antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 2 comments

УТСААР ЭМЧИЛДЭГ БОЛТЛОО ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР “ТӨГС” ХӨГЖЖЭЭ

нийтлэсэн Admin

Би оюутан ахуй цагтаа үрийн зулай үнэрлэсэн олон олон ээжүүдийн нэг. Залуу насны хэнэггүй зан, завгүй оюутны тарчигхан амьдралд хүлэгдсээр яваад төрөхийн хүндрэл гэгч нь болж байснаа нуугаад яахав. Хэдийгээр эмчийн хяналтад явсан ч өвдөж эхэлснээ мэдэхгүй шоконд орж, улмаар айлд сууж байхдаа ухаан алдаж орхисноо бүүр түүрхэн санадаг юм. Эмнэлгийн тусламж авч чадалгүй ухаан алдчихсан намайг тухайн үед Баянзүрх дүүргийн эмч нар дуудлагаар ирж үзсэн ч харьяаллын бус гэсэн шалтгаанаар айлд орхиод явсан байж билээ. Зөвхөн амь тариа хийгээд л Эх нялхас руу утасд гэсэн үүрэг өгөөд гарч одсон нь одоо ч санаанаас гардаггүй. Амнаас нь цагаан хөөс сахарсан, үхэл амьдралтай тэмцэж буй залуу ээжийг орхиод гарах хатуу сэтгэл тангараг өргөсөн эмч нарт байдаг гэхээр л аймшигтай. Тэд бүгдээрээ муу, муухай биш л дээ. Тиймдээ ч Эх нялхасын алтан гарт эмч нарын буянаар эх, үр хоёр хоёул эсэн мэнд үлдсэнд баярлаж явдаг.

Гэхдээ өнөөдрийг хүртэл эмчид итгэж болохгүй шүү гэх айдас минь намайг хүлж, ээж болох мэдээ дуулсан залуу ээжүүдийн өмнөөс айдаг болсон юмдаг. Үүнийг жишээ болгосны учир гэвэл монголын эрүүл мэндийн салбарын хамгийн сайн хэрэгжүүлдэг “харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж авах” зүйл заалт хэчнээн хүний аминд хүрснийг хөндөхийг хүссэндээ жишээ болгосон хэрэг. Тухайн үед Эх нялхасын эмч нар жаахан л цаг алдсан бол одоо ингээд бичиж суухгүй байлаа. Нэгэн гэр бүл өнчрөл хагацал үзэх эсэх нь хэдхэн хормоор хэмжигдсэн юм. Над шиг асуудалтай тулгарсан олон зуун ээжүүд бий.

Цаашлаад эмнэлгээс эмнэлэг рүү дамжиж явахдаа хэчнээн хүний өвчин хүндэрч, улмаар амиа алдаж буйг яг таг тоон баримтаар хэлэх боломж алга. Энэ тухай гомдол санал байсхийгээд л гардаг ч хуультай учраас хуулиа л дагаж мөрдсөн гэдэг хариулт өгөөд амыг нь тагладаг юм билээ.

…тангараг өргөсөн эмч нар манай харьяа биш бол үхсэн ч надад хамаагүй гэдэг сэтгэлээр хандсаар байгааг хэзээ цэгцлэх вэ…

Саяхан, нэгэн дуучин залуу нас барсан гунигтай мэдээ дуулдав. Гэтэл “харьяаллын бус” гэсэн шалтгаанаар өөр эмнэлэгт шилжүүлэх гэж цаг алдсанаас болж нас барсан гэсэн мэдээллийг албан бус эх сурвалж өгсөн юм. Хэрвээ энэ үнэн бол хуультай байхаас үл хамааран хариуцлага тооцох учиртай баймаар. Эмч хүний үүрэг бол бусдын амь насыг аврах. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх. Гэтэл тангараг өргөсөн эмч нар манай харьяа биш бол үхсэн ч надад хамаагүй гэдэг сэтгэлээр хандсаар байгааг хэзээ цэгцлэх вэ, А.Цогцэцэг сайд аа.

