antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2017 7 comments

Байгаль хамгаалах бодлогын гарын авлага болох төлөв байдлын тайланг боловсруулжээ

нийтлэсэн Admin

БОАЖЯ-ныхан Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтын талаар хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ, тоо баримтыг дүгнэж, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны  тайланг боловсруулснаа танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Ногоон хөгжил, бодлого төлөвлөлийн газрын дарга Ч.Батсансар, Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Бат-Эрдэнэ, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар нар оролцсон юм.

Д.Оюунхорол: Байгаль орчин доройтсон шалтгааныг оношиллоо, эмчлэхэд тулд төр засаг, иргэдийн оролцоо чухал байна

Хурлыг нээж хэлсэн үгэндээ Д.Оюунхорол сайд “Манай яамны зүгээс эрдэмтэн судлаачидтай хамтран сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол орны байгаль орчны төлөв байдалд орсон өөрчлөлтийн тайланг гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүний зохисгүй хэрэглээ, үйлдвэржилт нэмэгдэхийн хирээр хүрээлэн буй орчин бохирдох, доройтох, байгалийн нөөц хомсдох явдал нь дэлхийн тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед яамны зүгээс бодлого боловсруулахдаа хэрэглэх гарын авлага болгох зорилгоор энэхүү тайланг эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарсны үндсэн дээр бэлэн болгоод байна. Монгол орны байгаль орчин өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар шалтгааны улмаас яаж доройтсон оношийг нь энэхүү тайланд тусгасан гэж хэлж болно. Харин одоо хэрхэн эмчлэх вэ гэдэг шийдвэрийг гаргахын тулд энэхүү тайлан дээр үндэслэн гаргаж буй, гаргахаар төлөвлөж буй яамны бодлогыг төрийн өндөрлөгүүд хийгээд энгийн иргэдэд ухуулан таниулахад сэтгүүлчид та бүхний үүрэг маш өндөр. Тиймээс та бүхнийг байгаль дэлхийгээ хамгаалах их үйлсэд бидэнтэй хамтарна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Энэхүү тайланд байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн мэдээ, тоо баримтыг нэгтгэн холбогдох дүгнэлтийн хамт гаргаж байгаагаар ихээхэн онцлогтой болсон юм байна. Дотроо 4 үндсэн хэсгээс бүрдэж байгаа энэхүү тайлангийн

хэсэгт Цаг агаар, уур амьсгалын төлөв байдал, өөрчлөлтийн хандлага

дараагийн хэсэгт байгалийн баялгийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт

гуравдугаарт байгаль орчны бохирдол, өөрчлөлтийн төлөв

дөрөвдүгээрт байгаль орчны засаглалын төлөвшил, хөгжил гэсэн хэсгүүд багтаж байгаа юм байна.

Г.Нямдаваа: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 70 тэрбум төгрөгөөс дөнгөж 29%-ийг байгаль , нөхөн сэргээхэд зарцуулжээ

Тайланг боловсруулахад ахалж оролцсон БОАЖЯ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа танилцуулга хийхдээ анхаарал татсан дараах асуудлуудыг онцолж байлаа.

  •          Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж 1940 оноос хойшхи цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2,2°С-аар нэмэгджээ.
  •          1997-2001 онуудад хур тунадас маш бага, 30°С-ээс дээш халуун өдөр олон байснаас чийгийн баланс хасах утгатай болж сүүлийн 70 гаруй жилийн хамгийн хуурайшилтай үе болсон байна.
  •          2015 оны жилийн дундаж агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад говь болон тал хээр, Орхон Сэлэнгийн сав нутгаар 1,2-1,3°С, Идэр Тэсийн сав нутаг, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор орчмын нутгаар 1,6-1,9°С, Алтайн уулс, Их нууруудын хотгор, Төвийн нутгаар 1,5-1,7°С-аар дулаан байжээ. 2016 оны жилийн дундаж  агаарын температур олон жилийн дунджаас 0.4°С-аар дулаан, 2015 оныхоос 1°С-аар сэрүүн байжээ.
  •          Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюултай болонгамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1990-2000 онд жилд дунджаар 30 орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001-2016 онд 2 дахин нэмэгджээ. Шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна. Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралт нь 2014 оны байдлаар 6,08 тонн СО2-экв  байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Манай орны байгаль, нийгэм, эдийн засгийн салбарын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээний дүнгээр мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм.
  •          Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна. Аймгийн байдлаар авч үзэхэд Говь сүмбэр аймгийн 62,8%, Дорнод аймгийн 43,5%, Сүхбаатар аймгийн 31,1%, Дундговь аймгийн 27,9%, Өмнөговь аймгийн 17,5% тус тус цөлжилтөд хамрагдсан байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ.
  •          2016 оны байдлаар уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдрэлд орсноос 11375 га талбай буюу 42%-д техникийн нөхөн сэргээлт, 7425 га талбай буюу 27,4%-д биологийн нөхөн сэргээлт тус тус хийсэн байна. 2016 оны байдлаар 16 аймгийн 34 сумын нутаг 1637 га талбай бүхий 96 хэсэгт бичил уурхайн олборлолт явагдаж байна.
  •          Ойн сангийн 2016 оны үзүүлэлтийг 2013-2014 оныхтой харьцуулахад нийт талбай 137,8 мянган га-аар, нөөц 1948,1 мянган шоометрээр нэмэгдэж, ойрхог чанар 0,1%-иар өссөн байна. Хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавжийн хөнөөлд өртөх замаар ойн нөөцийн хомсдол, доройтол нэмэгдэж байна.
  •          Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2000 онд нийт нутаг дэвсгэрийн 13,8%, 2014 онд 17,4%, 2017 онд 17,8% болж өссөн байна. 2016 оны байдлаар 21 аймгийн нийт 57,9 сая га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
  •          Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо ихээхэн өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хирээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс давах тохиолдол тогтмол гарч байна. Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хүлцэх агууламжаас 2015 онд 2,4 дахин, 2016 онд 3 дахин их гарчээ. Орон нутгийн хэмжээнд авч үзвэл Баянхонгор болон Даланзадгадад хүлцэх агууламжаас 1,6-1,8 дахин их байна.
  •          Түүнчлэн хот, суурин газрын хог хаягдлын хэмжээ өсч 2015 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 371 төвлөрсөн цэгт 2,3 сая тонн хог хаягдал тээвэрлэн хаясан байна. Нийт хог хаягдлын 90,9%-ийг ахуйн, 9,1%-ийг үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлсэн байна. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын дөнгөж 0,31%-ийг дахин боловсруулжээ.
  •          Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 2013-2016 онд жилд дунджаар 61,6 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. 2016 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 70 тэрбум төгрөгөөс дөнгөж 29%-ийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулжээ. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар 11 улстай Засгийн газрын түвшинд, 11 улстай яамдын түвшинд гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж байна. 2016 онд манай улсад 404 мянган жуулчин аялж, 312 сая ам долларын орлого оруулсан нь 2015 онтой харьцуулахад жуулчдын тоо 4,4%, орлогын хэмжээ 11,4%-аар тус тус өссөн байна.

