antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2011 6 comments

”Аавынхаа үхэлд найзыг нь хардах шалтгаан бидэнд байхгүй”

нийтлэсэн Admin
Ж.НАРАНЦАЦРАЛТЫН СОЁМБО: ААВЫНХАА ҮХЭЛД НАЙЗЫГ НЬ ХАРДАХ ШАЛТГААН БИДЭНД БАЙХГҮЙ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Наранцацралт агсан одоогоос дөрвөн жилийн өмнө золгүй тохиолдлоор амиа алдсан билээ. Харин сүүлийн үед уг ослын талаар дахин шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүдэд мэдээлэх болсон. Тиймээс Ж.Наранцацралт агсны ууган хүү Н.Соёмбыг “Ярилцах танхим”-даа урьж энэ талаар ярилцлаа.

-Аавыг тань амиа ал­дахад хүргэсэн ослын шалт­гааныг хууль хянал­тын байгууллагынхан сэргээн шал­гаж эхэлсэн талаар за­рим хэвлэлд бичжээ. Энэ үнэн үү?

-Тийм ээ,  таны    асуу­санчлан өдөр тутмын нэгэн сонин бо­лон зарим сайтад “Ж.Наран­цацралт агсны гэр­гий энэ хэргийг сэргээн шалгахыг хүссэн өргөдөл гар­гасан. Цаг­даагийнхан үүний дагуу шалгахаар бол­лоо. Мөн хүү нь энэ хэргээр улс төр хийж байна” гэсэн ут­га­тай нийтлэл гарсан байна билээ. Тухайн үед би БНСУ-д ажлаар явж байсан. Ээжид энэ нийтлэлийн талаар хүмүүс хэлээд надтай холбоо барьсан. Ажлаа дуусгаж ирээд уг сонины нийтлэлийг ун­шихад нэлээд таагүй өнц­гөөс бичсэн санагдлаа. Ми­ний ээж энэ талаар аль нэг байгууллагад хандаж, ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Энэ хэргийг тухайн үед тэгсхийгээд хаасан. Жаахан бүрхэгдүү л хэрэг болоод өнгөрсөн шүү дээ. Ямар ч байсан миний болон манай гэр бүлийнхний сэтгэлд хүртэл шалгаж чадаагүй гэж боддог.

Бусад оронд арай өөрөөр шалгадаг юм билээ. Харин манай улсад технологийн талаасаа учир дутагдалтай байсан байж болох юм. Хэвлэлээр ийм мэдээлэл гарсны дараа холбогдох байгууллагаас лавлахад ээж минь ийм өргөдөл, хүсэлт тавиагүйг хэлж байсан. Гэхдээ шалгаж байгаа нь үнэн юм байна. Энэ тухайгаа манай гэр бүлд албан ёсоор мэдэгдээгүй. Мэдэгдэх албагүй ч байж болох юм. Энэ бол тухайн байгууллагын ажилтай холбоотой асуудал. Дээрх асуудлын талаар бүрэн дүүрэн баттай мэдээлэл өгөх хүн нь би биш шүү дээ.

-Энэ бол С.Зориг агсныг хө­нөөсөн хэрэгтэй адилгүй. Хэ­дий­гээр жолооч нь амиа алдсан боловч амьд гэрч бий. Гэтэл яагаад ослын шалтгааныг илрүүлэлгүй хаасан юм бол?

-Дэндүү харамсалтай хэрэг бол­сон. Монголд хамгийн их осол гардаг замаар Дархан, Эрдэнэтийн чиглэлийн замыг нэрлэдэг. Тэнд осол гарсан бол тайлбарлах шалтгаан олдоно. Төв аймгийн зам бол харьцангуй осол багатай байдаг. Тэр тусмаа цас ороогүй байсан болохоор ослын газар нь хүртэл бартаагүй, “цагаан” зам байсан. Хайртай ааваа алдсан хүнд сэжиг таамаг байлгүй яах вэ. Миний аав ямар ч байсан жижиг шалтгаанаар, эсвэл утга учиргүй үхэх хүн биш байсан. Амьдрал нь ямар үнэ цэнэтэй байсан билээ. Түүн шигээ өөд болсон шалтгаан нь ч тэр хэмжээний үнэ  цэнэтэй байсан болов уу гэж боддог. Гэхдээ хуулийн байгууллагын дүгнэлт албан ёсоор гарсны дараа энэ тухай ярих нь дээр байх. Хэрэв дахин шалгаж байгаа бол ямар нэгэн үр дүн гарах болов уу гэж горьдож байна.

-Та дээр “Сэтгэлд хүртэл шалгаагүй” гэж хэллээ. Тэнд ослын газрын ул мөр, тэр ч байтугай огт нүүрсгүй тэр газраас олдсон нүүрснүүд, бууны сум зэрэг байдаг юм билээ. Энэ бүхнийг хуулийнхан онцлон шалгасан уу?