Монголын эрүүл мэндийн салбарт хамгийн сайн хэрэгжиж буй энэ зүйл заалтыг эргэн харж, нягтлах цаг нь болсон баймаар. Хүний өвчин хэлж ирдэггүй. Баянгол дүүрэгтээ очиж өвдөнө өө гэж хүлээдэггүй байлтай. Гэнэтийн осол аваар, зодуурын бэртэл, төрөхийн хүндрэл, хордлого, даралт харвах гэх мэтээр аминд халтай өвчин зовлон бишгүй олон. Гэтэл Баянзүрх дүүрэгт ухаан алдсан таны буруу. Баянгол руугаа ачигдаад яв гэж хэлдэг хатуу сэтгэл тэдэнд байгаа учраас л маш олон иргэн харьяалал гэх хатуу зүйл заалтаас болж хорвоог орхиж, эс бөгөөс өвчин нь хүндэрч байгааг нуугаад яахав.

Баянзүрх дүүрэгт ухаан алдсан, даралт харвасан бол тухайн дүүргийн эмч, эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхэд буруудах зүйл юу ч байхгүй. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, улмаар хэвтэн эмчлүүлэх, эсвэл эмчилгээний явцад харьяа дүүрэгт нь гараас гарт гэсэн зарчмаар шилжүүлэх боломж хангалттай байгаа. Үгүй ядахдаа л дүүргийн эмч, сувилагч ирэх хүртэл тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж, гараас гарт шилжүүлдэг болохсон. Эс бөгөөс харьяа дүүрэг хамаарахгүйгээр эмнэлгийн тусламж авах өвчний нэр, жагсаалтыг баталж яагаад болохгүй гэж. Хүүхэд, хөгшиддөө ч болов харьяа дүүрэг гэсэн хатуу зүйл заалтаа цуцалж болохгүй гэж үү, сайд аа.

Үхэл амьдралтай тэмцэж буй хүн бүхэн өөрт хамгийн ойрхон эрүүл мэндийн салбарт л ханддаг. Хажуухан эмнэлэг байвал бурханы аврал хэмээн баярлаад гүйх тохиолдол бидний амьдралд бишгүй олон тохиолддог. Гэтэл та манай харьяа биш байна. Харьяа дүүрэгтээ хандана уу гэсэн хариулт авч, улмаар амиа алдана гэдэг дэндүү харамсалтай. Зөвхөн “харьяалал” гэсэн шалтгаанаар л хүүхдээ, ээжийгээ, аавыгаа алдана гэдэг эрүүл мэндийн салбарын хамгийн том эмгэнэл биш гэж үү.

ГЯЛТАЙХ САЙН МЭДЭЭ, ГИЙГҮҮЛЭХ АМЖИЛТ АЛГА

Энэ мэтээр эрүүл мэндийн салбар буруу утгаараа хөгжөөд байна. Түргэн тусламж үзүүлэх гэдгийг утсаар зөвлөгөө өгөх гэж ойлгоод удлаа. Утасны цаанаас эмчилдэг болтлоо монголын эрүүл мэндийн салбар “төгсөрчихөж”.

…үхэл амьдралтай тэмцэж буй өвчтөнд тийм эм өг, тэгж тариа хий гэсэн зөвлөгөөг утсаар өгч арай л боломгүй байлтай…

Мэдээж наад захын зөвлөгөө, анхан шатны тусламжийг утсаар зөвлөж болох ч үхэл амьдралтай тэмцэж буй өвчтөнд тийм эм өг, тэгж тариа хий гэсэн зөвлөгөөг утсаар өгч арай л боломгүй байлтай. 39 хүртэл халуурч буй нярай үрсдээ эмчийн зөвлөгөөг утсаар өгч, эмийн зөвлөгөөг хайхрамжгүй өгдөг болтлоо ачааллаа даахгүйд хүрсэн гэдэгт итгэхгүй нь. Утсаар хэлж өгсөн эм нь харшилж, реакци өгвөл хэрхэх вэ. Туршлагагүй залуу ээж тунг нь буруу өгвөл яах билээ.

Хатуухан хэлэхэд, өвчтөн амьсгал хураачихсан хойно л түргэн тусламж очдог гэхэд хэтийдэхгүй. Яаралтай дуудлага аваад, очлоо гэхэд өөрийгөө танилцуулдаг, эмчийн зөвлөгөөг бүрэн өгдөг, ямар эм бичиж өгснөө тайлбарладаг дуудлагын эмч тун цөөхөн байна. Бараг л зүгээр байхад хүн дуудлаа хэмээн тас ширвээд гарч одох нь элбэг.

Олон улсад түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхдээ ямар албан тушаалтай, хэн гэж эмч болохоо хэлж, хэрхэн биеэ асарч сувилах талаар нэг бүрчлэн танилцуулж, эмийн үйлчилгээг ч нарийн тайлбарладаг. Түргэн тусламж дуудах шаардлагагүй өвчтөн байсан ч очсон бол ажлаа хийгээд л гарах нь эмч хүний үүрэг, өргөсөн тангараг.

