antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2017 2 comments

Алтайд анд явсан нь

нийтлэсэн Admin
 q1q1q1q1q1q_700x700
Б.НЯМДОРЖ
Осетийн Беслан хотод 2004 оны есдүгээр сарын 1-нд сургуулийн нээлт дээр Чеченийн алан хядагчид нэвтрэн баахан хүүхэд, эцэг эхийг барьцаалаад чөлөөлөх ажиллагааны үеэр 350 орчим байх аа, хүн амиа алдаад аймаар юм болсон.
Ердөө үүний дараахан Испанийн хоёр анчин ирдэг юм, Бернардо, Гильермо гээд 50, 60 гарсан хоёр баагий. Тэд Барселона хотоос “Аэрофлот”-ын онгоцоор Москвагаар дамжаад ирж. Тэгсэн Барселонагийн нисэх буудал дээр Оросын онгоц бууны тусгай, онцгүй зөвшөөрөл нэхээд, байхгүй юм чинь онгоцонд оруулалгүй аваад үлджээ. Бесланы хэрэг явдлын дараа хяналт шалгалтаа бүр чангатгасан юм байна лээ. Тэгээд буугүй хоёр нөхөр сайхан маасайчихсан бууж ирдэг юм байна. Тэгээд ачаагаа авах гэтэл бас байдаггүй, төөрөөд алга болжээ. Ингээд буу ч үгүй, чемодан ч үгүй паскаа ганзагласан хоёр анчин тосч авлаа өөөө…
Маргааш нь Ховд явах ёстой. Бууны эрэлд гарлаа. “Нью-Жуулчин” компанийн захирал Нэргүйн болон Пан Зоригоо хэмээх нөхрийн бууг олж авлаа. Гэтэл ердөө л есхөн сумтай. (Анчид ер нь 40 сумтай ирдэг л дээ). Дахиад сумны эрэлд гарлаа. Амралтын өдөр байсан тул эрсээр эрсээр арай хийж нэг хайрцаг, 20 ширхэг, сум олж авлаа. Тэгээд л Ховд руу нислээ дээ. Ховд хотод буугаад Үенч сум дахь отог руу явахаасаа өмнө захаар орж анчид ганц нэг хувцас, солионы гутал нтр авч байна. Ууланд өмсөх гутал, хувцас юу ч байхгүй юм чинь.
Оройдоо Үенчийн хавцал дахь Аригаагийн (Думаабаатарын Ариунболд) отог дээр ирээд маргааш өглөө нь хоёр орчуулагч нэг нэг анчнаа аваад хоёр тийшээ авдаа гарлаа даа. Гол зорилго бол тав хоногийн дотор нэг нэг тэх (янгир) унагах. Би Бернардог, Жагаа ах Гильермог аваад 29 сумаа хоёр хувааж аваад нутгийн газар анчдаа дагуулаад үүрийн таван цагийн үед гарлаа. Манай баг нэлээн яваад уул руугаа өгсөөд явж байтал, арай үүр цайгаагүй байсан, машины гэрэлд шууд л хоёр чоно ороод ирлээ. Хангайд машины гэрэлд чоно орж ирэхээр зугтчихаад байдаг, харин Алтайд гэрэл рүү хараад зогсчих нь элбэг.
Анчнаа буулгаад “За бууд” л гэлээ, чоно 100 гаран л метрийн зайд л байсан. Бенни (Бернардо) чоныг бууныхаа дуранд оруулж чадалгүй жаал мунгинаж байснаа нэг оруулж аваад “За, буудлаа” гэж байна. Би дурангаар хараад зогсож байлаа. Гайхал саарлыг дурангаар харахад яг наашаа хараад л зэвүүн гоё харагдаж билээ. Манай хүн ч тасхийлгэлээ, чонын хойд хөлийг оножээ. Уул өөдөө өгсөх гээд зогсож байсан чоно нэг гаслаад шууд л буцаад уруудаад харайлгалаа. Харамсалтай нь бид дахин олж харж чадсангүй алдчихсан юм. Бид бүгдээрээ, Бенни бүр ч их харамсаж, шогшроод л….
