Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 10 холбогдогчтой, 22 сая гаруй төгрөгийн хохиролтой есөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр гэмт хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Эдгээр хэрэг тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын улсын тусгай хамгаалалттай газарт үйлдэгдсэн аж. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн газар орныг хариуцсан байгаль хамгаалагч нарын ажилдаа хандах хандлага сул, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаггүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тиймээс цаашид цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн хор хөнөөлийг таниулахаар төлөвлөжээ. Мөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаль хамгаалагч нарт хариуцлага тооцон, ажил сайжруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байгаа юм байна.