Ер нь энэ эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас хамаараад бүсээ чангал гэж улстөрчдийн хэлээд байгаа үг угтаа бол поп шинж чанартай гэдгийг бодит нөхцөл байдал харуулж буй. Тухайлбал, Үндэсний баяр наадмын үйл ажиллагааг яаж ч бүсээ чангалаад 2 тэрбумаас илүү гарсан мөнгөөр хийхээр засгаас шийдээд байна. Наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөржээ. Харин наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгажээ. Тэгэхээр бид энэ жил ийм мөнгөөр зохион байгуулсан наадам үзэх нь.
Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Монгол төр баяр наадмын үйл ажиллагаанд хэчнээн төгрөг зарцуулж ирсэн бэ гэдгийг эргэн харцгаая.
2010 онд 642.2 сая төгрөгийг Монгол төр наадмын үйл ажиллагаанд зарцуулсан бол 2011 онд 1,3 тэрбум төгрөг, 2012 онд 870 сая төгрөг зарцуулжээ.
2013 оны наадмын төсөв
Наадмыг 1 тэрбум 500 сая төгрөгт багтааж хийж болно гэдгийг 2013 оны наадмын төсвөөс харж болно. Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөгөөр баталсан байдаг. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байдаг юм.
2014 оны наадмын төсөв
Бүсээ чангал энэ тэр гэсэн сүржин үг улстөрчид хэлж байгаагүй 2014 оны наадмын төсөв энэ жилийн наадмын төсөвтэй бараг адилхан байгаа юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,2 тэрбум төгрөгөөр баталж байжээ. Үүнээс 369,9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг.
2015 оны наадмын төсөв
2015 оны наадмаар засгаас 2 тэрбум 747 сая 747 мянган төгрөг зарцуулахаар шийдвэрлэж байжээ. Зардлыг нарийвчилбал, Үндэсний бөхийн барилдаанд 85 сая 726 мянган төгрөг, хурдан морины уралдаанд 227 сая 360 сая төгрөг, сур харваанд 83 сая 777 мянган төгрөг, шагайн харваанд 28 сая 190 мянган төгрөг, урлаг соёлын арга хэмжээнд сая 12 мянган төгрөг, аварга адуучин шалгаруулахад 104 сая 455 мянган төгрөг, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд 93 сая 60 мянган төгрөг, хэв журам хамгаалахад 267 сая 42 мянган төгрөг, тохижилт засвар, худалдаа үйлчилгээнд 769 сая 514 мянган төгрөг, урилга хөтөлбөр, бусад зүйлийг хэвлүүлэхэд 32 сая төгрөг, бусад арга хэмжээнд 224 сая 796 мянган төгрөг, хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 18 сая 600 мянган төгрөг зарцуулжээ.
2016 оны наадмын төсөв
Өнгөрсөн жилийн наадмын төсөв сүүлийн таван жилийн хугацаан дахь наадмын төсвүүдээс хамгийн өндөр нь байгаа юм. 2015 оны наадмын төсвөөс 150 гаруй сая төгрөгөөр өндөр буюу 2.9 тэрбум төгрөгөөр баталсан байдаг.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
засгийн газарт (April 20, 2017 11:38:33 am )
энэ мөнгөний 10 хувь л байхад хангалттай шүү дээ. Бусдыг нь эрүүл мэндийн салбартаа зориул.
-
Зочин (April 20, 2017 2:58:35 pm )
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо буюу Наадмын комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд ажилладаг. 2010-2012 онд М.Энхболд, 2012-2016 онд МАХН-ын Тэрбишдагва, Оюунбаатар нар байсан. Харьцуулаад дүгнэцгээе. 2011 он бол Хүннү гүрний 2222, Их Монгол улсын 805, Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой, дөрвөн их ой давхацсан жил байсан. Хэн нь улсын сан хөмрөгөөр хүүдэгнэдэг нь харагдаж л байна. Н.Энхбаярын даалгавараар …. магадгүй л юм
-
Зочин (April 20, 2017 3:02:02 pm )
2013 оноос зардал нь бараг бүтэн нугарч цаашдаа бүр 3-4 дахин нугарч нэмэгдсэн байх юм. Гайхалтай. Тоогоор илэрхийлбэл 200-300% нэмэгдсэн байх юм. Аймаар юм.
-
ххххх (April 21, 2017 10:45:17 am )
энэ их мөнгийг чухам юунд зарсаныг нарийн шалгаж гаргавал дарга нарын тансаглал хачин юм гарна даа
4 Comments