Ерөнхийлөгч өнөөдөр чуулганы нээлтэд оролцож үг хэлэхдээ мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Манай улсад ялангуяа залуусын дунд мансууруулах бодисын хэрэглээ аюулын харанга дэлдэж буй тул Ерөнхийлөгчийн үгийг ишлэн хүргэж байна. Тэрбээр “Манай улсад, ялангуяа манай залуу үеийнхний дотор хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улс үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрлээ гэж ярьж бичээд удлаа. Энэ чиглэлд Монгол Улсын бодлого, үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт гарахгүй байдал даамжирсаар байна. Төв суурин газар дэх дунд сургуулийн 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөхөд бэлэн эсвэл өртөж байна гэсэн судалгаа ч үзэгдэх боллоо. Энд байгаа албан тушаалтан бүхэн хүүхэдтэй. Зарим нь ач, зээтэй. Энэ утгаараа Та бүхний гэр бүлийн ихэнхэд нь дээрхи асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг. Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Иргэний Танхимд мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. “Хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуул” гэж ард иргэддээ анхааруулсан. “Монгол Улс энэ асуудлаар хатуу бодлого барих ёстой, барина” гэж хэлж байсан. Тодорхой ажлууд хийгдсэн боловч байдал хүнд байна.
Монголчууд цөөхүүлээ, эмзэг өвөрмөц байршилтай гэж бид ярилцдаг. Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар анхааруулах, сануулах байдлаар эсвэл өнөөгийн байгаа хүчээр төр ажиллаад амжилт олохгүй нь илт боллоо. Үүнд эргэлт гаргахгүй бол, тийм хэмжээнд анхаарч бодлого үйл ажиллагаагаа өргөтгөхгүй бол улс орны маань ирээдүйн хувь заяа хутганы ирэн дээр ирж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ асуудлыг Хууль зүйн сайд Сандагийн Бямбацогт толгойгоороо хариуцах үүрэгтэй. Энэ чиглэлд гаргах хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа, хууль журам, бүтэц, төсөв зардлын асуудлыг Засгийн газар, УИХ аль аль нь анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг сануулъя.” гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (April 05, 2017 1:43:49 pm )
Өмнө нь яагаад дуугарахгүй байсан юм бол.Энэ асуудал аймшиг дагуулаад байна шүү
-
duudai (April 05, 2017 1:49:44 pm )
hamgiiin zvw vg hellee ene asuudald bolowsrolin yam huuli hvchniii baiguullaga yaraltai shiidber gargaj ajilllaach `
2 Comments