-Тэр үед бид ч гэсэн учраа олохгүй уймраад өнгөрсөн. Энэ талаар хамаагүй ярьж болохгүй байх.

-“Ослоос амьд үлдсэн, та­лий­гаачийн унаган багын найз Д.Ганбатыг цагдаагийн байгууллагаас гэрчээр дуудаж асуусан” гэж хэвлэлд бичсэн байсан. Тэрбээр хэдийгээр хамт осолдсон ч яах аргагүй гэрч мөн. Д.Ганбат танай гэр бүлийнхэнтэй ямар харилцаатай байдаг вэ?

-Өнгөрсөн лхагва гарагт би хүүгийнхээ сэвлэг  үргээх найрыг гэр бүлийн хүрээндээ хийсэн юм. Ганбаа ах маань найранд ирсэн. Хэвлэлээр бичсэн шиг бид Ганбаа ахын мууг үзэх гэж өргөдөл барьж гүйгээгүй. Ганбаа ахыг хардах шалтгаан бидэнд байхгүй. Миний аавын хамгийн дотны найз нь шүү дээ. Хэвлэлийнхэн бас бидний дунд сайн дураараа зуучилж, буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна.

-Таныг аавынхаа төрсөн нутаг руу байнга шахам очдогийг Дундговийнхон ч, олон нийт ч сайн мэднэ. Сонгууль дөхөж байна. Та улс төрд орох уу, ирэх сонгуульд оролцох уу гэдгээ одоо хэлчихвэл яасан юм бэ?

-Улс төр гэгч хамгийн том мөнгөний уурхай болчихсон. Миний хувьд аавынхаа нэрийг мөнхжүүлэхийн тулд буяны ажил хийхээр Дундговь руу явдаг. Аавын минь эхлүүлсэн ажлууд орхих ёсгүй чухал, нутгийн ард түмэнд хэрэгтэй үйлс учраас өөрийн боломжийн хэмжээнд үргэлжлүүлж байна. Үүнийг улстөржүүлж хардаг хүмүүс байдаг. Түүнээс биш би улс төр хийх гэж нутаг руугаа яваад байдаг юм биш.

-Гэхдээ та Ардчилсан намын гишүүн шүү дээ?

-Мэдээж намын гишүүний хувьд намын хорооны хуралдаа оролцолгүй яах вэ. Жилд хамгийн ихдээ хоёр удаа л намын ажилд оролцдог. Зарим ажлыг нь зохион байгуулна. Үүнийг л миний улс төр гэж байгаа юм байлгүй.

-Аавыгаа нас барсны дараахан Ардчилсан намд элссэн шиг санагдаж байна. Аав тань өмнө нь захиж зөвлөсөн үү. Өөрийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо хийсэн үү?

-Аав улс төрийн талаар надад нөлөөлсөн юм байхгүй. Би улс төрд орчихсон хүн биш шүү дээ. Намд элсэнэ, намын хорооны гишүүн байна гэдэг нь улс төрийн идэвх маань шат шатаар ахиж байгаа хэрэг. Би аавыг өнгөрснөөс хойш дөрвөн сарын дараа Ардчилсан намд элссэн юм байна. Гэхдээ би угаасаа  намд элсвэл Ардчилсан намыг сонгоно гэсэн үзэл бодолтой байсан. Өнөөдөр л үнэ цэнэгүй болгочихоод байгаа болохоос нийгмийн хамгийн чухал үнэт зүйл бүхний төлөө зүтгэдэг, тэр болгоныг агуулсан нам шүү дээ.

-УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүсийг жагсаасан нэгэн сайтын мэдээлэлд таны нэрийг дурьдсан байна билээ?

-Миний нэр тэнд байгаагүй. Нэгэн төрийн бус байгууллагаас над руу ярьж “Материалаа өгөх үү” гэсэн. Би одоохондоо тийм зүйлд оролцмооргүй байна гэдгээ хэлсэн. Ер нь Дундговийг төлөөлж байгаа хүмүүс хаана байгаа юм бэ. Одоо төлөөлж байгаа УИХ-ын хоёр гишүүн маш хангалтгүй ажиллаж байгаа.

-Та Ардчилсан намын гишүүн учраас ингэж хэлж байна уу, эсвэл?

