antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 3 comments

Сар шинэ дөхлөө, саяын сураг хаачив

нийтлэсэн Admin

“Сар шинээс өмнө сая төгрөгөө өгөх сураг байна уу” хэмээн хөгшид чих тавин суугаа. Жилдээ ганц удаа хөгшид хөл хөөрцөг болон баярладаг. Хөөрхий дөө баярладаг гэхээсээ илүүтэй байсан хэдийгээ идээ будаа, бэлэг сэлт, ууц шүүс, багачууд хүүхдийн гарын бэлэг болгон “цацдаг”. Шинэ сараа хөл хөөрцөг болон угтаж чадахгүй бол тэр жилдээ өөдлөхгүй хэмээн хөгшид үнэн голоосоо итгэдэг. Тэрүүндээ ч үү аль эсвэл үр хүүхдээ уруу дорой явааг харуулахгүй гэсэндээ ч тэр үү, өр тавиад ч хамаагүй өнгөтэй золгохыг хичээдэг нь монгол хүний гэм биш зан. Харин хүсэхэд хясал гэгчээр өдрөөс өдөрт юмны үнэ тэнгэрт хадлаа. Тэтгэврийн хэд нь хаанаа ч хүрэлцэхгүй. Ядарсан хөгшид ямар сайндаа л төрийн хишгийг хүлээж, сураглаж суух вэ дээ. Гэвч энэ төр засаг дүлий дүмбэ оргиод, алгаа тэнийлгэх шинж алга. МАНАН эсвэл МАН нь олгоно уу энгийн иргэдэд ёстой падлийгүй. Зүгээр л мөрийн хөтөлбөрийг нь дэмжсэнийхээ төлөө иргэд үр дүнг нь хүртмээр байгаа. Хөтөлбөрсөөд ч байх юмгүй дээ. Ардчилсан намын амласан Эрдэнийн хувь, МАН-ын барьцсан Эх орны хишгээ бүрэн гүйцэт авахыг иргэд туйлаас хүсэмжилж буй. Өөрөөр хэлбэл, тэдний амласнаар нэг сая төгрөгийн хувьцаагаа ч, 1,5 сая төгрөгөө ч авна гэсэн үг шүү дээ. Ингэх гэж л иргэд УИХ-ын 76 суудлаас МАН-д 44, Ардчилсан намд 28 суудлыг өгсөн. Аль алиных нь амласныг авах гэж тэр. Түүнээс нэг сая эсвэл хувьцаа гэсэн сонголтгүй албадлагыг тулгуулах гээгүй билээ.

Харин төрд сонгогдсон эрхмүүд амлаж байснаа мартчихаад, зарим нэг нь мэдэн будилж “луу унжиж” эхлэв. Мөнөөх нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа, 1,5 сая төгрөгийн үлдэгдэл болох нэг сая төгрөгийг нийлүүлээд хоёр бус нэг сая төгрөг эсвэл түүнтэй дүйцэхүйц хувьцаа ав гэсэн хачин утгагүй юм ярьж, түүнийгээ ч баталгаатай болгочихсон. Иргэдийг 1+1=? гэсэн энгийн бодлогыг хариуг мэдэхгүй гэж ойлгосон бололтой. Тиймээс төсөвт ахмад настнуудад эсвэл оюутнуудын сургалтын төлбөрт олгох нэг сая төгрөгийг л тусгаж өгсөн хэрэг. Харин үлдсэн хүмүүст нь бэлэн мөнгө тараах боломжгүй. Тараалаа гэхэд “Эрдэнэс-Тавантолгой”-н IPO гарсаны дараа мөнгө авах сонирхолтой иргэдийн хувьцааг “дээрэмдэн” аж ахуйн нэгжүүдэд зарж байж гэмээнэ тараана. IPO нь лавтайяа тавдугаар сараас нааш хөрөнгийн биржийн зах зээлд гарахгүй гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа. Ер л МАН-ын амлаад байсан  1,5 сая төгрөгийг олгох боломжгүй. Тийм мөнгө төсөвт байхгүй. “Оюутолгой”-г хараад ч нэмэргүй. Тиймээс л МАН-ынхан иргэдэд олгох 1,5 сая төгрөгийнхөө үлдэгдэл болох нэг сая төгрөгийг олгосон нэр зүүхийн тулд “хувьцаа эсвэл нэг сая төгрөг” гэсэн луйвраа гаргаж ирсэн юм. Үүгээрээ хоёр ч туулай буудах санаатай байгаа нь дараа дараагийн жишээнээс тодорхой харагдана.

10+10=10

Дээр нь аж ахуйн нэгжүүдэд худалдахаар болоод байсан “Эрдэнэс Тавантолгой”-н 10 хувьтай тэнцэх хувьцааг иргэдэд нэмж олгоно гэсэн нэрийдлээр дахиад л “дээрэмдэх” гэж байна. Худалч хүний нээрээ олон гэдэг шиг сүүлийн үед “39 дүгээр тогтоол” гэгчийг толгойтой бүхэн маань мэгзэм шиг давтах боллоо. Энэ тогтоолд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас хэн хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг нарийн тусгачихсан юм. Тиймээс амнаасаа буцсан нөхдүүд энэ тогтоолыг хүчингүй болгохоор тогтоолын төсөл санаачлаад буй нь тэр л дээ.

