antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2017 2 comments

Ямаанаас дор үнэлэгдсэн одонтой ээжүүд

нийтлэсэн Admin

Монголчууд бид цөөхүүлээ. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18 дугаарт эрэмбэлэгддэг хэдий ч хүн амынхаа тоогоор дөнгөж 135-д жагсаж буй.

Ардын хувьсгал ялсны дараа зовж зүдэрсэн 600 мянган хүнтэй байснаа бодвол овоо өссөөр гурван саяд хүрсэн нь том үр дүн. Гэхдээ л чамлалттай.

Ер нь насанд хүрсэн хүн ам нь дор хаяж таван сая байвал эдийн засаг нь тогтворжиж, салбар бүрийг хөгжүүлэх загварын талаар ярих боломж бүрддэг гэдэг. Харин манайд тэтгэврийн хөгшид болоод хүүхдүүдээ хасахаар хөдөлмөрийн насны хүний тоо дөнгөж нэг сая гарна. Хүн амын тоо цөөн, дээр нь хөдөлмөр эрхлэх насны иргэд бүр ч бага байгаа нь улс хөгждөггүйн гол шалтгаан байж магад.

Улсынхаа энэ зовлонг үе үеийн удирдлагууд маш сайн ойлгож, хүн амынхаа тоог өсгөх гэж хэрэндээ л хичээж, болсон болоогүй олон арга хэмжээ авч иржээ. Энэхүү бодлогын нэг гол цөм нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох I, II одон юм. 1950-иад оноос олгож эхэлсэн энэхүү одон түүхийн явцад үүргээ биелүүлж, хүн амын өсөлтөд багагүй хувь нэмэр оруулсан нь гарцаагүй. Учир нь одонг дагалдаж ирдэг урамшуулал олон хүүхэдтэй болох эрмэлзэл төрүүлдэг байв.

“Хүнд хэлэхэд ч ичмээр дамшиг” гэдэг шиг өгч буй мөнгө нь өчүүхэн бага

Манай эмээ, ээж хоёр хоёулаа Алдарт эхийн II одонтой. Эмээгийн үед улсаас хүүхдийнх нь тоогоор сар бүр мөнгө өгдөг байсан гэдэг. Харин ээжийн үед жилд нэг удаа 700 төгрөгөөр урамшуулдаг байжээ. Социализмын үеийн 700 төгрөгийн цалин гэдэг тун өндөртөө ордог байсныг бодолцвол муугүй л харж үздэг байсан бололтой.

Төрөлтийг мөнгөөр дэмжих иймэрхүү бодлого зөвхөн манайд ч байдаг эд биш л дээ. Дэлхийн олон орон хүүхдийн тоогоор мөнгө өгөх замаар хүн амаа өсгөх бодлого барьдаг. Ялангуяа Европын хөгжилтэй орнууд. Жишээ нь, Грект нэг хүүхэдтэй айл сард 5.8 еврогийн тэтгэмж авах бөгөөд хүүхдийн тоо нэмэгдэх тусам мөнгөн дүн өссөөр дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж 48 евро авах эрхтэй болно. Грек улс эдийн засгийн хүндхэн нөхцөлд байгаа учир олгох мөнгөний хэмжээ бусадтай харьцуулахад бага.

Харин Францад бол дөрвөн хүүхэдтэй ээж 428 евро сар бүр авна. Бельгид гурван хүүхэд төрүүлбэл 432, Германд 601 евро авах хуулийн заалттай. Мөн монголчууд олноор очиж амьдардаг Швед улсын төрөлт сүүлийн жилүүдэд эрс багассан тул хүн амаа нэмэгдүүлэх үүднээс багагүй халамж амладаг. Энд таван хүүхэдтэй ээж 8114 крон буюу ойролцоогоор 858 евро авч байгаа нь буурал тивдээ дээгүүр орох үзүүлэлт болж байна. Түүнчлэн мөнгөн урамшууллаас гадна татвараар дэмжих бодлого ч бий. Тухайлбал, Австралид олон хүүхэдтэй өрх татварын хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй болдог байна. Түүнчлэн Казахстанд алдарт эхийн I одонтой ээжид улсаас орон сууц өгөх зэргээр төрөлт дэмжсэн бодлогын талаар тоочоод байвал чамгүй урт жагсаалт болох нь.

