antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2017 Comments are off

Монгол улсын начин Д.Нэгдэл: Хадаа аваргын хөлд орохоор аажуухан жийгээд тавиулахад нь л “шөрмөс тасарч байгаа юм шиг” санагддаг

нийтлэсэн Admin

Увс аймгийн Тэс сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, 1979 оны улсын баяр наадамд шөвгөрсөн Довчингийн Нэгдэл начинг энэ удгаарынхаа зочноор урьж ярилцлаа. Түүнийг улсын харцага Н.Жаргалбаярын аав, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгийн төрсөн ах, дуучин Г.Эрдэнэтунгалагийн нагац ах гэдгийг хүмүүс сайн мэдэх биз ээ.

-Та хааяа бөх үзээд явж байгаа харагдах юм.  Одоо хаана аж төрж байгаа вэ?
-Сэлэнгэ аймгийн Орхон туул суманд амьдарч байгаа. Сэлэнгэ нутагт суурьшаад 35 жил болчихож. Бараг л Сэлэнгийн хүн гэхээр болсон байна.
-Уг гарал Увс аймгийн Тэс сум гэдэг байх аа?
-Тийм ээ. Би Увс аймгийн Тэс суманд төрсөн. Манай аав Тэс суманд “Шинэ амьдрал” гэдэг нэгдлийг байгуулсан хүн л дээ. Анх 25 толгой малтай, 9 гишүүнтэй нэгдлээ байгуулсаных нь орой би төрсөн юм гэдэг. Тэгээд надад Нэгдэл гэж нэр өгсөн юм билээ. Миний охин дүү Цэцэрлэг гэж хөгжмийн зохиолч бий шүү дээ. Тэр дүү минь надаас 4 жилийн дараа аав минь бас сумандаа гэр цэцэрлэг байгуулж байх үеэр төрсөн болохоор Цэцэрлэг гэж нэр өгсөн түүхтэй. Би Тэс сумандаа 8-р анги төгсөөд, Баруунтуруунд очиж 10 –аа төгссөн. Тэгээд 1972 онд 18 настай Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангид оюутан болж байлаа. Манай Тэс сум Тува улстай хил залгаа. Заримдаа Тува, Монгол хүүхдүүдийн уулзалт болно. Би дуу, бөх, гүйлт харайлт гээд бараг бүх тэмцээнд нь ордог, юм болгонд нь түрүүлдэг хүүхэд байлаа. Спорт их сонирхоно, бас сурлага ч сайн байж. Улаангомын 10 жилийг 128 хүүхэд төгсөхөд би сурлагаараа 8-д жагсаж байлаа. Тэгэхэд гадаадын 8 сургуулийн хуваарь ирсэн байв. Аав маань бүр баярлачихсан гадаадын дээд сургуулийн хуваарийг нь ав гээд байдаг. Харин би спортод, бөхөд дуртай юм болохоороо ааваасаа зөрөөд Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийн хуваарь авчихаж билээ.
-Оюутны амьдрал хэрхэн өрнөдөг байв?
Нэгдүгээр курст сангийн аж ахуй явж ирээд, 10 сард хичээл эхэллээ. Хуушаан гэж бөхийн багш байдаг байлаа. Бас хааяа Баянаа аварга хичээл заана аа. Би хөдөө байхдаа бөхийн сууриа тавьчихсан. Аймгийнхаа хүүхдийн барилдаан, тэмцээнд түрүүлж байсан юм. Тэгээд  оюутан болоод чөлөөт бөхийн 2-р шигшээгийн тамирчин болов. Тэмцээн уралдаанд их орно. Оюутны стипент авна, шигшээгээс цалин авна. Амьдрал болоод л байдаг байлаа. Тэгж явсаар 1976 онд сургуулиа төгслөө. Хотын БТХ-ны дарга Дамдин гэж хүн байсан юм. Тэр үед хотод 6 дээд сургууль, 4 нийгэмлэгл байлаа ш дээ. Хотод үлдэх хуваарь их ховор л доо. Би сурлага сайн, дээр нь шигшээд явж байсан болохооор төгсөөд шууд Хоршоолол нийгэмлэгт дасгалжулагчаар томилогдсон. Өнөө Дамдин даргын тушаалаар. Волейболын гавьяат тамирчин Доржбаатар гуай Хоршоолол нийгэмлэгийн дарга байв. 1980 он хүртэл дөрвөн жил Хоршоололд ажиллахын зэрэгцээ хажуугаар нь 2-р шигшээдээ хичээллэдэг байлаа.
