antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 11, 2012 1 comment

Б.Сарантуяа: Би хайраар үргэлж бялхаж явдаг

нийтлэсэн Admin

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа гэгээн хайрын Валентины баярыг угтаж “Хайрын бэлэг” нэртэй цомгоо хэвлүүлсэн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Дуучин маань хайрлах, хайрлуулах, хайранд шархлах, гомдох, баярлах нь бүгд хайрын бэлэг гэж боддог аж. Тэр ч үүднээсээ цомгоо ийн нэрлэсэн гэнэ. Гэхдээ энэ хайр нь хосууд, дотно хүмүүс, аав ээжээ хайрладаг тухай, түүнийгээ мэдрүүлэх үүднээс энэхүү цомгоо гаргажээ. Цомгийнхоо бэлтгэл ажлыг “Saraa\’s music production” дээр хийсэн байна. Өчигдрийн хэвлэлийн хуралд эл өдрийн хамгийн гол хүн болох дуучин Б.Сарантуяа, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, “Нью стар” студийн захирал Л.Энхмандах, продюссер С.Гантөр болон ивээн тэтгэгч компанийн төлөөлөл оролцсон юм. Цомгийн нэрээр нэрлэгдсэн “Хайрын бэлэг” дууг нь ноднин төрсөн өдрийнх нь баярын цэнгүүнд С.Гантөр бэлэг болгон өгчээ. Уг дууг залуу дуучин Ядамсүрэнтэй хамтран дуулсан байна. Энэ цомогт багтсан дуунуудын үгийг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир тэргүүтэй уран бүтээлчид бичиж, СГЗ Л.Балхжав, С.Гантөр, Б.Ангирмаа нар аялгууг нь зохиожээ. “Хайрын бэлэг” цомогт “Дурсамж”, “Хэцүү”, “Амьдралын зун”, “Хаана нь байсан юм бэ”, “Нэг л ондоо”, “Санаж байна”, “Хайрын бэлэг”, “Сая долларын олз” гэсэн найман дуу багтжээ. Тэрээр 2004 онд “Best of Saraa” тоглолтоо хийж найман жилийн дараа тус тоглолтын бичлэгээ 25 дуутай DVD болгон “Хайрын бэлэг” цомгийн хамт фэнүүддээ хүргэж байгаа юм. CD шопуудын өртөг өндөр байдаг болохоор түүний фэнүүд “Saraa\’s music production” руу утас цохин захиалбал харьцангуй хямд өртгөөр авах боломж байгаа гэнэ.

-Гэгээн хайрын баярын өмнө та шинэхэн цомгоороо фэнүүддээ бэлэг барилаа. Цомгоо удаан хүлээсэн байх даа?

-Манай урлагийнхан чинь шинэ жилийн дараа хэсэг амралтын байдалтай байдаг. Залгаад цагаан сар гээд ажил ихтэй завгүй байдаг ч манай продакшн “Нью стар” студитэй хамтран төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Олон жил бид хамтарч байгаа болохоор гар нийлээд ажиллахад амар л даа. Уг цомог маань шинэ жилээр гарах ёстой байсан юм. Гэвч “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолт үргэлжилсээр байгаад шинэ он гарчихсан. Тэгээд нэгэнт л нэгдүгээр сар гарчихсан юм чинь гээд гэгээн хайрын баярын өмнө гаргая гэж бодсон. Энэ цомог маань олон хүний хичээл зүтгэлээр бүтсэн шүү. Цомгоо гаргах гээд ар гэр, хувийн амьдралаа хүртэл умартаж ажилласан гэж ойлгож болно. “Хайрын бэлэг” цомог маань энэ сайхан баярын өмнө амжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаа. Өвлийн хүйтэн өдөр, уйтгартай урт үдшийг зугаатай өнгөрүүлэхэд нэмэр болно гэж найдаж байна. Ганцхан Ромео Жульеттагийн хайр биш өөр олон хайрыг нэгтгэж өгсөн. Хайртай гэдгээ илэрхийлэхэд бэлгээс гадна их анхаарал халамж хэрэгтэй. Манайхан болохоор хайраа илэрхийлэхдээ ямар нэгэн зүйл авч өгөх ч юм уу, хоолонд орж концерт үзүүлэх төдийхнөөр өнгөрөөдөг. Үүний оронд нүд рүү нь эгцэлж хараад чин сэтгэлээсээ хайраа илэрхийлж болно шүү дээ. Харцаараа бие биедээ хайраа илчилнэ гэдэг магадгүй хамгийн том бэлэг байх.

