antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2012 1 comment

Монгол үндэстэн гэж байна уу?

нийтлэсэн Admin

Монгол Улсад юу хамгийн үнэтэй вэ? Монгол төрийн эзэн хэн бэ? Өнөөдөр Монголчууд бид эх орондоо хэрхэн яаж амьдарч байгаагаа дүгнэх цаг болжээ. Номхон тэмээ ноолоход амархан гэгчээр бид дэндүү хүлцэнгүй бас тайван юмаа. Ард түмнийг эрх баригчид нь дээрэлхэнэ, доромжилно, гадныхан дээрэлхэнэ, төрсөн нутагтаа гадуурхагдана.

Төр засаг болохгүй байгааг мэддэг гэхдээ эцсийн мөчид ахиад л нөгөө хэдийгээ муу хэлж байгаад сонгодог. Муу хэлж сонгочихоод амьдралаараа, ирээдүйгээрээ хохирсон ард түмэн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу, энэ л миний хувь заяа гэж дэмий л өөрийгөө тайтгаруулна. Хэрвээ Монгол хүнд үүнээс өөр сонголт бас ирээдүй байхгүй гэвэл энэ оронд төр засаг гэж байгаад ч хэрэггүй. Илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ, алт ч хийсэн сэгсэрнэ гэдэг шиг өнөөгийн эрх баригчдад хувийн эрх ашгаас нь дээгүүр зүйл үгүй тул хөгжлийн хөтөлбөр, ард түмний амьдрал, ядуурал зэрэг сэдэв ямар ч хүртээлгүй. Тиймээс Монголчууд бид одоо л сэхээрэх хэрэгтэй. Мэдлэггүй боловсролгүй, ёс суртахуунгүй, эх оронч биш, авилгач улс төрчдөөр бид яах юм бэ? Та тэдэнд үр хүүхдийнхээ ирээдүйг, эх орныхоо маргаашийг сэтгэл амар даатгаж чадах уу? АНУ зэрэг барууны орнуудад хүүхдээ өсгөж чадахгүй бол төрийн нэрийн өмнөөс хүүхдийг нь өсгөж хүмүүжүүлж өгдөг хүмүүнлэг бодлого хэрэгждэг. Харин манай улсад юун таны хүүхдийг анхаарах манатай, төр засаг байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй юм. Монгол хүний, Монгол үндэстний, Монгол орны эсрэг улс төрч нэртэй хулгайчид Монголын төрөөр, ард түмнээр тоглож байна. Та нэг насны амьдралаа өлсөж, цангаж, даарч, хулхидуулж, ирээдүйгээ хулгайлуулж өнгөрөөнө гэдэг үнэхээр эмгэнэлтэй.  Бусдыг шүтсэн гуйлгачин, Буурай орны ядарсан иргэн л болох гээгүй л юм бол та хариуцлагатай бас ухамсартай бай.

Тэд олон алдаатай зүйлийг хийсэн даанч өнөөдрийг хүртэл хариуцлагаа хүлээсэнгүй. Хариуцлагыг нь, гэм бурууг нь, шийтгэлийг нь тэдэнд хэн хүлээлгэх вэ? Ард түмэн л хүлээлгэнэ ш дээ. “Төр бол ард түмэн” гэж Ромын агуу хаан Ю.Цезарийн хэлсэн үгийг Монголын ард түмэн бид өнөөдөр ойлгох хэрэгтэй байна. Тиймээ төр бол та.

Монголын улс төрчдийг ямар ч  мэдлэггүй, эх оронч биш  гэдгийг нь нотлох Оюутолгойн гэрээ:

Оюутолгой хэмээх үгийг сонсоод л хүн бүр толгойгоо сэгсэрдэг. Тэгвэл энэ араасаа асар их шүүмжлэл, бухимдал дагуулсан Оюутолгойн гэрээтэй танилцъя.

Хуулийн дагуу Оюу толгойн орд Монголын ард түмний өмч. Харин яаж байгаад “АйвенхоумайнзLTD”компаны өмч болчив. Товчхондоо энэ бол хулгай( хууль бус зүйлийг хулгайл гэнэ). Монгол улсын эзэн нь Монгол хүн үү? Тэнүүлчин Канад уу гэдгийг Оюутолгойн алдаатай гэрээг хийсэн улс төрч нэртэй луйварчид ойлгох хэрэгтэй. Монгол улсын 1.5 сая км2  нутаг дээр Монгол гэдэг нэртэй хүн болгон №1 шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэн хуульт оронд ард түмэн нь үндсэн хуулиараа хамгаалуулдаг гэдгийг Монголын төр мартаж. Монголын төр түүхэндээ хамгийн алдаатай зүйлээ хийсэн нь Оюутолгойн гэрээ. Энэ бол гэрээ биш дээрэм. Хойч үе маань бид ямар тэнэг, арчаагүй өвөг дээдэстэй байсан юм бэ гэж бодогдохоор тийм л луйвар.

