antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2017 Comments are off

Сайн аав амьдарч чадсан түүх

нийтлэсэн Admin

Яг одоо “Увертюра” хамтлагийн “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” дуу чихэнд минь эгшиглэж байна. Охин минь орон дээрээ тэс хөндлөн таван хошуулдаад тайван гэгч нь нойрсож байна. Нөүтбүүкнийхээ дэлгэцний гэрлээр орчноо гэрэлтүүлээд, дөрвөн хананыхаа дунд би ч бас амар амгаланг мэдэрч сууна. Үдэш бүрийг дуу шуугиантайхан угтдаг түрээсийн байрныхан маань ч өнөөдөр хачин нам гүм. Цонхоор гаднах орчныг ажиглавал цасаар хулдсан цав цагаан газар, түүн дээгүүр хүмүүс өдөржин холхисны гэрч болж үлдсэн олон салаа жим, зогсоолдоо “тухлаад” өглөөг хүлээж буй машинууд, ганц хоёрхон гэрэлтэй цонх… хүүхдээ тэвэрсэн хос хоёр бодвол гэр рүүгээ л болов уу, тун тайван алхах нь л энэ бүхэнд амь оруулах аж.

Навчаа гөвсөн моддын мөчир дундуур ганц хоёрхон одод ирмэж харагдах нь Улаанбаатарын минь саарал тэнгэр өнөө шөнө утаа багатай байгааг илтгэнэ. Цаг үргэлж л илүү урансайханжуулалт, романтиклал хүсэж байдаг би өнөөдөр анх удаа  “амьдрал ямар ч хачиргүй, энгийнээрээ ямар яруу тансаг сайхан юм бэ” гэж уулга алдаж байна. Ингэж уулга алдсан маань ч, энэ мэдрэмжийг онцгойлон тунхаглаж буй маань ч үүтгэлтэй.

Бид дийлэнхдээ л хар барааныг олж харж, дуу шуугиантайг нь олж сонсож, өөрийн эрхгүй нулимс урсгаж, инээд хүргэж байгааг нь л мэдэрдэг болчихож. Нэг үгээр хэлбэл, амьдралаас мэдрэгдэхийг хүсэж байгаа зүйлсийг л мэдэрч, хэнд ч анзаарагдамгүй энгийн даруухан оршин тогтнож байгаа хамгийн яруу тансаг зүйлсийг үл тоомсорлож байна. Би ч бас…

Харин сүүлийн долоо хоногийн турш урлагт хайртай хүмүүсийн ярианы гол сэдэв болж буй “Сайн аав” киног үзсэнээр амьдралд өгдөг үнэлэлт, дүгнэлтийнхээ талаар эргэн бодох шаардлагатайг ойлгосон юм. Чин үнэнийг хэлэхэд, Монголчуудын бодит амьдралаас сэдэвлэсэн кинонууд сэтгэлд хүрч байсан удаа тун цөөхөн. Кинотеатрт сэтгэл хөдлөлийн бүхий л илэрхийлэмжээ гаргасан ч гараад ирсэний дараа ямар нэгэн юм дутуу эсвэл илүү санагддаг. Яг юу дутаад, эсвэл илүүдээд байгааг нь янз бүрээр тайлбарлахыг хичээдэг ч ончтой хариулт олж чаддаггүй. Хариултаа харин “Сайн аав”-аас оллоо.

“Сайн аав” үнэндээ таксины жолооч, таван хүүхдийн эцэг, нэгэн сайхан өрхийн тэргүүний л амьдралын түүх. Зохиолч, найруулагч хоёр тэрхүү түүхийг жүжигчдийнхээ тусламжтайгаар дэлгэцнээ амьдруулж. Гэвч ямар нэгэн нэмэлт урансайханжуулалт, хөндлөнгийн үзэл бодол, хийсвэрлэлээр хачирласангүй. Хүмүүс энэ киног үзээд “уйлсанаа” л гайхацгааж байсан. Би ч бас сул асгасаан. Гэхдээ… гэхдээ хамгийн хачирхалтай нь, “Сайн аав” нулимсаар бус инээмсэглэлээр, уй гунигаар бус баяр хөөрөөр, уйтгар шаналал бус эрч хүчээр цалгисан кино байлаа. Та нар ч бас олж харсан биз дээ.

Хамгийн олзуурхууштай нь, киноны гол баатар Даваасүрэн маань бидний зовлон бэрхшээл гэж хардаг зүйлсэд ач холбогдол өгч, түүнтэй ноцолдоод байдаггүй, урдах зам, урагшлах зорилгоо л харж амьдардаг нэгэн байж. Түүний амьдрал танд түмэн зовлонтой санагдсан уу. Тэгвэл Даваасүрэнгийн нүдээр амьдрал нь ямар ч зовлон бэрхшээлгүй харагддаг байж. Тиймдээ ч түүний сэтгэл тийм хөнгөн, тэр хэрээр ажил үйлс нь ч бүтэмжтэй, үр хүүхдүүд, гэр бүлдээ ч хүссэн л ирээдүйг нь бүтээж өгч чаджээ. Үүнийгээ тэр “Байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байх” гэж тайлбарлаж. Басхүү амьдралын өмнө хатуу ч, зөөлөн ч байх шаардлагагүй. Аливаа зүйлийг сөрж зогсох, тэмцэхээсээ илүү “амьдрах” л хэрэгтэй гэдгийг түүний амьдралаас харж болно. Нэг үгээр хэлэхэд, “Сайн аав” бол амьдарч чадсан нэгний л түүх юм.

Хэдхэн хормын турш ч гэлээ, тийм гэгээлэг нүдээр амьдралыг харсан бид азтай. Цаашид ч тэр ч нүдээр амьдралыг харсаар байхыг хүснэ. Тиймдээ ч кинотеатраас гараад л О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” шүлгийг дахин сонсохыг, амьдран буй өрөөн доторх сайн сайхан, бүр цаашлаад цонхны цаана, замын цаана, уулсын цаана, үүлсийн цаана орших сайн сайхныг олж харахыг хүсэмжлээ биз ээ. Өмнө нь, сайн сайхан бүхнийг Улаанбаатарыг бүрхсэн хар утаа халхалчихаад, олж харахад хэтэрхий төвөгтэй санагддаг байлаа. Гэтэл сайн сайхныг олж харах муу муухайг олж харахаас ч хялбархан аж. Баярлалаа, САЙН ААВ.

Ц.БАТТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car