
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани өнөөдөр Улаанбаатар-Бусан чиглэлд анхны нислэгээ үйлдлээ.
Уг нислэгийг Боинг 737-700 агаарын хөлгөөр гүйцэтгэж байгаа юм. Цаашид Пүрэв, Ням гараг бүрт тогтмол нислэг үйлдэх аж. Өмнө нь Монгол Улсаас зөвхөн Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол ийнхүү БНСУ-тай холбогдох хоёр дахь шинэ урсгал нээгдэж байна.
Бусан хотод өнгөрсөн оны нэгдүгээр сараас Монголын Консулын газар үйл ажиллагаа явуулж байна. МИАТ компани шууд нислэг үйлдэж эхэлснээр иргэд харилцан зорчих тэр дундаа эрүүл мэнд, аялал жуулчлал, бизнес, боловсролын салбар цаашлаад БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
Монгол шиг далайд гарцгүй орны хувьд агаарын тээврийн салбар бол стратегийн чухал салбарт тооцогддог . Энэ ч утгаараа Монголын нэрийн хуудас болон олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний агаарын тээвэрлэгч компаниа Монгол хүн бүр дэмжиж “МИАТ”-аар үйлчлүүлэхийг эрмэлздэг. Цаашид төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадвал тасалбарын үнэ ам.долларын ханшийн хэлбэлзлээс үл хамааран тогтвортой, хямд байх боломж бүрдэнэ гэдгийг МИАТ-ын удирдлагууд онцлов.
Эхний нислэг нэг талдаа 241 мянган вон буюу өнөөдрийн ханшаар 500 мянган төгрөг байгаа юм. Цаашид энэ үнийг 20-40 хувь бууруулах бодлого барьж ажиллахаа ЗТХЯ-ны удирдлагууд дурьдлаа.
Энэ сарын 28-29-нд Монгол, БНСУ-ын Агаарын харилцааны хэлэлцээр болно. Энэ үеэр хоёр орны агаарын харилцааны салбарт тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх хатагтай Ким Ти Ук хэлэв.
“МИАТ” компани өнөөдрийн байдлаар Боинг загварын зургаан агаарын хөлгөөр Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Москва, Берлин, Франкфурт чиглэлд шууд нислэг үйлдэж байна. 2017 онд хоёр шинэ чиглэлээр нислэгийн сүлжээгээ өргөтгөхөөр төлөвлөсний эхнийх нь Бусан байв. Харин дараагийнх нь Бангкок юм . Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сараас Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэхээр судалж байгаа аж.
Ч.Ариунболд
Эх сурвалж:Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
-
Shudarga (June 22, 2017 8:43:45 pm )
MIAT iin biletnii une asar undur ard tumeniig jenhene shulj mungu olj bgaa 2 han tsag yadag solongos yamar unetei bna ene mungu enendee baychuudiin karmand orj bgaa shuu gadaadaas buuhad MIAT iin ajilchid geed heden ungugui nuurend ni ataarhal shingesen henees yaj youmiig ni salgah ve gesen shij uu suv ersen humuus umnuus ugtadag shuu iluu diplate baih eystoi shuu
-
zochin (June 23, 2017 5:59:51 am )
ystei hool ogchihood uuchlaarai ch bhgyi tiim l yilchilgee absan daa .2014 ond. tyynees hoish yilchleegyi miat companaar
2 Comments