-Таны гараас ямархуу шавь нар төрж гарсан байдаг вэ…?
-Намайг дасгалжуулагчаар ажиллаж байх үед миний гар дээрээс чөлөөт бөхийн Ази тивийн аварга, 1983, 1985 оны ДАШТ-ний мөнгөн медальт Буяндэлгэрийн Болд, Цэдэндамбын Баярсайхан заан, улсын заан, Тува улсын гавьяат тамирчин Д.Бумбаяр, улсын харцага Ч.Чулуунбаатар, улсын начин Н.Мөнхжаргал, Э.Жавзанжамъян, М.Мижиддорж, Л.Цэвээн, Д.Жанчивдорж, улсын заан Д.Лхагвасүрэн, ОУХМ Б.Батаа, Ч.Чулуунжав нарын 150 гаруй өндөр зэрэгтэй тамирчид төрөн гарсан байна. Би өөрөө чөлөөт бөхөөр 1976 онд Спортын мастер, 1977 онд ОУХМ, үндэсний бөхөөр 1979 онд Улсын начин цол авч байлаа. Чөлөөт бөхөөр олон жил улсын 2-р шигшээгийн тамирчин байв. Дээшээ жин өгсөж барилдахаараа Даваажавын жинд орж барилдана, Гэхдээ би Даваажавт нэг, хоёр оноогоор л хожигдоно. Жин хасч барилдахаар 68-д Ойдов аваргад хожигдоно. Өөр жинд бол хэнд ч хожигддогүй байлаа.Хүү Улсын харцага Н.Жаргалбаяр

-Эрдэнэт хотод бөх хөгжүүлэх гэж өөрийн хүсэлтээр явсан гэв үү?
-Хоршоололд ажиллаж байх үед манайх спортын ардхан талд гэрт байдаг байлаа. Тэр үеийн хүмүүс чинь яаж байртай болох вэ гээд бөөн бодол байлаа ш дээ. Би Хоршоололд байхдаа Эрдэнэ-Очир арслангаар 5 давж, начин цол авсан юм шүү дээ. Хоршоолол нийгэмлэг маань өөрөө Ахуй үйлчилгээний яамны харьяанд байсан цаг. Яамнаас байр өгчих болов уу гэсэн харсан, байдаггүй. Тэгэхээр нь ерөөсөө Эрдэнэт шилжмээр байна. Шинэ газар очиж бөхийн спорт хөгжүүлье, байр сууцтай ч болъё гээд Эрдэнэт рүү явсан. Эрдэнэтийн анхны дарга Цэвээн гэж хүнтэй уулзсан чинь их уриалгахан хүлээн авч шууд дэмжсэн. Өөрөө хойно сурч байхдаа самбоор барилддаг хүн байсан юм билээ. Самбын мастер цолтой, бөхөд ёстой их дуртай хүн байсан. Тэгээд намайг “Энэ жилдээ улсын наадамд барилдахгүй шүү, Эрдэнэтийн наадамд барилдаж түрүүлээрэй. Тэгвэл би чамд шууд байр өгнө” гэсэн. Тэгээд манайх 1980 оны 5 сард шилжиж очдог юм. Гэрээ айлын хашаанд хураачихаад карма өрөө хөлслөөд амьдарлаа даа.
-Бөхийн үйл хэрэг хэрхэн өрнөв, тэнд…?
