Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өнгөрсөн парламентийн үеэс яригдаж ирсэн ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулах эсэхээ шийдээгүй байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа иргэдээс санал асуулга авах нь хамгийн чухал. Тиймдээ ч Зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар болсон юм. Уг санал асуулга өнөөдөр Төрийн ордонд болж байна. Зөвлөлдөх санал асуулгад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдээс гадна Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлж чадахуйц 750 орчим иргэн Төрийн ордонд хуран чуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо илэрхийлж байна. Чуулган маргааш мөн үргэлжлэх юм.
Сонирхуулахад, Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсны эхнийх нь 1924 онд баталсан анхны Үндсэн хууль байлаа. Энэ талаар “Ази тивд анх удаа Үндсэн хуультай болсон орон бол Монгол” гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг анхлан тунхагласан зэрэг нь энэ хуулийн онцлог. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, улмаар нэлээд дэвшилттэй гэж хэлж болохоор нэмэлт, өөрчлөлтүүд 1960 онд орсон байдаг юм. 1960 оноосэхлэн иргэдээ жинхэнэ, жинхэнэ бус гэж ялгахаа больж, эрх тэгш байх үндсийг хуулиараа тогтоон хуульчилсан билээ. Үндсэн хуульдаа хийсэн өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсан.
Улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, төрийн хэрэгт чөлөөт сонгуулийн аргаар оролцох эрхийг хангасан, чөлөөт зах зээл, эрх мэдлийн хяналт-тэнцлийн суурь зарчмыг баталгаажуулсан гээд 1992 оны буюу дөрөв дэх Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол өргөн дэлгэр билээ.
Холбоотой мэдээ
-
баагий (April 30, 2017 11:47:57 am )
Улс төрийн “НАМУУД”-н үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт, сонгуульд мөнгөөр оролцдог журмийг өөрчлөхгүй бол “ЭРХ МЭДЛИЙН ХЯНАЛТ-ТЭНЦЭЛИЙН СУУРЬ” зарчим алдагдаад, тэр даамжирч системийн хямралд оруулсан учраас өнөөдөрийн намууд албан тушаал, эрх мэдэл эдлэхийн тулд “МӨНГӨНИЙ БООЦОО ТАВЬДАГ” мөрийтөй тоглоомын бүлэглэл болсон учраас “ЗӨВ ЗАМААР ХӨГЖҮҮЛЭХГҮЙ” байна.
1 Comment