “Хөвсгөл–Нэг үе” баг ширүүхэн өрсөлдөгч шүү…
-Тийм шүү. Бид л тэр бүр гаргасан амжилт, олсон ололт, тусласан тусламж, хийсэн ажил болгоноо зарлаад, сурталчлаад байдаггүй болохоос биш. Манай клуб арвин түүхтэй. “Хөвсгөл-Нэг үе” клубээр овоглосон тамирчид улсад тэргүүлж л явна. Зарим нэг амжилтаас нь дурсах юм бол Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан 2011 оны насанд хүрэгчдийн УАШТ-нд “Хөвсгөл-Нэг Үе” клубын насанд хүрэгчдийн эрэгтэй баг түрүүлэн Хөвсгөл аймгийн баг анх удаа улсын аварга болж байсан юм. Эмэгтэйчүүд маань Спрайт супер лигийн 3 удаагийн дархан аварга. Ахмад сагсан бөмбөгчдийн УАШТ-нээс эрэгтэйчүүдийн баг нэг мөнгө, хошой хүрэл медаль, эмэгтэй баг маань алт, мөнгө, хүрэл медаль авсан амжилтыг үзүүлсэн. Мөн эрэгтэй баг МСБХ-с зохион байгуулдаг “Masters leage”-ын тэмцээнд амжилттай оролцон алт болон хүрэл медаль авсан гэх мэт олон амжилтыг дурдаж болно.
Клубын хамт олон тэмцээнд оролцохоос гадна спортын олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал жил бүр клубынхээ аварга шалгаруулах уламжлалт тэмцээнээ хийдэг. Анх тэмцээн маань нэг насны ангиллаар, нэг спортын танхимд багахан хүрээнд зохиогддог байсан бол өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт 1000 орчим оюутан, залуус, дунд, ахмад насны тамирчид оролцсон спортын 4 төрлөөр зохиогддог арга хэмжээ болтлоо өргөжин тэлжээ. Энэ тэмцээн тамирчдын төдийгүй Хөвсгөлчүүдийн хүсэн хүлээдэг, хоорондоо уулзан, учирдаг халуун дулаан уур амьсгал бүхий уулзалт болжээ.
Мөн спортын хэд хэдэн төрлөөр Хөвсгөл аймагтаа уралдаан тэмцээн зохион байгуулж байлаа. Одоо ч зарим нь тогтмол үргэлжлэн явагдаж байгаа. “Хөвсгөл-Нэг үе” клубийн 5 жилийн ойг тохиолдуулан нийтдээ 1000 орчим тамирчдыг хамарсан өсвөр наснаас эхлэн ахмад үеийг хамарсан сагсан бөмбөгийн тэмцээн, 7 насны ангиллаар шатрын тэмцээн Мөрөн хотод зохион байгуулж байлаа. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сондгой сар бүр “Алтандуулга аваргуудын хийморь” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг байсан нь алдарт гурван аваргын өлгий нутаг Хөвсгөлөөс ирээдүйн их аварга төрөх итгэл хүслийг бадраахад чиглэсэн хэрэг. Энэ нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч өнөөдөр ид барилдаж гарч ирж байгаа аймгийн арслангууд энэ тэмцээнээс төрөн гарсан байдаг.
Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах боксын өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнийг 2013 оноос эхлэн ивээн тэтгэж, зохион байгуулж ирсэн. Мөн үүнтэй холбоотойгоор клубын дэргэд боксын спортын “ONE” клуб байгуулагдаж, ажиллаж байна. Энэ клубын маань өсвөр үеийн тамирчид тэмцээн, наадамд амжилттай оролцож байгаа. Эхний том амжилтаас дурдвал нэг тамирчин маань Хүүхдийн IV их наадмаас алтан медаль, ОХУ-д зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан медаль, Улсын ЗАШТ-аас алтан медаль, шилдэг тоглогч шагналыг авч, улсын шигшээ багийн тамрчин болоод байна. Энэ амжилт бидэнд урам өгч, цаашид илүү ихийг хийх эрч хүч хайрладаг юм аа.
-Клубынхээ дэргэд яагаад боксын клуб байгуулсан юм бэ?