Ангаа үргэлжлүүлж өдөржин явсан холоос хэдэн тэх харж явсаар эхний өдөр дуусав. Дараагийн өдөр арав гаран тооны тэх харж сайн ойртож чадахгүй байсаар нар хэвийлгэж, отог руу буцах замдаа нөгөө талаас нь олж харж аваад жаал харж зогсов. Тэхүүд бараг 700-800 метрийн зайтай, уулын бараг орой дээр байсан. Бенни “Буудчих уу” гээд байхаар нь нэг тэхийг зааж өгч байгаад бууд бууд л гэлээ. Мань хүн хоёр гурав ч буудаад оносонгүй, сүүлд нь манай газарч анчин Заяа бууг нь шүүрч авснаа хоёр ч буудаад хаялаа, оноогүй ээ… Ангийн гурав дахь өдөр буу дуугаргасангүй, ангаа хайж, дурандаж явсаар дууслаа.
Харин дөрөв дэхь өдөр хэдэн сайхан амьтан олж аваад араас нь мөшгилөө дөө. Нэг уул даваад орсон сүргийн араас явсаар байгаад давсан газраас нь өнөө хэдийг олоод авлаа шүү. Тэд давж нэлээн уруудаад хэсэг хадан дунд ороод хэвтчихэж. Мань хэд нь дурандаад л, алийг нь буудах уу гэж ярилцаад л сууж байлаа. Нэлээн байж байгаад нөгөөдүүл чинь босоод идээшлэх маягтай болохоор нь нэгийг зааж өгч байгаад буудуулав. Гэтэл оносонгүй, тэхнүүд үргэн давхиж, доод жалга руу, гэхдээ бидний доогуур ташуу маягтай давхилаа. Гүйж байхад Бенни бас хоёр, гурав буудаад авсан. Онодоггүй ээ! Тэхнүүд жалга руу орж харагдахаа болив. Цаад талын энгэр рүү гарахыг хүлээж суутал гарч ирсэнгүй. Заяа “Эд нар энэ доор хурчихлаа шүү” гэж байна. Бид ч буудсан газраасаа жалга дөхөн уруудасхийгээд, суугаад амраад явж байлаа, хад асгагүй цагаан энгэрээр. Гэтэл доод талын хэдэн чулууны араас эвэр цухуйж нөгөө тэхнүүд чинь ар араасаа гараад ирлээ шүү…!!!
Ил цагаан, нуугдах хад чулуугүй энгэрээр явж байсан бид ч (газарчин Бенни бид гурав) тэндээ шомбойж суугаад хөдөлгөөнгүй боллоо. Гэтэл өнөө гайхлууд чинь ар араасаа үсэрч гарч ирснээ яг биднийг чиглээд, зарим идэсхийгээд л, өөдөөс тайван яваад байдаг юм даа, ердөө л зуу гаран метрийн зайтай. Сэмээрхэн Беннид хэлж бууг нь бэлдүүлж байгаад нэг тэхийг бууд гэлээ. Мань эр буугаа өвдгөн дээрээ тавьж шагайж байгаад л аваад хаялаа даа… Гэтэл бас оносонгүй. Өнөөдүүл хөндлөн урдуур гүйхэд нь дахиад нэг сум тавьтал урд талын хааг нь хуга буудаж, тэх ч годройтож унаснаа доголоод л цаашаа давхилаа. Нэмээд хоёр гурав ч буудсан байх, тэгж байж тэхээ унагаж авлаа даа. Дараа нь манай газарч залуу хэлж байсан “Тэх нарны өөдөөс юм хардаггүй” гэж. Нөгөө тэхнүүд бидний өөдөөс л яваад байсан, тэгсэн бидний яг чанх араас, тэхнүүдийн өөдөөс нар тусч байсан болохоор тэд нар ил шовойгоод сууж байсан биднийг хараагүй юм байна лээ.
Тэхээ янзалж эвэр, толгойг нь салгаж аваад нэлээн хойно уулын энгэрт байгаа машин руугаа зүтгэлээ. Заяа мах авна гээд тэхний хоёр гуяыг нь салгаж аваад эвэрний хоёр үзүүрт өлгөөд дээшээ зүтгэв. Буун дуунаар гарч ирдэг тас шувууд биднийг холдов уу үгүй юу эргэлдэн буугаад найраа эхлэвэй…..