Манай Монгол Улс ч бас бусдын жишгийг дагаж Алдарт эхийн одонтой ээжүүдэд тэтгэмж өгч байгаа. Гэхдээ Итгэлт баяны “Хүнд хэлэхэд ч ичмээр дамшиг” гэдэг шиг өгч буй мөнгө нь өчүүхэн бага. Тухайлбал, зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн I зэргийн одонтой ээж жилд нэг удаа 200 мянгыг авна. II одонтой бол энэ дүн хоёр дахин бага. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо гээд байгаа.

Дэлхийн олон орон хүүхдийн тоогоор мөнгө өгөх замаар хүн амаа өсгөх бодлого барьдаг. Ялангуяа Европын хөгжилтэй орнууд.Тэгсэн хэрнээ өнөөх “хүнд хэлэхэд ичмээр” мөнгийг нь авах гэж багагүй шат дамжлага туулах хэрэгтэй болно. Эхлээд хороон дээрээ очиж дэвтэртээ бичилт хийлгэнэ. Дараа нь мөнгө орсон сургаар өөрийн биеэр банкин дээр очиж авах ёстой. Таягаа тулж, алхаж ядсан хөгшдийн хувьд энэ нь тун хүнд даалгавар болно. Тэтгэврийн дансанд нь шууд байршуулж болохгүй юм уу гэхээр “Цаанаасаа ийм заавартай” гэсэн үгээр ам таглаастай. Гэхдээ яахав, улс зүгээр өгч байгаа юм болохоор яаж ийгээд очиж авахаас яахав.

Алдарт эхийн одон авахын тулд мэдээж олон шалгуур давах ёстой. Харин энэ шалгуур дунд нэг сонин заалт бий. Тодруулбал, “бага насны хүүхэд нь нэг нас хүрсэн тохиолдолд” гэсэн заалтыг хэдэн жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахдаа тусгаж өгчээ. Гурван хүүхэдтэй эх дөрөв дэхийгээ гаргаснаас нэг жилийн дараа Алдарт эхийн II одон авна гэсэн үг.

Хэрэв муугаар бодоод хүүхэд нэг нас хүрэхээсээ өмнө өнгөрчихвөл өнөөх ээж алдарт эх биш. Ийм утгагүй заалт оруулах санаа ямар ухаантанд нь төрсөн юм, бүү мэд. 10 сар хэвлийдээ тээсний эцэст төрүүлэх гэж түмэн зовлон үзсэн ээж бүхэн нялх үрээ хүн болгочих юмсан л гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл ой хүрэхээсээ өмнө өнгөрвөл хүүхэд төрүүлсэнд тооцохгүй гэж байгааг нь ойлгох арга алга. Болж өгвөл цөөн хүнд мөнгө өгөх гэсэн арга ядсан заалт юм уу даа.

Өдгөө улсын хэмжээнд 207 мянга орчим одонтой ээж бий. Тэдэнд зориулж улсын төсвөөс жилд 40 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. Мэдээж жил ирэх тусам энэ тоо нэмэгдээд явах нь тодорхой. Гэхдээ нүд хуурч, ам тагласан өчүүхэн мөнгийг жилдээ нэг удаа бөөн явдал чирэгдэл болж өгөх хэрэг байна уу. Цагаан сарын өмнө сүр дуулиантай өгсөн мөнгөөр нь хөгшчүүд ганц ууц ч авч чадахгүй байгаа нь үнэн шүү дээ.

