Хаан сарьдаг уулс, Хатан тунгалаг далай ээжийнхээ хөвөөнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөх сувд 2017 мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд хатгал тосгоны доод модот буланд зохион байгуулагдлаа. Энэ жилийн мөсний баярын арга хэмжээ урьд урьдын жилүүдийнхээс хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд албан бус дүнгээр 20 мянга орчим хүн оролцсон гэсэн мэдээ байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хөвсгөл аймгаа сурталчлах зорилгоор зохион байгуулдаг уг арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар үг хэллээ. Мөн уг арга хэмжээнд 5 орны манай улс дахь элчин сайд, өргөмжит консул, дипломат ажилтнууд хүрэлцэн ирсэн бөгөөд дотоод гадаадын жуулчид ч олноор хүрэлцэн ирсэн байлаа.
“Хөх сувд-2017” олон улсын мөсний баярт өмнөх жилээс шинэлэг олон арга хэмжээ нэмэгдсэн нь иргэд, аялагчдын сонирхолыг ихээхэн татаж байлаа. Тухайлбал Оросын холбооны улсын уран гулгагч Аннагийн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэр, Хангарьд хоккейн клубын тамирчдын үзүүлэх тоглолт, 30 гаруй чаргатай нохой, зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд олон байсан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.
Цаашид “Хөвсгөл аймаг монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд “Хөгжсөн Хөвсгөл 2016-2030” аймгийн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Алунгоо эхийн хөшөөт цогцолбор парк байгуулах, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж “50-100” цогцолбор, “Монгол бөхийн шүтээн цогцолбор, бөөгийн “Онгод” төвүүдийг шинээр байгуулж, Мөрөн суманд “Жуулчны гудамж” төслийг хэрэгжүүлэн ажиллана” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга энэ үер онцлон тэмдэглэж байлаа.
ДАЛАЙ ЭЭЖИЙН АЯЛГУУ МӨСӨН БҮТЭЭЛ ШИЛДЭГЭЭР ШАЛГАРАВ
Мөсний баярын арга хэмжээний чимэг бол мөсөөр урласан бүтээлүүд байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан бол 2015 оноос эхлэн олон улсын мөсөн урлалын гранпри шагналт Dazzler art Dizain студийн уран сийлбэрч Мөнх-Эрдэнэ, Цэрэнбат ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт мөсөн хотхоныг бүтээдэг болжээ. Энэ жилийн хувьд 30 гаруй сая төгрөгөөр мөсөн гэр, мөсөн гулгуурын талбай, мөсөн тайз, мөсөн амьтад бүхий хотхоныг байгуулжээ. Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр шилдэг бүтээл урлах тэмцээнд 12 баг оролцсоноос Улаанбаатар хотын сийлбэрч Д.Энхбатын “Далай ээжийн аялгуу” бүтээл шилдэгээр шалгарч Гранпри шагналыг хүртлээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.