Ангаа хийчихсэн додигор улсууд Баян Алтайдаа талархаад машиндаа суун уруудаад буулаа даа, үдээс хойш дөрвөн цагийн хавьцаа.  Хоорондоо шан пан гээд буу халаад л, Бенни эхний өдөр буудаж алдсан чонондоо харамсаад л “Гайхал чоно чи, дахиад гараад ирдэг ч болоосой” гээд л хашгирч явтал урд сууж явсан газарч Заяа “Чоно, чоно” гээд л хашгирлаа. Уулнаасаа буугаад ам руу орох гээд явж байсан. Хоёр чоно цаад энгэрээр гүйж явна даа. Уулын ам руугаа гялс буугаад жолоочдоо “Амаа өгсөөд гишгэ” л гэлээ. Жолооч маань сайн гишгэж өгдөггүй шүү… “Үгүй чи жаахан гишгээд өгөөч, яваад өгөөч” гэж Заяа бид хоёр нийлж хашгирсаар чоно гүйж явсан зэгстэй энгэрт дөхөж зогсоод бүгд машинаасаа үсрэн бууцгаав. Нээрээ нэг зүйлийг хэлэхээ мартаж, тэхээ агнасны дараа бид ердөө л гурван сумтай үлдчихээд ингэж отог руугаа буцаж явсан юм.
Хараад зогсож байтал цаад энгэрийн өвс, дэрс хөдөлж нэг чоно явж байгаа нь мэдэгдлээ. Анчиндаа “Бэлэн байгаараа” гэж хэлээд байлдааны бэлэн байдалд орлоо доо. Өнөө чоно ч зэгс хөдөлгөсөөр захад нь гараад ирэв.
Бенни машины арын запас дугуйн дээр буугаа тавьж хараалж байгаад л панхийлгэлээ. Нам авжээ. Чоно тэр доороо л унаад өгсөн. Ойрхон ч газар байсан даа, 40-50 метр. Сэмээрхэн алхаад яваад очтол жижгэвтэр чоно гэдсэндээ зад буудуулаад газар дээрээ нам явжээ. Тэхээ агнаад бууж явахдаа нэг сумаар чоно нам буудсан Бенни хашгирч гуаглаад л сүйд болж байна. Тэгсэн анх удаа чоно унагаж байгаа нь тэр юм байж, арга ч үгүй биз. Монголчууд чоно алсан хүнийг “Одоо л анчин боллоо” гэж хэлдэг дээ. Гадаадын лайтай зэвүүн гоё буу үүрсэн анчид таван тивд бараг бүх амьтныг агнасан мөртлөө чоныг бол агнаж үзээгүй л байдаг юм, бараг бүгдээрээ.
Тэх, чоно унагасан баатрууд отог руугаа дахин хөдлөв. Бенни ч асар их баяртай, ганцаараа хашгирч яриад л “Одоо нэг үнэг гараад ирдэг ч болоосой, тэгвэл ай яая аа….” гээд л орилж байна. Гэтэл ингэж хэлж дуусав уу үгүй юу нэг үнэг машины урдуур хөндлөн гараад хажуугийн энгэр рүү гараад явдаг юм даа. Машин ч шаасан гадас мэт нам зогсож, Бенни үсэрч буугаад хажуугийн энгэрээр давхиж буй (гүйж биш, бүр давхиж явсан юм шүү) үнэгийг дагуулж шагайж байгаад л гохоо дарсан чинь үсэртэл нь авдаг юм даа… Очоод үзтэл хөөрхий үнэгийг бараг авах юмгүй болтол нь зад буудсан байж билээ.
Ингээд Дөлгөөн (жолооч), Заяа, Бенни бид дөрөв ангийн дөрөв дэх хоногт нэг өдөрт л тэх, чоно, үнэг унагаад отог дээрээ баатарлаг амьтад буусан даа. Жагаа ахын дагуулж явсан Гильермо дөрвөн өдөр хоосон, эцсийн буюу тав дахь хоногт азаа үзнэ дээ гээд л байж байсан. Нээрээ Бенни үнэг буудаж унагачихаад буугаа толгой дээрээ өргөөд эргэлдэж бүжиглээд л “Хөөрхий Гильермо, хөөрхий Гильермо” гээд л бахдалтай нь аргагүй хашгираад байж билээ. Тэд нар чинь унагасан ангаараа, том жижгээрээ их өрсөлдөнө л дөө.
