Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуулийг сурталчилан таниулах зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг маргааш Төрийн ордын Их танхимд зохион байгуулах гэж байна.Энэхүү чуулганд бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл 600 гаруй ахмад настан оролцох ба холбогдох яамд, Ахмадын холбоо илтгэл, мэдээлэл хэлэлцүүлж, ахмадуудын санал, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгаж ажиллах юм. Үндэсний чуулган нь Засгийн газрын ахмад настны талаарх зорилтууд, Ахмад настны тухай хуулийг сурталчлан таниулах цаашид төрөөс ахмадын талаар гарах шийдвэр бодитой байхад чухал ач холбогдолтой. Ахмадын чуулган маргааш буюу 02 дугаар сарын 10-ны өдөр 09:30 цагт Төрийн ордны Их танхимд эхэлнэ. Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны төлөөллүүд оролцох юм.Манай улсын хувьд хүн амын бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо 280 мянгад хүрээд байгаа. Үүнийг нийт хүн амын сүүлийн 10 жилд 16,1 хувиар өссөнтэй харьцуулахад ахмад настан 21,9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарч байна. Энэ нь манай улсад хүн амын “цонх үе” дуусч, насжих үйл явц эхлэх гэж байгааг илтгэж буй юм. Иймээс ахмад настнуудад чиглэсэн төрийн бодлогыг одооноос оновчтой тодорхойлоод явах шаардлагатай байна. Ахмад настны тоо жил тутам өсч байгаа ч тэдний 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай, нийгмийн амьдралд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх чин хүсэлтэй байдаг аж.
Холбоотой мэдээ
-
Отгон (February 09, 2017 2:41:30 pm )
Төр засгийн зүгээс Ахмадуудынхаа талаар анхаарч байгаад талархаж байна. Монгол улс 2016 оны жилийн эцсийн байдлаар ахмад настны тоо 280,0 мянгад хүрлээ. Энэ нь төрөөс ахмадуудынхаа талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй нь гэдгийг харуулж байна. Дэлхийн улс орнууд тэр дундаа азийн орнууд Ахмад настнууддаа ихээхэн анхаарал хандуулж байгаав Тийм болохоор Төр засгаас ахмад настнуудыг эмчилдэг Геронтологийн үндэсний төвийн 60 ортой шинэ эмнэлэгийн барилгыг яаралтай барих асуудлыг бодлогын түвшинд хийх хэрэгтэй байна. Ахмадууд бид нарыг оочер дарааллгүй үнэгүй үздэг ганц эмнэлэг шүү дээ. МАН-н удирдлагуудыг ахмадуудынхаа төлөө их зүйл хийх гэж байгааг ахмадууд бид нар харж байгаа баярлаж байна. Энэ чуулган бол цаг үеэ олсон маш чухал ажил шүүв Зөв шийдвэр гаргана гэж их найдаж байгаа ахмадууд бид
1 Comment