antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2017 4 comments

Э.Эрдэнэжамъян: Төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа учраас хар PR-аа зогсоож, сайхан уур амьсгалыг бий болгомоор байна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль болоход зургаахан хоногийн хугацаа үлдлээ. Тодруулбал, Монголчууд ирэх даваа гаригт тавдахь Ерөнхийлөгчөө сонгох юм. Харин энэ хугацаанд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Нэр дэвшигчидтэй холбоотой сайн муу мэдээлэл цацагдаж, ялангуяа нэр дэвшигчдийн PR багийнхан нөгөө намынхаа эсрэг хар мэдээллийг дэндүү их цацаж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

-Сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. Энэ хугацаанд намууд нэгнийхээ эсрэг хар мэдээллүүд их цацах шиг боллоо. Танай намын зүгээс хар PR-г юу гэж дүгнэж байна вэ?

-Монголчууд төрөө дээдэлдэг ард түмэн. “Төрийн минь сүлд өршөө” гэж ярьдаг. Төрийнхөө сүлдэнд залбирдаг, цайныхаа дээжийг өргөдөг. Хамгийн сайхан бүхнээ л төрийн сүлдэндээ даатгаж, асар хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд сонгууль болгоноор өрсөлдөгчөө, өрсөлдөгч намаа газар дор ортол муулдаг, зохион байгуулалттайгаар гүтгэдэг болчихсон. Одоо бүр өөрсдөө бэлдсэн сценарийн дагуу гүтгэлэг, явуулга урьдчилж бэлдэж харлуулах гэж оролддог нөхцөл байдал руу орж байна. Энэ нь шууд өрсөлдөгч рүүгээ шүүмжилж дайрч байна гэхээсээ илүү төр лүүгээ л нулимж байгаа шүлс гэж хэлж болно. Өөрийнхөө очих гэж байгаа албан тушаалаа тэр чигт нь ингэж доромжлох хэрэг байдаг юм уу.

Улсыг улстөрчид нь авч явдаг тогтолцоо эвдэрч эхэллээ. Ардчилал гэдэг нь ард түмнээс сонгогдсон намын төлөөлөл юм уу, эсвэл бие даасан улс төрч хүн улс орноо удирдах тогтолцоог хэлнэ. Улс төрч хүн гэж өөрийн бодлого зорилтын төлөө тууштай зүтгэж, ард түмэндээ ойлгуулж, санал зөрсөн бусад улс төрчидтэй бодлогын өрсөлдөөнөөр л тэмцэлддэг хүнийг хэлнэ биз дээ.

Манай улсад эхэндээ ардчилал их гоё хөгжиж, байж уу гэж бодогдож байна. Татвар нэмж болно болохгүй, газар хувьчилна эсвэл үгүй, зам тавина тавихгүй  гэх мэтээр бие биенийхээ бодлого дээр шүүмжилсэн уур амьсгал дунд улстөр өрнөдөг байжээ. Гэтэл сүүлийн жилүүдийн сурталчилгаанаас харахад бодлого ярьж, маргаан мэтгэлцээн хийхээ больсон байна. Энэ хоёр нам яаж илүү ард түмэнд таалагдах уу гэдэг бодлогыг судалгаанаас шүүрч аваад л зохиочихдог болж. Өөрсдийнхөө үзэл баримтлалаас ухарсан, буцсан, сонгуулиар эрх мэдэл авахаараа огт хэрэгжүүлдэггүй амлалтууд өгч эхэлсэн. АН барууны чиглэлтэй, МАН зүүний чиглэлтэй нам гэдэг ялгаа огт байхгүй болж зөвхөн яаж ард түмэнд таалагдах вэ гэдэг байдлаар амлалт өгч байна. Тиймээс эрх мэдэл авангуутаа амалсанаа биш зөвхөн өөрсдийнхөө бодож байгааг л хийдэг. Тэр бүү хэл намынхан нь юу бодож байгаа тухай ч биш зөвхөн өөрийнхөө өглөө нь бодсон, хувийн компанидаа ашигтай ажлыг л хийдэг болжээ.