-Удалгүй  хэдэн бөх авч наадмын бэлтгэлд гарсан. Тэр үед Лундаа начин, Галдандагва начин гээд Баянаа аваргыг айлгаж явсан мундаг бөхчүүд Эрдэнэтэд байлаа шүү дээ. Тэр наадамд Лундаа гуай надтай үзүүр түрүүнд үлдэж, би түрүүлснээр 3 өрөө байраар шагнуулсан юм даа. Ингэж Эрдэнэтийн анхны дасгалжуулагчаар 1986 он хүртэл ажиллаж, амьдарсан. Улсын аваргын тойргийн барилдааны анхны медалийг Эрдэнэтэд би аваачиж байлаа. Цэдэнсодном арслан, Гончиг арслан бид гурав нэг баг болж, Увсаас Тулгаа, Балжаа, Намсрайжав гурав нэг баг гэм мэтчилэн орж байлаа. 32 бөх 16, 16-аараа хуваагдаад шалгарсан 16 нь дахиж 8, 8 аараа шигшиж барилдах гэх зэргээр тойргоор барилдаж аваргаа шалгаруулдаг байсан юм. Тэгэхэд 1981, 1982 оны тойргийн барилдаанд эхний жил нь би өөрөө 4-т ороод, Гончиг арслан 10-д, Цэдэнсондном арслан 15-д ороод, манайх онооны нийлбэр дүнгээр Увсын дараа 2-р байрт шалгарч байлаа. Дараа жил нь мөн багаараа 4 дүгээр байрт орж, би өөрөө хоёр жил дараалан уран барилдааны шагнал авсан. Үнэндээ Эрдэнэтэд бөх анхлан хөгжүүлэх гэж нэлээд юм болсон. Наад зах нь заал танхим байхгүй. Дандаа сургуулийн заал гуйна. Дэвсгэр хивс олдсоныг нь зүүж, наагаад болгоно.  Ингээд бөхийн суурийг тавьсан л даа, Эрдэнэтэд. Улс, аймгийн цолтой бөхчүүд ч олон төрсөн. Улсын начин С.Лундаа, С.Дангаасүрэн, улсын харцага Н.Саранцогт, аймгийн арслан Гончиг, Цэдэнсодном, Баттуяа, Батсайхан, Энхбаяр,Жадамбаа, Ганбаатар, Хүрэлцоож, Лхагвасүрэн, Тавхай, Ганхуяг, Дэлгэрдалай, аймгийн начин ОУХМ Л.Гантөмөр, самбо, жүдогоор гавьяат дасгалжуулагч Бат-Орших гээд олон алдартай шавь нар минь бий.
-Тэр үедээ алдаж эндэн амжилттай барилдах цөөнгүй жилээ алдсан гэж сонссон юм байна?
-Би Эрдэнэтэд ажиллаж байхдаа хүний биед гэмтэл учруулсан хэргээр нэлээд олон жилээр шоронд суусан юм шүү дээ. 28-тай ороод 37 настай гарсан. Есөн жил барилдаж чадаагүй. Заан юм уу, арслан болчихоор боломжоо алдсан гэж харамсдаг юм. Манай Эрдэнэтээс намайг эзгүй хойгуур улсын цолтой бөх төрж чадаагүй.