Гэтэл Монголын эрүүл мэндийн салбарт энэ байдал огтхон ч хэрэгжихгүй юм. Утсаар зөвлөгөө өгдөг, эмчилгээ бичиж, онош тавьдаг, дуудлагаар очсон бол загнаж зандраад гардаг, харьяа дүүргээ дууд хэмээн хаяж оддог гажиг тогтолцоо хэдийнэ амь бөхтэй оршсоор байна. Энэ талаар өөрчлөлт хийх цаг ч болчихож.

Нөгөө талаар түргэн тусламж авч буй иргэд ч хэн эмчээс хэрхэн зөвлөгөө авсан, ямар найрлагатай эм бичүүлж авснаа нэг бүрчлэн тэмдэглэж авах хэрэгтэй байгаа юм. Дараа ямар нэг асуудал боллоо гэхэд буух эзэн будах хаягтай үлдэх ёстой учраас эмчилсэн, эмчлүүлсэн хоёр хоёулаа хариуцлагатай байх хэрэгтэй билээ.

Энэ мэтээр эрүүл мэндийн салбарт гялтайх мэдээ, гийгүүлэх амжилт огтхон ч гарахгүй дахиад л нэг жилийг үдлээ. Салбарын сайд нь мянга түм солигдож, сайхан сайхан амлалт өгдөг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Улам л хүнд сурталд идэгдэж, мөнгөгүй бол үх хэмээн ард түмнээ басамжилсаар суугаа.

Техник тоног төхөөрөмжийг тэрбум, тэрбумаар шинэчилж, эмнэлгийн машиныг шинэчлэх нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл биш ээ, сайд аа.

“Элэг бүтэн Монгол” хэмээн зурагт радиогоор өдөр шөнөгүй сурталчлах атлаа эрүүл мэндийн салбар өдрөөс өдөрт авлига хүнд сурталд идэгдсээр. Хагалгаа хийж байгаагаа “төлбөртэй халтуур” гэж ойлгодог болчихож, эмч нар. Техник тоног төхөөрөмжийг тэрбум, тэрбумаар шинэчилж, эмнэлгийн машиныг шинэчлэх нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл биш ээ, сайд аа.

Энэ салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэлгээ, сэтгэхүй, хүнд суртлыг л өөрчилж, хүний төлөө ажилладаг нинжин сэтгэлтэй эмч нар бэлтгэсэн цагт л сая л жинхэнэ шинэчлэл, өөрчлөлт болох учиртай юм. Цаасан дээр хөтөлбөр баталчихаад шоудах, тэр нь хөрсөн дээрээ хэрэгжиж чадаж байгаа эсэхийн хооронд алд дэлэм зөрүү бий шүү.

Монголын мэдээ
Б.Эрхэс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин. (May 09, 2017 12:25:17 pm )

    Дээрх мэдээг үншлаа. Арай ч хэтрүүлсэн байхаа. Цагаан хөөс цахруулаад ухаангүй жирэмсэнг орхиод явах эмч байхгүйдээ. Унаагүй явлаа гэхэд тусламжаа үзүүлээд 103-д хүлээлгэж өгдөг журамтай. Энэ хүн эрүүл мэндийн салбарыг нилэнхүйд нь хараар бодоод байна. Дотор нь ороогүй эмэгтэй байнаа. Жирэмсэн, хүүхэд, өндөр настанг харъяалал харгалзахгүй үздэг болоод удаж байнаа. Их л эрт үеийн юм яриад байна даа. Хувь хүн ч өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байх учиртай.

  • зочин (May 10, 2017 12:09:04 pm )

    ЭТ -д байгуулсан Медипас оочергүй л болохоос ямар ч эмнэлэг нээгдээд бгаа юм дээ бүү мэд ,АУИС багш ч гэх шиг/Даваадорж дотрын доктор / явуулын улс өвчтөндөө сэтгэл гаргаж эмчилж үйлчлэх юм бол уу даа ,зарим нь өөрийн ажлын байраа үдээн үлдээн ирсэн эмчийг мэдэх л юм бна ,тэр их мэдлэгтэй эмч нараа орлогыг нь хаах бхдаа л гэж санагдсан ,Ер нь л мөнгөөр ажилладаг өөр юмгүй улсууд бх гэж бодсоон,багш нар бол номоо мэдэхээс өөр юм бгаа юу,

antalya rent a car