antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2017 Comments are off

ЭЕШ-ын эргэлзээтэй асуултад хариуллаа

нийтлэсэн Admin

Энэ жил охины маань хувьд ерөнхий боловсролын сургуулиа төгсч, ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо тодорхойлох хариуцлагатай жил иржээ. Орой болгон шахам манай гэр бүлд элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг тойрсон эргэлзээтэй асуудал үүсэх болов.

Эхний өдөр интернэтээр элсэлтийн шалгалтад бүртгүүлэх гэтэл мөнгө шилжүүлэх үйлдэл дээр алдаа заагаад болдоггүй. Ажлын цаг дууссан учир ингэж байгаа юм байлгүй гээд бүртгэлээ хойшлуулчихав. Өглөө эртлэн бүртгүүлэх гэтэл бас л алдаатай. Сураг сонсоход миний адил олон аав, ээж ЭЕШ-ын талаар нэлээд зүйлд эргэлзэж яваа бололтой.

Тиймээс Боловсролын үнэлгээний төвөөр орж их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй залуус бүртгэлд хэрхэн хамрагдаж байгаа талаар сурвалжилсан юм.

Оролцогч заавал и-мэйл хаягтай байна

        ЭЕШ-ын журамд гурван өөрчлөлт оржээ. Нэн түрүүнд шалгалтад оролцогч заавал өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх ёстой төдийгүй үүгээрээ дамжуулан бүртгүүлэх юм байна. Уг хаягаар бүртгэлийн дугаар, нууц үг, суудлын хуваарь, дүн онооны жагсаалт зэргийг хүлээн авах аж. Мөн монгол хэлний шалгалтыг хүүхэд бүр өгөх ёстой бөгөөд англи, орос хэлээр сонсох сорил бүхий даалгаврыг нэмжээ. Шалгуулагч өгөгдсөн сэдвийг сонсч, эхийн бүтэц, зохиомжийг тодорхойлон, түлхүүр үгийг бөглөнө. Боловсролын үнэлгээний төвөөс eec.mn цахим хуудсандаа туршилтаар гадаад хэлний сонсох даалгавар, сорилыг байршуулжээ. Тиймээс хүүхдүүд татаж аван өөрийгөө сорих боломжтой юм байна. Журамд орсон бас нэг өөрчлөлт гэвэл шалгалтын хариултын хуудсыг тухайн хүүхэд хар болон хөх өнгийн тосон балаар дугуйлах ёстой. Өмнө нь харандаагаар бөглөдөг байсан аж.

Гүйлгээ хийх эрх бүхий дөрвөн оронтой тоо аваарай

        Мөнгө шилжүүлэх үйлдэл дээр алдаа заагаад байвал дөрвөн оронтой тооны эрхээ харилцагч банкнаас авах хэрэгтэй юм байна шүү, аав ээжүүдээ. Энэ нь интернэт банкаар мөнгө шилжүүлэх эрх бүхий дөрвөн оронтой тоо. Ийм эрх нээлгээгүйн улмаас төлбөрийн системд алдаа зааж байгаа аж. Түүнчлэн эцэг, эх болон хүүхдүүдийн дунд эргэлзээ төрүүлж буй зүйл нь картан дээр байгаа 16 оронтой тоог төлбөр төлөх гэсэн хэсэг дээр бичих ёстой. Зарим бүртгүүлэгч дансны дугаараа андууран бичих тохиолдол түгээмэл гаргаж байгаа аж. Төлбөрийг виза болон мастер картаар хийх бөгөөд зөвхөн карт эзэмшигчийн овог, нэр, регистрийн дугаарыг бичихэд хангалттай юм байна.

Хувийн мэдээлэлд алдаа гарвал…

        Бүртгүүлэх явцад тухайн хүүхдийн хувийн мэдээлэлд алдаа гарсан тохиолдолд ангийн багш болон сургалтын менежертээ яаралтай хандах хэрэгтэй. Эдгээр мэргэжилтнээр дамжуулан БСШУСЯ-ны мэдээллийн систем дэх хувийн мэдээллийн алдаагаа засуулж болох юм байна. Мөн онлайнаар бүртгүүлсний дараа оршин сууж буй хороондоо заавал бүртгүүлэх ёстой гэсэн ташаа мэдээлэл гарсан байна. Тэгвэл онлайнаар бүртгүүлсэн тохиолдолд оршин сууж буй хороондоо очих шаардлагагүй.