Монголын үндэсний бөхийн холбоо маань биднийг алдаж эндэж явах тэр үед түшиж, тусалж дэмжсээр хугацаанаас минь өмнө суллуулж байлаа. 1990-ээд оны үед 3 бөх шоронд байсан юм шүү дээ. Хадбаатар аварга, Цэрэндаш начин бид гурав… Тэр үед тэргүүн Нямдорж гуай, Данзан гуай 2 Үндэсний бөхийн холбоо байгуулаад удаагүй ч гэсэн бөхчүүдийнхээ төлөө их санаа тавьж байсан. 1991 онд 70 жилийн ой болохын өмнө бөхийн холбооноос шоронд байгаа гурван бөхийнхөө төлөө хөөцөлдөж, эндээс баахан аварга, арслангуудын гарын үсэгтэй батлан даалтын бичиг бичиж хорих ангиуд руу явуулж, биднийг хугацаанаас өмнө суллуулж байсан юм. Тэгээд гарч ирэхэд  бидэнд зохих ёсны урмын үг хэлж, бэлэг дурсгалын зүйл өгөөд их сайхан хүлээж авч байсан. “Алдсан хугацаагаа нөхөж сайхан амьдрах хэрэгтэй, сайхан шавь нар бэлдэх хэрэгтэй” гэж байсан. Бид их л баярлаж, дахиж алдаж эндэхгүй гэж хичээсэн. Би гарч ирсэн жилээ улсын наадамд Цэнд-Аюуш заанаар дөрөв давж, Балжааг түрүүлдэг жил нь тавд унаж байлаа.
-Олон жилийн дараа шууд барилдаад дөрөв давсан гэхээр сайн л байж дээ?
-Зүгээр ч үгүй, сайн сайн хүмүүсээр давсан л даа. Хоёр дээр Хүчийн банди арсланг, гуравт Алтангадас начинг, дөрөвт Цэнд-Аюуш зааныг гээд. Балжаа тэгэхэд заан цолтой байсан. Түрүү бөхөд унасан байдаг юм би. Дараа жил нь Амарбаясгаланд болсон анхны даншиг наадамд Баяраа гарьдаар тав давж шөвгөрсөн юм шүү дээ. бараг л улсын наадмын дайны том барилдаан болсон юм.
-Тэр газар байхдаа бөхийнхөө талаар ямар нэг зүйл хийж байв уу?
-Хорихын дарга удирдлагууддаа хэлж байгаад Эрдэнэт рүү чөлөөгөөр явж, ажиллаж байсан байгууллагаасаа тусламж дэмжлэг гуйж, бөхийн дэвсгэр, саун дүш хийх материал зэргийг авчирч, хорихын нэг нурсан уурын зуухыг хоригдлуудаар засч янзлуулаад доторхыг нь тохижуулж, бэлтгэлийн танхимтай болгосон.  Хоригдлуудад хичээл зааж болохгүй болохоор яваандаа хорих ажилтнуудын хүүхдүүдийн бэлтгэл хийдэг спорт заал болгосон л доо. Би тэдэнд чөлөөт бөх заана. Тэгээд тэндээсээ 16 хүүхэд ялгаж аваад тамирчин болгохоор гурван жил хичээллүүлсэн юм. Самбо, жүдо, чөлөөтөөр. Тэр хүүхдүүдээс хоёр тамирчин ОУХМ цолтой тамирчин болсон байна. Ингэж би хориход байхдаа ч гэсэн бөхийнхөө хөгжлийн төлөө өөрийн хэмжээнд зүтгэж л байлаа.
-Гарч ирээд дасгалжуулагчаа хийв үү?
-Хорихоос гарснаасаа хойш амьдрал хөөгөөд дасгалжуулагчийнхаа ажлаас жаахан хөндийрсөн тал бий. Нэг хэсэг наймаа хийдэг хүн болов. Сүүлд тэтгэвэрт  гарахынхаа өмнө Төмөр замд Баярсайхан заанаар яриулж байж тор засагч гэж ажилд ороод Орхонтуул суманд очиж суурьшсан юм. Одоо ч тэндээ амьдарч байгаа. Тэтгэвэрт гараад 6 жил болж байна.
-Та түрүүн заан, арслан болох боломжоо алдсан гэж ярилаа. Ер нь ямархуу амжилттай барилдаж байв, чөлөөт болон үндсээр…?