Оюутолгойн одоогийн байдлаар судлагдсан баялаг:

Зэс: 49 сая тонн

Алт: 1800 тонн

Мөнгө 13 мянган тонн

Газрын ховор элементүүд, бусад металл ???

Оюутолгойг багаар үнэлэхэд: 550 тэрбум ам доллар

Энэ нь тус бүр нь 150 мянган оршин суугчтай дэлхийн түвшний шинжлэх ухаан      боловсрол, өндөр технологийн аж үйлдвэр болон нийгмийн дэд бүтэцтэй 275 хотхоныг иж бүрнээр нь байгуулж болох баялаг юм. Монгол улсыг 50 жил тэжээж, хувцаслах баялаг гэсэн үг. Өнөөдөр Монгол улсын ДНБ 4 тэрбум ам доллар ба үүнээс хэд дахин илүү баялаг байгааг та хардаа. Гэхдээ одоо гадны хүний халаасанд орсон гэдгийг нь битгий мартаарай. Харин хэний буруугаас болж Монголчууд бид энэ их баялагаасаа хагацав гэдийг мэдэх хэрэгтэй. Яг хэнээс болж.

Гадныханд баялагаа тэнэг улс төрчдийн балгаар дээрэмдүүлчихээд өөрсдөө өлсөөд, даараад, цангаад сууж байгаа Монголын ард түмэн одоо яах уу. 2012 онд бас л гурил, будаагаар үр хүүхдийнхээ, эх орныхоо ирээдүйг худалдах уу? Оюутолгойгоос Монгол улсад ямар нэгэн ашиг ирсэнгүй. Мэдлэггүй төр засаг ард түмнээ шулж, мөлжиж амьдардаг гэдгийг улс төрийн нэртэй онолчид хэлсэн байдаг нь яг үнэн ажээ.

Харин бид дэндүү доромжлуулсан тогтвортой байдлын гэх тодотголтой алдаатай гэрээний уршгаар өөрсдийн баялагаа гадныханд тавиад туучихлаа. Монгол улсын эрх ашгийг, Монголын ард түмний эрх ашгийг Фрийдландуудын эрх ашгаас доогуур тавьсан энэ гэрээг Монголын ард түмэн одоо ч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Чухам яагаад баялгийн эзэн болох 2700000 иргэн нийт баялгийн 34%-ийг эзэмшиж, гаднаас доншуучилж явсан этгээд 66%-ийг нь эзэмших болов. Тэгэхдээ Монголчууд бидэнд тэр 34%-ийг нь зүгээр өгөхгүй, Монголын тал 34% аа худалдаж авахаар болсон нь бүр ч илүү эмгэнэлтэй. Сангийн сайд асан С.Баярцогт Айвенхоу Майнзаас 100 сая долларын зээл авчихаад хөл нь газар хүрэхгүй баярлаж байсныг хараад үнэхээр их ичих сэтгэл төрж билээ. Бүхэл бүтэн улсын сангийн сайд хүн өөрийнхөө өмчийг бусдад зүгээр өгчихөөд, тэгээд нэг жаахан юм үзчихээд түүндээ баярлаад байгааг хараад Монголын ард түмэн ийм ч төр засагтай байх гэж дээ хэмээн харамсан суусан. Монгол улстай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн гэж байгаа ч тэр гэрээ нь хэрэгжихгүй байна. Айвенхоу Майнзтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ нь өндөр хүүтэй зээл хэлбэрээр Монголын ард түмнийг шулна гэсэн зорилготой байсан юмуу. Эсвэл угаасаа энэ гэрээ анхнаасаа Монгол хүний эсрэг байсан юмуу.