Өөрчлөлт оруулах гээд буй тогтоолын төслийг танилцуулъя л даа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тог­тоол­ын дагуу Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийг байгуулж, “… ком­панийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалахдаа Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр нэг удаа эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах, 29 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах” гэж заасан билээ.

Энэхүү “Эрдэнэс-Тавантолгой” компани багцаагаар нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заачихсан аж. Түүнээс Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг эзэмшүүлнэ. Энэ нь ойролцоогоор нэг сая төгрөг орчим болно гэсэн тооцоог өмнө нь хийж байлаа. Тэгвэл одоо УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах төсөлд аж ахуйн нэгжид худалдах 10 хувийг иргэдэд нэмж олгохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 20 хувийг иргэдэд олгоно гэсэн үг. Үүнд 15 тэрбум хувьцааны гурван тэрбум нь зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” 1/5-ийг монголчууд эзэмших нь. Гэхдээ хамгийн гол нь 536 хувьцааг ч нэг сая төгрөгөөр үнэлнэ. 1072 хувьцааг ч нэг сая төгрөгөөр үнэлэх аж. Энд л хамаг учир байгаа юм. “Эрдэнэс-Тавантолгой”-н арван хувь ч нэг сая төгрөгтэй тэнцэнэ. Хорин хувь ч нэг сая төгрөгтэй тэнцэнэ гээд байгаа юм. Үүнийг учрыг асуухаар Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасныг нэмэлт, өөрчлөлтөөр 20 хувьд хүргэнэ гэж байна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдэд 1.5 сая төгрөгийг олгоно гэж заасан байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэр мөнгийг хувьцаа, бэлэн мөнгө гэсэн сонголттойгоор л олгох гэж байна. Нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр санал болгож, мөнгөө авна гэвэл аж ахуйн нэгжүүдэд худалдах зарчмыг барьж байна. Аль болох бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс энэ зарчмыг сонгосон” гэж тайлбарлаад буй. Тэдний төлөвлөснөөр бол оюутнууд хувьцаа авах хүмүүсийн жагсаалтаас хасагдсан. Дээр нь зөвшөө­рөх, эс зөвшөөрөхөөсөө шалтгаалаад ах­мадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хасагдана. Үнэндээ 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах гээд байгаа гол шалтгаан нь “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаанаас иргэдийн эзэмших хувийг нэмэх гэсэндээ биш гэдэг нь эндээс харагдаад байгаа юм. Тэд иргэдийн эзэмшлийн хувийг нэмэх гэсэндээ бус аж ахуйн нэгжид очих 10 хувийг иргэдэд олгох нэрийдлээр алга болгож, дээр нь хэтдээ хэд ч болж магадгүй иргэдийн хувьцааг сая төгрөгөөр хүчээр шахуу худалдаад авчих зүйл заалтуудыг тусгахаар санаархаж буй ажээ.

Ингээд л анх тавьсан сумаараа иргэдийг, аж ахуйн нэгжүүд гээд аль алиныг нь луйвардчихаж байгаа юм.

Үнэндээ энэ нь гэгээнээр харвал өөрсдийн амлалтаа биелүүлсэн болж харагдахыг завдаж буй ч арай дөн­гүүрхэн харвал луйврынх нь башир арга гэхээс өөр үг олдохгүй нь. Өмнө нь монголчуудыг хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч мэдлэггүй байхад цэнхэр, ягаан тасалбар тарааж, өөрсдөө бүхнийг хуу хамсан. Түүн шигээ иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувь­цааны 20 хувийг тарааж, түүнийгээ дээд тал нь сая магадгүй түүнээс доош худалдаж авахаар санаархаж буй, тийм л дүр зураг үзэгдээд байна. Ингэж л амлаж, амласнаа баталгаажуулж, баталгаажуулснаа өөрсдөдөө ашигтай­гаар өөрчилдөг сувдаг сэтгэлгээний золиос нь иргэн бүрт олгох хувьцаа болон хувирах нь ээ. Төр түмэн нүүртэй гэж энэ.

Л.Нарантөгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 14, 2012 10:47:18 am )

    amlaltaa bieluuleech cyvdag cetgeltnuud mini yaduu ard tumniig bitgii togloom bolgooch

  • Anonymous (February 14, 2012 10:49:13 am )

    ta nar uurcduu amlacan bolohooc ard tumen anh gyugaagyu shuu dahij ta nar ard tumneec canal abch haragdaach

  • Anonymous (February 14, 2012 5:29:33 pm )

    naad huvitsaa geed bga yumandaa bitgii itge.mongoo belneer avmaar bna arduudaa.naad huvitsaa chini hezee ch haana ch uned orohgui .yun say togrog 10.000 ch hurehgui .unen shu,belen mongoo avya.

antalya rent a car