-Цол авсанаасаа хойш улсад олон жил барилдаж чадаагүй л дээ. 1980 онд Эрдэнэтэд түрүүлээд, 1981 онд улсын наадамд ирж барилдаад дөрвийн даваанд Ц.Дамдин начин унадаг юм. Тэгээд  1982, 1983 онд Эрдэнэтдээ түрүүлээд, 1984 онд хэрэгт холбогдчихсон юм шүү дээ. 1981, 1982 оны УАШБ-нд 4, 5-р байр эзэлж, уран барилдааны шагнал хүртэж байлаа. Тэр үед бөх сонирхогчид намайг “Наад зах нь улсын заан болно” гэж ярьдаг байсныг олон сонссон. Харамсалтай нь ид барилдах үеэ аавынд өнгөрөөсөндөө их харамсдаг. Гэхдээ хүү минь миний бөхийн удмыг залгаж барилдлаа. Тэгээд бас надаас өндөр цол авлаа. Алсдаа улсын наадамд ганц нэг түрүүлчих болов уу гэж боддог юм, хүүгээ…
-Энэ жил наадмаар хүүгийнхээ барилдааныг стадионд ирж үзсэн үү, нутагтаа байв уу та?
-Би наадмын бэлтгэл дээр нь очиж 10 хоног хүүтэйгээ хамт байсан. Хүүгийнхээ бэлтгэлийг нүдээрээ харж, мэдэх чадах ганц нэг юмаа зааж, зөвлөж суулаа. Тэгээд хамт бэлтгэлээс бууж, наадмаар хамт л байлаа. Хамт барилдах дайны л догдолж, дэнсэлж байв. Хүүгээ цол авсанд их баяртай байгаа.
-Сайхан аралтай харцага шүү. Хүмүүс ч их ирээдүй хүлээж байгаа бололтой?
-Манай Жагаагийн ээжийнх нь аав иймэрхүү өндөр бие хаатай, аралтай хүн байсан. Тэр сайхан нуруу хүүд минь удамшиж, дээр нь миний бөхийн удам нэмэгдэж хүү минь өнөөдөр ийм сайхан улсын том цолтой бөх боллоо. Цаашдаа ч овоо амжилт гаргачих байх гэж дотроо горьдоод л байгаа. Жагаагийн дүү нь их эмч мэргэжилтэй. АУИС-д багшилж байгаа. Бас нэг өндөр нөхөр бий. Би Жагаагийн ээжтэй суухаасаа өмнө 5 хүүхэдтэй, эхнэртэй байлаа. Намайг хоригдож байх үед хоёр тийшээ болсон юм. Тэр хүүхдүүдээс маань нэг хүү нь овоо барилдмаар болсоноо амьдрал хөөгөөд больчихлоо.
-Жаргалбаяр харцагад таны барилдааны арга барил, мэхээс харагдах юм уу?
-Миний барилдаанаас шуудагдаж татахыг л яг хийгээд байгаа юм даа. Ганц сурсан нь тэр юм шиг байгаа юм. Хэнээрээ заалгаж сурсан юм бол доо. Би бол тэгж шахаж тат гэж зааж амжаагүй л яваа.
/Биднийг ярилцаж байх үеэр ахмад засуул Б.Шүрхүү гуай орж ирэв. Начин, засуул хоёр ийн хөөрөлдлөө…
Улсын начин Д.Нэгдэл: Манай Жагаа миний шахаж татахыг л ганц хийх юм даа. Хэнээр яаж заалгасан юм байгаан?
Улсын хүндэт засуул Д.Шүрхүү: -Харин тэгж байна. Би Даш начин, Жаргалбаяр хоёрт нэг л зүйл зааж өгмөөр байгаа юм. /Заах зүйлээ өөрсдөд нь хэлсэн гэсэн болохоор энд бичсэнгүй…/ Танай Жагаа уул нь сайхан иддэг юм билээ ш дээ.
Д.Нэгдэл начин: Сайн ш дээ, хоолонд сайн. Одоо жаахан масс нэмчихмээр байгаа юм.
Улсын хүндэт засуул Д.Шүрхүү: Аяндаа мах мариа нь тэгширээд сайхан болно оо. Масс нэмэхээс нь өмнө жаал юм зааж өгмөөр байгаа юм. Одоо зүгээр бэлтгэл хийх биш. Улсын наадамд бэлдэх хэрэгтэй. Улсын наадамд бэлдэнэ гэдэг чинь Мөөеө, Баянаа хоёр шиг л бэлддэг байхгүй юу.