-Та цомгоо Валентины баярыг тохиолдуулан гаргаж байгаа юм байна. Та хэрхэн баярлах вэ?

-Валентины баяр гэдэг заавал Валентинтай байж тэмдэглэх ёстой. Хосоороо байж баярлах нь энэ баярын утга учир юм. Яаж баярлахаа мэдэхгүй байгаа ч намайг баярлуулах Валентин байгаа.

-Та одоо хайраар халгиж цалгиж байгаа болохоор энэ цомгоо хайрын бэлэг болгон гаргаж ээ?

-Би үргэлж хайраар бялхаж явдаг. Сараа хайргүй болчихлоо гэж дуулаагүй байх. Мэдээж намайг хайрын дуунууд хөглөж өгдөг. Тэгээд ч одоо хавар болох гэж байгаа шүү дээ. Туулай жилд уран бүтээлийн олз омог их байсан. Магадгүй уран бүтээлээсээ ч илүү хайраар гэрэлтэж байж магадгүй.

-Та өнгөрсөн онд уран бүтээлийн олз арвин байсан гэлээ. Энэ жилийн төлөвлөгөө юу байна. Төрсөн өдрөөрөө урьдын адил тоглох уу?

-Үүн дээр ямар нэгэн амлалт өгч чадахгүй юм байна аа. Миний фэнүүд намайг төрсөн өдрөөрөө тоглолт хийдэггүй юм аа гэхэд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй бол сэтгэл гонсгор байдаг. Манай продакшны үйл ажиллагаа хэрхэн явагдах нь уу, аялан тоглолт хойшлогдохгүй бол дөрөвдүгээр сарын хоринд ямарваа нэгэн сюрприз байж таараа. Төрсөн өдрөө найзуудтайгаа сэмээрхэн тэмдэглэчихээр фэнүүд маань нэг л  таагүй үлддэг юм шиг санагддаг. Би ганцхан өөрийгөө бодохгүй тэднийгээ бас баярлуулах хэрэгтэй.

-Сүүлийн үед та олон цомог гаргаж, аялан тоглолт хийлээ шүү дээ. Хэр амжилттай байна вэ?

-Ноднин хямрал гарлаа гээд уран бүтээлчид уран бүтээлээ хийж чадахгүй байна гэсэн. Харин бид онцгой менежментээр ажиллаж байгаа. Санхүүжилт, ивээн тэтгэлгийг хурдан олж уран бүтээлүүд маань эргэлтэд явж байгаа урчаас ганц цомог гаргаад одоо больё гэхгүй л ажиллаж байна. Энэ цомог ганц миний хүчээр гарч байгаа юм биш л дээ. Ивээн тэтгэгчдийнхээ буянаар та бүгдтэйгээ уран бүтээлээрээ уулзаад явж байна. Дуулах, тоглох бололцоо гарч байвал тоглох л хэрэгтэй. Энэ жил гадаад руу аялан тоглолтууд үргэлжилж магадгүй. Амжвал уран бүтээлийн шинэ цомог гарах байх. Одоо “Аргагүй монгол аялгуу” тоглолтын DVD, “Аргагүй монгол аялгуу-2” гэсэн этник стилийн дуунууд гарч байгаа.

-Одоо суурин байх уу. Хөдөө гадаа явах уу?