Тиймээс ямар зөрчил гарч байна вэ гэхээр, эрх барьсан намууд амлалтдаа хүрдэггүй, амласныхаа эсрэг хийдэг улстөрийн тогтолцоо бий болчихож байгаа юм. Энэ нь улстөрчид улстөрийн үйл ажиллагааг удирдахаа больж PR-чид улс төрийн үйл явцыг удирдаж эхэлсэний шинж. Улс төрийн үнэт зүйлийг мэдэрдэггүй бизнесмэнүүд улстөрд ихээр орж ирсэний шинж. Тэд мөнгөөр бүх асуудлыг шийднэ гэж бодож байгаа учраас юун түрүүнд хамгийн уран сайхны хэтрүүлэгтэй ажилладаг PR-чид, сайн кино бичдэг кино зохиолчдыг хөлсөлж авч байна. Тэрэндээ тоглох дүрүүдийг худалдаж авч байгаа юм. Ингэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хиймэл дүр үүсгэдэг. Өрсөлдөгчдөө муу муухай баг зүүлгэдэг зохиомол тоглолтууд явж эхэлж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ нь бүр тод харагдаж байна. Ард түмэн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа гурван эрхмийн сайн муу бүхнийг андахгүй. Тэгэхээр улстөрийн намууд өрсөлдөгчөө, намаа, намынхаа соёлыг, сонгогчдоо, үзэгчдээ хүндлэх хэрэгтэй байна. Дэндүү улайрч байна. Хоёр намын PR-ийн багийнхан одоо байгаа байрнаасаа нэг, хоёр алхам ухраад ерөнхий дүр зургаа томоор нь хар даа. Өнөөдөр ялахын төлөө үхэн хатан тэмцэлдэж байгаад улс гэрээ шатаах вий. Ядаж сурталчилгааны төгсгөлийн гурав, дөрөвхөн хоногт соёлтой байцгаа. Өөрийг чинь муулж байсан ч битгий тоо. Тэртээ тэргүй ард түмэн нэр дэвшиж байгаа эрхмүүдийг хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа сайхан уур амьсгалыг бий болгомоор байна.

-Танай намын зүгээс хар PR-г дэмжихгүй байгаа юм байна. Өөрсдөө хэр их хар PR хийж байна вэ?

-Манайх хар PR-г огт хийхгүй байгаа. Би намынхаа PR-ийн багт зааварчилгаа өгч ажиллахдаа хүнийг зохиомлоор гүтгэхгүй, баримтгүй муулахгүй, хувь хүн, гэр бүлийнх нь асуудлаар оролдохгүй гэж захиж байгаа. Ерөөсөө л МАН, АН хоёр урд нь юу амласан тэр амлалтыг л сануулж, урьд нь амласан амлалтаа биелүүлсэн үү гэдэгт л ач холбогдол өгч ажиллана. Яагаад гэхээр энэ нь дараагийн амлалтаа биелүүлж чадах уу гэдэгтэй асар их холбоотой учраас амлалт нэхье, амлалтыг нь сануулая гэж байгаа юм. Гэхдээ энэ ажлаа ч бараг хийж чадахгүй байна. Учир нь хуулиараа бидэнд олгосон цаг маш бага. Нэг телевизэд дээд тал нь 15-хан минут л оногдож байгаа. Тиймээс өөрөө өөрийгөө л ярихгүй нөгөө хоёрыгоо муулж тэр хайран цагийг үрээд яах вэ дээ.

Ер нь хар цагаан мэдээлэл хамгийн их цацагдах зүйл бол сошиал байна. Гэхдээ сошиалаар ямар ч мэдээлэл цацаад үр нөлөө муутай. Учир нь олон нийтийн сүлжээгээр хүмүүс маргалдаж, мэтгэлцэж байдаг ч сонголтоо аль хэдийнээ хийчихсэн байдаг. Судалгаанаас үзэхэд, ямар ч сайн муу мэдээ цацагдахад нэг нэр дэвшигчийнх нь рейтинг учиргүй өсөөд, буураад байгаа юм байдаггүй. Сошиалчид хэдийнээ сонголтоо хийчихсэн байгаа. Гэтэл МАН, АН-ийн сонгууль удирдаж байгаа PR-ийн багийнхан л үүнийг ойлгохгүй байна. Манай нэрийн өмнөөс хүртэл цахим хаяг нээж байгаад бие биенээ муулж байх юм. Муухай юм хийгээд цацчихвал л хүмүүсийн бодол өөрчлөгдөнө гэж тэд нар л сэтгэж байна. Ард түмэн тэгэж сэтгэхгүй байхад PR-чид ингэж сэтгэж байгаа нь цаг үеэсээ дэндүү хоцорсоных. Улстөрчид маань PR-чдынхаа үгийг бага сонс. Тэд юу гэж ч зөвлөж болно. Нэг л муухай юм цацвал ард түмний санааг өөрчилнө гэдэг сэтгэлгээнээсээ сал. Ард түмэн тийм зүйлд хууртагдахаа больсон.