Сурв:-Та Нэгдэл начны барилдааныг хэр мэдэх вэ?
Улсын хүндэт засуул Д.Шүрхүү: Энэ Нэгдэл чинь начин болдог жилээ миний мөрөн дээрээс гарсан юм ш дээ. Янзын гоё амьтан байсан. Би наад зах нь заантай сална даа гэж боддог байлаа. Гар нь, тэр шахаж татах нь янзтай шүү дээ. Эрдэнэ-Очир арслан -Энэ Нэгдэлийн гар гэж адуу хайрч байгаа юм шиг… мөн лут шүү… гэдэг байлаа ш дээ./

-Таныг цол авч байх үед цаг үе их өөр байсан даа?
-Тэгэлгүй яахав. Шал өөр. Би начин болсон жилээ нутагтаа очлоо. Тэгэхэд намайг нэг мориор шагнаж байсан тогтоол нь энэ байна. Сайн хадгалсан байгаа биз. /Бичгийн машинаар цохисон тогтоол үзүүлэв/.
-Ер нь танай Тэс сумыг барилддаггүй хүн ховор гэдэг билүү?
-Тийм шүү. Эрэгтэй хүүхэд болгоноо л бөх болгоно гэж ярьдаг. Манай тэр барилдана, энэ барилдана гэж ярина. Ер нь нутаг маань цаанаасаа байгалийн эрс тэс уур амьсгалтай болоод ч тэр юм уу. Манай сумынхан чинь голдуу хар царайтай байдаг юм. Өвөлдөө маш хүйтэн, зундаа их халуун. Сонирхуулахад, аймгийн арслан цол албан ёсоор өгч эхэлсэн цагаас хойш манай сумаас 76 аймгийн арслан цолтой бөх төрөн гарсан байдаг юм. Нэг сумаас зөвхөн аймгийн арслан ийм олон төрсөн гээд бодохоор Тэсийнхэн бараг бүгдээрээ барилддаг гэж болохоор байгаа биз дээ?
-Тийм юм даа. Та өөрөө бөхийн удамтай юу?
-Бий, бий. Манайхныг “Шараанханыхан” гэдэг юм. Шараанхны “бөх хар Чойнзон” гэж Тэсдээ алдартай бөх байсан гэдэг юм. Манай нутгийнхан дээхнэ үедээ бух ноолдооноор барилддаг байж. Тэр бөх хар Чойнзон гэж бөх бух ноолдооноор сайн барилдаж байсан юм гэдэг. Харин миний дээд үед аймгийн арслан Дамдин, аймгийн хурц арслан Хулансамбуу гээд бөхчүүд байлаа. Гавьяат тамирчин Галдангийн Жамсран, жүдогийн Нямхүү, Ням-Очир гээд сүүлийн үеийн бөхчүүд байна. Бас манайхны удам. Баасанхүү харцага ч мөн. Нарийн яривал Мөнгөн арслан тэр бөх хар Чойнзон гэж хүний хүүхэд юм гэсэн. Арслан өөрөө ч хүлэн зөвшөөрсөн байдаг юм гэнэ лээ. Нааш ирж барилдаагүй болохоос биш улсын цол авчихаар олон хүн нутагтаа үлдсэн байх. Манай Увсынхан чинь Баянаа аваргаас хойш л наашаа хот руу орж ирж барилддаг болсон юм шүү дээ. Намайг Увсын долоон харыг залгаж төрсөн найм дахь хар гэж зарим нь шоолно. Би Баатаржав гуайн дараа Тэсээс начин болсон юм. Миний дараа 1987 онд Цэвээн начин болж байлаа.
-Та ямархуу онцлогтой, ямар хийж барилддаг байв?