-Бокс бол тэвчээр, эр зориг шаардсан амаргүй спортын төрөл. Нөгөө талаасаа манай Хөвсгөл нутгийнхан бие бялдрын хөгжил сайтай, эрэмгий, зоримог зан чанартай гээд нутгийн онцлог бий л дээ. Тэр дундаа өвөлдөө хасах 50 орчим хэм хүртэл хүйтэрдэг дархадын хотгорт өссөн хүүхэд цээж, гартаа их бяртай. Манай дасгалжуулагч шинжлэх ухааны үндэстэй, судалгаатайгаар тамирчдаа бэлтгэж байна. Энэ боксын клубын гол зорилго гэвэл олимпийн аварга төрүүлэх. Хөвсгөл нутгаас олимпийн аварга төрөх нь нутгийнхан төдийгүй Монгол түмнийгээ баярлуулж, эх орныхоо тугийг мандуулж, нэрийг нь дэлхий дахинд цуурайтуулна шүү дээ. Бэлдэж байгаа тамирчид маань 2020, 2024 оны олимпоос сайн мэдээ дуулгана гэж найдаад л байгаа. Мөн энэ клубтээ Хөвсгөл аймгийн бага нас, өсвөр, залуучуудын шигшээ багаа УАШТ гэх мэт томоохон тэмцээний өмнө авч ирэн бэлтгэж, тэмцээнд нь оруулдаг юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд медалийн тоо, чанар сайжирсаар байна. Спортод азтай л бол амжилт гаргачихдаггүй, байнгын бэлтгэл, мохошгүй зүтгэл, тасралтгүй сургуулилалт хийж байж л амжилт гаргана.
–Танай клуб маш олон спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Тамирчдыг ч бэлдэж байгаа юм байна. Спортоор дамжуулж, залуу үеэ төлөвшүүлэх, хөгжүүлэх гэсэн эрмэлзлэл дүүрэн юм шиг ээ ?
-Спорт бол аугаа. Энэ дэлхий дээр спортоос илүү олон хүмүүсийг хооронд нь нэгдэж нийлүүлдэг, уйлуулж, дуулуулдаг, бүх зовлон зүдгүүр, хэцүү зүйлүүдийг мартуулдаг, баяр баясгалан бэлэглэдэг үйл байдаггүй болов уу гэж боддог. Бид спортыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа багийн спортыг дэмжих тал дээр идэвхтэй ажиллаж ирсэн. Багийн спорт нь хувь хүмүүсийг бусадтай хамтран ажиллах, бусдыг хүндлэх, мэдээлэл солилцох, хамтын шийдвэр гаргах, багаар ажиллах гэх зэрэг олон чухал харилцааг мэдрүүлэн амьдралын ухаанд суралцуулж байдгаараа их өгөөжтэй юм болов уу гэж боддог.Иймээс бид спортын уралдаан тэмцээн олныг зохион байгуулж, олон хүнийг хамруулж байх, олон уралдаан тэмцээнийг дэмжиж оролцох, олон олон тамирчиддаа их, бага ч болтугай материаллаг болон оюун санааны дэмжлэг туслалцаа үзүүлэх юмсан хэмээн хичээн зүтгэж байдаг. Өөрөөр хэлбэл спортоор дамжуулан нийгмийнхээ тодорхой хэсэгт ч гэсэн хүмүүжлийн зөв төлөвшлийг бий болгохыг зорьж байдаг юм. Энэ ч утгаараа манай аймгаас улс болон олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнд Хөвсгөл нутгаа, Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчиддаа хүч бололцооныхоо хирээр тусалсаар ирсэн. Бидний дэмжлэг хүрээгүй тамирчид, тэмцээн цөөхөн болов уу. Энэ бүхэн нь клубын хамт олны маань бусдыг гэх сэтгэлийн л хүч юм шүү дээ.
–Та түрүүн зөвхөн спорт гэлтгүй нутаг руугаа чиглэсэн олон ажлыг хийж ирсэн гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-“Хөвсгөл-Нэг үе” клубийнхэн нутаг амьтай шүү дээ. Зуд болсон ч, түймэр гарсан ч, бэрхшээл тулгарсан ч хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгах гээд гүйцгээж байдаг. Санаачилсан зүйл ч бишгүй бий. Зөвхөн спорт гэлтгүй соёл урлаг, малчид, хөдөө аж ахуйн салбар, байгаль хамгаалах, олон нийтийн оролцоог дэмжих гээд Хөвсгөлийн хөгжилд чиглэсэн олон зүйлд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Хөвсгөлийн залуу, авьяаслаг уран бүтээлчдийг бүтээлээ гаргах, CD хэвлүүлэх, тоглолт хийх, тайлан тоглолтыг ивээн тэтгэх гээд чадал, бололцооныхоо хэрээр дэмжиж ирсэн. “Нэг үе” гээд урлагийн хамтлагтай. Таван дуучин залуу бий. Одоо ч тэд маань урлагийн амьдралдаа хөл тавин өөр өөрийн үүрээ засаж байх шиг байна.
