
Юунаас болж үс хатуу ширүүн болдог вэ?
Тогтмол бус чийгшүүлэлт
Ширүүн үс ихэвчлэн хуурай байдаг даа? Чиний хамгийн түрүүнд хайх ёстой шалтгаан бол тогтмол чийгшүүлж байгаа эсэх юм. Хэрвээ үс, арьс чинь төрөлхийн хуурай бол шүршигтэй саванд ус хийж байгаад үе үе цацах нь хамгийн эрүүл арга. Устай, эсвэл усан суурьтай бүтээгдэхүүн л цэвэр чийгшүүлэлт өгдөг. Харин тэгж чийгшүүлснийхээ дараа байгаа чийгийг “түгжих” үүрэгтэй тосон бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй. Дотроо чийггүй үсийг хэчнээн тосон бүтээгдэхүүнээр эмчлэх гэж оролдоод үр дүнг өгөхгүй, зөвхөн гарт баригдах хэсгээрээ л хуурамч зөөлрөлт явагдах болно.
Үсний бүтээгдэхүүний зузаан давхарга
Юу гээч? Бидний угаалгын өрөөнд шампунь, ангижруулагч, үсний маск, шүршигч, лак, гель зэрэг зөвхөн үсэнд зориулагдсан хэдэн арван төрлийн бүтээгдэхүүн бий. Харин тэднийгээ сайн арилгаж чадахгүй байснаар бидний үсэнд бүтээгдэхүүний зузаан давхарга үүсч хүнд, ширүүн, ямар ч өнгөгүй, бохир үстэй болдог. Хэрвээ чиний асуудал энэ гэж бодож байвал алимны хүчлийн цуу юм уу хүнсний содыг шингэлсэн усаар үсээ зайлж, тунгалагжуулаарай.
Тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэснээс
Өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ найрлагыг хараад үз. Сюльфат юм уу хүнсний сод агуулсан шампуньтай болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь энэ найрлагууд үсийг “хэт цэвэрлэж”, ингэхдээ байгалийн тослог, чийгийг нь ч бас давхар хамчихдаг. Энэ нь үсийг гэмтээж, улам их хуурайших үндэс болдог юм. Тиймээс шампуниа усаар шингэлж хэрэглэж байгаарай.
Үс чинь чийгнээс татгалздаг
Яаж ч чийгшүүлэх оролдлого хийлээ гээд үс чинь авсан чийгээ хадгалж, тогтоон барьж чадахгүй хуурайшсаар байвал уургийн эмчилгээ хийлгэх юм уу хүчтэй найрлага бүхий шампунь хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Хүүхдийн шампунь сонгож, доорх өндгөн маскыг тавиад үзээрэй.
Танай гэрийн ус хэтэрхий “хатуу”
Кальци, магни, төмөр гэх мэт эрдэс бодисын агууламж өндөртэй ус нь үсний ширхэгийг хатууруулж, гэмтэл, хуурайшилт үүсгэдэг. Хатуулагтай усыг жирийн биш, зориулалтын шампуниар угаах хэрэгтэй. Эсвэл гэртээ ус шүүгч, зөөлрүүлэгч аваарай.
Индүү, сэнсний хэрэглээ
Сэнс, индүү зэрэг хатаах, халаах төрлийн бүтээгдэхүүнүүд үсний чийгийг үгүй хийж, эмзэг, хугарамтгай болгодог. Тиймээс хэрэглэх хугацааныхаа зайг холдуулж, бага температур дээр нь халааж байгаарай.
Хуурай цаг уур
Хавар, өвлийн цаг агаарт энэ асуудал илүү хурцадмал болдогт гайхах зүйл алга. Бидний арьс, үс чийгнийхээ тодорхой хувийг бие дотроос, тодорхой хувийг агаараас авдаг. Харин агаар хуурай үед бидний бие ч бас нөлөөлөлд нь автаж хуурайшихаас “өөр аргагүй” болдог.
Байгалийн гаралтай, гүн чийгшүүлэлт өгөх маскууд:
1. Цөцгий, тараган эмчилгээ
Цөцгий, тараг нь сүүн хүчлээр дүүрэн юм. Мөөгөнцөрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй энэ хоёр бүтээгдэхүүн нь үсийг зөөлрүүлж, чийгшүүлэхэд ч бас тун өндөр нөлөөтэй. Цэвэр цөцгий, таргийг сайтар хутгаж байгаад үсэндээ түрхэж 20 минутын дараа угаагаад үзээрэй. Бүх маскыг тавьсны дараа шампуниар угаах нь чухал. Тараг нь сэрүүцүүлэх чанартай учраас энэ маскыг зун л хэрэглэхийг зөвлөж байна. Мөн л шампуниар угааж зайлна.