-Би бөхчүүдийнхээ дунд биеэр жижгэвтэр ч хурдтай, хурц барилддаг байж. Одооны бөхчүүдээс энэ Баасанхүү харцага шиг. Баасанхүү том бөхчүүдтэй яаж барилдаж байна, би яг л тэрэн шиг барилддаг байсан. Хад аварга, Жалаа начин, Амгаа заан гээд надаас том биетэй бөхчүүдийг олон хаяж байсан. Хөл авна, хутгана. Ер нь хийхгүй мэх гэж  байхгүй дээ. Шигшээд байнга бэлтгэл хийж байсан болохоор ядрана, цуцна гэсэн ойлголт ч байхгүй. Хоёр талаараа барилдана. Том хүнтэй бол шууд очоод л шуудагдалцана. Том том бөхчүүдийг шуудагдаад л татчихдаг байсан.
-Цол авах үедээ өндөр, жин хэд орчим байсан бол…?
-Өндөр бол 174 см, жин ихэвчлэн 75-76 л байдаг байсан. Харин цол авах жилээ миний жин бүр 92 кг хүрсэн байсан. Гэхдээ ямар ч гэдэс гүзээ, унжсан барьсан илүү дутуу юм байхгүй. Гэдэсний 8 булчин ялгарч харагддаг. Хүзүү, мөрний булчингийн хөгжил их сайн. Сумъяабазар ид сайхан болж ирэх үедээ яг нэг тиймэрхүү байлаа ш дээ. Ер нь Сумъяабазар шиг л биетэй байсан даа, залуудаа.
-Хэр бяр, чадалтай байсан бол, багцаагаар…?
-Бидний залууд хүчний бэлтгэл бараг хийх биш. Гэхдээ цээжин дээрээс 180-ыг шахаж байсан удаатай. Газраас өвдгөн дээрээ хүртэл 260-ыг татдаг байв. Нуруундаа гайгүй тамиртай байсан болов уу. Хоёр шуу бол сайн байсаан. Баяраа гарьд бид хоёр хүнтэй барилдахдаа ихэвчлэн шилдээд л явчихдаг байлаа ш дээ. Тэгж байгаад л хөлд орно. Би цагаан сарын барилдаанд нэг удаа дөрөвт үлдсэн. Ихэвчлэн 3-4 давдаг л байсан.
-Дунд сургуулийн багшийн тань тодорхойлолт дээр “чөлөөт бөхөөр амжилт гаргах боломжтой” гэж бичжээ. Тэгэхээр багаасаа л барилдах авьяас тань илэрсэн байж дээ?
-Сургуулийн аварга, аймгийн аварга гээд орон нутагт болдог бүх л тэмцээнүүдэд түрүүлж байсан хэрэг л дээ, жиндээ. Тэрийг л багш анзаарсан байх л даа. Би тэр найдлагыг нь ОУХМ болж л биелүүлсэн хүн дээ. Энэ багш маань агуу багш л даа. Одоо мэнд бий. Сүүлдээ нисэхийн дарга, аймгийн захиргаанд хүртэл ажиллаж байсан. Ноднин бөхийн өргөөнд миний нэрэмжит барилдаан болоход тэр багш маань, ангийн маань хүүхдүүдтэй хамт ирсэн шүү дээ. Ангийн минь Цогт-Очир гэж яруу найрагч нэг шүлэг бичиж өгсөн юм. Миний бүх амьдралыг мэдэх найз минь байгаа юм. бараг нүдэнд харагдтал бичсэн байна лээ. /Уг шүлгийг оруулав…/ Хүн гэдэг чинь урмаар тэжээгдэж амьдардаг байхгүй юу. Сонин болгоход саяхан оны өмнө Дэлхийн Монгол туургатны боловсрол соёл шинжлэх ухааны академииас надад “Дэлхийн монгол туургатны бөхийн гавьяат багш” гэдэг алдар цол олгосон.  Бас “Спорт сонирхогч ахмад мастеруудын холбоо”-ноос “Мастеруудын алдар” гэж одонгоор шагнагдсан. Хийж бүтээснийг минь ингэж үнэлж шагнаж байгаад урамтай, баяртай сайхан байх юм аа.
