Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн зарим офицер, албан хаагч нарыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан өнгөрсөн баасан гаригт баривчилжээ. Энэ талаар нэрээ хэлэхийг хүсээгүй албаны эх сурвалжууд хэлэхдээ, “Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнууд эрүүгийн гэмт хэргийн холбогдогч нараас их хэмжээний авлигал авч, хэргийг нь нуун дарагдуулсан байж болзошгүй” гэсэн мэдээлэл УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ирсэн. Энэ дагуу тусгай ажлын хэсэг гарч, хэргийн халуун мөрөөр орсон. Ингээд нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн зарим офицер, албан хаагчийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид хорьсон. Мөн прокурорын зөвшөөрлөөр сэжигтнүүдийн албан өрөө болон гэрт нь үзлэг, нэгжлэг хийхэд нэг нь гэртээ 30 орчим сая төгрөгийг бэлнээр хадгалж байсныг илрүүлж. эд мөрийн баримтаар хурааж авсан” гэв. Түүнчлэн энэ хэрэгт Нийслэлийн цагдаагийн газрын өндөр албан тушаалын офицерүүд ч холбогдсон байж болохыг үгүйсгэсэнгүй. Үүнээс гадна Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтныг самрын ченжүүдээс авлигал авсан гэх хэрэгт сэжиглэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Дашрамд дурдахад, эрүүгийн цагдаагийн ажилтнуудаас эд мөрийн баримт болгон хурааж авсан мөнгөний хэмжээ Авлигын тухай хуульд зааснаар онц их хэмжээний гэсэн ангилалд багтдаг ажээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 4:55:47 pm )
za daa zahruu n ch orj bainadaa.ene avilgaliig yanaa.bugdeeree shorond orchihbiidee.
1 Comment