
Улс үндэстний үндэсний аюулгүй байдлын гол тулгуур нь эрүүл хүн, эрүүл иргэн. Иймээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар улсын ууган эмнэлгийнхэнтэй уулзаж байгаагаа МАН-аас нэр дэвшигч М.Энхболд уулзалтын эхэнд тодотголоо.
Анх нэг орос, гурван монгол эмчтэй, 15 ортой байгуулагдаж байсан “Ардын эмнэлэг” өнөөдөр 774 эмч, ажилтантай, 568 ортой, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг оношилгоо, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний лавлагаа төв болон хөгжжээ. Нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2005 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 84.1 тэрбум төгрөг байсныг 2007 онд 127 тэрбум төгрөг болгож, клиникийн нэгдсэн эмнэлгүүдийг түшиглэн оношилгоо эмчилгээний хоёр төв байгуулж, “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг орон даяар санаачлан хэрэгжүүлж байсан юм. Харин 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар “Төрөөс эрүүл мэндийн салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, “Халдварт өвчнийг хянах сэргийлэх”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаад эрүүл мэндийн салбарынхан талархалтай хандаж явдгаа энэ үеэр илэрхийлсэн. Нэр дэвшигч М.Энхболдын ээж Цэдэв сүрьеэгийн эмч, насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан нэгэн. Тэрбээр “Би эмч ээжийн хүү. Би эмчийн амьдрал, эмч хүний гэр бүл, эмч хүний хүүхдийг сайн мэднэ. Эмч нар гэр бүлээ орхиод хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байдаг эрхэм хүмүүс байдаг” хэмээн онцлов.

Мөн нэр дэвшигч М.Энхболд Монголын төдийгүй дэлхийн анагаах ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгаа монгол эрдэмтэд, алдартнууддаа талархал илэрхийллээ. Үүний нэг нь элэгний вирусыг таслан зогсоох чиглэлээр санаачилгатай ажилласан эрдэмтэн Г.Арслан Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар “Сасакавагийн нэрэмжит” шагнал хүртсэн явдал юм.
“Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” хөтөлбөртэй болно
Үүний дараа нэр дэвшигч М.Энхболд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын чиглэлээр тусгасан зорилтуудаа танилцуулсан юм. Юуны өмнө эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь чухал. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тухайд олон улсын стандартад хүрч, дэлхийд алдартай эмнэлгүүдтэй эн чацуу өрсөлдөх түвшинд хүрэхийг эрмэлзэх нь зүйн хэрэг. Энэ ажлыг хийх гол нөхцөл нь хөрөнгө санхүүтэй холбоотой учир эрүүл мэндийн салбарын санхүүжилт, менежментийг сайжруулах асуудалд онцгой анхаарна. Энэ талаар Засгийн газарт чиглэл өгч, шаардах болно гэлээ. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулж, эмч ажиллагсдын ур чадвар, хариуцлага, үр дүнг чухалчилж, үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэхийг зорино. Улсын нэгдүгээр төв эмнэлэг энэ тал дээр бусад эмнэлгээс нэг алхам түрүүлж яваа нь Та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Хэдхэн жилийн өмнө монгол эмч нар монгол хүнд эрхтэн шилжүүлэн суулгана гэхэд үнэмших хүн цөөн байсан. Одоо бол үнэмшээд зогсохгүй ердийн зүйлд тооцдог болсон байна. Энэ л бидний зориод байгаа эмчилгээ үйлчилгээний хүртээмж, чанар шүү дээ. Бүх эмнэлгүүдэд бүх тусламж үйлчилгээ нь ингэж урагшлахыг хүсч байна гэв.

Гуравдугаарт, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг эхлүүлж байсан. Үүнийгээ үргэлжлүүлж, “Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлэхийг зорино гэдгээ илэрхийллээ. Мөн эмчийг дээдэлдэг нийгэм төлөвшүүлэхийн тулд эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх тогтолцоог хамгийн чанартай түвшинд хүргэх бодлогыг баримталж ажиллана гэснийг эмч ажилтнууд талархан хүлээн авлаа.
Б.Оюунханд: Охинд минь тусалсан төр засагтаа баярлалаа

Ийнхүү эмч ажилтнуудтай уулзсаны дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гемодиализийн тасаг болон эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцаж, өвчтөнүүдтэй уулзаж, сэтгэлийн дэм өглөө. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг өнгөрсөн тавдугаар сараас үнэ төлбөргүй болгосноор хоёр хүнд эрхтэн шилжүүлэн суулгаж, амь насыг нь аварсан байна. Л.Бүжинлхам охин элэгний өвчний улмаас долоон жил эмнэлгээр явсны эцэст элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Түүний ээж Б.Оюунханд амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан охинд минь амьдрал бэлэглэсэн төр засагтаа баярлалаа хэмээж байв.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт ам сайтай байгаа

Анагаах ухаан доктор, профессор О.Сэргэлэн: Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн олон улсын байгууллагын төлөөлөгчид дэмжиж байна. Эрхтэн шилжүүлэх мэс заслыг үнэгүй хийдэг болсон нь Монголын эрүүл мэндийн салбар дэлхийн жишигт ойртож байгаагийн нэг баталгаа. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болж, эрүүл мэндийн салбарт олон зүйл хийж, хэрэгжүүлнэ гэдэг итгэлтэй байна.
Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч П.Даваадорж: Эмч, багш нарын үнэлэмжийг дээшлүүлж, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасныг талархан хүлээж авлаа. Засгийн газартай хамтран энэ санал санаачилгаа ажил хэрэг болговол хонгилын үзүүрт туссан гэрэл наашаа тодорно. Тогтвортой бодлого хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байна.

Х.Сүрэн