-Хар PR-г өрсөлдөж байгаа хүмүүс л хоорондоо хийдэг. Тэгэхээр хуулиараа хариуцлага хүлээлгэх заалт байна уу. Ер нь хариуцлагатай нь уялдуулаад арга хэмжээ авч болохгүй юу?

-Хуулиа ном ёсоор нь хэрэгжүүлвэл хуулинд бүгдийг нь хориглохоор заагаад өгчихсөн. Тодруулбал, Эрүүгийн хуулинд хүнийг гүтгэж доромжлохыг хориглоно, Сонгуулийн хуулиндаа худал мэдээлэл цацахыг хориглоно гээд заачихсан байгаа. Нам болгон ёсзүйн дүрэмтэй, тэр үйл ажиллагаанд оролцож байгаа сэтгүүлчид ёсзүйн кодтой. Хэрвээ хэрэглэж чадвал энэ бүхнийг уг нь зохицуулчихсан байгаа. Харамсалтай нь хэрэглэхийг хүсэхгүй байгаа учраас тэд ямар нэгэн тайлбар олж хэлдэг. Ард түмэн хардах эрхтэй гэх мэтээр энэ асуудлаа зөвтгөх гэж оролддог. Ардчилал төлөвшсөн, соёлтой улсад худлаа гүтгэлэг явуулаад баригдсан улстөрч, PR-ийнхан компани улстөрөөс явж, ахиж улстөрд ойртохгүй болтлоо хөөгддөг. Тэгэхээр сонгогчид бид муу муухай зүйл хийсэн зохион байгуулсан талынхнийг сонгодоггүй байх хэрэгтэй. Ард түмний дэмжлэг авахаа л больчихвол муу юм хийдэг PR-чид аяндаа үгүй болж, улстөрчид эрүүлээр өрсөлддөг болно. Дахин хэлэхэд сүүлийн үед хийсэн судалгаанаас  харахад, монголчууд сонголтоо хийчихсэн байнаа. Ямарч хар PR, муу муухай гүтгэлэг явуулсан ч тухайн нэр дэвшигчийн рейтинг хөдлөхгүй байгаа нь ард түмэн хэдийнээ шийдвэрээ гаргачихсан байгаагийн шинж. Тиймээс одоо иймэрхүү сурталчилгаагаа зогсоо гэж АН-ын нэр дэвшигч Женко Баттулга, нэр дэвшигч Энхболд нарт уриалмаар байна.

-Хэдхэн жилийн өмнө л сонгуульд өрсөлдөж байгаа эрхмүүд хийсэн бүтээснээрээ өрсөлддөг байж. Нэвтрүүлэг нь хүртэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байх жишээтэй. Гэтэл одоо санал худалдаж, нэгнээ муулсан нэвтрүүлгээс хэтэрхээ больжээ. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Энэ нь сонгуулийн хууль алдаатай хийгдсэний гай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хуулийг МАНАН бүлэглэл гуравдагч хүчнийг гаргаж ирэхгүй зорилготойгоор хийсэн. Хугацааг нь богиносгоод, шинээр хүн гарч ирэх боломжийг хязгаарлаж, сурталчилгааны цаг, тараах материал бага байлгахаар хязгаарласэн. Янз бүрийн байдлаар ухуулах сурталчилгаа хийх боломжийг бүгдийг нь хязгаарлаад өгчихөөр хүссэн хүсээгүй 18, 19-хөн хоногт өдөрт 15-хан минут сурталчилгаа хүргэх боломжтой болчихож байгаа юм. Ийм нөхцөлд хийсэн бүтээснээ мэдээлээд байхаар цаг нь амжихгүй. Гэтэл нөгөө талаасаа мөрийн хөтөлбөрийг хүртэл сонирхохгүй байна. Учир нь МАН, АН аль аль нь худлаа ярьчихсан. Тэгэхээр мөрийн хөтөлбөрт итгэх итгэл иргэдэд алга. Хийсэн бүтээснийг нь ч сонирхохгүй, мөрийн хөтөлбөрийг нь ч сонирхохгүй байхаар яалт ч гүй нэгнээ муулаад эхэлж байх шиг байгаа юм. Энэ нь сонгуулийн хуулийн гажигийг харуулаад байх шиг. Янз бүрийн зүйл амлахыг болиулсан гээд асар олон зүйлийг нь хориглочихоор Монгол улсыг муу муухай зүйлийн эргүүлэг рүү татаж оруулаад байгаа юм. Сонирхолтой байлгая гэвэл хугацааг нь урт, мэтгэлцэх давтамжийг олон болгоод бүх нэр дэвшигчдэд ижил боломж олгосон хуультай бол зүгээр. Манай зүгээс ийм хуулийн төслийг хоёр гурван удаа тавьсан ч огт авч хэлэлцээгүй.