-Үгүй дээ. Аавынхаа хийж байсан ажилтай харьцуулахад ингэж бодогддог. Жишээ нь УИХ-ын гишүүдэд тойргоо хөгжүүлэхэд нь зориулж тус бүр нэг тэрбум төгрөг төсвөөс баталж өгсөн. Манай хоёр гишүүн зам барих ажилд оруулсан бололтой. Гэтэл зам барихаас чухал олон ажил байна. Дундговь  аймагт ус цэвэршүүлдэг нэг жижиг үйлдвэрийг эс тооцвол өөр ямар ч шинэ үйлдвэр байхгүй. Улсын төсөв болон уул уурхайн компаниуд, иргэдийн хандиваар  2.4 тэрбум төгрөг зарцуулан Хүүхдийн парк байгуулсан. Энэ парк тийм чухал байсан уу. Ийм хэмжээний өөр ямар чухал бүтээн байгуулалт хийж болох байсан бэ гэдэг ч учир дутагдалтай санагддаг. Энэ жилийн хувьд тэд наадам хийхэд л  хамаг цаг заваа зарцуулсан. Наадмаас аймаг орон нутгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйд юу үлдсэн бэ гээд бодохоор ойлгомжтой байгаа биз дээ. Хүний хөгжлийн индекс, хөрөнгө оруулалтын хэмжээгээр хамгийн доогуур үзүүлэлттэй аймгуудын нэг болсонд маш их харамсаж байна. Гэтэл бусад аймагт байдал ямар байна вэ. Адилхан л УИХ-ын гишүүнтэй, Засаг даргатай аймгууд. Манай аймгийн удирдлагууд, УИХ дахь төлөөллийн хувьд сэтгэл дутаад байна уу гэж боддогоо нуугаад яах вэ. Ер нь мөнгө дутдаггүй, сэтгэл дутдаг шүү дээ.

-Аавын тань үүсгэн бай­гуулалцсан Үндэсний шинэ намынхан саяхан нэрээ сольж, Монгол үндэсний ардчилсан нам боллоо. Энэ намынхантай, намын дарга М.Энхсайхантай та ямар харил­цаатай байдаг вэ. Аавынхаа зүтгэж байсан намд элсэх тухай бодож байсан уу?

-Аав, М.Энхсайхан дарга хоёрын нөхөрлөлд тодорхой шалтгаан, сэжим байсан байх. М.Энхсайхан дарга надтай ямар нэгэн байдлаар харилцаагүй байгаа.

-Ерөнхийлөгч асан Н.Ба­га­банди гуай та­лийгаачийг оршуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ аль нэг намынх гэж туйлширдаггүйг нь үнэлж, “Дундговьд Их газрын чулуу, Бага газрын чулуу гэж бий. Ж.Наранцацралт маань Монголын улс төрд Дунд газрын чулуу нь байлаа” хэмээснийг санаж байна. Харин таны хувьд бусад намын залуустай хэр дотносож нөхөрлөдөг вэ. Нэгэн үеийнхний хувьд хамтарч ажиллах тохиолдол бий юү?

-Хотод найзалж нөхөрлөхөд “Чи энэ намынх, би тэр намынх” гээд байдаггүй. Хөдөө бол бараг найзуудаа харж байж намаа сонгох явдал ажиглагддаг юм. Надад аль аль намын, уран бүтээлч, бизнесмэн, улстөрч олон найз бий. Ер нь улс төр гэдэг үгээ зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол өөрийгөө зөвтгөх шалтаг олчихоод худлаа ярихыг хэлдэг юм биш. Зүй нь улс төр хийх гэдэг үгийг “Улсынхаа төлөө зүтгэх” гэж ярьж, бичиж байвал зөв баймаар санагддаг.

-Эргээд дурсахад аавыг тань Ерөнхий сайд байх үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа нь танд мэдрэгддэг байсан уу. Ерөнхий сайдын хүүгийн мэдрэмж арай л өөр байх?

