МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний бүсийн аваргын төлөөх гал гарсан тоглолтууд үргэлжилж байна.Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн Алтан Дорнодын Дайчид болон Ховд аймгийн Ховд Алтайн Аргаль баг учраа таарсан. Цувралын хоёр дахь тоглолт өчигдөр боллоо.Тоглолтын нэгдүгээр үед Ховд Алтайн Аргаль багийн ахлагч ОУХМ Даваадоржийн Мөнхтүвшин үнэхээр гайхалтай байв.Тэрбээр зөвхөн энэ үед 20 оноо авсан юм. Улмаар тоглолтын эхнээс Ховд аймгийн залуус тэнцүүхэн өрсөлдөв. Хоёр баг тоглолтын төгсгөл хүртэл өгөө аваатай үзсэн юм.
Шийдвэрлэх дөрөвдүгээр үеэс Архангай Алтан Дорнодын Дайчид хамгаалалт довтолгоогоо нямбай хийж, онооны давамгайллыг авлаа. Улмаар архангайчууд өрсөлдөгчөө 118:98-аар буулган авч, цувралыг 2-0 болгосон.Тус тоглолтод Роберт Тюрнер 24 оноо, 10 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол Г.Баттөр 17 оноо, 7 оновчтой дамжуулалт, Ким Чёл Мён 17, О.Энхбаатар 17 оноо, 8 самбар, М.Хэммондс 16 оноо, 10 самбар авчээ. Ховдоос Д.Мөнхтүвшин 32 оноо, Доналд Лавес 14 оноо авсан ч бусад тун хангалтгүй байлаа.
Архангай илүү багаараа тоглосон нь ялалтын үндэс болсон. Тэд багаараа 44 хувьтай довтолжээ. Ховд будагтай талбай, самбарын тулаанд илүүрхэх учиртай. Гэтэл эхний хоёр тулаанд тэд давуу талаа огт ашиглаж чадсангүй.Багийн гол тоглогчдын нэг П.Болортулгын тоглолт болохгүй байна. Тэд давуу талаа ашиглаж, том залуу түлхүү тоглуулвал, хожих магадлал их.
Холбоотой мэдээ
Comments are closed.