-Хуулиараа амлалт өгөхийг хориглосон. Гэтэл МАН-ын эрх барьж байгаа гэсэн шиг яамдынх нь сайд нар ээлж дараалан цалин, тэтгэвэр нэмнэ, сургалтын төлбөр нэмэхгүй, урьдчилгаагүй байрны зээлд хамруулна гэхчлэн сайхан шийдвэрүүд их гаргаж байна. Энэ нь далд хэлбэрээр амлалт өгч, иргэдийн саналд нөлөөлж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Эрх баригч нам ийм зүйл хийхийг дүрмийн бус тоглолт гэдэг. Уг нь энэ асуудал дээр нь шүүмжилмээр байгаа юм. Гэтэл намууд ийм зүйл дээр нэгнээ шүүмжлэлээ больчихож. Урьд нь АН иймэрхүү үйлдэлд маш том эсэргүүцэл үзүүлдэг байлаа. Сонгуулийн үеэр хүүхдийн мөнгө олгоно, цалин тэтгэврийг нэмнэ гээд амлалт өгвөл эсэргүүцдэг байсан юм. Харин энэ удаагийн сонгуульд эсэргүүцэж байгаа зүйл алга. Яагаад гэхээр эсрэг намаа муу муухай хар PR-ын аргаар унагана гээд итгэчихсэн. Тиймээс нүдэн дээр нь болж байгаа процессийг харахгүй байх шиг байна. Засгийн газар ч гэсэн аргаа барж байна.

-Яагаад?

-Нэр дэвшүүлсэн хүн нь юу ч амлаад, ямарч PR явуулсан рейтинг нь өсөхгүй байгаа учраас амихандаа өөрсдийнхөө намаас гарч байгаа Ерөнхийлөгчийг дэмжих зорилгоор янз бүрийн ажил хийж байна. Гэхдээ энэ нь ч бас худлаа амлалт. Яагаад гэхээр, Засгийн газар ганцхан сарын өмнө л ОУВС-тай гэрээ хийгээд, цалин тэтгэвэр нэмэхгүй гээд хуульчлаад баталчихсан. Ард түмэн үүнийг мартаж ч амжаагүй, хүмүүсийн бичсэн коммент ч дээшээ урсаж амжаагүй байхад л шал өөр зүйл яриад эхэллээ. Үүнээс харахад, МАН тулхтай, тууштай нам биш  болжээ гэдэг нь харагдаж байна. Хуучин МАХН байхад арай ч ийм байгаагүй. Хэлсэн ярьсанаа хэрэгжүүлдэг, үзэл бодолдоо үнэнч нам байсан. Ард түмэндээ нэг өөр амлалт, цаашаа харж ОУВС-д эсрэг амлалт өгөөд л. ОУВС-гийнхан тэнэг хүмүүс биш ш дээ. Санхүүгийн хариуцлагатай байна, сахилга баттай байна гэчихээд сарын дотор л сонгуулиар шалтаглаад ОУВС-д өгсөн амлалтаасаа буцаж байгааг тэд харж байгаа.

-Иргэдийн регистрийн дугаарыг цуглуулах явдал их гарч байна. Үүнд хяналт тавих боломжгүй юу?

-Иргэдийн саналд нөлөөлөх схемүүд их хийж байна. Миний олж сонссоноор мөнгө тараадаг сүлжээ байна. Хүмүүсийн регистрийг цуглуулж, нэг хүн дороо хэд хэдэн хүн элсүүлж регистрийг нь цуглуулаад мөнгө тараадаг. Итгэлтэй хүндээ 300 мянга, итгэлгүй хүмүүст 50 эсвэл зуун мянган төгрөг өгөөд дээр нь тийм мөнгө тарааж буй хүмүүстээ бас их хэмжээний урамшуулал олгож байна гэж яригдаж байна. Энэ нь шууд бэлэн мөнгө тараах схем рүү орж байна гэсэн үг. Ямар хаширдаггүй нам бэ. 60 тэрбумын схемийн “но” нь илэрч, шүүмжлэгдээд баригдаад, ард түмний шүүмжлэл дуусаагүй ядаж байхад бас нэг хориотой зүйлийг хийгээд эхэлж байгаа нь энэ нам ялахын төлөө юу ч хийхээс буцахгүйг харуулж байна. Өчигдөр би улстөр сонирхдоггүй танилтайгаа уулзсан. Танил маань улстөрчид яг юунд хүрэх гээд яах гээд ийм балиар юм хийгээд байдаг юм гэж гайхаж асуусан юм. Би яг тэр асуултыг нэр дэвшигч М.Энхболдоос асуумаар байна. УИХ-д 65 суудалтай, Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ танай намд байхад яг юунд ингэтлээ шунаад хууль бус зүйл хийн, нэр нүүрээ баран баран сонгуульд улайраад байгаа юм бэ. Хууль зөрчих чинь хэтэрч байна гэж хэлмээр байна.