-Хэд хоногоос Дорноговь аймаг руу явах гэж байна. Дорноговь аймгийн “Тал нутгийн дуу”-г дуулна. Энэ дууг яагаад дуулах болсон бэ гэхээр Галсанжамц гээд манай өвөө энэ аймгийн хүн л дээ. Нутаг нь дуудаад байгаа ч юм уу. Тэр дуугаа уржигдар бичүүлж дууслаа. Найруулгыг нь манай Өөжгий, Болорхүү нар хийж байна. Дуугаа тэр сайхан энергийн төвд очиж дуулбал сайхан шүү дээ. Мөн тэнд тэмээн поло тэмцээн болох гэж байгаа гэсэн. Ялангуяа өвөл очиж тэр нутгийн гоо сайхныг мэдэрнэ гэдэг аз завшаантай хэрэг л дээ. Би ер нь өөрийгөө их азтай хүн гэж боддог. Тийм ч болохоороо агуу Данзанравжаагийн нутгийг магтан дуулахаар тийшээ хүлгийн жолоо зална гэдэг бол их хувь зохиол юм.

-Та Казахстан улс руу тоглолтоор явна гэж байсан. Тэр тоглолт хэвээрээ юу. Цаг хугацааны хувьд хэзээ болж таараад байна вэ?

-Одоо л төлөвлөгөө өөрчлөгдөхгүй бол ирэх гуравдугаар сарын  эхээр явах санаатай байгаа. Цагаан сараа ямар ч байсан эх нутагтаа гаргана. Дээлээ оёулж өмсөөд шинийн гурванд аавынхаа нутаг руу очиж золгоно. Буузаа сайн идэж байгаад эрч хүчтэй Казахстаныг зорих бодолтой байна. Казахстан улс надад их ээлтэй байдаг. Миний хамгийн анхны олон улсын наадмын Гран При шагналыг бэлэглэсэн буянтай газар хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны хэрэг болов уу. “Аргагүй монгол аялгуу” цомгоо Казахстаны ард түмэнд бэлэглэж тоглолтоо хүргэнэ гэж бодож байгаа.

-Та хамтлаг дуучдыг хэвлэл мэдээллийнхэнд төлбөртэй ярилцлага өгч нэвтрүүлэгт нь орж бай гэж захиж байна гэсэн. Уран бүтээлчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр л өнөөдөр олонд танигдаж байгаа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ ташаа мэдээлэл байх шиг байна. Би үнэгүй хандивын тоглолтод битгий орж байгаарай гэж хэлсэн. Манай рок попынхныг ямар нэгэн зүйлд үнэгүй их ашигладаг. Уг хүмүүс нь өөрсдөө хүнлэг, зөөлөн болохоор зөөлчлөх гээд байдаг. Ер нь бол дуртай телевиз нь ирээд яриа авна гэж байхгүй шүү дээ. Хамтран ажиллах гэрээ гэж байдаг. Ямар ч улсууд гэрээний дагуу л ажиллах ёстой. Би л гэхэд сүүлийн таван жил МҮОНРТВ, Улаанбаатар телевиз, TV9 телевизүүдтэй байнгын хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гурван телевизийн эфирээр дуучин Сарантуяаг хамгийн их харж болно гэсэн үг. Үүний дараа бусад телевизүүд санаачилга гаргавал гэрээгээ хийж болно. Би харин чөлөөт хэвлэлд нэг сая төгрөгөөр мөн 500, 600 мянгаар ч ярилцлага өгч л байсан. Энэ тогтолцоонд шилжих нь зүй ёсны хэрэг гэж би хувьдаа боддог. Нэг сэтгүүлд ярилцлага өгсөн байхад тэрийг өөр сонинд тавьчихсан байсан. Энэ бол зохиогчийн эрхийг зөрчсөн асуудал. Миний гэрээтэй мэдээллийн хэрэгслүүд дуртай үедээ над руу залгаад нэвтрүүлэгтээ оролцуулж  болно. Ярилцлага өгөх, өгөхгүйн тухайд тухайн уран бүтээлчийн шийдэх асуудал.