Үхэл, амьдралынхаа зааг дээр өвчиндөө шаналж байгаа нутаг нэгтэндээ тусалсан нь ч тийм цөөн биш шүү. Өвөлжилт хүнд байгаатай холбоотойгоор Хөвсгөл аймгийн нийт малчдад малын амин дэм тэжээл болох “ашигт долооц” тарааж, зуданд нэрвэгдсэн нутгийн малчин түмэндээ тусламжийн өвс тэжээл бараа материал хүргэсэн гээд нэг бүрчлэн яривал нэлээд урт түүх хөвөрнө өө.
Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулганыг анхлан санаачлан хийж, энэ нь улс орны хэмжээний ажил болж өрнөж байсан юм. Монгол малыг эрүүлжүүлэхэд чиглэсэн “Таван-Эрдэнэ” хөтөлбөрийг эхлүүлж, малжуулах, малчдын хамтарч хорших сэдлийг дэмжиж малчидын зөвлөлгөөнийг ч хийж байсан удаатай. Жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгч, нэг үеийн найз нөхдөө дэмжих “Нэг ангийнхан” санг амжилттай эхлүүлэн ажиллаж байлаа.
-Хөвсгөл аймгийн төвд байгуулсан цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр хөгшидийн нарлах, залуусын сагс тоглох, хосуудын зугаалах, хүүхэд салхилах орчин болсон байна лээ?
– Тийм шүү. Биднийг хүүхэд байхад энэ цэцэрлэгт хүрээлэн битүү модтой, дотор нь юу байгаа нь харагддаггүй, хүүхдүүд шалгалтандаа бэлтгэж хичээлээ уншдаг, багачуудын тоглох дуртай, хосуудын болздог тийм л дурсгалтай газар байлаа шүү дээ. Нийгмийн шилжилтийн хэцүү үед доторх модыг нь тайрч түлээд, хашаа хайс нь үрэгдэж алга болоод бараг 100 хувь устсан гэхэд болно доо. Тиймээс манай хамт олон санаачлага гарган засч тохижуулж, мод тарьж, зүлэгжүүлж, усан оргилуур босгож, “Нэг үе” цэцэрлэгт хүрээлэнг 2011 онд байгуулсан юм. Чамгүй ч хөрөнгө зарцуулсан. Өнөөдөр нутгийн зон олны чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж болсныг харахад урамтай.
“Хөвсгөл-Нэг Үе” клубийнхэн нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд оролцсон ажил их бий. Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөө дурсгалын цогцолбор, Гурван аваргын хөшөөг босгоход гээд л…
-Ямар үеийг бэлдэнэ, тийм ирээдүй хүлээж буй гэсэн үг байдаг. “Хөвсгөл нэг үе”клуб оюунлаг, боловсролтой иргэнийг бэлдэх, нутгийн хөгжлийн чиглэлээр чамгүй олон ажил хийсэн байх аа?
-Хөвсгөл аймгийн оюутнуудын дунд “Хөгжлийн шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил дараалан явуулж, сурлагаараа тэргүүлсэн оюутнуудын төлбөрийг хариуцах зэрэг оюутнууд, сурагчид руу чиглэсэн олон үйлсийг эхлүүлж зохион байгуулж ирсэн. Нутгийн зөвлөлтэй хамтарч “Хөвсгөл форум”-ыг анх байгуулж байсан гэх мэт олон ажлуудыг хийсээр ирсэн.Монголын нийгмийн хүнлэг, боловсон, чадварлаг эд эсүүдийг бойжуулж өсгөж өндийлгөхөд оролцох нь иргэний үүргээ биелүүлж байгаа л хэрэг гэж бид боддог.
-Энэ олон ажлыг яаж санхүүжүүлдэг юм бэ?
-Санхүүжилт гэж бусдаас нэг ч төгрөг авдаггүй. Нутгаа гэх сэтгэлтэй, манай клубын гишүүдийн халааснаасаа гаргасан хөрөнгө, хандив, оролцоо, зүтгэлээр ийм олон ажлын ард гардаг юм шүү дээ.