Оливийн тос, гадил, зөгийн бал, тараг, өндөг зэрэг үсийг чийгшүүлдэг байгалийн бүтээгдэхүүнүүдийг дангаар нь болон хооронд нь хүссэнээрээ хольж үсэндээ хэрэглэж болно. Жишээ нь, гадил жимсний нухашийг тарагтай, өндгөн маскыг зөгийн балтай хольж болно гэсэн үг. Бүгдээрээ ширүүссэн, гэмтэлтэй, хуурайшсан үсийг эмчлэх зориулалттай. Харин хэрэглэх хэмжээ нь үсний урт, өтгөнөөс л хамаарна.
2. Халуун тосон эмчилгээ
Оливийн тос, кокосны тос, самрын тос зэрэг байгалийн гаралтай тоснууд нь Е витаминаар баялаг байдаг. Тосон массаж хийвэл хуйхны цусны эргэлт сайжирч, гүн чийгшил авах болно. Эхлээд үсээ угаагаарай. Тосон эмчилгээг хийхэд үс цэвэрхэн байх ёстой. Тэгж гэмээнэ тос үсний нүхнүүд рүү шингэж сайн үйлчилж чадна. Сонгосон байгалийн тосоо бүлээсгэж байгаад нойтон хуйхандаа тосоороо иллэг хийнэ. Дараа нь халуун усанд базсан алчуураар үсээ ороож, нэг цагийн турш байлгаад тосыг шампуниар угааж арилгаарай.
3. Өндгөн эмчилгээ
Бидний үс их хэмжээний уургаас бүрддэг. Тийм учраас өндөгний уургийн агууламж болон шим тэжээл нь бидний үсийг эрүүлжүүлж, бат бөх бас зөөлөн болгодог юм. Хэрвээ чи тослог үстэй бол өндөгний цагаанаар маск тавиарай. Харин хуурай, ширүүн, орооцолдсон үстэй бол өндөгний шарыг л ашигла. Хоёулаа л үсийг торгомсог, илүү “амьд” болгох үйлчилгээтэй. 1-2 өндгөөр хийсэн маскаа хуйх, үсэндээ жигд түрхэж 15-25 минут байлгаад хүйтэвтэр усаар зайлаарай. Халуун усаар зайлвал өндөг хатаж, мөддөө үснээс чинь салахгүй. Өндөгний шараар сард нэг, цагаанаар хоёр долоо хоногт нэг удаа маск тавьж болно. Өндгийг мөн доор дурдах бүх төрлийн үсэнд шим тэжээлтэй бүтээгдэхүүнтэй хольж зууран маск хийж болно шүү. Мөн үсээ шулуутгах дуртай боловч байнга индүү хэрэглэхийг хүсдэггүй бол өндгөн маск давхар ашигтай.
4. Зөгийн бал, чидун жимсний тостой эмчилгээ
Зөгийн бал бол чийгийг хадгалдаг байгалийн “чийгшүүлэгч” юм. 1 халбага зөгийн балыг 3 халбага чидун жимсний тостой холь. Энэ хольцоо бага зэрэг халаагаад нойтон үсэндээ түрхээрэй. Мөн адил пластик юм уу алчууран бигнүүр тавьж 45 минут байлгах хэрэгтэй. Дараа нь хүүхдийн зөөлөн шампуниар угаагаарай.
5. Гадил жимсэн эмчилгээ
Гадил жимс нь эрдэс бодис, витаминаар баялаг учраас гэмтсэн үсийг эмчилнэ. Мөн үсэнд хэрэгтэй чийгийг нь өгч чаддаг. Нэгээс хоёр гадил жимсийг блендэрт сайтар нухашлаарай. Нухаш нь хэт өтгөн байвал бага зэрэг сүү юм уу оливийн тос нэмж болно. Нойтон үсээ гурав хувааж байгаад нухашаа угаас нь үзүүр хүртэл тараан түрхэж 30 минут байлгаад зөөлөн шампуниар угаана.
Эх сурвалж http://www.info.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.