Хэрэв улс хүн амаа өсгөх бодлого барьж байгаа л юм бол хамгийн том гавьяа байгуулж, өөрийн биеэ умартан байж хүн төрүүлдэг эх хүнийг олигтойхон урамшуулчихмаар юм. Ингээд бичихээр улсын төсөв хүнд, өчнөөн зээлтэй гээд элдэв шалтаг тоочих л байх. Гэтэл мөнгөгүй гэсэн хэрнээ нүдээ олоогүй халамжид өчнөөн тэрбумаар нь зарцуулсаар байгаа. Энэ жил л гэхэд малчдад ноолуурын урамшуулал болгож 22 тэрбум төгрөг олгохоор болсон. Энэ мэт 71 төрлийн халамжид ДНБ-ийхээ 2.1 хувийг тавиад туучихаад байгаа. Үүнд нь Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэг нь хамрагддаг гэсэн судалгаа байна.

Ямаагаа ингэж халамжилдаг хэрнээ олон хүүхэдтэй эхчүүдээ нүд хуурах төдий өнгөрөөдөг манайх шиг улс өөр байдаг болов уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд УИХ-ын чуулган дээр Монголын төр ээжүүдээ ямаанаас дор үнэлж байгааг онцолсон удаатай. Тэрбээр жил бүр олгодог ноолуурын урамшуулал шууд утгаараа ямааных болдог бол одонтой ээжүүдэд олгодог мөнгө оронцоглосон халамж гэдгийг хатуухан шүүмжилж байсан.

Мөнгөгүй гэсэн хэрнээ хэрэггүй халамжид өчнөөн тэрбумаар нь зарцуулсаар байна

Олон хүүхэдтэй ээжүүдийг Швед, Франц шиг дэмжиж туслаач гэж даврахгүй ээ. Угаас ийм боломж ч байхгүй. Гэхдээ ядаж жилдээ сая төгрөг өгдөг болчихвол ёстой дэм болсон бодитой дэмжлэг болно. Алдарт эхийн I одонтой ээжид улсаас байр өгсөн ч уг нь буруудах юмгүй. Зургаан хүүхэд төрүүлж, улсынхаа хүн амын өсөлтөд том нэмэр оруулсан хүмүүс шүү дээ.

Өдгөө гурван хүүхэдтэй гэр бүл Монголд олон. Гэвч тэдний хувьд ажил, амьдралын бололцооноос шалтгаалаад дахин хүүхэдтэй болох сонирхол тун бага. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд боловсролын түвшин ахих тусам хүүхэд төрүүлэх нь багасдаг. Судалгаанаас үзвэл олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 10 орчим хувь нь дээд боловсролтой, 40 шахам хувь нь бүрэн дунд боловсролтой байгаа аж. Харин одонтой ээжүүдийг бодитоор дэмжвэл шинэ үеийн залуу хосууд олон хүүхэд төрүүлэх талаар бодож, амьдралаа хүртэл төлөвлөж эхлэх болно. Дөрвөн саяулаа болох гэж тэмүүлж буй цөөн монголчуудад ийм бодлого хамгийн хэрэгтэй байна.

Г. Баярсайхан

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 27, 2017 11:49:43 am )

    Угаасаа л монголын хууль журам дүрэм гэж авах юмгүй тэнэгүүд зохиож гаргадгиймуу гэлтэй үнэн хошин шог ш дээ. Ичмээр дамшгууд дээр сууж хууль хэлэлцэж бгаа болохоор арга ч гүй юм. Эргүү тэнэгүүд нь чингисийн үед үлдээд хэлмэгдлээр сайнууд нь цаазлагдаад одоо бгаа хэдий нь хужаа болон гадныхан удирдаад аргачгүймдөө

  • Anonymous (March 27, 2017 3:34:40 pm )

    Bolovsor, humuuz, soeltoi bol, hudulmurluz sur, hoorondoo mereldehee boli, muu zuilees hol yav. Erchuud emegtei boldog mood garsan bn teriigee boliod uls oron , ger bulee yaz hun shig avch yavah ve? gedgiig sain bodotsgoo. Tegvel hugzine gez bodoz bn.

antalya rent a car