Б.Цэрэннадмид: Шалгалтын сэдвийг задруулах боломжгүй

        Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад ес хоног үлджээ. Тиймээс бүртгэлийн явц болон зарим зүйлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас тодрууллаа.

-Хүүхдүүд ЭЕШ-даа хэр идэвхтэй бүртгүүлж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн бүртгэл хэдэн хувьтай байна. Онлайнаар бүртгүүлж байгаа учраас сүлжээ тасрах, ачаалал үүсэх асуудал үүсч байна уу?

-Бүртгэл 76 хувьтай, одоогоор 30000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 37 мянга орчим сурагч төгсөнө. Үүн дээр өмнөх жилүүдэд ЭЕШ өгч амжаагүй залуустай нийлээд 40 мянга орчим хүн шалгалт өгнө гэсэн дүн мэдээтэй. Тиймээс бүртгүүлж амжаагүй залуус энэ сарын 14-ний 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй. Хөдөө орон нутгийнхны хувьд бүртгэлд ямар нэгэн саад байхгүй, бүртгэлийн ирц нийслэлийнхнээс илүү сайн хувьтай байгаа.

-Амжиж бүртгүүлээгүй хоцорсон тохиолдолд бүртгэлийн хугацааг сунгах уу?

-ЭЕШ-ын хугацааг сунгах болон урагшлуулахгүй гэсэн заалтыг журамд тусгасан. Үүнийг мөрдлөг болгоно. Ер нь бүртгүүлж амжаагүй бол ойрын өдрүүдэд бүртгүүлээрэй. Учир нь, бүртгэлийн явцад ямар нэгэн алдаа гарвал бүртгэл дуусаагүй тохиолдолд холбогдох газарт хандаж засуулах боломж бий. Цагийг нь тулгасан тохиолдолд засварлах системд нэвтрэх ямар ч боломжгүй. Тиймээс бүртгэлээ эрт хийлгэж, шалгалтын бүртгэлийн хуудсаа авах хэрэгтэй.

-Жил бүр шахам ЭЕШ-ын дараа сэдэв задарсан гэх маргаан дэгддэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Шалгалтын сэдэв задарч, материал алдагдана гэсэн тохиолдол байхгүй. Яагаад гэвэл ЭЕШ-ын сэдэв даалгаврыг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хяналтан дор боловсруулдаг. Тиймээс задрах ямар ч боломжгүй. Ер нь шалгалтыг шударга, нээлттэй явуулах зорилгоор шалгалтын анги танхимд хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсох төхөөрөмж зэргийг суурилуулсан.

-ЭЕШ өгөх хүүхдүүдэд хандаж мэргэжилтэн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Шалгалт өгөх хичээлийнхээ сонголтыг аав ээж, багш нартайгаа сайн ярилцсаны үндсэн дээр хийгээрэй. Амьдралд хөл тавих шалгалт учраас үүнд хариуцлагатай хандах нь чухал. Миний бодлоор хүүхдүүд бага хичээл сонгож, түүндээ сайн бэлтгэвэл амжилт гаргана. Зарим хүүхэд олон хичээл сонгочихоод түүндээ найдаж санасан зорилгодоо хүрэхгүй тохиолдол бий. Мөн шалгалт өгөхийн урьд орой нь бичиг баримтаа сайтар шалгаж, шалгалт өгөх байранд ирэхдээ цагаа сайн төлөвлөөрэй. Шалгалтын байранд 30 минутын өмнө ирсэн байх ёстой. Түүнчлэн эрүүл мэндийн байдлаа анхаарч, үзэг, бал зэрэг хувийн бэлтгэлээ сайтар базаах шаардлагатай.

-Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн суудлын хуваарь болон шалгалт өгөх байрын талаарх мэдээллийг хэзээ гаргах вэ?

-Ирэх сарын 15-наас хойш шалгуулагчийн булангаараа нэвтрэн суудлын хуваарь, шалгалт өгөх байр зэрэг мэдээллийг авч болно.

Б.Даариймаа

МОНГОЛЫН ҮНЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car