-Уран бүтээлчид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хандивын тоглолтод оролцдог. Хандиваасаа тэгээд хувь авна гэвэл хүмүүст таатай санагдахгүй нь мэдээж…

-Дуучин хүн үнэгүй хандивын тоглолтод орохдоо наад зах нь үс гэзгээ янзлах, техникээ зөөхөөс эхлээд зардал гардаг. Яагаад бүр үнэгүй тоглоод байдгийг би ойлгодоггүй. Түрээсийн мөнгө энэ тэр гэж зардал гаргаад мөнгө өгч байж уран бүтээлчийн хоолой яагаад үнэгүй байгаад байгаа юм. Энэ хэзээ ч байж болохгүй. Манайд юмны цэнийн зиндаа гэж байдаггүй. Дуучид шинэ жилээр л гэхэд хамаа замбараагүй өдөрт 14 тоглолт хийгээд явж байна гээд баярлаад байдаг. Ганц боломж байж болох ч энэ арай хэтэрнэ. Муухай тайзан дээр тухгүй орчинд дуулна гэдэг хэцүү. Өөрсдийгөө мөн хоолойгоо хайрлах хэрэгтэй. Хоолой гэдэг дуртай хүн болгонд олддог зүйл биш. Үнэ, хүндгүй зүйлд битгий очооч, битгий дуулаач ээ. Хандивын тоглолт гэхээр бүх зүйл нь үнэгүй байж болохгүй шүү дээ. Бид үнэгүй тоглоод байхад бусад албан хаагч нар яагаад цалингаасаа хандив өгч болдоггүй юм. Эрхэм гишүүдэд тэрбум төгрөг зориулдаг юм билээ. Тэд яагаад тэр мөнгөнөөсөө хандивын багц гаргаж болохгүй гэж. Бид нийгмийн хандивын байгууллага шиг болчихсон.

-Хүн хүндээ буян үйлдэнэ гэдэг сайхан шүү дээ?

-Олны юм оломгүй далай. Бид хандивын тоглолтод орж, тусалж болно. Гэхдээ үүнийг ялгаж, салгах хэрэгтэй. Одоо сонгууль болох гэж байна. Нэр хүнд олох гэж байгаа бол сонгуульд өрсөлдөх хүмүүс туслах хэрэгтэй. Биднийг буяны ажил хийдэггүй гэвэл хэлмэгдэл болох байх шүү. Тэрбумтангууд гараа сунгадаггүй биз дээ. Би уран бүтээлчдийнхээ үнэ цэнийг л өсгөмөөр байна.

-Тэгвэл та нэг арга хэмжээн дээр хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?

-Би хэдэн төгрөгөөр дуулдгаа хэлдэггүй. Ханш бол хэлбэлздэг. Би дэлгүүрт ороод энэ барааг хямдруулаад өг гэж хэзээ ч ярьдаггүй. Битгий бидний түрийвч рүү өнгийгөөч ээ. Би та нарыг хэдэн төгрөгийн цалинтай вэ гээд асуудаггүй биз дээ. Хэдэн төгрөгийн реклам тавьж хэдэн төгрөг олдог тухай өнгийж байгаагүй болохоор энэ бол эрүүл биш сонирхол. Бид болгоод амьдарч байгаа болохоор тайлан тавих албагүй.

-Сонгууль дөхөөд улс төрийн амьдрал бужигнаад эхэлчихлээ. Та МАН-ын гишүүн хүн. Танд ямар нэгэн зүйл мэдрэгдэх юм уу?

-Энэ талаар юу бодох вэ дээ. Сонгуулиа очиж өгнө. Өөр асуудал байхгүй.

Э.ЭНХБОЛД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 13, 2012 10:29:15 am )

    Saraa tomorchee. Od gej iim l bdag bh daa.

antalya rent a car