-Бусдын төлөө алгаа тэнийлгэх бүрт ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хийсэн, тусалсан, бүтээсэн, зохион байгуулсан ажил бүхэн маань үр дүнтэй болох, тэмцээнд явсан тамирчин маань медаль авах, эмчилгээнд явсан хүн эдгээд ирэх, ивээн тэтгэсэн уран бүтээл нь олонд таалагдах бүрд үгээр илэрхийлэшгүй, тийм л нэг сайхан мэдрэмж төрдөг. “Хөвсгөл нэг клуб”- ын гишүүн болсноор материаллаг гэхээсээ оюун санааны хувьд илүү их таашаал мэдрэмж авдаг болов уу гэж бодож байна. Бусдыг баярлуулж өөрсдөө хамт баярлаж, бэрхшээл тохиолдоход хамтдаа даван туулж бие биедээ чадах зүйлээрээ тусалж байгаа нь л сайхан юм даа. “Амьддаа бие биенээ хайрла” гэж хэлсэн нэрт найрагчийн үг юутай үнэн. Уйлж байгаа хүний нулимсыг арчлаа, сөхөрч суусан нэгнийг өндийлгөөд босголоо, сүхээр цохиулсан мэт сүр хүчээ алдсан нэгэнд сэтгэлийг нь сэргээх үг хэллээ гээд таниас юу ч хорохгүй. Хүнд алгаа, сэтгэлээ тэнийлгэж, материаллаг болон сэтгэлийн дэм хайрлаад тухайн хүний харцыг хараарай. Танд л ерөөл ирнэ. Сайн ерөөл, сайхан бүхэн цуглахаар буян болон арвижиж таны алхах замыг тань улам тод гэрэлтүүлдэг ч байж мэднэ.
–Клубийнхээ 10 жилийн ойг угтаж далай ээж хүртэлх 280 гаруй км замын хогийг цэвэрлэх ажлыг та бүхэн санаачилж, аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн гэл үү?
-Тийм ээ. 10 жилийнхээ ойгоор аль болох хүнд хэрэгтэй, өгөөжтэй ажил хийчих юмсан гэж хичээж байгаа юм, бид бүхэн. Булган аймагтай хиллэдэг Намнангийн араас Хөвсгөл далай хүртэлх замын хогийг цэвэрлэх саналыг Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, ЗДТГ-т тавихад хүлээж авч хамтран хэрэгжүүлсэнд баяртай байгаа. Бидний санаачилсан ажил маань Засгийн газраас гарсан шийдвэртэй ч давхцаж, орон нутгийн удирдлага дэмжин хүлээн авсанаар төрийн байгууллагын албан хаагч, иргэдийн оролцоотойгоор цэвэрлэлээ. Нийтдээ 280 км замын орчныг цэвэрлэж, 202 тонн хог хаягдлыг хогийн цэгт төвлөрүүлсэн. Энэ цэвэрлэгээний аянд 61 албан байгууллагын 1446 албан хаагч, 7-н сумын 300-гаруй иргэн гээд нийтдээ 2000 орчим хүн оролцсон мэдээг Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас гаргаад байна. Анх удаа ийм урт зам дагуух хогийг цэвэрлэж байгаа юм. “Хөвсгөл –Нэг үе”клуб байгаль хамгаалах чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэхээс гадна хог цэвэрлэхэд шаардлагатай байгаа шуудай, гарын бээлий зэрэг ажлын багаж хэрэгслээр ч тусалсан. Далай ээж хүрэх энэ замаар зорчиж байгаа хэн бүхэн, нутаглаж байгаа нутгийн иргэд, дайран өнгөрөх иргэн бүр хогоо битгий хаяарай гэж онцолж хэлмээр байна Хог хаяхгүй байх нь тийм ч хэцүү зүйл биш ээ. Хүн хичээвэл өөрчилж болох зүйл.
Мөн түүнчлэн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бидний хийх дараагийн ажил бол Тариалан сумын нутаг Намнан уулын араас Хатгал тосгон хүртэлх аялал жуулчлалын гол урсгал дагуу байгаль орчноо хайрлах, хамгаалах экологийн боловсрол олгох зорилгоор сурталчилгааны самбар босгох бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.
Дараагийн нэг том ажил бол Хөвсгөл аймгийн засаг даргатай хамтран орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрхэлж буй үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн гол бодлогын хүрээнд “One World One Khuvsgul” фестивалийг 7 дугаар сарын 21-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаа нь үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт буюу цэнгүүн гэсэн үндсэн хэсгүүдээсбүрдэнэ.
