
УИХ-аас өнгөрсөн жил Нийслэлийн агаарын бохирдлын эсрэг хууль баталж, Ерөнхийлөгчийн дэргэд агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газар “Цэвэр агаар” сан байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Засгийн газар түүхий нүүрсийг сайжруулсан цэвэр түлшээр солих, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах, нам даралтын зуухыг татан буулгаж, төвийн шугамд холбосноор зарим гэр хорооллыг орон сууцжуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Холбогдох албан тушаалтнууд энэ талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Н.ХҮРЭЛСҮХ: ХЯЗГААРЛАЛТЫН БҮСИЙГ ТЭЛЭХ ШААРДЛАГАТАЙ
“Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүхийн хэлснээр, нийслэлийн гэр хороололд амьдарч буй 180 орчим мянган айл өрхөөс эхний ээлжинд зургаан дүүргийн 50 хорооны 90 мянган өрхийг хязгаарлалтын бүсэд хамруулжээ. Ингэснээр 41673 айл өрх сайжруулсан зуухаар, 6500 нь боловсруулсан түлшээр, 1854 айл өрх бусад бүтээгдэхүүнээр хангагдсан байна. Үүнээс үзэхэд агаарын чанарыг сайжруулах бүсийн нийт айл өрхүүдийн 45 хувь нь агаарын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 180 мянган айл өрхийн 28 хувь буюу гуравны нэг нь эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээр хангагджээ. Цаашид 132 мянга орчим айл өрхийг богино хугацаанд хамруулж ажиллах шаардлага тай гэнэ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын захиргаатай хамтран түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан 737 сая төгрөгийн дотаци олгожээ. Эдгээрээс “Нако”, “Тосгоны хөгжлийн сан”, “Голден блейз” гэсэн гурван компани гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэнэ.
Урьдчилгаа санхүүжилт авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нако түлш” ХК-ийг Дархан-Уул аймгийн шүүхэд шилжүүлжээ. Энэ оны эхний нэг сарын байдлаар үртсэн шахмал түлшний үйлдвэрүүдийн гэрээний биелэлт 47,8 хувьтай, хагас коксон түлшний үйлдвэрүүдийн гэрээний биелэлт 20,4 хувьтай байгаа аж. Түүний хэлснээр Улаанбаатарын агаарын бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос, 20 хувь нь автомашины утаанаас, 20 хувь нь ДЦС зэрэг эх үүсвэрээс ялгардаг. Тиймээс хийн түлшийг нэвтрүүлэх, урт хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх эхний алхамаа хийж эхэлжээ.
Тухайлбал Дэнжийн мянга орчмын 50 гаруй нам даралтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн дулаанд холбосноор тэр хавийн гэр хорооллыг орон сууцжуулах бэлтгэл хангагдсан сайхан мэдээ дуулгалаа. Гэхдээ нийслэлийн хэмжээнд 2000 орчим нам даралтын зуух ажилладгаас энэ онд 180 зуухыг буулгахаар төлөвлөжээ.
Ц.НЯМДОРЖ: ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХЫН ТУЛД ХОТЫН ЗАХИРГАА БОДЛОГО ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж жилд 100 гаруй нам даралтын зуух татан буулгахад хугацаа их шаардана. Тиймээс нэгмөсөн хөрөнгийг нь гарган, нэг далайлтаар шийдэхийг санал болгож байлаа. Мөн нам даралтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулаанд холбосноор Дэнжийн мянга, Ногоон нуур гэх мэт нийслэлийн салхин талд орших гэр хорооллыг орон сууцжуулахыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Тэрбээр нийслэлд 1800 орчим нам даралтын зуух ажиллаж байгаа цагт Улаанбаатарын утаа буурахгүй. Шаардлагатай байгаа тэр хөрөнгийг нь шийдэж өгөх ёстой. Бид АИХын депутатуудад 30 тэрбум, мах нөөцлөхөд 50 тэрбум гээд л хөрөнгө шийдье гэвэл хэдэн тэрбумаар нь шийдэж байгаа.