Маргааш нь манай баг анд гарсангүй амрав. Ангаа хийгээгүй Гильермо, Жагаа ах нар эцсийн өдрөө гарлаа даа. Маргааш өглөө нь Ховд явахгүй бол болохгүй, онгоцноосоо хоцорно. Энэ өдөр тэнгэр бүрхэг, бороо дусагнаастай, уууландаа манан ихтэй байсан тул бүгд л Гильермог яах бол гэж бодож байлаа. Харин үд өнгөрөв үү үгүй юу нөгөөдүүл чинь машиныхаа гэрлийг асааж, дохиод л ороод ирдэг юм. Мэдээж ангаа хийсэн учраас ийнхүү эрт, гэрэл мэрлээ анивчуулан орж ирж байгаа хэрэг. Тэгсэн Гильермо манай анчны тэхнээс хавьгүй илүү том эвэртэй сайхан амьтан унагасан байсан даа. Их азтай, манантай юу ч харагдахгүй, нэг орой дээр гарахаар явган өгсөөд явж байтал (11 цагийн үед) манан сарниад тэндээс нь хэдэн тэх гараад ирсэн юм байна лээ. Баян Алтай бол тэгээд өгөх хүндээ хишгээ өгдөг аж.
Ховдоос УБ-т онгоцоор буухад хоёр анчны чемодан ирчихэж. Бөөн баяр! Чемонданаа онгойлгож онгоцонд танилцсан испани залуу хосод jamon буюу гахайн утсан мах гаргаж “Май май, ав ав” гэж өгөөд л, “Паа, шинэ өмднүүд” гэж орилоод л, бас л хөгжилтэй, хөгтэй анчид даа…
Маргааш нь хөвчийн ан буюу бор гөрөөс агнахаар Амарбаясгалант хийд рүү гараад шидлээ. Тэндхийн “Амарбаясгалант” баазад байрлаж, тэр хавийн уул хөвчөөр бор гөрөөс, чоно авладаг юм. Тэнд дөрвөн өдөр ан хийхэд манай Бенни эцсийн өдөр ганц бор гөрөөсөө унагасан бол, Гильермо хоёр дахь өдөр л нэг дор хоёр чоно унагаад, дараа нь бор гөрөөс, дорго хүртэл агнасан юм даа. Алтайд ялан дийлсэн манай анчин Бенни Сэлэнгэд ирээд нөгөөхдөө “нам тавиулсан нь” энэ. Нэг юм хэлэхэд, доргоны мах янзын гоё юм байна лээ, яг л тарвага. Тэр өвчихдөө үелүүлсэн өөх, махны амт гээд яг л тарвага. Ингэж нэг хоёр сайхан гартай сонирхолтой анд явж билээ.
Жич:
Баян Алтай, сайхан Монгол нутгийнхаа хишгийг их ч хүртсэн. Гадаадын хүмүүсээр ан амьтнаа алууллаа, хядууллаа гэх санаа бодол байдаг л. Гэхдээ монголчууд бид чинь зах зээлд орсны дараа мөнгөний төлөө сор болсон ан амьтнаа өөрсдөө л хядаж, дуусгаж байсан. Тэрнээс гадаадын анчин ирээд Засгийн газраас баталсан ан амьтныг авлаад явахаар ан амьтан дуусна гэсэн ойлголт байхгүй л дээ. Бүр тэр тусмаа, гадаадынханд ан амьтнаа авлуулж, мэдээж бүх зүйл хууль ёсны дагуу, сум орон нутгийн төсөвтөө багагүй орлого оруулдаг нутаг, уулын ан амьтан харин ч өсч үрждэг юм шүү..!! Гадаадынхан үргэлж томыг нь буюу хөгшнийг нь шилж унагадаг. Нүүрсээ ухаад зараад ашиг олдогтой адил, хангайн сайхан хишгээ ч сайхан, зөв зүйтэй ашиглаад орлого олж суухад одоохондоо буруу зүйл байхгүй биз. Монголчууд ч эрт дээр үеэсээ ан аваар амьдарч, Баян Хангай, Баян Алтайнхаа хишгийг хүртэж ирсэн уламжлалтай ард түмэн. Тэр их хишгээс гадаадынхан ч хүртэж, нутгийн анчин, газарчин гээд олон монголчууд ч бас “хишиг” хүртэж байгааг л би л хувьдаа зөв гэж үздэг. Үнэхээр хангайн хишиг их ээ, тэрийг бид хуваалцах л ёстой.
Эх сурвалж: www.polit.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • jan (January 30, 2017 11:20:59 am )

    bitgii hudlaa zal

  • Baagii (January 30, 2017 7:09:00 pm )

    Zuv shuu

antalya rent a car