Мөрөн хотын төв гудамжинд аймаг орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН-үүд, гар урчууд, хувь хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Бусад аймаг, нийслэлээс ч оролцохоор саналаа ирүүлж байна. Энэ үеэр бүтээгдэхүүний үнийн онцгой хямдрал, сугалаат худалдаа гэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээг хүргэх болно. Цэнгүүний хувьд Хөвсгөл аймгаас төрсөн уран бүтээлчид дээр түшиглэн “DoResound production”-ны хамт олон сонирхолтой шийдлүүдийг агуулсан, аялагч, жуулчид, орон нутгийн иргэдээ хамруулсан шоу арга хэмжээгээр нэгэн үдшийг нутгийн олон та бүхэндээ бэлэг барих болно.
Энэ арга хэмжээний гол зорилго нь дотоод, гадаадын аялагч жуулчид хүсэн хүлээж ирж оролцдог, энэ үеэр нь орон нутгийн болон бусад газраас ирсэн аж ахуйн нэгж, иргэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилдаг, борлуулдаг, бүх нийтийг хамарсан Хөвсгөлийг сурталчлах уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын фестиваль болгох юм.
Оны эцэст хийгдэх гол ажил маань Улаанбаатар хотод ажиллаж, сурч амьдарч байгаа Хөвсгөлчүүдийнхээ дунд зохион байгуулдаг уламжлалт спортын арга хэмжээ байх болно. Эдгээр ажлуудыг ойн хүрээндээ хийхээр төлөвлөн клубийн хамт олон ажиллаж байна.
–“Хөвсгөл нэг үе” клубынхаа маргаашийг хэрхэн төсөөлж байна вэ?
– Боломж бололцоогоороо л нутаг руугаа чиглэсэн ажил хийж, санаачилж, хэрэгжүүлдэг хэвээрээ л явна. Нэг хэсэг бид нийслэлд Спортын цогцолбор барья, спортын нэлээд хэдэн төрлөөр тамирчид бэлдэе гэж ярьцгааж байсан ч хямрал нүүрлэж хойшилсон. Гэхдээ үргэлж хямралтай байгаад байхгүй байлгүй. Тийм болохоор энэ мөрөөдлөө биелүүлэх цаг ирнэ гэдэгт итгэж байгаа. Ингээд цаг зав, хөрөнгө хүч, сэтгэлээ зориулан зүтгэж ирсэн Хөвсгөл нэг үе клубынхаа мянган мянган гишүүддээ, Хөвсгөл нутгийнхандаа, нийт Монголчууддаа 10 жилийнхээ ойн баярын мэндийг илгээж байна.
Х.Дэлгэр
Холбоотой мэдээ
-
13 (June 29, 2017 11:37:28 am )
SAiN ZALUUS BAiNA IKHIi BUTEEGEREi AMJiLt
-
Саруул (June 29, 2017 3:21:37 pm )
Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
-
Батцэцэг (June 30, 2017 4:39:30 am )
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
-
хуульч (June 30, 2017 11:12:33 am )
УЛС ТӨРИЙН МЭДРЭМЖ МУУТАЙ НАМ ЭНЭ СОНГУУЛЬД ЯЛАГДАЖ БАЙГАА ХЭРЭГ??? ТЭГЭЭД Ч ЗАСАГЛАЛАА БҮРЭН ТОГТООЕ ГЭВЭЛ ӨӨХ Ч БИШ…. БУЛЬЧИРХАЙ Ч БИШ …..БАЙЖ БОЛДОГГҮЙГ ЭНЭ СОНГУУЛЬ ХАРУУЛЖ БАЙНА ДАА?? СОНГУУЛЬД ЯЛСАН УЛС ТӨРИЙН ХҮЧИН ӨӨРИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙД НИЙЦҮҮЛЖ ЗОХИЦУУЛАХ БУС ХАРИН НИЙГЭМД БАЙГАА БОДИТ БАЙДАЛД ҮНДЭСЛЭВЭЛ ТЭР ОНОЖ ТААРАНДАА???…… ТЭГЭЭД Ч БОДИТ БАЙДАЛД ЯДУУ. ДУНДЧУУДЫН АМЬДРАЛ САЙЖИРЧ ИРХЭЭР ХИЙРХЭЛ АЛГА БОЛДОГ ЖАМТАЙ ???
4 Comments