-Эхлээд хотын дарга болоход нь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж буйг мэдэрсэн. Тэр үед би өөрөө хүүхдүүдээс эмээж эхэлсэн. Ер нь манайх тун энгийн гэр бүл гэж би боддог. Аав, ээж хоёр ОХУ-д суралцаж байхдаа танилцан гэр бүл болсон. Ирээд аав минь эрдэм шинжилгээний хүрээлэнд, ээж Сүүний үйлдвэрт технологичоор ажиллаж байлаа. Хоёр хүүхэдтэй болсон, цалингаараа амьдарна. Гэр хороололд ч амьдарч байсан. Би багадаа олон удаа хатгалгаа тусч байсан нь утаанаас ч болсон байж мэднэ. Дүү минь арай гайгүй. Учир нь тэр үед орон сууцны өрөө хөлсөлж амьдардаг болсон байсан. Манайх жилд дор хаяж дөрвөн удаа нүүдэг байсан. Би таван настайдаа төмс шарж, долоон настайгаасаа хоол хийчихдэг болсон юм. Дүүгээ л харна уу гэхээс найзуудтайгаа тоглох чухал биш санагддаг байлаа. Тэгж байтал гэнэт аав хотын дарга болчихоор хүүхдүүд, тэдний эцэг эхийн хандлага өөрчлөгдөхөд нэлээд эмзэглэж байсан. Би хэзээ ч хотын даргын хүүхэд, Ерөнхий сайдын хүүхэд гэдгээ хэн нэгэнд хэлж байгаагүй. Дарга нарын хүүхдүүд хоорондоо найзалдаг байсан эсэхийг бүү мэд. Надад л лав тийм найз байгаагүй. М.Энхсайхан даргын хүүтэй хамтдаа нэг удаа сагсанбөмбөг тоглосныг эс тооцвол шүү дээ. Тэр үед манай гэр бүлд ямар ч илүү, дутуу юм байгаагүй учир хардах аргагүй. Харин одоо мөнгөтэй, эрх мэдэлтэй нь ялан дийлдгээрээ онцлогтой тийм цаг үе ирчихээд байна. Хамгийн сайн нь гэж бодож олсон ардчилсан нийгэмд ардчилал, шударга ёс зэрэг сайн сайхан чанар байгаа ч капиталист гэдэг утгаараа мөнгө, эрх мэдэл хамгаас чухал болчихоод байгаа. Тэгэхээр “Хүн чанар хаана байна вэ” гэж өөрөөсөө асуух үе олонтаа тохиодог.

-Сонгуульд аав тань өрсөлдөхөд хэр ойлгодог, догдолдог байсан бэ?

-Би 2000 оноос өмнөх сонгуулийг “Аав өрсөлдөж байгаа юм байна. Би одоо юугаар тус болох билээ дээ” гэх төдий л ойлгодог байсан. Аав намаасаа ганцаархнаа ялалт байгуулсан 2000 оны сонгуулийг онцгой мэдэрсэн. Харин намаасаа ганцаараа, УИХ-д дөрвүүлхнээ цөөнх болчихоод байхад нь хэдийгээр хүүхэд байсан боловч аавыгаа маш их өрөвдөж байсан. УИХ-ын 2004 оны сонгуульд Дундговьд ааваас илүү ялалт байгуулах хүн байгаагүй болохоор ялах нь тодорхой байлаа. Аав минь ч ялсан.

-Ээж нь юу хийж байгаа вэ. Та тун завгүй байх юм. Дүүтэйгээ хамт ээждээ түшиг болж чадаж байна уу?

-Ээж минь бурхнаас зөвхөн аавын л хань байхаар заяагджээ гэмээр маш их сэтгэлийн тэнхээтэй, зоригтой хүн. Хүмүүс харж л байгаа байх. Гялалзаад л, ажил төрлөө хийгээд явж байгаа. Гэнэтийн ийм “халдлага” хэвлэлээр гараад ирэхээр жаахан хямрах юм. Ийм үед нь ээжийгээ харахад хэцүү байдаг. Ер нь улс төр хийхдээ ээж, аав, эхнэр, хүүхдээр нь оролддогоо болимоор юм.

-Танай гэр бүлийнхэн Ж.Наран­цацралт агсны мэндэлсэн өдрөөр, бас нас барсан өдрөөр нутагт нь очиж олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Ирэх арваннэгдүгээр сарын 12-нд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Аймгийн хийдэд ном хуруулах буяны ажлаас гадна шилдэг багш, эмч нарыг шалгаруулж урамшуулдаг. Хүүхдүүдэд гарын бэлэг өгнө. Урлагийн тоглолт зохион байгуулж, нутгийн олонтойгоо чөлөөтэй ярилцдаг.

-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал, таны ажилд амжилт хүсье.

У.Оргилмаа

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (October 12, 2011 2:18:34 am )

    chi ehleed uuruu hunii huvid tuluvsh. daraa ni huts lalar mini. naiz bidneer buu orold.

  • Anonymous (October 12, 2011 3:01:29 am )

    uhaalag bas uurtuu itgeltei , tuluvshin zaluu baina aa, yag aav shigee hun bolooroi

  • Anonymous (October 12, 2011 8:11:54 am )

    Narantsatsaralt guya mundag hyn shyy…ter hynii hyyhed tiim l baih estoi shy ..chamd itgej bnma

  • Anonymous (October 12, 2011 12:13:33 pm )

    Naranzazralt agsan amid seruun baisan bol odoogiin ene 76 haana ni ch hurehgui.Ene hund yamarch nam hamaagui, biy daasan ch nutgaasaa garaad l ireh hun baisan yum.

  • Anonymous (October 12, 2011 8:35:02 pm )

    Humuujiltei l huuhed baina. Amjilt husey !

  • Anonymous (October 13, 2011 10:06:42 pm )

    sain zaluu bnoo. ih uhaalag yum aaviinhaa neriig ondort orgoj yavaarai

antalya rent a car