Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогсод намдаа босго давах мөнгө хандивлах үүргээ маш нууцаар биелүүлцгээж байна. Өөрсдийгөө ил тод байх дуртай хэмээн зарлан тунхагладаг АН-ын тухайд 14 хоногийн өмнө нэр дэвшихээр горилогсдын 50 саяас дээш төгрөг хандивлах хугацаа дуусч нийт 99 хүн намдаа мөнгөө хандивласныг албан ёсоор Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж мэдэгдэл хийсэн. Энэ үйл явц улс төрийн хувьд байх ёстой энгийн зүйл боловч яг хөшигний цаана олон гомдол, санал, уурсал байжээ. АН-аас гишүүний сэнтийд горилохыг хүсэгчдийн хандивын данс Худалдаа хөгжлийн банкинд төвлөрч, хандив өргөсөн 99 хүний нэрийг маш нууцын зэрэглэлд оруулан ердөө 2-3 хүн мэдэж байсан гэнэ.
Гэтэл уг мэдээлэл тодорхой хэмжээгээр алдагдаж, вэб сайтууд дээр улс төрийн бодлогын чанартай тавигдаж эхлэв гэсэн хар дэгдэж, үүний гол буруутнаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Д.Эрдэнэбат хардагдан байдал бишдэв. Түүнийг хамгийн ихээр хардаж, сэрдэж эхэлсэн хүн бол намын дарга Н.Алтанхуяг нь байжээ. Учир нь, Д.Эрдэнэбат нь Худалдаа хөгжлийн банкны ерөнхий захирал Б.Мэдрээтэй үй зайгүй найз учраас энэ нь сэрдэгдэх гол шалтгаан болсон гэнэ. Үүнээс болж генсек Д.Эрдэнэбат намынхаа даргатай зад хэрэлдэж хонь, чоно, нохой, гахайдаа хүрсэн байна.
Энэ мэдээллийн дагуу яаралтай сөрөх тагнуулын ажиллагаа явуулж, эцсийн бүлэгт Худалдаа хөгжлийн банкны шинэхэн ажилтан дээр хариуцлага буусан сурагтай. Тэр залуу чухам ямар зорилгоор бусдад банкны нууцыг тараасан нь тодорхойгүй хэвээр үлджээ.
Г.Амар wikimon
Холбоотой мэдээ
Comments are closed.