-Сонгогчдын нэрийн жагсаалтад нөлөөлөх тохиолдол ч мэр сэр  гарч байх шиг байна?

-Зөвхөн Улаанбаатар хотод овог нэр нь давхацсан 330 гаруй мянган иргэн байна гэж судалгаа гарчихаж. Энэ бол бас л дэгс тоо гарч ирж байгаа юм. Ижил овог нэртэй хүмүүс ийм их байхгүй, байгаа ч үгүй, байх боломжгүй. Энэ нь 150 мянга орчим иргэний нэрийг давхардуулж бичиж сонгогчийнхоо тоог нэмж байна гэсэн үг. Тэгэхээр 150 мянга гаруй саналыг шууд луйвардаж байгаа юм. Энэ бол хар PR-ийн нэг хэсэг гэж ойлгож байна.

-Үүнд хяналт тавих боломжгүй юу?

-Үүнийг хянаж шалгах тусгай баг гаргана. СЕХ, ТЕГ, Иргэний бүртгэлийн газартай нийлээд шалгуулна гэж бодож байгаа. Сонгуулийн дараа яг энэ асуудлаар тусгайлан хяналт шалгалт явуулах ёстой юм билээ. Сонгуулийн үеэр санал өгч байгаа хүмүүсийн орж гарч байгаа, иргэний бүртгэлээр явж байгаа нь камерт бичигдэж үлдэнэ. Энэ бүх файлыг дараа нь нэгтгээд, өөр хүний нэрээр хоёр дахин санал өгсөн хүмүүст арга хэмжээг авах ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг хууль бусаар авах ажиллагаанд оролцож байна гэсэн үг. Хяналт шалгалт их байгаа учраас ийм зүйл иргэд болгоомжтой хандах ёстой. Битгий оролцоорой, дарга нар чинь ялсан ч ялагдсан ч ийм муу муухай гэмт хэрэгт оролцсон хүний хэрэг цагаадахгүй гэж захимаар байна. .

-Танай зүгээс сонгуулийн дүнгээс үл хамаарч энэ шалгалтыг хийлгэнэ гэсэн үг үү?

-Шалгалтыг хийлгэх ёстой. Шалгалтыг хийж байж энэ ажлыг таслан зогсоохгүй бол ард түмэн санал өгөөд өгөөд нэмэргүй байдаг тогтолцоо руу орох гээд байна. Бид хар машины шалгалт хийсэн. Хар машиныг дотор нь эвдлээд санал өөрчлөгдөх боломж тун бага юм билээ. Гэхдээ аль болох олон газар гараар тоолох ажиллагааг хийнэ. Ялсан хүний, ялсан тойргууд дахь хар машинуудыг онцгойлон задалж үзэх ёстой гэж үзэж байгаа. Тэгээд саналын хуудас, CD дээр бичигдсэн зүйл хоорондоо нийлж байвал энэ зөв шударга хариу гарчээ гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.

Б.Чимэг 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • иргэн (June 21, 2017 12:23:51 am )

    Ene zaluu yostoi mangar amitan shuu dee

  • зочин (June 21, 2017 9:17:28 am )

    Ганбаатар яагаад МАНАН-г үгүй хийнэ гээд байгаа юм болоо. Тэнд жирийн иргэд зөндөө байгаа. Нэр дэвшигчид хэн хэн нь шудрага байцгаая

  • zochin (June 21, 2017 10:59:02 am )

    irgen chi uuruu ene zaluugaasch dor mangar amitan bna

  • нам бус иргэн (June 21, 2017 11:55:38 am )

    МАХН нөгөө хоёроо бодвол хар пиар хийхгүй байгаа сайн байна бодлого ярих ёстой С.Ганбаатар ялах болно

antalya rent a car