Монголын ард түмний эсрэг хийгдсэн “хөрөнгө оруулалтын гэрээнд”  Монголын талын эзлэх хувь 30 жилийн дараа 50 хувиас багагүй байна гэж заасан нь ямар ч тэнэг хүнд ашиггүй гэрээ болжээ гэдгийг нь илтгэнэ. Техник технологи хөгжсөн 21-р зуунд Оюутолгойн баялгийг 10 хүрэхгүй жилийн дотор зөөгөөд л дуусна. Энэ маягаараа бол 30 жилийн дотор дан ганц Оюутолгойгоор тогтохгүй Монголын бүх баялгийг зөөгөөд дуусна даа. Гадныхан эх орныг нь сүйтгэж байхад Монголын мулгуу улс төрчид сонгуулийн хороо найруулан ард түмнээ яаж хулхидаж, хуурхаа л төлөвлөөд байж байна.Тэнэгийн дотор уужим гэдэг шиг авлигачийн дотор дэндүү харалган бас шунахай юм. Монголын өнөөгийн төр засагт мэдлэгтэй хүн алга гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Улс орныг мэдлэгээр удирддаг болхоос шуналаар удирддаггүй юм. Мэдлэгт суурилсан төрийн бодлого л улс орныг хөгжүүлдэг гэдгийг Герман орны жишээ харуулдаг.

“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж Монголын их хүн Галдан Бошигт (1644-1697) хаан хэлсэн байдаг. Өнөөдөр юун газар шороо, гадны зүгээр нэг дээрэмчин ирээд л Монгол хүнийг алж, хулхидаж, хуурч байна. Хаана байна тэр төр засаг, эрхэм ерөнхий сайдын яриад байгаа үсрэнгүй хөгжил, Монгол хүний үнэлэмж. Монгол хүний үнэлэмж шалан дээр, Монгол улсын үнэлэмж шалбааган дээр л тогтож байна. Хүссэн хүн нь Монголыг хулхидаж, хуурч болдогийг Оюутолгойн гэрээ харууллаа. Харин хүссэн хүнд нь эх орон газар шороогоо худалдаж, ард түмнээ дарлуулж болдогийг Монголын төр засаг харууллаа.

Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д

Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

Үндсэн хууль бол хамгийн үнэтэй зүйл гэтэл үүнийг дагадаг сахидаг төр засаг алга. Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг эх орноосоо урвасан гэсэн үг. Эх орноосоо урвасан хүнийг хэрхэн шийтгэх нь ард түмний асуудал. Хэзээ нэгэн цагт, гэхдээ удахгүй гэдэгт найдна. Ард түмэн өөрийн хулгайлуулсан амьдралаа, алдагдсан ирээдүйгээ та нараас нэхэх болно. Тэр цагт хийсэн үйлдэлдээ 100 үеэрээ ч харамсаад барахгүй гэдгийг сануулъя. Яг л Х.Мубарак, С. Хуссейн, М.Каддафи нар шиг шийтгүүлэх цаг удахгүй.

Сайн төр засагтай байсан бол ийм гэрээг хийхгүй л байсан юм. Мэдлэгтэй төр засагтай байсан бол ард түмнээ гадныханд залилуулж, доромжлуулахгүй л байсан. Ёс суртахуунтай төр засагтай байсан бол ард түмнээ бодох л байсан юм. Гэхдээ энэ бүхэн оройтсон.

Оюутолгойн гэрээ хэний төлөө вэ: Фрийдланд тэргүйтэй гадныхны төлөө

Хэнд ашигтай байсан: Эрх баригчдад болон гадныханд

Оюутолгой Хэний өмч болсон бэ: бас л гадныхны

Монгол үндэстний эсрэг хамгийн том гэмт хэрэг бол Оюутолгойн луйврын гэрээ. Энэ гэрээнээс болж 2700000 иргэн хохирсон харин 20-30-аадхан эрх баригчид л хожсон. Монгол үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хэзээ ч өөдтэй амьдрахгүй. Бас Монголын ирээдүйн эсрэг гэмт хэрэг шүү.