Дээрх тоо баримт, асуудал дээр тулгуурлан БОАЖЯ-ны мэргэжилтнүүд бодлого гаргаж, гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү бодлогыг нь төр засгийн хэмжээнд анхаарсны үндсэн дээр холбогдох шийдвэрээ гаргахыг сэтгүүлчдээр дамжуулан уриалж байгаа юм байна. Байгаль орчны салбарт одоогоор 27 хууль, 18 үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд олон улсын 12 конвенци, 5 протоколд нэгдэн, 30 гаруй улстай хоёр талт хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэхүү тайланг холбогдох байнгын хороонд нь танилцуулсан бөгөөд яамны зүгээс одоо УИХ-ын чуулганд танилцуулахаар ажиллаж байгаа аж.

Ц.Энх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Эрдэнэ (May 18, 2017 8:53:27 am )

    Энэ Оюунхорол авгай өдөр болгон өөрийгөө рекламдах юм өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ аягүй бол ерөнхийлөгчид би өрсөлдөх байсан юм гээд байгаа юмуу эсвэл хавар болохоор өвчин нь хөдөлдөг юмуу

  • 1 (May 18, 2017 3:55:19 pm )

    Ulsiin tusgai hamgaalalttai gazar BOLOVSROLIIN nereer bisiness hiij bgaa ENIGMA-g zailuulaachee

  • Зочин (May 19, 2017 12:59:04 am )

    Тусгай хамгаалалттай газар гээд ард түмнээсээ харамлаад хамгаалалтанд авах нэрээр баахан төсвийн мөнгө зарж юу хийнэ вэ?Эцэст нь тэнд байгаа газрын баялагаа ард түмэн хэзээ ашиглах вэ?Оюу толгой Таван толгойг хүлээгээд нэмэргүй болсон.Урт нэртэй хуулиар баахан А лицензүүдээ хүчингүй болгосон.Тэдгээр үүдээ барьсан компаниудад нөхөн олговор өгөх төсөвт тийм их мөнгө байгаа юу?Оюунхорол сайд аа бодолтой юм хийгээрэй.Ард түмэн тэнэг биш шүү.

  • Зочин (May 19, 2017 1:00:57 am )

    Баахан худлаа тоо ярьсан хүмүүс.

  • Зочин (May 19, 2017 1:08:40 am )

    Цөлжилт хаа сайгүй дэлхийн аль ч улсад явагдаад байгаа.Манай байгаль орчныхны худлаа тэмцлээр амархан зогсоох юм биш.Цөлжилт бол байгалийн жам ёсоор явагддаг үзэгдэл.Түүнийг 4 жилд шинээр гарч ирсэн сайд мэргэжилтнүүдийн хий дэмий мөнгө зарснаар зогсоодог зүйл огт биш гэдгийг ихээнхи хөгжилтэй орнууд аль хэдийнээ тогтоочихсон.

  • Зочин (May 19, 2017 1:16:50 am )

    Эхлээд хаа сайгүй бие засах газраа олигтойхон шийдэж аваад дараа нь жуулчдыг авмаар юм.Улаанбаатарт суугаад цэцэрхээд яахав.Хөдөө сумдын аялал жуулчлалын бааз дээр байгаа бие засах газруудаа энэ хуралдаж буй дарга.нар ирж хараасай.

  • unshigch (May 22, 2017 3:46:49 pm )

    Мэргэжлийн бус хэдэн авилгачид. Худлаа шоудахаа болимоор байна.Ард түмэн тэнэг биш тул бүгд мэдэж байгаа.

antalya rent a car