Гэтэл утааны асуудлыг хий л самардаад байна шүү дээ. Эхний ээлжинд утааны голомт болоод байгаа хойд хэсэг, тухайлбал, Ногоон нуур, Телевиз орчмыг орон сууцжуулах шаардлагатай. Туул голоос урагш, Богдхан уул руу л орон сууц барих зөвшөөрөл өгөөд байх юм. Хойд талын гэр хорооллыг орон сууцжуулахын тулд хотын захиргаа бодлого явуулах хэрэгтэй хэмээн аргагүй л туршлагатай төрийн түшээ, тулхтай улстөрчийн зангаргаар шүүмжлээд авна билээ.
Г.МӨНХБАЯР: НИЙСЛЭЛД ШИЛЖИН ИРЭГСДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН
Сайдын хэлсэн энэ асуудалд холбогдох албаныхан тайлбар өгсөн. Барилгажилттай холбоотой асуудлыг 14 хоногийн дараа Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хариулсан бол нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр дараах тайлбарыг өгсөн. “Гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх, орон сууцжуулах бэлтгэл ажилд 20 тэрбум төгрөг зарцуулсан. Ногоон нуур орчмын 218 айлыг нүүлгэсэн. Тун удахгүй, энэ хавраас 300 айлын түр орон сууц ашиглалтад орно. Ингэснээр 500 айлын газар чөлөөлөгдөж орон сууцжуулах боломж бүрдэнэ” гэж байв. Улаанбаатарын утаа хэдэн хувь буурав гэсэн асуултад нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд “Ганцхан жишээ татъя. Гэр хороололд бүрэн шаталттай 50 гаруй мянган зуух нийлүүлсэн. Ингэснээр жилд 750 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол 117 мянган тонн түүхий нүүрс түлэлгүй хэмнэсэн. Энэ хэмжээгээр агаарын бохирдол багассан.
Нийслэлийн агаарын чанарын албанаас Улаанбаатарын дөрвөн цэгт хийсэн судалгаагаар хүхэр, нүүрсхүчил, тоосонцрын хэмжээ олон хоногийн дунджаас 15 хувиар буурсан. Үүнийг нүдээр илт мэдрэхгүй ч 2015 он гэхэд гэр хорооллыг нүүрснээс салгана” хэмээн хариулсан. Үүнээс гадна хуралдааны үеэр сард 40 мянгаар нэмэгдэж буй автомашины хөдөлгөөн болон нийслэл рүү чиглэсэн их нүүдэл Улаанбаатарын агаарын бохирдолд нөлөөлж буйг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, ГХ-ны сайд Г.Занданшатар, БХ-ын сайд Ж.Энхбаяр нар хөндөж байлаа. Үүнд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “Нийслэлд шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг цэгцлэх цаг одоо болсон. Дээрх асуудлыг зохицуулах эрхийг нийслэлд олгочихвол шийдэх бүрэн боломжтой. Даанч тийм эрх зүйн орчин нь өнөөдөр алга. УИХаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж энэ асуудлаар тодорхой эрх олгочихвол ИТХ хэзээ л бол хэзээ тогтоол баталж, хэрэгжүүлэхэд бэлэн” гэлээ.
Харин Г.Занданшатар сайд татвар ногдуулах аргаар үүнийг шийдэх боломжтой гэсэн санал гаргаж байсан. Ийнхүү Улаанбаатарын утааны асуудлыг Засгийн газар хэлэлцэв. Эцэст нь Ерөнхий сайд С.Батболд утааны эсрэг тэмцэлд хариуцлагаас гадна урамшууллын хөшүүрэг ч шаардлагатайг онцлоод, нүүрснээс татгалзаж хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, салхины дээд талд байгаа буюу утааны голомт бүхий гэр хорооллыг эхний ээлжинд орон сууцжуулах зэрэг тодорхой саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд, дарга нарт үүрэгдлээ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн энэ мөчөөс эхлэн Засгийн газар утаатай тэмцэх арга барилаа цоо шинээр харахаар боллоо.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
1 Comment