Эрдэнэт үйлдвэрийг дагаж Эрдэнэт хот, Багануурын нүүрсний уурхайг дагаж Багануур хот, Дарханы аж үйлдвэрийн комбинатыг дагаж Дархан хот боссон харин Оюутолгойг дагаж юу босов!архичин Монгол залуу, биеэ үнэлэгч Монгол бүсгүй, дураараа авирлагч гадныхан, навсархай гэр майхан. Оюутолгойд Монгол хүний үнэ цэнэ, нэр төр, эрх ашиг гэж байхгүй. Торон хашаа татчихаад л дотор нь юу болж байгааг хэн ч мэдэх аргагүй. Монгол хүнийг ална уу? Зодно уу? Хэнд ч хамаагүй. Мөнгө улаан нүд цагаан гэдэг хууль дүрэм л тэнд үйлчилнэ. Оюутолгойн алдаатай гэрээг хийсэн эрхмүүд Монгол улсын түүхэнд байгаагүй гэрээг хийсэн гэж томорно. Анх гэрээг хийсэн ерөнхий сайд асан С.Баяр өвчний шалтгаанаар гээд ажлаа С.Батболдод шилжүүлсэн. Гэрээг хийсэн нэг тал болох АН-ынхан засгийн газраас гарчихсан. Тэглээ гээд та нар хариуцлагаас мултрахгүй шүү. Хийсэн эзэд нь тов тодорхой байгаа учраас хариуцлага тооцох нь хэзээ ч хуучрахгүй. Харин энэ хооронд Монголын баялаг гадагшаа урсаад л байгаа нь хамгаас харамсалтай. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэг нөхөр гаргасан алдааг түүх шүүнэ гэж хэлсэн байсан. Тэгээд энэ нөхөр алдаад л байдаг Монголын ард түмэн хохироод л байх уу. Монгол гэдэг улсын эрх ашгийг өөрийнхөө эрх ашгийн дор тавьсан энэ мэт нөхдүүд л Монгол орныг түйвээж байна даа. Саяхан болж өнгөрсөн нэг намын бага хурал дээр Монгол улсын хөгжлийн гарцыг уул уурхай, ХАА, уламжлалт мал аж ахуй гэж дүгнэсэн байсан. Энэ бол зүгээр л феодалжих хөдөлгөөнөөс ялгаагүй зүйл. Өнөөдөр Монголд эхийнхээ хэвлийд байхаасаа л эрх нь зөрчигдөж байгаа ургийн, мухар сүсгээр тархиа угаалгаж байгаа залуугийн, мөнгөний төлөө өөрийгөө худалдаж байгаа бүсгүйн, архинд живсэн аавын, хоолны мөнгөгүй ээжийн, доромжлуулсан ард түмний эрхийг хэн хамгаалах юм бэ? Энэ Монголд чинь төр байна уу? Монгол хүнийг тэгээд юу хамгаалах юм  бэ.

Монголын хөгжлийн гарц Монгол хүн та

Учир нь төр бол саарал ордон ч биш, ерөнхийлөгч ч биш, ерөнхий сайд ч биш, 76 ч биш ард түмэн.  Харин мэдлэггүй, харанхуй нийгэмд ард түмэн өөрсдийгөө төр биш боол гэж боддог. Эрх баригчид өөрсдийгөө үйлчлэгч биш хаан гэж боддог.

“Мэдлэг бол хүч” гэж Английн философич Ф.Бекон нэгэнтээ хэлсэн байдаг. Мэдлэгээр улс орныг удирддаг, мэдлэгээр хүнийг хүмүүжүүлдэг, мэдлэгээр ард түмнийг гэгээрүүлдэг. Мэдлэгтэй Монгол хүн л Монгол улсыг хөгжүүлж чадна. Харин өнөөгийн эрх баригчдаас нэг их зүйлийг хүлээгээд хэрэггүй. Харин гадны банкинд хийсэн хадгаламжийг нь яаж хураахаа л шийдэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгмийг сонгосон, тиймээс Монголчууд бид хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн бусдад доромжлуулахгүй, дарлуулахгүй явъя гэвэл энэ замаар л явна гэсэн үг. Өндөр технологи, мэдлэгт суурилсан аж үйлдвэр л Монголын хөгжлийн гарц, дэлхийн түвшний мэдлэгтэй Монгол хүн Монголын хөгжлийн гарц. Улс төрийн хувьд Монголд өнөөдөр хамгийн сайн таарах идеологи бол (Social Democracy), харин эдийн засгийн хувьд (social market economy). Тиймээс Монгол улсын бүтээн байгуулалтыг устгасан, Монголын ард түмнийг ганзагын наймаачин болгосон, Монгол орныг мэдлэг боловсролоос холдуулсан Либериализм дээр суурилсан чөлөөт зах зээлийн эдийн засгаас татгалзах ёстой. Аж үйлдвэржсэн, мэдлэгжсэн орныг тамын тогооны үлгэр шиг хоцрогдсон орон болгосон нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосны гай. Ирээдүйн 50 жилд хүн төрөлхтөн яаж хэрхэн хөгжих нь нэгэнт тодорхой болсон (өндөр технологид суурилсан мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг). Харин Монголчууд бид хүн төрөлхтний адаг нь байх уу? Оргил нь байх уу? Гэдгээ шийдэх цаг иржээ. Ард түмэн бол төр…

Д.Санчир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 10, 2012 11:42:19 pm )

    odoo tegeed yaah estoi ve ene 2nam ene 76 ergeedl garaad irne monl bahi baidagaaraa..yadaj ter olon listenziig n huraagaad avchih zorigtoi aaviin huu alguu taminee..mongo bish eh oron heregtei.

antalya rent a car