-Та олон жил ажиллаж, амьдарч байгаа Сэлэнгэ нутагтаа шавь нар бэлдэж байна уу?
-Би Сэлэнгэ нутагт 35 жил амьдарч байгаа хүн. Анх энд суурьшаад өндөр Амрааг /Амаржаргал начин/ хоёр жил дагуулж бэлтгэл хийлгээд начин болгож байлаа. Боохой Данзан арслангаас хойш 40-өөд жил улсын цолтон тасарсан байхад Амраа начин болоод тэрнээс хойш Сэлэнгээс улсын цолтнууд цувсан ш дээ.
-Таны үеийнхнээс хамгийн бяртай нь хэн байв?
-Хадаа аварга үнэхээр бяртай байсан. Хөлийг нь авлаа гэхэд аварга аажуухаан жийгээд тавихад яг шөрмөс тасарч байгаа юм шиг тавигддаг байсан. Огцом татвал бүр баллана биз дээ. Хадаа биеэ их сайн суллана, амархан унахгүй. Цэрэнтогтох аварга мундаг барилдаанч.
-Та өөрөө барилдахаас халгадаг, эсвэл тантай барилдахаас халгадаг бөх байв уу. Барилдаан таардаггүй гэх юм уу даа?
-Амгаа заан намайг бараг хаяж үзээгүй дээ. Надаас их жийрхдэг байсан. Гочоосүрэн, Ишгэн заанууд ч гэсэн намайг авахгүй, тойроод л байдаг байсан.
-Нэг мартагдашгүй, дурсамжтай сайхан барилдаанаасаа дурсавал гоё доо?
-Жалаа бид хоёр нэг тойргийн барилдаан дээр зүггүй удаан барилдаж билээ. Жалаа их бяртай. Шуудагдаад өргөөд л тавьдаг. Өргөж, өргөж байгаад л тавина, би хөл дээрээ буучихна. Үзэгчид бүр инээлдээд… /инээв/. Тэгж тэгж нэг дутуу тавихад нь би ганцхан хөмрөөд дороо хийчихэж билээ. Тэр их сайхан барилдаан. Санаанаас гардаггүй юм. жалаа саяхан тэр барилдааныг яриад “Энэ ёстой унаж өгдөггүй, янзын муу хог шүү” гээд инээж байна лээ. Сүхбаатарын Чулуун начин гэж мундаг бөх байлаа. Бид нэг үеийнх. Би Чулуун начинг хаяж үзээгүй шүү. Их эвгүй барилдаантай. Миний халгадаг бөх гэвэл Чулуун начин байж. Баяраа гарьд бид хоёр чинь нэг онд начин болсон. Барилдахаараа зодолдох шахуу л тачигнаад явчихдаг байлаа ш дээ. Бусад үедээ бол салахгүй, найзууд.
-Та одоо барилдаж байгаа залуучуудад хандаж юу хэлэх вэ?
Би залуучуудад хамгийн гол нь бэртэл гэмтлээс л сэрэмжилж явахыг их захидаг юм. Бэртэл гэмтэл бол насны зовлон болно. Одооны залуучуудын барилдааныг харахаар зарим нь нэгнийгээ гэмтээхээр эвгүй барилдаад байгаа харагдах юм. Бас бие биенээ сайн хүндлэхгүй байна. тамирчин хүн өрсөлдөгчөө хайрладаг, хүндэлдэг байх ёстой. Надтай барилдах бөх байхгүй бол би хэн юм бэ? Аль болох гэмтээхгүй, бэртээхгйү сайхан барилдчихдаг. Давсан ч гэсэн учраагаа сайхан татаад босгочихдог. Тийм хүнлэг сэтгэл, наад захын жудаг бөх хүнд заавал байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.

С.Бадамгарав Бөх сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car